Certified Copy (2010). Ираны нэрт кино найруулагч Abbas Kiarostami-н зохиолыг нь бичиж найруулсан арт бүтээл. Уг кинонд Английн зохиолч эр болон Францын эртний эдлэл худалддаг хүүхэн хоёрын харилцаа нэг өдрийн турш хэрхэн хачирхалтайгаар өөрчлөгдөж байгаа тухай өгүүлдэг. Голдуу Франц продюсерүүдтэй бүтсэн киноны харилцан яриа нь Англи, Франц, Итали хэлээр явдаг. Кино бараг хоёрхон дүртэй бөгөөд Английн баритон дуучин William Shimell, Францын нэрт жүжигчин Juliette Binoche гол дүрүүдэд тоглосон. Juliette Binoche энэ кинонд бүтээсэн дүрээрээ Канны кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүр шагналыг хүртсэн. Шүүмжлэгчдийн зүгээс тэр жилийнхээ шилдэгүүдийн тоонд багтаж, Kiarostami-н хамгийн хүчтэй кино ч гэгдэх болсон энэхүү хүмүүний харилцааг задлан харуулсан туйлын сонирхолтой, төгс жүжиглэлттэй экзистенциал драмтай танилцая.
Зохиолч James Тосканид "Certified Copy" нэртэй номынхоо талаар ярилцлага өгөх бөгөөд ном нь урлагт жинхэнэ эх гэдэг ойлголт чухал биш, учир нь эх хувь бүр өөр нэгний хуулбар, эх хувь өөрөө хуулбар байдаг тухай юм. Кинонд нэр нь огт хэлэгддэггүй Францын эртний эдлэлийн худалдагч Эмэгтэй 11 настай хөвгүүний хамтаар номын танилцуулгад оролцож байгаа ч хүү нь өлсөөд байна гэснээр дундаас нь гарч явна. Эмэгтэй утасныхаа дугаарыг James-н орчуулагчид үлдээнэ. Эх, хүү хоёрын харилцаа хүйтэн байдаг; хүү ээжийгээ James-г сонирхоод байна хэмээн шоолоход Эмэгтэй эрс дургүйцнэ. James Эмэгтэйн дэлгүүрт зочлоно; Эмэгтэй зардаг бүтээлүүдээ хамт үзэж сонирхоё гэхэд James энэ саналаас татгалзаад оройн 21:00 цагийн галт тэргэндээ амжиж ирж чадахаар бол хамтдаа машинаар зугаалъя гэнэ. Зорилгогүй аяллын туршид James өөрийнхөө номуудад гарын үсэг зурж явах буюу энэ номууд Эмэгтэйнх, тэр дундаа Эмэгтэйн эгчид очих нэг хувь ч багтаж байлаа. James, Эмэгтэй хоёр James-н номын үндэслэл, жинхэнэ эх ба энгийн байдал хоорондын харилцаа холбооны талаар мэтгэлцдэг; "Мона Лиза" бол модел болгосон эмэгтэйн хөрөг, төсөөлөл гэдэг утгаараа "хуулбар" гэж James маргаж байна.
Эмэгтэй өөр алдартай "хуулбар" үзүүлэхээр музей оръё гэхэд James энэ талаар ном биччихээд байхад дахиж өөр жишээ сонирхмооргүй байна, нэг үгээр залхаад байна гэсээр татгалзана. Эмэгтэй тэрслүү хүүгээ түүнд ярьж, ярих тусмаа бухимдах бол James хүүгийнх нь зан авирыг тодорхойлох гээд байдлыг бүр дордуулчихна. James-н хүсэлтээр тэд замд таарсан кафед орно. Кафены эзэн тэднийг эхнэр, нөхөр гэж андууран харьцах агаад хосууд бие биенийхээ дутагдлыг хүлээн зөвшөөрч, гэрлэлтийн ач холбогдлыг үнэлэх ёстой хэмээн "лекц" уншина. Тэд кафегаас гармагц ярианых нь мөн чанар өөрчлөгдөж, Англи, Франц заримдаа Итали хэл хослуулан ярилцаж эхэлдэг бөгөөд тэд яг л эхнэр нөхөр хоёр шиг аашилцгааж, Эмэгтэйн хүүг "бидний" хүү гэж нэрлэнэ. Эмэгтэй урд шөнийн хуримын 15 жилийн ойдоо сэтгэл дундуур байснаа илэрхийлж, James-г байнга ажил гээд явчихдаг байсан нь бидний харилцаанд сэв суулгасан гэж гомдоллоно. Хотоор зугаалж явахдаа тэд нэгэн хөгшин хостой таараад ойролцоох хөшөөний тухай ярилцдаг; хөгшин эр James-д өчүүхэн зүйлс л гэрлэлтэд өөрчлөлт авчирдаг гэж зөвлөдөг.
James "эхнэртэйгээ" хамт алхахдаа гараа түүнийхээ мөрөн дээр тавьдаг ба тэд ресторанд орж хооллохоор болж, Эмэгтэй угаалгын өрөөнд орж уруулаа будна. Эмэгтэй ширээн дээр ирэхэд James уурлана; уур нь дарсны чанараас хамаатай мэт боловч үнэндээ өөр шалтгаантай юм шиг аашилдаг. Ресторанаас гараад тэд бал сараа өнгөрүүлсэн буудалд ирнэ; Эмэгтэй бүхий л дурсамжаа сэргээн ярьтал James юу ч санадаггүй. Эмэгтэй түүнд, бид бие биенийхээ дутагдлыг хүлээн зөвшөөрөх ёстой, эс бөгөөс ганцаардал л байна гэж хэлдэг, харин James үүнийг нь няцаагаад оройн 21:00 цагийн галт тэргэндээ амжих ёстой гэж хэлээд угаалгын өрөөнд ороход ойролцоох сүмийн хонх 20:00 цаг болж байгааг мэдэгддэг.
Найруулагч Kiarostami жүжигчдийн Binoche хоёр 1990-ээд оны дундуур анх танилцаж, найзууд болжээ. Тэр цагаас хойш тэд хамтран ажиллах хүсэлтэй байсаар 2008 онд Kiarostami-н "Shirin" гэдэгт кинонд Binoche жижигхэн дүр бүтээжээ. Binoche Тегеранд айлчлахад Kiarostami түүнд энэ киноныхоо тоймыг уншуулаад энэ бол ердөө явган шог яриа төдий зүйл гэж хэлсэн бөгөөд Kiarostami үүнийгээ өөрөө зохиосон гэж хэлэх хүртэл Binoche итгэхгүй байжээ. Найруулагчийн хэлснээр Binoche зохиолыг сонсоод ямар хариу үйлдэл үзүүлэхийг ажиглах нь киноны цаашдын хөгжилд чухал зүйл байсан гэж хэлсэн байдаг. "Кино миний ярьж байгаа түүхийн дагуу бүтээгдэж эхэлсэн, гэхдээ мөн Binoche-н эмзэгхэн, мэдрэмтгий чанар, эмэгтэй хүний сэтгэл, хүүхэдтэй харилцах эмэгтэй хүний сэтгэл надад маш их мэдлэг мэдээлэл өгсөн" гэж найруулагч маань хэлсэн буй. Кино жүжигчдийн сонгон шалгаруулалт, бас бус явдлаас болж хэдэнтээ хойшлогдсон. Binoche эмэгтэй гол дүрд тоглох нь хөдөлшгүй байсан бол эрэгтэй дүрд хэд хэдэн жүжигчний нэр яригдсаны дотор Robert De Niro-н нэр байсан ч эцсийн сонголт опера дуучин William Shimell болсон. 2008 онд Kiarostami анхны операгийн найруулагчаар ажиллаж байхдаа Shimell-тэй танилцсан ба "Би Shimell-г хараад л түүний хүч чадал, ур чадвар, хошигнолыг мэдэрсэн" гэж Kiarostami хэлжээ. Мэргэжлийн бус жүжигчидтэй ажилладгаараа, бас багахан төсвөөр кино бүтээдгээрээ алдартай Kiarostami-д Европт кино хийхэд ямар ч асуудалгүй байсан гэдэг: "Энэ бол миний хийсэн хамгийн хялбар кино байсан, богино кино дээрээ ажилласнаас ч амар байсан, учир нь камерийн ард ч урд ч надад мэргэжлийн хамт олон байсан" гээд нэмээд мөн тэрээр хүссэн бүхнээ кинондоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байсан гэжээ.
Ираны найруулагч ойрын зураглал болоод харилцан ярианы хөөцөлдөөнөөр дамжуулан цаг хугацааны нимгэрсэн мэдрэмжийн талаарх гайхалтай драм. Kiarostami драм, хошигнолын дундаас өнгөрснөөс хадагдсан, одоо цагийн амар амгалангийн дундах торгон агшныг гаргаж чаджээ. Juliette Binoche бишрэм байсан бол William Shimell алга ташилт сонсох эрхтэй тогложээ. Шүүмжлэгч Nicholas Schiavi: "Хэлбэрийн хувьд боловсронгуй техниктэй, кадр доторх гайхалтай мэдрэмжээр Ираны кино найруулагч кино урлахуйн хичээлийг бидэнд санал болгож байна. Кадр бүр нь камерийн гүнийг харуулсан тогтсон зураг ба толины тоглолтууд нь мэдрэхүйн архитектурыг бий болгодог" гэж бичжээ. Шүүмжлэгч Emmanuele Frois: "Roberto Rossellini-гаас урам авсан Abbas Kiarostami эхээс нь хулгайлгүйгээр өөрийнхөө "Journey to Italy" киног хийжээ" гээд Frois киноны дүрүүдийн хүсэл, урам хугаралт, үл ойлголцолд хандах хандлага тун үнэмшилтэй болсныг онцлоод өгүүлэмж нь драм, комеди хоёрын хооронд шилжиж байгаа нь эгээ л бодит амьдрал шиг гэжээ. Шүүмжлэгчид Stephen Holden уг киног 1950-1960-аад оны Европын "Journey to Italy", "L'Avventura", "Last Year at Marienbad" гэх мэт кинонуудтай мөн илүү орчин үеийн "In the Mood for Love", "Before Sunrise" зэрэг бүтээлүүдтэй харьцуулжээ.
Comments
Post a Comment