"Том авгын овоохой". Америкийн нэрт кино Харриет Бичер Стоугийн боолчлолын эсрэг энэхүү роман 1852 онд хэвлэгдсэн бөгөөд Африк гаралтай Америкчуудад хандах хандлага, Америкийн боолчлолд үлэмж нөлөө үзүүлсэн түүхэн бүтээл юм. Уг бүтээлийг Америкийн иргэний дайны суурийг тавихад тодорхой хэмжээгээр тусалсан гэж үздэг. Коннектикут мужид Христийн гүн шүтлэгтэй гэр бүлд төрсөн Бичер Стоу Хартфордын эмэгтэйчүүдийн шашны сургуульд боловсрол олж, боол эзэмших ёсыг халах итгэл үнэмшлийг өөртөө нэвт шингээсэн тэмцэгч байв. Тэрээр боолчлолыг бодитоор харуулахын тулд сентиментал роман бичихдээ Христийн шашны хайраар л боолчлолыг ялж гарч чадна гэдгээ батлахыг зорьжээ. Роман нь гол баатар болох урт удаан хугацаанд зовж шаналж байгаа авга Том гэдэг хар арьстан болон түүний эргэн тойронд өрнөх боолчлолын муу муухайг дүрслэн өгүүлдэг.
"Том авгын овоохой" нь 19-р зуунд Америкт хамгийн их борлуулалттай роман, мөн Библийн дараагаар хамгийн их борлуулалттай номоор тус тус шалгарч байжээ. Номын нөлөө тун хүчтэй байсан учир 1850-аад онд боол эзэмших ёсыг халахад онцгой түүхэн үүрэг үзүүлсэн гэж үздэг ба иргэний дайны үеэр Амбрахам Линкольн Стоутай уулзаад: "Тэгэхээр энэ бяцхан хатагтай их дайныг эхлүүлсэн юм шүү дээ" гэж хэлж байсан гэх үлгэр домог шиг яриа хүртэл байдаг аж. Номоос болон номоос сэдэвлэсэн жүжгүүдэд хар арьст хүмүүсийн талаарх олон сөрөг хэвшмэл ойлголтыг түгээн дэлгэрүүлсэн харамсалтай түүх байдаг, тухайлбал "Авга Том" гэдэг нэр туйлын хүлцэнгүй хүнийг нэрлэдэг нэр томьёо болсон байх жишээтэй. Энэ мэт таагүй буруу хэвшмэл ойлголт нь номын боолчлолын эсрэг хүчтэй суртал ухуулгын зэвсэг болж байсан түүхэн ач холбогдлыг дарах явдлууд байсан боловч "Том авгын овоохой" нь эсэргүүцлийн уран зохиолын "шавга" бүтээл гэсэн үнэ цэнээ хадгаласаар иржээ. Аптон Синклер "Ширэнгэн ой", Рейчэл Карсон "Аниргүй хавар" зохиолуудаа чухам Стоугийн эл бүтээлээс санаа авч бичсэн гэдэг.
ҮНДСЭН САНАА. "Том авгын овоохой" романыг 1850 онд "оргодол боолын тухай хууль" баталсны дараахан бичсэн; энэ бол Америкийн нэгдсэн улсад хэн ч оргосон боолд тусламж үзүүлэхийг хориглосон хууль байв. Энэ роман нь дээрх хуульд болон хуулийг хамгаалж байсан институци руу дайрах зорилгыг баримталж, боолчлолыг нэн даруй халж, бүх нийтээрээ эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг сурталчилж байсан. Стоугийн номын үзэгдэл болгон дүрүүд хийгээд үйл явдлыг харуулахын сацуу уншигчдад, нэн ялангуяа Стоугийн цаг үеийн Хойд нутгийн уншигчдад боолчлол гэдэг адгийн, хүнлэг бус, Христийн шашны эсрэг, иргэншсэн нийгэмд байж болшгүй зүйл гэдгийг ойлгуулахад анхаардаг. Романы ихэнх хэсэгт Стоу боолчлолын асуудлыг аядуу зөөлөн маягаар судалдаг буюу боол ба эздийн хооронд эерэг харилцаа байгаа мэт харагдана. Шелбигийн гэрт, мөн Сен-Клерийнд боолууд өөрсдийг нь доромжилж, зүй бусаар харьцдаггүй найрсаг эзэдтэй байдаг ба Стоу боолчлолын хорон мууг орчин тойрны нөхцлөөр харуулахын тулд энэ мэт бүтцийг ашигладаггүй. Тэр боолчлолын хор хөнөөлийг байж болох хамгийн муугаар нь илчлэхийг эрмэлздэг. Шелби, Сен-Клер хоёр сайхан сэтгэлтэй, ухаалаг хүмүүс ч боолчлолыг хүлцэн зөвшөөрдөг учраас энэ нь тэднийг хоёр нүүртэй, ёс суртахууны хувьд сул дорой болгож байна. Санхүүгийн бэрхшээлтэй учирсан Шелби Томыг худалдсанаар түүний гэр бүлийг сүйрүүлж байгаа бол хэрцгий Мариа өөртөө анхаарал хандуулахыг шаардахдаа Сен-Клерийн боолуудыг сахиусан тэнгэр шиг охин Евагийн үхэлд гашуудах цаг зав ч өгөхгүй байгаагаас бид сайн эзэдтэй байсан ч боолууд зовдогоооо зовж байгааг харж болно. Боолчлолыг хамгаалах тухайн үеийн нийтлэг үзэл баримтлалаар ихэнх эзэд боолчлол нь өөрөө боолуудад ашигтай гэж үздэг байсан тул энэ нь амь бөхтэй байжээ. Стоу энэ хэлцлийг тарчилж буй дүрүүдээрээ няцаан үзүүлж, боолын эрх ашиг нь зөвхөн эрх чөлөөгөөр л хэрэгжинэ гэж батлахыг зорьжээ. Романы сүүлийн гуравны нэгд зохиолч маань Шелби болон Сен-Клерийнх дахь амьдралын таатай орчныг орхин уншигчидаа боолчлолын муу муухайг хамгийн ил тод, адгийн хэлбэрээр гарч ирэх Легригийн тариалан руу аваачдаг. Боолууд зодуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж, бүр амь насаа алдаж байгаа энэхүү харгис, бузар булай байдал нь Стоугийн хэлцэлд цочролын хүчийг өгдөг бөгөөд хэрвээ боолчлол хамгийн сайн тохиолдолд буруу бол хамгийн муу тохиолдолд энэ нь ерөөсөө л хар дарсан зүүд, хүний ёсноос гадуурх зүйл ажээ. Романы "тааламжтай" ба тамын мэт тайлангийн хоорондох бүтцээс уншигчид Стоугийн уран яруу дүрслэх аргачлалыг олж харна.
Эхлээд тэрээр боолчлолын "хамгийн сайн" өнцгийн муу талыг харуулснаар боолчлолыг дэмжигч уншигчдын хамгаалалтыг сулруулдаг агаад дараа нь боолчлолын жигшим муу муухайг хамгийн аймшигтайгаар харуулснаар боолчлолын эсрэг өөрийнхөө үзэл санааг танилцуулж байна. Стоу ерөнхийдөө шашин шүтлэгтэй, тэр дундаа протестант шашинтай уншигчдад зориулж бичсэн бөгөөд боолчлолын тогтолцоо нь Христийн шашны ёс суртахууны хуультай эсрэгэлцдэг гэдгийг нотлохын тулд тун ихээр хичээж байжээ. Ямар ч Христэд итгэгч хүн боолчлолыг тэсвэрлэх ёсгүй гэж тэр хэлсэн буй. Романы туршид дүр нь шашин шүтлэгтэй байх тусмаа боолчлолын эсрэг хандлагатай байдаг; романд ёс суртахууны хувьд хамгийн төгс цагаан арьст дүр болох Ева хар, цагаан хүмүүс адилхан хүмүүс гэдгийг яагаад бусад хүн ойлгохгүй байгаад гайхдаг билээ. Үүний эсрэгээр ёс суртахуунгүй, шашин шүтлэггүй Легри боолчлолыг санаатайгаар доромжлох, алив муу муухайг хэрэгжүүлэх бодлого болгодог билээ. Стоугийн бүтээл дэх Христийн шашин нь түгээмэл хайрын зарчимд тулгуурлажээ. Хэрэв бүх хүмүүс эл зарчмыг хэрэгжүүлэх аваас хүн төрөлхтний нэг хэсэг нь нөгөө хэсгээ дарангуйлах, боолчлох боломжгүй байх байсан гэж Стоу үзэж байна; тиймээс Христийн шашин ба боолчлол хоорондоо нийцэн таарахгүй төдийгүй Христийн шашныг боолчлолтой тэмцэхэд ашиглаж болно гэжээ. 1800-аад оны сүүлчээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өргөн дэлгэрч эхлэхээс өмнө Стоу уг бүтээлээ бичсэн хэдий ч та энэ романыг феминизмын эхэн үеийн загвар жишээ байсан гэж үзэж болно. Уг романд эмэгтэйчүүдийг ёс суртахууны хувьд ёс зүйтэй, тууштай, эрэлхэг гэж дүрсэлсэн байдаг; Стоу хар арьстнуудад ирэх дарамт ба эмэгтэйчүүдэд ирэх дарамт хоорондын төстэй шинжийг зэрэгцүүлэн гаргадаг боловч тэрээр дарамтад байгаа эмэгтэйчүүд нь ядаж л нөхөртөө нөлөөлөх боломжтой гэж харуулжээ.
Түүнчлэн тэрээр дарлагдсан нэг хэсэг нь өөрсдөд нь байгаа эрх мэдлээр нөгөө дарлагдаж байгаа хэсэгтээ тусалж болно гэдгийг харуулсан аж. Өөрөөр хэлбэл цагаан арьст эхнэрүүд өөрсдийн нөлөөг ашиглан нөхөртөө юмуу эсхүл сонгууль өгөх хүмүүст боолчлолын бузар муухайгийн талаар хэлж итгүүлэх боломжтой аж. Романы туршид уншигчид ёс суртахууны хувьд доройтсон нөхрөө юмуу хөвгүүнээ аврахыг оролдож буй төгс эх, эхнэрүүд гэсэн идеал эмэгтэйчүүдтэй учирдаг. Жишээлбэл, Хатагтай Бөрд, Сен-Клерийн эх, Легригийн эх, бага хэмжээгээр хатагтай Шелби нарыг дурдаж болно. Мөн хар арьст эмэгтэйчүүдийг тун эергээр харуулсан ба хар арьст эмэгтэйчүүд ихэвчлэн хүчтэй, зоригтой бас чадварлаг байдаг; нэн ялангуяа энд Элизаг хэлж болно. Прю архичин болсон нь, эсхүл Касси үрээ хөнөөсөн зэрэг эмэгтэйчүүдийн ёс суртахуунгүй авир үйлдэл нь үнэндээ тэдний ёс суртахуунгүйнх бус боолчлолын хор хөнөөлийн үр нөлөө байдаг билээ. Бүх эмэгтэйчүүд номын ёс суртахууны хуулийг дэмжсэн харагддаггүй; Мариа шалихгүй, бүдүүлэг зантай бол романы эхэнд Офелия олон өрөөсгөл хандлага үзүүлдэг. Гэсэн хэдий ч энэ бүтээл нь эмэгтэй хүний төрөлхийн сайн ба муу сэтгэлийн тухай хэлцэж, жендерийн ёс суртахууны мэргэн ухааныг онцлохдоо чухам энэ мэргэн ухааныг ашиглан нийгмийг өөрчлөхийг уриалжээ.
МОТИФ. Роман дахь тэнгэрлэг хөндлөнгийн оролцооны хэд хэдэн ер бусын тохиолдлоос боолчлолыг эсэргүүцэх дээд хууль журам байгааг илтгэх мэт байдаг. Жишээлбэл, Элиза Охайо мөрөн дээгүүр харайж, мөсөн хавтангууд дээгүүр айдас, гэмтэлгүй үсрэх үед "Бурхан зөвхөн цөхрөнгөө барсан хүмүүст л өгдөг шиг хүчээр тэр үсрэв" гэсэн өгүүлбэрийг уншигчид уншдаг ба ингэж тэрээр дарангуйллын хар савраас чөлөөлөгдөж байна. Үүнтэй ижлээр, Томын найдвар Легригийн тариалангийн талбайд үгүй болж эхлэхэд Том шашны холбогдолтой зүйлсийг харснаар итгэл нь сэргэж, улмаар энэ нь Легригийн тамлалтын эсрэг зогсоож чаддаг. Ева нас барахаасаа өмнө диваажинг харж, өөрийнхөө үхлийн гайхамшигтай дүр төрхийг мэдэрдэг; энэ үйл явдлууд Евагийн цэвэр ариуныг бататгаж, боолчлолын эсрэг байр сууринд нь ёс суртахууны эрх мэдлийг нэмж өгдөг. Иймэрхүү ер бусын үзэгдлүүд нь янз бүрийн дүрүүдийн боолчлолыг эсэргүүцэх эсхүл тэмцэх чармайлтыг дэмждэг бөгөөд мөн бусад дүрүүдийн боолчлолд оруулах хувь нэмрийг таслан зогсооход үйлчилдэг. Легри Томыг тамлаж байхдаа нас барсан эхийнхээ дүрсийг харж, хэсэг хий үзэгдлийн мананд ухаанаа алддаг билээ. Энэ хий үзэгдлээс айх айдас нь түүнийг сул дорой болгож, Касси, Эммелин хоёр үүнийг нь ашиглан түүнийг айлгаснаар өөрсдийнхөө зугтаах боломжийг нэмэгдүүлдэг.
СИМБОЛ. Романы төгсгөлд Жорж Шелби боолуудаа чөлөөлснийхөө дараа тэрээр Том авгын овоохойг харахаараа та нар эрх чөлөөтэй болсноо санаж, Том шиг Христэд амьдралаа зориулах ёстой гэж хэлдэг. Жорж Шелби эдлэнгийнхээ Том авгын овоохойг харах дүрслэл бол тэр Томын боол байхдаа туулсан зовлон зүдгүүрийг хэзээ ч мартахгүйг илтгэнэ. Овоохойн мөн Томын өөртэйгөө адилхан боолуудыг зодсоноос өөрөө үхсэн нь дээр буюу түүний Христийн шашны үнэт зүйлсээс хэзээ ч урваж няцахгүй хатуу үнэнч сэтгэлийн зүйрлэл юм. Овоохойн зураглал нь боолчлолын хор хөнөөлийн хүч хийгээд Христийн шашны хайр л боолчлолыг ялж чадна гэсэн хоёр симбол бүхий номынхоо үндсэн сэдвийг нарийн тусгажээ. Хагас хөлдсөн Охайо мөрөн дээгүүр харайх Элизагийн дүр зураг нь "Том авгын овоохой" романы хамгийн алдартай үзэгдэл юм. Энэ хэсэг өас чухал зүйрлэлийн үүрэгтэй. Мөрний Өмнөд хэсгээс Хойд хэсэгт үсэрч байгаа нь боолчлолоос эрх чөлөө руу гэсэн үйл явцыг бэлгэдсэн гайхалтай сэтгэл хөдөлгөм мөч бөгөөд Элизагийн нэг эргээс нөгөө эрэг рүү үсэрсэн явдал бол боол эзэмшихийг зөвшөөрдөг мужаас боол эзэмшихийг зөвшөөрдөггүй мужид хүрсэн симбол; учир нь Охайо мөрөн энэ хоёр туйлыг тусгаарлаж байжээ. Элизагийн үсрэлтэнд тулгарч байгаа аюулууд, амжилттай болгоход шаардлагатай эр зориг бол аливаа боолын эрх чөлөөнд хүрэх эрсдэлтэй, баатарлаг аяллын нийтлэг тохиолдлын илрэл болой.
Comments
Post a Comment