"Хүрэл хөшөө". Александр Пушкиний Санкт-Петербург дахь Их Петрийн морьт хөшөө хийгээд 1824 оны их үерийн тухай бичсэн найраглал. Найраглалыг 1833 онд бичсэн ч бусад зохиол бүтээлийнх нь улс төрийн шинж чанараас болж цензурын дор байсан учир Пушкинийг нас барах хүртэл нь бүрэн эхээр нь хэвлээгүй байдаг. Пушкиний хамгийн амжилттай хүүрнэл найраг гэж тооцогддог "Хүрэл хөшөө" зохиол нь Оросын уран зохиолд нөлөөтэй хэвээрээ буй. Пушкинийг судлагч А. Д. П. Бриггс уг найраглалыг "Орос хэл дээрх хамгийн шилдэг, тэр ч байтугай 19-р зууны хамгийн гарамгай бичигдсэн найраглал" гэсэн буй. Энэ бүтээл Оросын уран зохиолын хамгийн нөлөө бүхий зохиолуудын нэг гэж үнэлэгддэг бөгөөд Пушкинийг "Орчин үеийн Оросын уран зохиолыг үндэслэгч" гэж нэрлэгдэх болсон шалтгаануудын нэг жишээ болсон бүтээл ажээ.
ЖАНР. Албан ёсоор бол найраглал нийтлэг бус жанруудын холимог юм; Хаан Петрийн тухай бичигдсэн хэсгүүд нь 18-р зууны сүр жавхлантай, магтуу хэлбэрээр бичигдсэн бол Евгений хэсэг хөнгөхөн, үргэлжилсэн үгийн зохиол маягаар бичигдэж, харин төгсгөлийн мөрүүд эмгэнэлт шинжээр дүүрэн байдаг. "Хүрэл хөшөө" гэдэг гарчгаас нь дээд зэргийн магтуу болохыг нь таамаглаж болохуйц боловч "Петербургийн тууж" гэсэн дэд гарчиг нь баатарлаг бус гол дүртэй юм болов уу хэмээн бодоход хүргэдэг. Хэмжээсийн хувьд, найраглал бүхэлдээ Пушкиний таалан үздэг хэмжээсийн нэг болох дөрвөн фут ямба хэмжээс ашиглан бичсэн нь найраглалын өөрчлөгддөг уур амьсгалд тохирсон олон талт хэлбэрийг өгдөг. Найраглал янз бүрийн уянгын схэм, төрөл бүрийн бадагтай байдаг. Шүүмжлэгч Майкл Вахтел Пушкин энэхүү найраглалаараа үндэстний туульсын бүтээл гаргахыг зорьсон гэж үзээд Петрийн хэсэг туульсын яруу найргийн олон онцлогийг харуулдаг гэж нэмж бичжээ. Пушкин Санкт-Петербург хот байгуулагдсан үе болон их үерийг дүрслэхдээ "Хуучин Гэрээ"-ийн хэллэг, зүйрлэлүүдийг өргөнөөр ашиглаж, мөн "Эхлэл" ном ихээхэн нөлөөлсөн гэж Вахтел үзжээ.
Пушкиний найраглалыг тууль гэж ангилах өөр нэг нотолгоо бол уран зохиолын товчхон бөгөөд уран сайхнаар илэрхийлэх боломжийг олгодог уянгалаг схем, бадгийн бүтцээс нь харж болно. Классик туульсын уламжлалттай зэрэгцэж буй өөр нэгэн зүйл нь Евгенийн оршуулгын төгсгөлийг "Бурхны төлөө" гэж дүрсэлдэг билээ. Санкт-Петербургийн энэрэх, өрөвдөх сэтгэлгүй байдал нь эцэстээ Евгенийг үхэлд хүргэдэг бөгөөд соёл иргэншил нь ёс суртахуунаар журамлагдах шаардлагатай гэсэн санаа Вергилийн зохиолуудад мөн байдаг. Гэхдээ Евгенийн өрнөл нь туульсын бүтэцтэй зөрчилддөг талууд бий ч Пушкин янз бүрийн материал, хэв маяг, жанрыг нэгтгэх чадвартай суутан болох нь эндээс харагддаг. Хамгийн ер бусын зүйл бол Пушкин даруу төлөв хийгээд үзэгдэх төдий баатрыг сонгоод бидний анхаарлын төвд авчирсан явдал ба энэхүү шинэ төрлийн туульд хариултаас илүү олон асуулт байгаа буюу энд агностик егөөдөлт байж болохын сацуу юмыг алагчлалгүй хардаг уншигчид бол хүн төрөлхтний өмнө тулгараад буй гүн гүнзгий асуудлуудад санаа зовж байгаагаа хүлээхүйц зүйлс ч бий юм. Хэрвээ эл бүтээлийг үндэстний тууль гэж нэрлэвэл энэ нь туйлаас өвөрмөц найраглал болно гэж нэгэн судлаач бичжээ.
ТҮҮХ, СОЁЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ. "Хүрэл хөшөө"-г Польшийн яруу найрагч Адам Мицкевичийн бүтээлээс шууд санаа авсан гэж үзэгсэд цөөнгүй байдаг. Пушкин эл бүтээлээ бичиж эхлэхээсээ өмнө Мицкевичийн "Өвөг дээдсийн үдэш" (1823-1832) гэдэг зохиолыг уншсан байсан агаад энэ зохиолд нь 1825 оны Декабристуудын радикал бослогод нэгдэж чадаагүйнх нь төлөө Пушкин, Василий Жуковский (Оросын яруу найрагч) нар руу далд хэлбэрээр дайрсан "Москвагийн найзууддаа" нэртэй шүлэг багтсан байв. "Өвөг дээдсийн үдэш" бүтээлд Нэгдүгээр Петрийг дарангуйлах хүслээсээ болж хотыг бий бүтээсэн дарангуйлагч гэж дүрсэлсэн шүлэг багтсан байсан ба шүлэгт, Шонхорын хөшөөг хадан хавцлаас үсрэх гэж байгаа мэтээр шоглон бичжээ. Пушкиний найраглалыг хэсэгчилсэн Мицкевичт барьсан хариу гэж үзэж болно; гэвч ихэнх шүүмжлэгчид түүний анхаарч байсан зүйл нь улс төрийн дайсандаа хариулахаас хамаагүй илүү өргөн хүрээтэй гэдэг. Пушкиний "Хүрэл хөшөө" найраглалын гол дүр болон "Евгений Онегин" бүтээлийн гол дүрүүдийн хооронд төстэй зүйлс байдаг; анхлан Пушкин "Евгений Онегин"ийг энэ хүүрнэлдээ үргэлжлүүлэхийг хүссэн ч өөр овогтой шинэ Евгений бүтээхийг сонгосон боловч энэ нь "Пушкиний өөрийнхөө дүрийг элэглэсэн" явдал юм.
Энэ дүр хоёулаа Бояруудын хуучин дэглэмийн үр удам байсан боловч одоо гэр бүлийн өв уламжлалаа үнэлдэггүй нийгэмд нийгмийн хувьд ач холбогдолгүй бологсод аж. Хүрэл хөшөөг Францын уран барималч Этьен Морис Фалконе 1782 онд урлаж дуусгажээ. Романовынд бэр болж очсон Германы гүнж Их Екатерина өөрийн засаглалын хууль ёсны болгож, өөрөө эрх сүр, хаан ширээг барих ёстой гэдгээ Оросын ард түмэнд харуулахын тулд хөшөө барих зарилга буулгасан ба Екатерина хууль бус ордны эргэлтээр засгийн эрхэнд гарсан юм. Тэрээр хөшөөнд Латин, Орос хэлээр "Нэгдүгээр Петрээс хоёрдугаар Екатеринад" гэж бичүүлсэн буюу энэ захирагчдаа хүндэтгэл үзүүлэгтүн, мөн Оросын бусад удирдагчдын дунд өөрийнхөө байр суурийг ямаршуу байгааг харуулах утгатай байв. Хөшөөг бүтээхэд 12 жилийг зарцуулсан; хөшөө Их Петрийг мориндоо морьдоод баруунш Нева мөрөн рүү гараа сунган зааж буйгаар дүрсэлсэн байдаг. Хөшөө хоёрдмол утгатай гэдгээрээ алдартай; Пушкин хөшөөний хоёрдмол утгыг мэдэрч, энэ найраглалаа бичих санаа өгсөн гэдэг. Францын төрийн зүтгэлтэн Жозеф де Майстр 1821 онд Санкт-Петербургийн тухай аяллын тэмдэглэлдээ "Петрийн хүрэл гар хамгаалж байна уу, заналхийлж байна уу, мэдэхгүй юм" гэж бичсэн байдаг.
ҮНДСЭН СЭДЭВ. Хаан ба иргэн, эсхүл эзэнт гүрэн ба хувь хүн хоорондын зөрчил "Хүрэл хөшөө" бүтээлийн үндсэн сэдэв юм. Пушкин эцсийн дүндээ эгэл эр Евгенийн талд байна уу, эсхүл Петр болон түүхэн зайлшгүйг өмөөрч байна уу гэдэг дээр шүүмжлэгчид хуваагддаг. 19-р зууны радикал шүүмжлэгч Виссарион Белинский уг найраглалыг Петрийн бодлогыг зөвтгөсөн гэж үзсэн байхад зохиолч Дмитрий Мережковсий харин хувь хүний эсэргүүцэл гэж дүгнэжээ. Найраглалыг мөн хөшөө үнэндээ амилаагүй, харин Евгений эрүүл ухаанаа алдсан гэж тайлбарладаг. Пушкин Евгенийг галзууруулдаг нь болбаас хамгийн төлөв томоотой зан авирт ч аймшгийн хэмжигдэхүүн оршиж, хүмүүний сэтгэлийн хамгийн энгийн газарт ч ангал үүсч болохыг харуулсан аж. Үүнтэй холбож үзвээс, Евгений уламжлалт туульсын баатартай адилхан тухайн цаг үеийнхээ өвийг залгамжлахгүй хүн болж байна. Магадгүй Евгений Петрийн дайсан огтхон ч биш юм; тэр Хаантай сөргөлдөхөд хэтэрхий "жижигдэнэ". Үүний оронд найраглалын баатарлаг зөрчилдөөн нь Их Петр ба байгалийн үзэгдлийн хооронд оршиж, харин Евгений ердөө л үүний "арчаагүй хохирогч" юм. Сүйт бүсгүйн алга болоход Евгений улам ихээр зовон шаналж, аажмаар ихсэх түгшүүр, солиорлын шинж голын эрэг дээр түүнтэй хэрэлдэх завьчны хайхрамжгүй тайван байдалтай зэрэгцдэг.
Иймээс Евгенийн эдгээр мэдрэмжүүд нь үндэслэлтэй эсэх, мөн эдгээр мэдрэмжүүд нь түүний хөшөөтэй холбогдох заналхийлээгүй нөхцлийг хэрхэн илэрхийлж байгаа нь сонирхолтой юм. Найраглалын эхэнд балар эртний байгалийн үзэгдлийг Петр номхруулснаар төсөөлж байснаараа хойд нутгийн намагт газарт өөрийнхөө хотыг босгодог. Классик хийц маягаараа "сайхан ч хүйтэн" хот өөрөө Финландын "зэрлэг догшин" түрлэгийн эсрэг тэмцэж буй Петрийг бэлгэддэг. Хотын боржин чулуун эрэг ихэнхдээ дураараа байгалийг барьж тогтоож болох ч 1824 оны аймшигт үерийнх шиг гамшигт үзэгдлийн өмнө арчаагүйдэх нь цаг хугацааны асуудал юм. Даниел Ранкур-Лаферриерийн уг бүтээлийг кувадын синдром гэж психоаналитикаар тайлбарласан байдаг нь сонирхолтой. Тэрээр мөн Санкт-Петербург хотын бүтээн байгуулалтын тухай хэсгүүд Зевс Афиныг төрүүлсэн талаарх Грекийн домогтой төстэй бөгөөд үер нь олон соёл иргэншилд төрөхийг усаар зүйрлэдэгтэй тохирч байгааг харуулдаг гэжээ. Тэрээр Петр, Нева хоёрыг хүйсээр ялган үзэхдээ Петрийг эрэгтэй, Неваг эмэгтэй гэж бичжээ.
ЗӨВЛӨЛТИЙН АНАЛИЗ. Пушкиний энэхүү найраглал ЗХУ-ын үед онцгой ач холбогдолтой болсон байдаг. Пушкин Петрийг аугаа удирдагч гэж дүрсэлсэн шиг Зөвлөлтийн иргэдэд Жозеф Сталин нь Их Петр болж байсан ба Сталин өөрийгөө Их Петр-тэй харьцуулж байсан гэх яриа ч бий. 1936 оны "Литературный Современник" сэтгүүлийн санал асуулгаар Пушкиний Их Петрийг магтсан дүрслэлийг магтаад "Хүрэл хөшөө" бол хувь хүн болон олон нийт хоорондын зөрчилдөөнийг олон нийтийн ашиг тус сайн сайхны тулд хэрхэн шийдвэрлэж байгааг харуулсан бүтээл гэж тайлбарлажээ. Энэ бүтээл ерөнхийдөө Зөвлөлтийн нийгэм нь нийтийнхээ төлөө хувь хүний зовлон зүдгүүрийг хайхрахгүй гэсэн Сталинст санааг агуулсан гэж үзэж байв. Зөвлөлтийн сэхээтэн хэсэг Пушкиний найраглалыг зөвхөн Зөвлөлтийн нийгмийг зөвтгөгч үүднээс бус өөр олон янзаар үзэж, тайлбарлаж байсан. Зохиолч Андрей Платонов Пушкиний нас барсны 100 жилийн ойд зориулан хоёр эссэ бичиж "Литературный критик" сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд тэрээр Пушкинийг социализмын хожмын үеийн зөнч, хүмүүсийн нууцыг таадаггүй гээд Санкт-Петербургийг бүтээн босгох гэсэн Их Петрийн эзэнт гүрний хэрцгий эрэл хайгуул ба Евгений хувийн жаргалаа эрэлхийлэх хоёрын дунд үүссэн зөрчлөөс Социализм гарч ирснээр үнэмлэхүй эвлэрэл бий болно гэсэн буй.
Е. Н. Чернявский Пушкиний намтартаа, "Хүрэл хөшөө"-г Нэгдүгээр Николайн үеийн дарангуйлагч засаглалын эсрэг хийсэн Пушкиний дайралт гэж тайлбарлажээ. Засгийн эрх мэдлийг эсэргүүцэж, үхсэн Евгений Хаант засаглалыг сорьсон симболын хувьд өршөөлгүйгээр устгагдсан энэ. 1937 он гэхэд Зөвлөлтийн сэхээтнүүд Нэгдүгээр Николайн засаглалын дор Пушкиний үеийн нийгэм зовж тэмцэж байсныг хүлээн зөвшөөрсөн. Евгений бол Орос даяар дарлагдсан олон түмний симбол байсныг Чернявский олж тогтоосон буюу Евгений хөшөөг эсэргүүцэж байгаа нь хэмжээгүй эрхтүүд ард түмнийг захирч байгаагийн эсрэг явдал аж. Тэрээр хувь хүн ба олон нийт хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэсэн социалист аргыг магтаж байсан ч Пушкиний найраглалыг ЗХУ-ын ололт амжилтад тааруулж тайлбарлах нь учир дутагдалтай гэж үзэж байжээ.
Comments
Post a Comment