Сэтгэлийн хилэн

 


East of Eden (1955). Америкийн нэрт кино найруулагч Elia Kazan-н түүхэн, туульсын драм. Алдарт зохиолч John Steinbeck-н ижил нэрт романыг Paul Osborn дэлгэцнээ хөрвүүлсэн. Кинонд өөрийгөө хэн бэ гэдгээ эрэлхийлэхийн зэрэгцээ гүн шүтлэгтэй эцгийнхээ хайрыг татахын тулд ахтайгаа тэрсэлдэн тэмцэж буй залуугийн тухай өгүүлдэг бөгөөд уг түүх нь Библийн "Каин, Абел хоёр"-ын түүхээс ерөнхийдөө сэдэвлэжээ. 

Уг киноны үйл явдал 20-р зууны эхэн үед Калифорнийн Монтерей хотод өрнөдөг ч зураг авалтын ихэнхийг Калифорнийн Мендокинод, зарим сцэнийг нь Салинасын хөндийд авсан аж. Гол дүрд James Dean тоглосон бол туслах дүрүүдэд; Julie Harris, Raymond Massey, Burl Ives, Richard Davalos болон Jo Van Fleet нар тоглосон ба энэ бол домогт James Dean-н амьд ахуйдаа тоглосон гурван нэг буюу нас барахаас нь өмнө нээлтээ хийсэн цор ганц бүтээл нь юм. Түүний тоглосон дээрх гурван кино ("Rebel Without a Cause" ба "Giant") Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг 400 Америк кино жагсаалтад багтсан байдаг бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 534-р байрт жагсаагаад байна. Энэ бол Kazan-н анхны өнгөт, мөн анхны CinemaScope линз ашигласан кино нь байсан ч тэрээр энэ хоёр техникийг гайхалтай зохицуулж чадсан. Түүний уртасгасан кадрууд киноны хурдыг удаашруулснаар Dean-н дүрийн тайван бус, цочмог шинжийг аажмаар бий болгон, анхаарлын төвд оруулж чаддаг. Энэ киногоороо аугаа Marlon Brando-тай харьцуулагдах болсон (Kazan түүний биеийн хөдөлгөөнийг Brando-оос илүү чөлөөтэй гэсэн байдаг) James Dean-н нэрийн хуудас болсон киноны үйл явдлыг товчхон хүргэе. 

1917 он, дэлхийн 1-р дайны үе, Калифорнийн далайн эргийн Салинас хөндийд цэрэг татлагын зөвлөлийн дарга асан Adam насанд хүрсэн хоёр хөвгүүд болох Cal, Aron хоёрын хамтаар фермер эрхлэн амьдарна. Adam сүсэг бишрэлт Христэд итгэгч ба том хүү Aron нь аав шигээ сүсэгтэй, хариуцлагатай, сайн хүү бол дүү Cal нь тогтворгүй сэтгэл хөдлөлтэй, ааштай, өөрийгөө баарагтайхан хүн гэж үздэг нэгэн. Adam хөвгүүддээ, ээж Kate нь тэдний багад нь нас барсан гэж хэлж ирсэн бөгөөд яаж ч яваад юм бүү мэд Cal ээж нь амьд төдийгүй ойролцоох хотод янхны газар ажиллуулдаг баян авгай гэдэг үгийг олоод сонсчихов. Adam-н хүнсний ногоог удаан хугацаанд хадгалах санаа дампуурснаар энэ гэр бүл сүйрлийн ирмэгт ирнэ. Аавынхаа хайрыг анх удаа татахын тулд, бас алдагдлаа нөхөхийн тулд Cal буурцагны бизнест орох агаад хэрвээ Америк дайнд оролцох аваас түүний нүүдэл нүдээ олоод ашгаа тэр дороо олох ёстой байлаа. Cal хэзээ ч харж байгаагүй ээжтэйгээ уулзана, ээжээсээ шууд мөнгө зээлээч гэж гуйж, ээж нь ч өгдөг. Kate фермерийн амьдралаар амьдрахыг хүсээгүй, аавынх нь хараа хяналтад байхаас залхсан учраас гэр бүлээ орхин явсан гэж хүүдээ хэлдэг. Adam түүнийг зогсоохыг оролдоход Kate түүнийг буудаж шархдуулсан түүх ч ил болдог. Эдгээр бизнесийн, гэр бүлийн түүхүүдийн хажуугаар Cal ахынхаа найз охин Abra-д сэтгэл татагдах ба Abra ч ах дүү хоёрын алинд нь хайртайгаа мэдэхээ больж эхэлдэг. 

Америк дайнд орсноор Cal-н бизнес амжилт олох ба Abra тэр хоёр Adam-н төрсөн өдрөөр энэ тухай дуулгаж гэнэтийн бэлэг барихаар төлөвлөдөг. Үдэшлэгийн үеэр Cal-аас урьтаж Aron аавдаа Abra-тай сүй тавьснаа хэлнэ, Adam тун их баярлахыг хараад Cal ах нь дахиад өөрийнх нь мөчийг хулгайлчихсанд хорсоод өөрийнхөө ашгаас олсон мөнгийг аавдаа өгөхөд Adam бусдын зовлон, дайнаас олсон ашиг гээд авахаас татгалзсан нь Cal-г үхдэл гомдоож, бараг галзууруулна. Үүгээрээ Adam том хүүгээ ахин нэг илүүд үзэж багыгаа гомдоож буйгаа гадарласан болов уу?.. Ах дүү хоёр барилцаж авах ба энэ үед найз охин нь дүүд нь сайн болохыг Aron ойлгодог. Хилэгнэсэн Cal ахыгаа хүчээр шахуу дагуулан үхсэн гэж бодож явдаг ээжтэй нь уулзуулж бахаа хангана. Гэнэтийн явдал Aron-д даанч хүчтэй тусч, залуу архидан согтуураад сайн дураараа цэрэгт явчих агаад энэ мэдээ Adam-г цус харваж хүний гарт ороход хангалттай байлаа. Cal аавтайгаа харилцах гээд эхлээд чадахгүй байсан ч Abra-н ятгалгаар харилцаа амжилттай болдог буюу аав хоёр анх удаа чин сэтгэлээсээ харилцан бас ойлголцсоноор кино төгсдөг. 

Найруулагч Kazan анх Marlon Brando-г Cal-н дүрд, Montgomery Clift-г Aron-н дүрд тоглуулахыг хүссэн ч хэдийнээ 30 гарчихсан тэд өсвөр насны ах дүүсийн дүрд тоглоход хөгшдөж байв. Brando-оос нэг насаар дүү Paul Newman бараг л Cal-д тоглохоор болоод байсан ч эцэстээ түүнээс 6 насаар дүү James Dean дүрийг авчээ. Paul Newman ах Aron-н дүрд шалгаруулалт өгч үзсэн ч эцэстээ энэ дүр Richard Davalos-ынх болсон ба энэ түүний дебют кино байжээ. Abra-д тоглосон Julie Harris дүрээсээ 10 насаар хөгшин байж продюсер нар дургүй байсан ч тэрээр энэ дүрийг авч чадсан. Зураг авалтын үеэр Kazan Dean-д дургүй байсан гэх цуурхал тархсаныг найруулагч өөрөө үгүйсгээд: "Та тийм их шаналалтай жүжиглэж чаддаг залууд дургүй байх боломжгүй шүү дээ" гэж хариулсан байдаг. Зураг авалтын үеэр Dean бусад жүжигчдээс эрс ялгарч, илүү гэдгээрээ бахдан онгирох сагсуурах явдал багагүй гардаг байсан гэсэн цуурхал байдаг ч, мөн ийм явдлыг нь Kazan тэр дор нь хатуухан дардаг байсан ч гэх яриа бий. Cal аавдаа хүлээн зөвшөөрдөгдөхийн төлөө байнга хичээдэг, Cal болон түүний аавын харилцаа зөрчилтэй байдаг бөгөөд Adam саажилттай болох хүртэл тэдний харилцаа нааштайгаар шийдэгдэггүй билээ. Чухамдаа ирээдүйн эхнэр болох магадлалтай Abra-н ачаар Adam дарагдаж ирсэн хайраа хүүдээ илчилдэг. 

Эцэг хүүгийн сэдвээс гадна өөр нэг чухал сэдэв бол ксенофоби буюу дэлхийн 1-р дайны үеэр Америкт цагаачилж ирсэн Германчуудыг хэрхэн гадуурхан хавчиж байсан тухай агаад кинонд ч энэ тухай илэрхий үзүүлдэг билээ. Мөн хайрын төлөөх ах дүү хоёрын өрсөлдөөн киноны чимэг сэдэв болдог. Шүүмжлэгч Bosley Crowther уг киног эрч, хүчтэй ч сэтгэл хөдөлгөм хийгээд тодорхой байдал багатай гээд цааш нь: "Нэг талаараа энэ кино нь гайхалтай юм. Найруулагч Kazan Калифорнийн уур амьсгал болон орчин тойрныг өнгөлөг, өргөн уудмаар зурагласан нь бараг юутай ч зүйрлэшгүй сайхан. Хурцадмал асуудалтай хүмүүсийг ийм дэвсгэр дээр дүрсэлсэн нь өнгөлөг бас егөөтэй байдаг" гэжээ. Тэгвэл шүүмжлэгч Jack Moffitt: "дээд зэрэглэлийн найруулагтай, төгс жүжиглэлттэй, шилдэг романыг амжилттай дэлгэцийн бүтээл болгосон цөөхөн оролдлогын нэг" гэсэн буй. Гэхдээ бүхий л шүүмжлэгчдийн санал нэгтэйгээр энэ киног магтсан зүйл бол James Dean гэдэг залуухан, царайлаг жүжигчний динамик тоглолт байв. Залуу хүмүүсийн үл ойлгогдох асуудлыг уртай тансагаар бараг анх удаа дэлгэцнээ гаргасан түүнийг яагаад тухайн үеийн залуусын симбол болж байсныг ухаарахад хэцүү биш юм.

 Түүнийг одоо ч, тэр үед ч Marlon Brando-той харьцуулж ирсэн бөгөөд зарим шүүмжлэгчид Шекспирийн "Ромео"-д тохирох төгс нэгэн гэсэн байдаг. Truman Capote зэрэг урлагийн шүүмжлэгчид Dean-н тоглолтыг Brando-той дэндүү адилхан гэж бичиж байлаа. Dean-г Brando-г дуурайгч гэх хүмүүс байхад "шинэ од" төрлөө гэж үзэгсэд ч байлаа. Шүүмжлэгч Kenneth Turan: "Энэ бол найруулагч Kazan-н хамгийн баялаг киноны нэгээс гадна маргаангүй Dean-н  хамгийн шилдэг тоглолт. Кинонд гарах үе хоорондын зөрчил бол Америкийн кино урлагийн түүхэнд гарсан хамгийн шилдэг нь" гэж бичжээ. Жүжигчин Nicolas Cage нэгэн ярилцлагадаа, энэ киноноос, мөн James Dean-ээс болж жүжигчин болсон гэдэг; "Би James Dean шиг болохыг хүссэн болохоор жүжигчиний мэргэжил сонгосон. Надад рок хөгжим, классик хөгжим биш түүний кинонууд л нөлөөлсөн юмаа" гэжээ. Жүжигчин Leonardo DiCaprio нэгэн ярилцлагадаа "East of Eden" киног үзээд кинонд дурлах болсон гэдэг. 

Comments