The Exorcist
(1973). Иракийн эртний Хатра хэмээх хотод католик шашны хөгшин лам бас хараал
тайлагч Merrin \ Max von Sydow \ археологийн малтлаг хийж байх агаад эртний Ассирийн чөтгөр Pazuzu-тай төстэй жижигхэн чулуун шүтээн олж буйгаар кино маань эхэлнэ..
өвгөн лам уг явдлаас хойш бие чилээрхэж мөн хачин чигтэй зүйлс олж үзэх бөгөөд
чухам юу өөрт нь тохиолдоод байгааг сайтар мэдэн хирдхийн айна..
Нэгдсэн улсын
нийслэлд нэртэй жүжигчин хүүхэн Chris \ Ellen Burstyn \ амин эрдэнэ болох
арванхоёр настай охин Regan-ны \ Linda Blair \ хамт
амар тайван, хангалуун амьдрах ба Chris нөхрөөсөө салж, хамаг бүхнээ охиндоо
зориулах ганц бие ээж бол түүний охин Regan нь цовоо сэргэлэн, эрүүл чийрэг хүүхэд болой.. эх охин хоёр нэг өдөр Ouija гэх
сүнс дууддаг тогломоор тоглож, охин уг тоглоомоор хааяа тоглодог, ахмад Howdy
нэртэй сүнстэй холбогддогоо хэлэх ч тэр өдөр харамсалтайн өнөөх сүнс нь ор
сураггүй байв.. тус шөнө дөө Chris дээврийнхээ хөндийгөөс хачин чимээ гарахыг
сонсож харх байна гэж бодоод охиноо үнсэхээр өрөөнд нь ортол өрөө нь хөргөгчинд
орсон мэт хүйтэн байна.. маргаашнаас нь Regan-ны зан араншин огцом өөрчлөгдөж,
цовоо байдлаа гээж дуугаа хураан, бодлогшронгүй болоод зогсохгүй эхдээ янз
бүрийн итгэмээргүй зүйлс ярихын дотор шөнө болохоор ор нь хөдлөөд байна гэх
бөгөөд гэрээс зарим эд зүйлс алга болох явдлыг Chris охиныхоо этгээд аашлахтай
холбож бодож эхэлнэ..
Нэг өдөр Chris гэртээ найзуудаа авчран шөнө болтол ууж
бас дуулах ба тэднийг ид наргиж байхад аль хэдийн унтсан байх ёстой Regan тэдэн
дээр хүрч очин та нар тэнд үхэх болно гэж хэлээд шууд шээж эхэлдэг.. Chris
найзуудаасаа ичихээс илүүтэй охиныхоо биед сэтгэл зовж яаралтай эмчид хандах
бөгөөд мэдрэлийн эмч үүнийг бага зэргийн мэдрэлийн ядаргаа, онцын юм алга гэдэг
ч охины бие өдөр өдрөөр дордож хэзээ ч хэлж ярьж байгаагүй балиар муухай хараал
хэлж, заримдаа үл ойлгогдох хэлээр ярьж эхэлнэ.. хөөрхий эх учраа олохоо байж
мөнгө төгрөг, нэр сүрээ ашиглан аль л шилдэг гэх эмч болон сэтгэлзүйч дээр
очиход нарийн оношилгоо хийгээд юу ч олсонгүй гэх бөгөөд эмч нарын өгсөн эм тан
үйлчлэхээс илүүтэй улам дордуулан байх шиг эхэд нь санагдах ба үнэхээр ч охины
зан араншин хурц догшин болж, нэг өдөр Chris өрөөнд нь ороход Regan-ны ор асар
хүчтэйгээр чичрэн хөдөлж, охин дээр нь туслахыг гуйж байдаг..
Анагаах ухаан
охиныг нь эдгээхгүй харин шашинд хандах ёстойг Chris ухаарахад түүний найзын
үхэл түлхэц өгөх бөгөөд Chris найздаа түр охиныг нь харж байхыг хүсээд түр
гарчихаад ирэхэд найз нь бараг боломжгүй байдлаар цонхоор унаж үхсэн байна.. эл
эмгэнэлтэй явдал амиа хорлолт юмуу золгүй явдал хэмээн үзэгдэн чимээгүй өнгөрөх
ч хурц хараатай, ухаалаг мөрдөгч William-ын анхаарлаас ангид өнгөрсөнгүй.. мөрдөгч
Chris-тэй аминчлан уулзаад ийн хэлнэ: танай найз золгүй байдлаар юмуу, амиа
хорлож үхээгүй харин алуулсан гээд түүнийг цонхоор унахаас өмнө хэдийнээ үхсэн
байсан буюу толгойгийн бүтэн эргүүлчихсэн байсан, үүнийг туйлын бяртай л хүн
хийж чадна, толгойгийн мушгиж алчихаад цонхоор чулуудсан байна гэж хэлэх бөгөөд
Chris зөвшөөрөхийг хүсэхгүй ч дотроо охиноо энэ хэрэгт буруутайг мэдрэн, охиноо
хараагдсан гэдэгт бат итгэн ойр хавийнхаа шилдэг ламд хандахаар зориг
шулуудана..
Тус хотноо Karras \ Jason Miller \ гэдэг лам олны хүндэтгэл хүлээн суух
болов ч сүүлийн үед шашны ач тус ердөө сэтгэлзүйчээс ялгаагүй болсонд,
хүмүүсийн завхай, худалч, бурханд итгэхээ больсонд гутран мөн өөрийн ядуу
амьдралаас нь болж ээжийнх нь нас барсан зэрэг шалтгаанаар итгэл үнэмшилдээ
эргэлзэж, сахил санваараа орхих талаар бодох болсон үед нь Chris түүнд хандах
ба Karras хүүхний чин зүрхэнээс өрөвдөн туслахаар болно.. Karras хэзээ ч хараал
тайлж байгаагүй гээд сүмээс зөвшөөрөл авдаг учиртай энэ бол амар хэрэг биш
гэнэ.. сүм Karras-д зөвшөөрөл олгоод зогсохгүй энэ ажилд асар туршлагатай лам Merrin-ныг
туслуулахаар болно.. ийнхүү Karras болон Merrin нар чөтгөрийн орогнох байр
болсон хөөрхий охины амийг аварч, чөтгөрийг зайлуулахаар амь өрссөн там руу
орцгооно..
Театрт жирэмсэн эх хэт айснаас үр зулбаж, хүн ухаан алдаж, зарим нь
бөөлжиж, ихэнхи бараг зугтаан гаргахад The Exorcist хэмээх энэхүү хоррор бүтээл
буруутай ба үлгэр домог шиг дээрх яриа үнэн эсэх нь эргэлзээтэй ч далаад онд эл
кино үнэхээр үзэгчдийн хар дарсан зүүд, зүрх үхүүлэгч байснаас гадна цоо шинэ
кино туршлага, кино мэдрэмж байлаа.. Америкийн нэрт кино урлаач William
Friedkin \түүний хамгийн оргил кино\ зохиолч William Peter Blatty-ын ижил нэрт
зохиолоор кино хийсэн нь өдгөө хоррор киноны загалмайлсан эцэг хэмээн
хүндлэгдэх болсоноос гадна тэр үедээ оскарт арван төрлөөр нэр дэвшсэнээс шилдэг кино зохиол, шилдэг дууны найруулга төрлөөр шилдэг болсон бол анхны
шилдэг кино төрөлд өрсөлдсөн хоррор бүтээл болсон төдийгүй дэлхий даяар 441
саяыг олж бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киноны тоонд ордог ажээ.. эл
бүтээлийн санаа шинэлэг байсан ба христийн шашны талаарх хамгийн хүчтэй
бүтээлүүдийн нэг, одоо ч хүртэл кино урлагт үзүүлэх нөлөөгөө алдсангүй.. William
Peter Blatty номныхоо санааг 1949 онд
болсон хараал тайлах бодит явдлаас
сэдэвлэсэн бөгөөд кино урлагийн түүхэнд Exorcist-ын талаар үзүүлсэн олон
арван хоррор киноны эх сурвалж болж, киноны талаар судлан бичдэг бүх сэтгүүл,
сонины шилдэг арван хоррорын тоонд ордогоос гадна кино урлагт оруулсан шинэлэг
төрх, энэ цаг үед култ болтлоо алдаршсанаар бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 214-р байрт жагсдаг аа..
Киноны цаад санаа нь эх хүний үрээ гэсэн хайр
хийгээд төрөлхийн итгэл бишрэлийн асуудлыг сэтгэлзүйн үүднээс авч үзсэн болой..
кинонд хирдхийлгэм сценүүд олон, үүнд: Regan шатаар аалзны алхаагаар бууж
ирдэг, билэг эрхтэн рүүгээ хурц үзүүртэй зүйлээр бүлдэг, мөн толгойн бүтэн
эргэдэг гээд харахад эвгүй аймшигтай хэсгүүдтэй.. киног найруулахаас Arthur
Penn, Stanley Kubrick, Mike Nichols гэсэн шилдэг найруулагчид татгалзсан байдаг
бол Chris-ын дүрд Jane Fonda, Audrey Hepburn, Anne Bancroft нарын сайхан
хүүхнүүдийг тоглуулахаар бодож байсан ч Ellen Burstyn үнэхээр сайн тоглосон.. Merrin-ын
дүрд Marlon Brando-г тоглуулахыг студийнхан хүссэн ч William Friedkin даруй
татгалзан, тэгвэл Marlon Brando-ын кино болчихно хэмээн болиулсан байдаг.. Regan-ны
дүрд Linda Blair гайхамшигтай тоглосон, түүнийг энэ л дүрээр нь хүмүүс дурсдаг
агаад Linda Blair-ыг шашны хэт фанатикууд сүрдүүлсэний улмаас хэсэг хугацаанд
бие хамгаалагчтай явдаг байсан гэдэг.. аймшгийн киноны хөгжим маш чухал ба
хөгжмийг Jack Nitzsche бичиж, өдгөө киноны хөгжим аймшгийн жанртаа төдийгүй
кино урлагийн хамгийн сайн хөгжмийн тоонд ордог.. эл кино классик хоррор буюу
хамгийн чухал аймшгийн киноны нэг билээ..
НЭМЭЛТ: Энэхүү хоррор нь үзэгчдийн
хувьд жинхэнэ шок байв. Дотор муухайрах үзэгдэл түгээмэл байсан ба Торонтогийн
нэгэн театрын 1400 орчим суудалтай танхим бүх суудлаа өдөр бүр 4 удаа дүүргэдэг
байснаас ямаршуу хит кино байсан нь харагдана. Тус театрын менежер хэлж байна
"театрын ариун цэврийн өрөөний үнэр гамшиг байсан. Хүмүүс гүйж ирээд л
суултуур руу бөөлждөг байлаа. Сантехникч бараг театрт амьдардаг байлаа.
Хүмүүсийг загалмайд цовдлогдсон хэсэг хамгийн ихээр тавгүй болгодог байсан;
театрын үнэртэй давсны нөөц дууссан. Ихэнх үзэгчид киног дуусгалгүй хаяад явдаг
байсан бол зарим нь үүдний танхимд хамт яваа хүнээ хүлээж зогсож байгаа
харагддагсан". Нэгэн кино тоймчийн бичсэнээр; ариун цэврийн өрөө бөөлжсөөр
дүүрсэн байсан тул угаалтуурт хүрэх боломжгүй байсан гэдэг. Үнэн эсэх нь
мэдэхгүй ч зарим театрт үзвэрийн үеэр бөөлжих уут өгдөг байсан гэх.
Судлаач,
шүүмжлэгчид уг киноны амжилтыг 1960-аад оны сүүлээр бий болсон соёл, улс төр,
нийгмийн үймээн самууны дараа үүссэн нийгмийн түгшүүртэй холбон тайлбарласан.
Энэхүү хоррор нь Америкийн бодит ба түүрэн системийн муу муухайгаас зайлсхийх
чадваргүй, тогтворгүй өөрчлөлтийн төлөв байдлыг харуулсан гэж үзэгсэд гарч
ирсэн бөгөөд 1960-аад оны готик хоррор кинонуудын хэв маягаас холдсон "The
Exorcist" нь садар самуун, эртний чөтгөрлөг доройтлоор ханзарсан орчин
үеийн хотын амьдралын итгэхүйц хөрөг гэж дүгнэгсэд бас гарсан. Харин Stephen
King 1983 онд өгсөн ярилцлагадаа: "Болдогсон бол энэ киног нийгмийн хоррор
кино гэмээр байна" гэжээ. Киноны туршид бэлгэдлийн болон бодит хуваагдал
байдаг ба нэгэн шүүмжлэгчийн хэлснээр "Дэлхий ертөнц эмх замбараагүй
болоход чөтгөр айхтар муухай орох хаалга хийж чаддаг" гэсэн буй. Кино
нээлтээ хийх үед зартай "Watergate"-ийн хэрэг даамжирч, ерөнхийлөгч
Richard Nixon уг хэрэгт татагдан ороод бөөн шуугиантай байв. 2019 онд нэгэн
судлаачийн хэлснээр уг кино "Watergate"-ийн хэргийн тусгал гэжээ.
Нэгэн теологич бичиж "уламжлалт шашны болон нийт үнэт зүйлсийн уналтаас
үүдэлтэй бидний эрин үеийн увайгүй сэтгэлийн үр дүнд бий болсон Америкийн
сүнсийг харуулсан психодрамын нэг бол энэ бүтээл" гэжээ. Энэхүү хоррор нь
өнгөн талдаа үзлийн муухай ч уламжлалыг хүндэтгэх үндсэн дээр бүтээгдсэн
тонгоруу бүтэцтэй ажээ. Феминизмээр бичдэг хүмүүс уг киног өргөнөөр авч
хэлэлцсэн. Тухайн үед Америкт эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн хууль
тогтоох байгууллага болон шүүхүүдэд тодорхой хэмжээнд амжилт олж байв.
Патриархын эрх мэдлээс аврагдсан өрх толгойлсон ээж болоод түүний хяналтгүй
охиныг түүхийг феминизмын эсрэг хариу үйлдэл гэж ч дүгнэдэг. Энэ кино нэг
талаараа эмэгтэйчүүдийн эрх чөлөө, ижил хүйстнүүдийн эрх чөлөө хийгээд Хар
Хүчний хөдөлгөөнүүдийн 1970-аад оны Америкийн нийгэмд сорилт болоод зогсохгүй
цагаан арьст америкчуудын хар дарсан зүүд болсоныг симбол маягаар харуулна.
Comments
Post a Comment