The Thin Red Line (1998). Америкийн нэрт кино найруулагч Terrence Malick-н туульсын дайны тухай кино. Америкийн зохиолч James Jones-н 1962 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэн Terrence Malick кино зохиолоо бичиж найруулсан ба энэ романаар өмнө нь 1962 онд өөр нэгэн кино хийгдэж байжээ. Дэлхийн 2-р дайнаар Номхон далайн бүсийн Гуадалканалын ажиллагааны нэг хэсэг болох Остин уулын тулалдааны талаарх зохиомжилсон хувилбарыг үзүүлэхдээ 1-р батальон, 27-р явган цэргийн хороо, 25-р явган цэргийн дивизийн С ротын Америкийн нэгдсэн улсын цэргүүдийн тухай энэхүү кинонд өгүүлдэг. Эх романы нэр нь Английн зохиолч Rudyard Kipling-н "Barrack-Room Ballads" цуврал дууллын "Tommy" гэдэг шүлгийн мөрөөс авсан байдаг аж. Найруулагч Malick кино урлагаас хөндийрөөд 20 жилийн дараа эргэж ирэн энэхүү шедеврээ хийсэн байдаг ба киноны зураглаачаар John Toll ажилласан бол хөгжмийг нь Hans Zimmer бичсэн.
Киноны гол дүрүүдэд Sean Penn, Jim Caviezel, Nick Nolte, Elias Koteas болон Ben Chaplin нар тоглосон бол туслах дүрүүдэд Adrien Brody, George Clooney, John Cusack, Woody Harrelson, Jared Leto, John C. Reilly нар тоглосон: энэ бол үнэхээр ланжгар жүжигчдийн бүрэлдэхүүнтэй кино юм. Анхны эвлүүлгийг хийхэд 7 сар болж, киноны үргэлжлэх хугацаа 5 цаг болсон ч эцсийн эвлүүлгээр хассан хэсгүүдэд Bill Pullman, Lukas Haas, Mickey Rourke зэрэг жүжигчдийн тоглосон сцэнүүдийг хассан байдаг (Mickey Rourke гардаг зарим сцэн DVD хувилбарт багтсан). Уг кино нээлтээ хийсэн даруй шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, дайныг философийн үүднээс дүрсэлсэн Malick-н найруулга, эвлүүлэг, жүжигчдийн тоглолт, хөгжим хийгээд зураглалыг нь онцгой сайшаасан агаад тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол хөрвүүдэлт гэсэн нийтдээ 7 төрөлд нэр дэвшсэн бол Берлиний олон улсын кино наадмаас Алтан Арслан шагналыг хүртсэн. Ямар ч дайны сэдэвт кино "The Thin Red Line" шиг хоёрдмол оюун санааны дэвшил, аймшгийн уур амьсгалтай байж чадахгүй болов уу. Зохиолч James Jones-н дайтаж явсан бодит туршлагааас үндэстэй, найруулагч Malick-н туульсын бүтээлд олон зүйл бий; яруу найраглаг өнгө аястай, адал явдалтай, философийн мэдэгдэлтэй, оршихуйн бүтцийг шашинтай нийцүүлсэн дайны цаг үеийн гүн эргэцүүлэл болой. Дүрс, дуу, үгсээр дамжуулан Malick бүрэн хэмжээний 3 дахь кинондоо оюун ухааныг цогц судалсны үр дүнд кино урлагт ховорхон байх философийн бүтээл төржээ.
Уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 248-р байрт жагсаагаад байна. Нью-Йоркоос гаралтай продюсер Bobby Geisler 1978 онд анх David Rabe-н "In the Boom Boom Room" жүжгээр кино хийх саналыг найруулагч Malick-д тавьжээ. Malick саналаас татгалзаад оронд Joseph Merrick гэгч "аймшигт" хүний тухай кино хийх бодолтой байгаагаа хэлсэн ч найруулагч David Lynch "The Elephant Man" нэртэй кино хийж байгааг олж мэдээд сайхь санаагаа орхижэа. 1988 онд Geisler, John Roberdeau нар Парист Malick-тай уулзаад D. M. Thomas-н "The White Hotel" номоор кино хийх талаар ярилцацгаасан ба Malick үүнээс татгалзсан боловч Moliere-н "Tartuffe" юмуу James Jones-н "The Thin Red Line" гэсэн хоёр бүтээлийн аль нэгээр хийх хүсэлтэй байгаагаа продюсерүүдэд илэрхийлснээр продюсерүүдын сонголт энд онцолж буй кино маань байж таарчээ. Malick 1981 онд кино зохиол бичих ажилдаа орж, 5 сарын дараа 300 орчим хуудастай нооргийг продюсер нарт танилцуулав. 1990 онд Malick James Jones-н бэлэвсэн эхнэр, охинтой уулзаж нөхрийнх нь зохиолыг кино дэлгэцнээ хөрвүүлж буйгаа танилцуулсан бол Malick продюсерүүдэд киноныхоо тухай төсөөллийг ойлгуулах гэж олон цаг ярилцсан гэдэг. Malick Гуадалканалыг дайны хоронд нэрвэгдсэн нэгэн төрлийн "Алдагдсан Диваажин" гэж харагдуулахыг хүссэн. Ингэхдээ хүчирхийллийг шууд бусаар дүрслэх ёстой гэж үзсэн. Цэрэг буудуулахад Spielberg шиг цусан болсон царайг бус дэлбэрч буй мод, бутран унаж буй ургамал ногоог үзүүлэхийг зорьсон гэдэг.
Malick тайзны жүжиг зэрэг бусад төслүүд дээр ажиллаж багагүй жилийг к кино ертөнцөөс гадна өнгөрүүлсэн бөгөөд продюсерүүд түүний итгэлийг татахын тулд бараг л хүссэн бүхнийг нь зөвшөөрч байсан гэдэг. Австралийн хэвлээр мөлхөгчид, хоёр нутагтан амьтдын тухай ном, Японы Кодогийн зүрхний цохилтын бөмбөрийн дууны бичлэг, Навахо хэлээр ярьдаг хүмүүсийн тухай мэдээлэл гэх мэт хэрэгтэй бүхий л материалаар хангаад зогсохгүй Парис дахь байрынх нь зээлийг зохицуулж байж. Уг киноны жүжигчдийн бүрэлдэхүүнийг сонгох ёстой халуун сэдэв болсон байдаг. Sean Penn Malick-тай уулзаад түүнд "надад ганц доллар өгөөд хаана очихыг минь л хэлчих" гэж хэлсэн гэдэг. Кино зохиолыг Robert De Niro, Robert Duvall, Tom Cruise нарт илгээж байсан. 1995 Malick олон жилийн дараа дахин кино урлагтаа эргэн ирнэ гэсэн мэдэгдэл гарахад маш олон жүжигчид Malick-д хандаж, сонгон шалгаруулалт дууссан гэж зарлах хүртэл жүжигчдийн цуваа тасрахгүй байсан гэдэг. Энэ дунд Al Pacino, Gary Oldman, Brad Pitt, George Clooney гэсэн А зэрэглэлийн жүжигчид байсан агаад зарим нь жижигхэн хэсэгт ч тоглоё гэж байхад цалингүй тоглох хүсэлтэй жүжигчид ч байв. Bruce Willis кинонд цөөхөн минут авахын төлөө нийт жүжигчдийн онгоцны тасалбарыг өөрөөсөө гаргах санал хүртэл тавьж байв.
1995 онд Malick Martin Sheen, Kevin Costner, Lukas Haas, Dermot Mulroney, Will Patton нартай хамтран дэлгэцийн сургуулилт хийсэн байдаг бөгөөд энэ үеэр Malick Johnny Depp-тэй бас уулзаж үзсэн. "Primal Fear" киноны дэлгэцийн шалгаруулалт Edward Norton-н тоглолтыг биширсэн Malick түүнтэй ч бас уулзаад амжсан аж. Matthew McConaughey Malick-тай уулзахын төлөө тоглож байсан киноныхоо зураг авалтаас чөлөө авч байсан аж. William Baldwin, Josh Hartnett, Crispin Glover, Philip Seymour Hoffman, Leonardo DiCaprio нарын нэрс ч кинонд тоглохыг хүсэгчдийн дунд байлаа. Сонгон шалгаруулалт эцэслэгдэхийн өмнөхөн Nicholas Cage Холливуудад Malick-тай хоолонд орсон, Malick зураг авах газруудаа үзэж шалгачихаад Cage руу залгатал харамсалтай нь утас нь холбогдох боломжгүй байж таарчээ. Жүжигчин Tom Sizemore-д "Saving Private Ryan" кинонд илүү чухал дүрд тоглох санал ирсэн болохоор, мөн Malick-тай холбоо барьж чадахгүй байсан учир Steven Spielberg-н кинонд тоглохоор шийдсэн аж. Malick уг нь Gary Oldman-д зориулсан хэсгийг бичсэн байсан ч кино хэтэрхий их дүртэй болчихсон тул Oldman-н дүрийг хасчээ. Цэрэг Witt-н дүрд тоглосноороо Jim Caviezel-н замнал өөрчлөгдсөн гэж тэрээр үзэж найруулагчдаа талархсан байдаг. Киноны хөгжмийг бичсэн Hans Zimmer энэ ажлаараа 71 дэх удаагийн Оскарын наадамд өрсөлдсөн бол нэмэлт хөгжмийг John Powell бичжээ. Энэ нь Hans Zimmer-н Оскарт нэр дэвшсэн 5 дахь тохиолдол байсан ч шагналаа Roberta Benigni-н "Life is Beautiful" кинонд алдсан (Nicola Piovani). Malick зураг авалт эхлэхээс өмнө Zimmer хэдэн цаг үргэлжлэх, олон янзын сэдэвтэй хөгжим бичсэн бөгөөд Malick зураг авалтын үеэр өөртөө хийгээд жүжигчдээ төвлөрүүлж, нэг санаатай болгохын тулд хөгжмийг зураг авалтын талбай дээр тоглуулж байв.
Шүүмжлэгч Gene Siskel уг бүтээлийг, орчин үеийн хамгийн шилдэг дайны сэдэвт кино гээд Steven Spielberg-н "Saving Private Ryan", Oliver Stone-н "Platoon" кинонуудаас хол илүү гэсэн буй. Харин шүүмжлэгч Roger Ebert илүү даруухнаар үнэлсэн; тэрээр, төөрөгдөм, дуусаагүй юм шиг санагдам кино гээд цааш нь; "Киноны шизофрени шинж нь агуу байхаас холдуулж байна, энэ кинонд юуны тухай вэ гэсэн баттай санаа байхгүй байна. Гэхдээ энэ нь киног муу болгодоггүй, зарим талаараа сэтгэл татам кино юм" гэж бичжээ. Тэрээр мөн киноны тулааны сцэнүүдийг гарамгай сайн гээд ялангуяа толгодыг хамгаалж буй Япончууд, эзлэн авахыг дайрч буй Америкийн цэргүүдийн тулааны хэсгийг үнэхээр сайн үзүүлсэн гэжээ. Roger Ebert: "Sean Penn, John Cusack, Jim Caviezel, Ben Chaplin зэрэг жүжигчдийн хэдхэн секунд эсхүл минутын хэсгүүд төгс өнгө аясыг олчихоод дараа нь хэмнэл тогтохоос өмнө алга болчихдог". Time сэтгүүл " Зарим кино үйл явдалдаа үнэнийг өгүүлдэг, энэ кино Malick-н сүүлд хийсэн "Days of Heaven" бүтээлээс хойших хамгийн сайхан дүрслэлээр сэтгэл хөдлөлийн үнэнийг, зүрх сэтгэлийг аврах мэргэн ухааныг эрэлхийлсэн кино болжээ" гэсэн буй. The Washington Post сонин "Энэ кино бол мөхлөөс бий болж буй бүтээлийн тухай, таны хэзээ ч хүлээгээгүй газраас олох хайр буюу сахиусан тэнгэрүүдийн тухай кино юм" гэжээ. Шүүмжлэгч Andrew Johnston: " Энэ бол Malick-н өмнөх хоёр кино шиг итгэмээргүй үзэсгэлэнтэй кино. John Toll-н үзэмжтэй зураглал, Hans Zimmer-н хүчирхэг хөгжим нийлээд гайхалтай уур амьсгал бүрдүүлсэн. John Travolta, Woody Harrelson, George Clooney нарын богино богинохон үзэгдлүүд анхаарал сарниулдагаас гадна Bell, Witt гэсэн дүрүүдийн Аппалачиан аялгатай яриа нь тэднийг ялгахад түвэгтэй болгодог" гэжээ. Энэ шүүмжлэгчийн сүүлийн мөрийн шүүмжлэл хүлээн зөвшөөрөхүйц байдаг. Бага зэрэг урт, заримдаа төөрөгдүүлэм боловч энэ бол ховор бүтэцтэй, хүчирхэг кино хэвээрээ байна. Домогт найруулагч Martin Scorsese уг киног 1990-ээд оны хамгийн шилдэг киноны хоёрдугаар байрт эрэмбэлжээ.
Comments
Post a Comment