Эмэгтэйн хүсэл



 


A Woman Is a Woman (1961). Францын нэрт кино урлаач Jean-Luc Godard-н зохиолыг нь бичиж найруулсан романтик мюзикл, комеди. Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнтэй холбогдох энэхүү Америкийн мюзикл комеди жанрт хүндэтгэл үзүүлсэн киноны гол дүрүүдэд Jean-Paul Belmondo, Anna Karina, Jean-Claude Brialy нар тоглосон. Энэ бол Godard-н 3 дахь бүрэн хэмжээний кино (түүний 2 дахь кино "Le Petit Soldat" нь цензурын улмаас нээлт нь хойшлогдсон) буюу түүний CinemaScope линзээр хийсэн анхны өнгөт кино юм. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.

 Уг бүтээлд тайчигч Angela болон түүний найз залуу Emile хоёрын хайр сэтгэлийн харилцааг харуулна. Angela хүүхэд хүснэ, даанч Emile бэлэн биш гээд халгаахгүй. Emile-н анд найз Alfred хөөрхөн Angela-д хайртай дуртай гэдгээ нуулгүй хэлэх бөгөөд ойрын үеэс Angela, Emile хоёр хүүхдээс болж маргалдах нь ихэссэн; ээлжилт хэрүүл нэлээд ширүүн болсноос болж тэд хоорондоо үг солилцохоо болиод харин зөвхөн номуудын нэрсээр ярилцах буюу хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх болсон нь хөгтэй. Emile-н зөрүүд занг тэвчихээ больсон Angela өөрийг нь удтал хоргоож байгаа Alfred-тэй бэлгийн харилцаанд орохоор шийдвэрлэдэг; энэ нь хүүхний хүүхэдтэй болохын тулд юу хэрэгтэй тэр болгоныг хийхийг харуулж байна. Эцэстээ Emile, Angela хоёр эвлэрч, Emile аав болох боломжтой болж тэд бэлгийн харилцаанд ордог. Киноны төгсгөлд Emile Angela-г "чи ёстой аймшигтай" гэж хэлэхэд Angela хариуд нь "үгүй ээ, би эмэгтэй хүн" гэж хариулдаг. 

Орчин үеийн кино урлаг Godard-н "Breathless" бүтээлээр эхэлсэн гэдэг бөгөөд "A Woman Is a Woman" бол Godard-н сайхь шедеврийнхээ "хажуугаар" хийсэн кино юм. "Энэ бол миний хийсэн анхны жинхэнэ кино байсан" гэж тэрээр хэлж байсан ч үнэндээ "Breathless" нь жинхэнэ кино гэгдэж харин уг мюзикл харьцангуй жижиг бүтээл болжээ. Тайчигчийн дүрд найруулагчийн эхнэр, Godard-н дараагийн "My Life to Live" кинонд тоглож өөрийгөө шилдэг жүжигчин болохоо батлан харуулсан Anna Karina тоглосон. Дундаж давхаргын найз залуутай, хүүхэдтэй болохыг хүсдэг тайчигчийн дүрд тоглосон тэрээр тамхи татаж, архи уух эрчүүдийн дундуур залхуутай алхах нь өөр ямарч кинонд тайчих клубийг ийм даруу төлөв, аятайхан бус дүрслээгүй болов уу. Emile, Angela хоёр хамт амьдардаг ч гэрлээгүй бололтой байдаг. Хосуудын найз, Angela-д дурлагч Alfred-н бүтэн нэрийг Alfred Lubitsch гэдэг нь комеди жанрын мастер найруулагч Lubitsch-н нэр буюу энэ мэтээр кино урлагийг элэглэн шоглосон олон тооны хэсэг, кадр уг бүтээлд бий. Жишээлбэл Belmondo жүжигчин Jeanne Moreau-тай таараад түүнээс "Jules and Jim хоёр хэр байгаа вэ?" гэж асуудаг; энэ бол Jeanne Moreau-н тоглосон Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнд хамаарагдах чухал киноны нэг билээ. Мөн өөр нэг сцэнд Belmondo жүжигчин Burt Lancaster болоод камер уу буюу үзэгчид рүү хараад  инээмсэглэдэг нь "Breathless" кино дээрээ хийдэгтэй нь ижил юм. 

Холливуудын мюзикл-д энэ бүтээлээрээ хүндэтгэл үзүүлсэн ч Godard-н кино мюзикл кино биш. Кинонд хөгжмийг үл хүндэтгэж, дууны тракийг уламжлалт киноны хөгжмөөр дүүргэдэг ч зориудаар хөгжмийг тасалдуулдаг ба энэ нь найруулагчид материалаа анхааран хянах зорилгоор бусад акшинуудыг багтаах боломжийг олгодог; тухайлбал гудамжинд төстэй хосууд үнсэлцэж байгаа орон зайг кадраас кадр гэсэн аргаар шийдвэрлэдэг. Godard болон эвлүүлэгч Agnes Guillermot нарын техникийн мастер болохыг харуулсан нэгэн гайхалтай үзэгдэл байдаг; Alfred Emile-г өөр хүүхэнтэй хамт байж өөрийг нь араар тавьж байгааг харуулсан гэрэл зургийг Angela-д үзүүлэхэд Angela гэрэл зургийг сайтар судлан харж байгааг харуулсан хүүхний зургийг харах царайг, мөн гэрэл зураг руу харж байгааг ахин дахин таслан харуулсан сцэн байдаг. Энэ сцэнд харилцан яриа тун багатай бөгөөд гэрэл зураг дэлгэцнээ дахин дахин гарч ирсээр байдаг. Эндээс бид хүүхэнд гэрэл зураг хэрхэн нөлөөлж, бодол санаанаас нь салахгүй улмаар сэтгэлийг нь шархлуулж тарчлааж байгааг мэдрэх бөгөөд энэ бол хардалтыг төгс гайхам дүрсэлсэн сцэн юм. Кино 84 минутын үргэлжлэх хугацаатай ч урт санагдсан ба энэ бол их найруулагчийн эхэн үеийн жижиг кино гэж дүгнэх нь бий. Кино гэрэл гэгээтэй, цоглог, тун өнгөлөг гоё, гэхдээ Godard бидний таних найруулагч болтлоо дахиад боловсрох хэрэгтэй байв.

 Кино "эрт уртдын цагт" гэсэн том үсгээр эхэлдэг бөгөөд киноны нэр цаанаа л нэг утгагүй мэт санагдана. Нэг хэсэгт Alfred буюу Belmondo "энэ эмгэнэлт кино юу, инээдмийн кино юу?" гэж асуудаг нь учиртай. Үүний хариулт нь тодорхой бус; нэгэн хэсэгт Angela "бид энэ өчүүхэн хошин жүжгээ тоглохоосоо өмнө үзэгчдэдээ мэхийх ёстой" гэж хэлэх мэтчилэнгээр кинонд "дөрөвдөх ханыг эвдэх" тохиолдлууд олонтаа гарна. Кино бараг тэр чигтээ Godard болон түүний багийнхны зүгээр л кино хийх ур чадварыг, мөн үзэгчдийн юу хүссэнд тааруулж хийж байгаа мэт хөгжилтэй ч егөөтэй ч байдаг. Киноны цорын ганц мюзикл сцэн болохуйц Angela-н тайчих клуб дахь үзүүлбэр дээр хөгжим санаандгүй байтал тасалддаг; энэ нь кино мюзикл жанрыг элэглэж буйг харуулна. Нэг үгээр бол энэ бол хуурамч мюзикл юм. Кинонд хоол хийх, гэр цэвэрлэх хэсгүүдийг ч хөгжилтэй шоглоом маягаар үзүүлдэг бөгөөд Emile, Angela хоёр номын нэрээр харилцдаг хэсэг бол кино урлагийн хамгийн хөөрхөн өхөөрдөм хэсгүүдийн нэг юм. Alfred "Breathless" киног зурагтаар үзмээр байгаа нь Godard өөрийгөө ишилж байгаа явдал бол хосууд Francois Truffaut-н "Shoot the Piano Player" киног үзэхийг хүсч байгаа нь ерөнхийдөө Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнийг ишилжээ. 

Ажилгүй болох, санхүүгийн хүндрэлтэй учрах, эмнэлэгт хэвтэх, алан хядагчид гээд ноцтой элементүүд ч кинонд байдаг ба кинонд юу ч хамаагүй тохиолдож, тэнэг маанагдуу гадаргатай ч гүнд нь уй гуниг нуугдаж байдаг билээ. Angela, Emile хоёр яагаад ийм зовлонг үзэж байгаа вэ гэвэл тэд бие биедээ хайртай учраас тэр буюу тэд зөвхөн хайр байхад л бүхнийг давж гарна гэж андуураад хариуцлагаа мартсан гэнэн хосууд юм. Иймээс, энэ киног үзэн яддаг үзэгчид, таалдаггүй ч хүндэлдэг хэсэг, мөн таашаан үзэгчид ч байдаг агаад энэ кинонд дуртай хүмүүс бол Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнд дурласан, залуу насны урам зоригтой сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддагчид байдаг гэдэг. Jean-Paul Belmondo энэ кинонд тоглохоосоо жилийн өмнө "Breathless" киногоороо од болчихсон бол Jean-Claude Brialy Шинэ Давалгаа Хөдөлгөөний гол жүжигчдийн нэг болсон, харин Anna Karina 1960-аад оны хамгийн шилдэг бас үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийн нэг болсон билээ. 

Comments