Дурсамжийн хуйлраа

 


Amarcord (1973). Италийн аугаа кино найруулагч Federico Fellini-н зохиолыг нь бичиж (Tonino Guerra-тай хамтарсан, илүү дэлгэрэнгүйг хойно өгүүлнэ) найруулсан хагас намтарчилсан комеди-драм. Киноны гол дүр Titta-г Fellini-н хүүхэд насны найз Luigi Titta Benzi гэгчээс үндэслэн бүтээсэн бөгөөд Benzi хуульч болж, Fellini амьдралынхаа туршид түүнтэй нөхөрлөжээ. Кинонд Titta-н сэтгэлийн боловсрол нь Италийн "ухамсаргүй байдлыг" бэлгэддэг аж. Fellini энэ киногоороо дарангуйлагч фашист Mussolini болон "Италичуудыг үүрдийн өсвөр насанд хорьсон" Католик шашны сүм хийдийг шоолон элэглэхийн сацуу өөрийгөө хийгээд Римини хотынхоо оршин суугчдыг жинхэнэ ёс суртахууны хариуцлага хүлээх чадваргүй, утгагүй тэнэг сексийн уран зөгнөлөө даван туулах чадваргүйг далдуур егөөдөн үзүүлдэг. Ингээд их найруулагчийн Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн (мөн шилдэг найруулагч, шилдэг эх зохиол төрлүүдэд нэр дэвшсэн), 2012 онд Sight & Sound сэтгүүлээс явуулсан санал асуулгаар найруулагчдын саналаар бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны 30-р байрт шалгарсан уг киног хамтдаа томруулдаг шилээр тольдоод үзье.

 Fellini-н хамгийн намтарчилсан, түүний хамгийн сүүлчийн шилдэг бүтээл гэгддэг "Amarcord" бол бүдүүлэг, нялуун, сэтгэл хөдөлгөм; далайн эргээр тосгон болон тосгоны өнгөлөг иргэдийн тухай амьдралаас ч илүү том аяллын тухай юм. Энэ мөн Италийн нэрт кино зохиолч Tonino Guerra-н хувьд я хамгийн хувийн шинжтэй нь ажил нь байлаа. Fellini, Guerra хоёр 1920 онд хоёр сарын зайтай, бие биесээ хэдхэн километрийн зайд Италийн Римини хотод төрцгаөсөн бөгөөд тэд хоёулаа Mussolini-н фашист дарангуйллын нөхөж баршгүй үед өсөж өндийсөн учраас аль алиных нь уран бүтээлийн суурь дэвсгэрээс үүний ул мөр зухалцаж байдаг. Дайны туршид найруулагч болон зохиолч хоёр өөр өөрийн амьдралаар амьдран туршлага хуримтлуулсан нь ирээдүйд урлагийн нэг жимээр алхахад саад болсонгүй. Fellini Ромыг зориод тэнд хуулиар суралцсан ч хүсэл мөрөөдлөө даган хошин шогийн сэтгүүлд сэтгүүлч, зохиолоочоор ажиллаж байгаад эцэстээ та бидний мэдэх Fellini болж кино зохиолчоос найруулагч руу шилжсэн. Тэгвэл Guerra-н аялал илүү адармаатай байв; тэрээр фашизмыг эсрэг үзэлтэй байснаасаа болж баривчлагдан, улмаар Германы Тройсдорф дахь хорих лагерьт хоригдож байлаа. Guerra хорих лагерьт байхдаа шүлэг бичих, өгүүллэг түүх бичих авъяас чадвартайгаа олж нээсэн бөгөөд лагерьт тэрээр Ромагнагаас ирсэн хоригдлуудтай нөхөрлөж, тэд л чухам түүнийг зохиолч болохыг урамшуулан дэмжжээ. Дайны дараа тэрээр зохиолч болох нь тодорхой болж, анхны шүлгийн номоо хэвлүүлж эхэлсэн. 

1957 онд Guerra найзынхаа урилгаар "Man and Wolves" киноны зохиолыг бичиж анх кино урлагт хөл тавих хүртлээ шүлэг, уран зохиолын ажлаа үргэлжлүүлж байв. Энэ явдал түүнийг Италийн нийслэл рүү нүүхэд хүргэсэн бөгөөд удалгүй тэрээр Италийн хамгийн шилдэг кино зохиолчдын нэг болсон; Guerra Итали төдийгүй Европын хамгийн шилдэг найруулагчтай ажиллахдаа 100 гаруй кино зохиол бичсэн билээ. Хэдийгээр Fellini, Guerra хоёр нэг салбарт шилжиж, 1970-аад он гэхэд хоёулаа Италийн кино урлагийн тэргүүлэх зүтгэлтэнгүүд болоод байсан ч энд онцолж байгаа кино тэдний анхны хамтрал байсан. "Amarcord" гэдэг нэр Ромагна аялгаас гаралтай, шууд утгаараа "Миний дурсамж" гэсэн хэллэг буюу энэ утгаараа ой санамж нь киноны сэдэвчилсэн цөм, киноны олон санаа агуулгыг хөдөлгөгч үндсэн мотор болж байна. Киноны эхний хэдэн сцэнд нэгэн үсчин залуу насныхаа дуртгалыг үйлчлүүлэгчиддээ дурсан ярих, дараа нь киноны гол дүр Titta тосгоныхоо кино театрт Gradisca хэмээх хөгшин хүүхэнтэй сээтэгнэж байснаа эргэн дурссан дүр зургууд гардаг. Гэвч эдгээр дүрүүдийн энэ мэт дурсамжинд найдах нь эргэлзээтэй хэрэг. Энэ нь намтарчилсан кинонд байх шинж чанартай зөрчилдөж байгаа тул энэ бол ерөөсөө Fellini, Guerra хоёрын өнгөрснөө төсөөлөн зохиосон мэдрэмжтэй л Холливуудын буюу Fellini нэгэнтээ энэ талаараа: "Би худалч, гэхдээ шударга хүн шүү. Би анхнаас нь эхлээд бүх түүхийг зохиосон" гэсэн буй. Энэ санаа хэрхэн төрсөн бэ гэвэл Guerra-н зохиолыг нь бичсэн өөр нэг Италийн кино мастер Michelangelo Antonioni-н "Blow-Up" киноноос үүдэлтэй бөгөөд энэ нь чигээрээ зохиомол, хөөрөгдсөн дурсамжийн тухай билээ.

 Guerra Michelangelo Antonioni, Andrei Tarkovsky, Theo Angelopoulsos зэрэг дэлгэцийн яруу найрагч мастеруудтай хамтран ажиллаж олон улсад алдаршсан гол шалтгаан магадгүй түүний хэлснээр: "Миний хийдэг бүхний цаана яруу найраг байдаг" гэснээс харагдах болов уу. Яруу найраг нь түүний бичих арга барилд чухал элемент болж бэхжсэн ажээ. "Amarcord" бол гол дүр Titta-н хагас санасан, хагас төсөөлсөн булингартай нүдээр өрнөх нэг жилийн тосгоны шуугиантай амьдрал буюу нэг жилийн улирлыг яруу найргийн бадаг шиг урсган өгүүлдэг билээ. Алсаас сүмийн хонхны чимээ сонсогдохдоо зэрэгцэн тосгонд хавар ирснийг илтгэн улиангарын "хөвөн" хийснэ. "Хөвөн" хийссээр тосгоны төвд ирэхэд нэгэн гуйлгачин нэгийг шүүрч аваад "дөрөв дэх ханыг" эвдэн үзэгчдэд шүлэг уншиж өгдөг. Энэхүү философилог нээлтийн үзэгдлүүд нь Guerra-н үгийн энгийн, мэдрэмтгий шинжийг кинонд агуулагдах Fellini-н шидэт натурализмын кадруудтай хуримлуулснаар онцгой бүтээл төрүүлжээ. Тэд дахиад хоёр кинонд хамтран ажилласан ч энэ киноны хэмжээнд хүрээгүй. Энэ киногоо хийх үедээ Fellini-г ид оргил үедээ байсан, тиймээс ч энэ кино "үнэмлэхүй амжилт" болсон гэж үздэг. "Энэ киноны намтарчилсан агуулга нь түүхэн баримт ба нэгэн үеийн бодит байдлын талаар гүнзгий харуулж байгаагаараа найруулагчийн төлөвшсөн, илүү боловсронгуй бүтээл болж байна. 

Энэ кино тэр чигтээ хөгжилтэй өнгө аясын эсрэг аймшгийн бүжиг юм" гэж нэгэн Итали шүүмжлэгч бичжээ. Их Британийн шүүмжлэгч Russell Davies уг киног Америкийн зохиолч Thornton Wilder болон Уэльсийн яруу найрагч Dylan Thomas нарын бүтээлүүдтэй харьцуулахдаа: "Мөчлөгийн хэв маягийн бүтэцтэй. Далайн эргийн амьдралын нэг жил, улирлууд, төрөлт, гэрлэлт бас үхлийг онцгойлон авч үздэг" гэжээ. Хэтрүүлсэн инээдтэй, заримдаа зүүд мэт уг киног шүүмжлэгч Vincent Canby магадгүй Fellini-н хамгийн гайхамшигтай кино байх гэж магтсан ба мөн тэрээр цааш нь: "Тэр яаж ийгээд биднээс хамгийн сайн сайхныг маань гаргаж ирдэг. Бид илүү хүнлэг, илүү сонирхолтой болдогийн дээр бусад нөхцөлд галзуу биш бол барагалж хачирхалтай мэт санагдах хандлагын гүн гүнзгий ач холбогдлыг үнэлнэ" гэжээ. Нэрт шүүмжлэгч Roger Ebert найруулагч Fellini-н найруулгын үнэ цэнийн талаар: "Тэр үнэхээр гайхамшигтай кино найруулагч. Fellini удаа хугацааны туршид дэлхийн хамгийн шилдэг найруулагчдын эхний 5 юмуу 6-р байрт багтсаар ирсэн, гэхдээ тэр энэ жагсаалтынхаа хамгийн өгөгдөлтэй найруулагч нь юм. Ingmar Bergman бодол хийгээд оюун ухааныг эрэлхийлэх замаар аугаа амжилтандаа хүрсэн бол Alfred Hitchcock кинонуудаа маш нарийн урладагаараа алдартай байхад Luis Bunuel өөрийнхөө фетиш, уран төсөөллөө ашиглан хүмүүнийг өргөс хошигнолоороо хатгадаг. Харин Fellini. Түүний хувьд кино хийх нь амьсгалах мэт амархан. Тэр хамгийн түвэгтэй хэсгүүдийг ч цэвэрхэн бас хялбархан зохион найруулдаг" гэж бичжээ. 

Comments