Янаг цуглуулагч

 


La Collectionneuse (1967). Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг Eric Rohmer-н "Ёс суртахууны зургаан үлгэр" цувралын гурав дахь, 17 дахь удаагийн Берлиний кино наадмын Мөнгөн Арслан шагналт комеди драм. Энэ бол Rohmer-н анхны өнгөт киноноос гадна түүний хамгийн шилдэг туурвилын нэг хэмээгддэг билээ. Киноны үйл явдал Францын өмнөд эргийн тосгонд өрнөх бөгөөд Францын жүжгийн зохиолч Marivaux-н инээдмийн жүжигт гардаг шиг хайр болоод тохиолдлын тоглоомоор тоглох гурван тэс өөр зан араншинтай дүрүүдийн харилцааг дүрслэн харуулдаг. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе. 

Зуны нэгэн өдөр баян найз Rudolphe-нхоо гэрт Adrien найз хүүхэнтэй түр тар хийснээр найз хүүхэн нь ажлаар Лондон руу хоёр сарын хугацаатай явж, манай гол баатруудын нэг Adrien баян найзынхаа Сент-Тропезийн ойролцоо орших тансаг зуслангийн харшид зуны үлдсэн хугацааг өнгөрүүлэхээр явна. Тэнд түүний өөр нэг найз Daniel байгаа ба тэд усанд сэлж, ном уншин цагийг хамт өнгөрүүлэхээр төлөвлөнө. Adrien яваад очсон өөр нэг зочин бас байгааг олж мэдсэн нь киноны ганц эмэгтэй баатар Haydee гэгч бөгөөд энэ залуухан хүүхэн бол үнэндээ Rudolphe-н явалддаг хүүхэн юм. Haydee өдөр яваад орой болгон өөр өөр залуусаар хүргүүлэн ирэх нь Adrien, Daniel хоёрт таалагдсангүй тул залуус түүний энэ явдлыг хориглоход хүрнэ. Залуус ингээд зогсохгүй өөрсдөөс нь арван насаар дүү энэ Haydee-г "эрчүүд цуглуулагч" гэж нэрийднэ. Adrien залуухан хүүхэнд татагдаж буйгаа мэдэрсэн ч өөрийнх нь ёс суртахууны дүрэмд зохисгүй гэж үзэн түүнтэй секс хийхгүй гээд харин Daniel-д "наад хялбар олзоо" агна хэмээн хэлж ятгана. Daniel, Haydee хоёр хэдэн шөнө янагладаг ба хэгжүүн ааштай Daniel удалгүй Haydee-г дайрч доромжлоод "хаялаа" гэдгээ мэдэгдэнэ.

 Adrien шархалсан хүүхнийг тайвршуулж, түүний хөгжөөх шинэ төлөвлөгөө боловсруулна. Тэрээр Хятадын эртний ваар авчраад эртний ваар худалдаж авдаг хөгшин Америк эрийг дагуулан ирэх бөгөөд хөгшин Америк эр Haydee-г илэрхий шохоорхоно. Америк эр тэр хоёрыг харшдаа урих ба хоолны дараа Adrien хонох саналаас ажилтай гэж татгалзаж явснаар Haydee болон Америк эр хоёрт аминчлан уулзах боломжийг олгодог. Маргааш нь Adrien ирнэ, хоолон дээр Америк эр түүнийг доромжилж, Haydee-г илэрхий оролдсонд Haydee уурлан Хятад ваарыг нь хагалчихна. Adrien, Haydee хоёр хуучин зуслан руугаа зугтаах шахуу явж байхдаа Adrien анх удаа хүүхнийг сайхан сэтгэлтэй юм байна, Daniel-г явуулчихаад амралтынхаа сүүлчийн өдрүүдэд түүнтэй жаргана гэж бодож байтал машинтай хоёр залуутай таарна. Тэд Итали руу явж байгаа Haydee-н найзууд ба Haydee-г хамт явъя гэж ятгаж эхэлнэ. Энэ үед энэ хүүхэнтэй удвал нохойн замаар орох нь, одоохон л орхиод явъя гэж сэтгэсэн Adrien хүүхнийг залуустай орхичихоод яваад өгнө. Adrien зусландаа хэсэг хугацаанд түүнийг хүлээж байгаад эцэстээ Лондон явахаар шийддэг. 

Найруулагч Rohmer энэ киногоо ямар ч төсөв, хуваарьгүйгээр хийжээ. Испанийн нэрт зураглаач Nestor Almendros түүний зураглаачаар ажилласан ба сайхь бүтээх арга нь тэдний дараа дараагийн кинонууддаа ашиглах болсон техник, зарчимд нөлөөлсөн гэдэг. Маш их бэлтгэл хийгээд цөөхөн зураг авах, байгалийн гэрэлд илүүтэй найдах; бүр шөнийн сцэнүүдэд хүртэл; мөн тодорхой орон зайд дүрүүд ба тэдний харилцааг бий болгохын тулд "тагнах" маягийн урссан удаан зураглал бол Rohmer-н аргачлал юм. Nestor Almendros намтар номондоо; "Бид хүссэн ч эс хүссэн ч энэ кино байгалийн өнгө төрхтэй байх ёстой байсан, учир нь бид ердөө тавхан гэрэлтүүлэгтэй байсан" гэсэн байдаг. Кино багийнхан тун бага хэмжээний хальс ашигласнаас болж лабораторийнхон тэднийг богино хэмжээний кино хийж байгаа юм байна гэж бодсон гэдэг. The Guardian сэтгүүл уг киног 20-р зууны шилдэг 100 зуун кино жагсаалтдаа багтаасан. Энэ бүтээлийн дүрүүд зуны нозоором өдөр, шөнийн цагаар залхуурцгаахын хажуугаар ухаанаа уралдуулцгаана. Тачаангуй шинж киноны эд эс бүрэнд оршдог. Энэ киног Eric Rohmer-н урт удаан амжилттай үргэлжилсэн замналын эхлэлийн цэг болсон бүтээл гэж болно. Кино ерөнхийдөө өөрөөсөө олон ах хоёр залуутай зуслангийн байшинд хэсэгхэн амьдарсан Haydee гэдэг "цуглуулагч" хүүхний тухай юм. Haydee өдрийн цагаар тэдэнтэй усанд сэлэх юмуу ном уншаад үдэш болуут эргийн хот орж, одооныхоор шоудна. 

Залуусын хэн хэн нь түүнтэй унтахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг ч хэн нь хамгийн түрүүнд бууж өгөхөө үзэх зарлаагүй дайныг өөрсдөдөө үүсгэдэг. Эндээс Haydee амархан мэт харагдавч үнэндээ тийм биш байдаг. Киноны хүүрнэгчээр Adrien ажиллах ба түүний Haydee, Daniel нарын тухай өгөх мэдээлэл итгэж боломгүй, түүний өөрийгөө гэх үнэлэмжээс үүдэлтэй байдаг агаад түүний байхгүй сцэн гэж үгүй ч тэр хэлснээ хянаж чаддаггүй тул энэ тал дээр үзэгчид өөрсдөө дүгнэлт хийсэн нь зөв бололтой. Rohmer уламжлалт арга барилтай найруулагчийн хуваарийн дагуу хийх байсан үйл явдлыг зориуд хойшлуулах эсхүл тойрон өгүүлдэг хэв маягтай байв. "Ёс суртахууны зургаан үлгэр" цувралд түүний дүрүүд нь тодорхой зүйлсийг хийх хувь тавилангүй гэж харуулахын дээр өөрсдийнхөө үйлдлийн утга учрыг бодох сонголтыг нь урьдчилсан байдаг; тэд ямагт ёс суртахуунтай байдаггүй, мөн тэдний эргэлзээтэй ёс суртахуунд үзэгчид санал нийлэх шаардлагагүй юм. Одоо харин гол гурван дүрээ сонрхоод үзье. Daniel (Daniel Pommereulle) бол хамгийн сонирхолгүй, туранхай архи ууж,  тамхи татах дуртай, залхуу гэдгээ гайхуулах дуртай Haydee-тэй унтахаа хүлээж буй дүр. Haydee (Haydee Politoff) бол бол хөөрхөн дугуй царайтай, бамбагар уруултай, богино үсний засалттай гоолиг хүүхэн ба энэ дүрд тоглосон жүжигчин кино бүтэх явцад 20 орчим л настай байв. Тэгээд Adrien (Patrick Bauchau, кино зохиолд оролцсон) бол энэ кино дахь хамгийн аятайхан төрхтэй залуу юм. Энэ Patrick Bauchau 1967 он гэхэд аль хэдийнээ Францын Шинэ Давалгааны жүжигчин, зохиолч продюсер гэдгээрээ олонд танигдсан нэгэн байв. 

Эргээд кинондоо ороход, тэдний амьдрал даанч залхмаар удаан хэмнэлтэй өрнөдөг бөгөөд Haydee-н орой бүр өөр залуутай ирэхийг харсан ах нар түүнийг барагалж "янхан" гэж нэрлээд энэ сэтгэгдлээрээ харьцдаг. Хөгшин Америк зусланд нь ирэхэд Adrien түүнд ваараа зарахын хажуугаар Haydee-г санал болгоход хүүхэн энэ нөхцлийг аятайхан зохицуулж байгаагаас тэр иймэрхүү байдалд орж байсан, магадгүй үнэхээр "янхан" ч байхыг үгүйсгэхгүй мэт. Дүрүүд ихэнх цагийг далайд сэлэх, наранд биеэ ээх, эсвэл модны дор суун ном уншихад шувууны жиргээ сонсогдох нь Rohmer-н дуртай байгаль ертөнцийг илрэл болно. Кино гурван гол дүр зусланд уулзахаас өмнө товч танилцуулсан цуврал сцэнүүдээр эхэлдэг; энд камер усны хувцастай Haydee-г далайн эрэг дээр зогсч байгааг үзүүлэхдээ түүний хөл гуя, гэдэс, цээж, чих, гар, хүзүүг зоримог хийгээд объектыв байдлаар харуулдаг. Бидний мэдэрч болох аливаа хүсэл тачаалын биелэлтийг тодорхойгүйгээр хойшлуулж байгаа энэ явдал бол Rohmer Haydee-г киноныхоо хүсэл тачаалын объект хэр сайн болгосныг харуулсан зэвүүн шийдэл бөлгөө. Сонирхуулахад, энэ бол "Days of Heaven" киногоороо Оскарын наадмаас шилдэг зураглаачийн шагнал хүртэж байсан Испанийн зураглаач Nestor Almendros-н анхны бүрэн хэмжээний кино байсан ба гоёмсог, эргэцүүлэхийг зураглах арга нь Rohmer-н дүрүүдээ харуулаад, тэдний талаар бодох цагийг үзэгчдэд өгөх хүсэлтэй нийцдэг. 

Comments