The Fortune (1975). Одоогоос 100 орчим жилийн өмнө Америкийн зүүн хойд нутагт Nicky болон Oscar гэдэг бүтэл нь бөгсөөрөөрөө эргэсэн луйварчин, мэхлэгч, шамшигдуулагч хоёр найз амьдрах гэж үзэж тарж байлаа. Тэд баян хүүхнүүдийг урхидаж, эд хөрөнгийг нь салгаж, зүрх сэтгэлийг нь шархлуулан хаяж орхино. Тэдний ээлжит олз бол баян өв залгамжлагч "Freddie" хочит Fredericka юм. Freddie Nicky-д ухаанаа алдан дурласан тул юугаа ч золиход бэлэн болжээ. Яагаад заавал золих гэж вэ гэвэл Nicky хэзээний гэрлэчихсэн бөгөөд эрчүүд Freddie-г гэрээс нь оргуулан өөр мужид аваачиж, тэнд Nicky Freddie хоёр гэрлэх ёстой буюу тухайн үеийн хуулиар ямар ч эмэгтэй хүнийг нэг мужаас нөгөө рүү зөөж тээвэрлэх нь ёс зүйн хувьд хориотой байжээ.
Эхлээд эрчүүд хүүхнийг оргуулаад, дараа нь Freddie Oscar хоёрыг гэрлүүлэх ёстой ба ингэснээр үндсэн санаа далдлагдахын дээр Nicky Oscar хоёрын гол зорилго болох өв залгамжлагчийн мөнгөнөөс эзэмших санаа тодорхой хэмжээгээр биелэх учиртай бол Freddie энэ хуурамч гэрлэлтээ Nicky-тэй жаргахын өмнөх шалихгүй гарз гэж үзэж байв. Харин Oscar яагаад энэ увайгүй хуйвалдаанд орсон бэ гэвэл тэрээр бусдын хөрөнгө шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж буй тул хотоос аль болох хурдан гарахыг хүсэхийн сацуу Nicky Freddie хоёр жинхэнээсээ суусан хойно зэгсэн мөнгө олох боломжтойг олж харсных юм. Тэд Лос-Анжелес хотод очин хамт амьдарч эхэлнэ. Эрчүүд Freddie-ээс өв хөрөнгийг нь салгах гэж аль байдгаараа хичээвч үргэлж бүтэлгүйтэж, хүүхэн тэдний санааг гадарлаад мөнгөө буяны үйлсэд хандивлана гэж хэлснээр байдал хурцадмал болж ирэх буюу луйварчид түүнийг хөнөөж байж л мөнгөнд хүрч болох юм байна гэж шийдвэрлэдэг. Дашрамд хэлэхэд Freddie эрчүүдийн аль алинтай нь унтдаг амрагууд болсон байна. Ингээд аллагын янз бүрийн төлөвлөгөө бүтэлгүйтсэний эцэст живүүлэх арга амжилттай боллоо гэж бодтол Freddie үхээгүй байдаг ба мангар харууд айдсаа дарж чадалгүй цагдаа харуутаа хамаг үнэнээ хэлчихдэг. Freddie амьд мэнд хүрч ирээд тэднийг буруугүй гэснээр тэр гурав дахиад хамт амьдарч эхэлдэг.
Америкийн кино найруулагч Mike Nichols-н элэг хөшөөм бараан комеди. Кино зохиолыг Adrien Joyce бичиж, гол дүрүүдэд Jack Nicholson, Warren Beatty, Stockard Channing (түүний дебют байсан) тоглосон. Жүжигчин Warren Beatty 1967 оноос хойш хөгжүүлж ирсэн "Shampoo" төсөл нь нэг л урагшгүй байсан тул илүү сонирхол татахуйц "The Fortune" төслөө хамтад нь аваад Columbia Pictures кино компанийн тэргүүн David Begelman-д үзүүлснээр хоёр төсөлдөө санхүүжилт авч чаджээ. Найруулагч Mike Nichols дараалсан хоёр бүтэлгүй киноныхоо дараа уг төслийн найруулагчийн суудалд суухдаа заавал амжилт олох ёстой байлаа. Nichols зохиолч Joyce-н кино зохиолд олон тооны хасалт хийж, зохиолыг егөөдөлт багатай, илүү бүдүүлэг хошигнол ихтэй болгох хүртэл найруулагч болон кино зохиолч хоёрын харилцаа эвтэй байсан ба энэ явдлаас болж Joyce продакшнаас хөөгджээ. Nichols Freddie-н дүрд жүжигчин Bette Midler-г тоглуулах сонирхолтой байтал өнөөх нь түүнийг ямар кинонууд хийж байсныг асууж тэнэгтсэнээр Nichols тухайн цагт шинэков байсан Stockard Channing-г сонгожээ. "One Flew Over the Cuckoo's Nest" киноны зураг авалт хойшлогдсон тул Jack Nicholson өмнө нь хамтран ажиллаж байсан Nichols-н саналыг хүлээж авсан ба харамсалтай нь киноны зураг авалтын үеэр Jack Nicholson-н амьдралд таагүй хоёр зүйл тохиолджээ. Эхнийх нь, нэрт жүжигчин маань эгч нь гэж бодож явсан хүн үнэндээ ээж нь, харин өөрийг нь өсгөсөн эмэгтэй эмээ нь болохыг олж мэдээд туйлаас цочирджээ. Дараагийнх нь, түүний дотно найз Cass Eliot унтаж байхдаа нас барж, үхэлтэй холбоотой шуугиан сонин хэвлэлийн гол мэдээ болсон явдал байв. Дээрх хоёр явдалтай холбоотойгоор Nicholson энэхүү бүтээлийнхээ талаар огт ярьдаггүй ажээ.
Шүүмжлэгч Vincent Canby уг киног "тун инээдтэй, хөнгөмсөг солиотой" кино гээд цааш нь; "Дэлхийн 2-р дайны дараа Blake Edwards, Billy Wilder гэсэн найруулагчдын цөөхөн ийм төрлийн киног эс тооцвол бүдүүлэг хошигнолыг дахин бүтээх гэсэн бишрэм оролдлого" гэжээ. Кинонд тааруу үзэгдлүүд байдаг, мөн сонгосон жүжигчдийн төрөлх авъяаст тохиромгүй мөчүүд байдаг боловч энэ кино миний сэтгэлийг гонсойлгосонгүй гэж тэрээр бичжээ. Уг кино бүдүүлэг хошигнолоор луйварчдын тухай сэдэв хийгээд 1920-оод оны үеийг зурагласнаараа The Sting" кинотой харьцуулдаг ба "The Sting" нь илүү адал явдалт кино бол энд өгүүлэх кино бүдүүлэг хошигнолын ховор бүтээл юм. Бүдүүлэг хошигнол, элэглэл, ухаалаг комеди жанрын кинонууд моодноос гараад байсан үед найруулагч Nichols энэ бүгдийг тун амархан нэгтгэчихсэн нь түүний авъяас чадварыг харуулна. Зарим шүүмжлэгчид уг киног сайн ёжтой комеди шиг эхэлдэг ч Лос-Анжелес дахь хэсэг нь нойрмогдуу; кино заримдаа тайзны бүтээл шиг зогсонги болчихдог гэж сөргөөр шүүмжилсэн байдаг. Үйл явдлууд буруу тооцоолсон бүдүүлэг хошигнолоос бүрдсэн мэт байгаа нь магадгүй найруулагчийн Joyce-н зохиолд хамаагүй гар хүрсэнтэй холбоотой болов уу. Уламжлалт бус боловч үнэхээр элэг хөшөөм уг бүтээлийн жүжигчдийн тоглолт дээд зэрэглэлийнх бол найруулагчийн мэдрэмжийг магтууштай.
Хөгжмөөс авхуулаад тухайн цаг үеэ тун сайн гаргасан эл бүдүүлэг хошигнол нь энэ жанраа үнэхээр тодорхойлсон буюу бүдүүлэг хошигнол бол дотроо хүйтэн гаднаасаа зугаатай харагддаг тийм кино юм. Уг киноны гол дүрүүдийн анхны сэдэл шунал, удаах нь хуял байдаг ба энэ нь ямарч утгаараа ёс суртахуунгүй хэрэг билээ. Тэд томоор сэтгэдэг ч үйлдэл л өчүүхэн байдаг өөрсдийнхөө уур уцаарын хохирогчид болох нь элбэг. Warren Beatty буюу Nicky марзан сахалтай, үсээ тосолсон байдаг бол Oscar буюу Jack Nicholson бүтэлгүй луйварчин ба Oscar илүүтэй бидний инээдийг хүргэж, харин Nicky илүү дэгжин нэгэн байдаг. Тэгвэл Freddie буюу Stockard Channing энэ киногоороо замналаа эхлүүлсэн буюу сэтгэл татам, эршүүд, хөгжилтэй тоглолтоороо тэрээр хоёр луйварчны дунд байж киноны тэнцвэрийг барьдаг. Stockard Channing энэ кинонд үнэхээр гялалзаж чадсан, нэг үгээр энэ кинонд Warren Beatty юмуу Jack Nicholson биш Stockard Channing авч гарсан гэвэл хилсдэхгүй; тухайлбал луйварчин эрчүүдийн хуйвалдааныг сонсоод Freddie "би ч оршдоггүй юм шив" гэж уулга алддаг хэсэг үнэхээр инээдтэй.
Comments
Post a Comment