Александр Пушкин "Буудалцсан нь"


 "Буудалцсан нь". Оросын их зохиолч Александр Пушкиний 1831 онд хэвлэгдсэн богино өгүүллэг. Пушкиний "Талийгаач Иван Петрович Белкиний туужууд" гэдэг таван өгүүллэгээс бүрдсэн зохиолын эхнийх нь өгүүллэг юм. "Буудалцсан нь" өгүүллэгт Оросын нэгэн мужийн хилийн застав болсон үйл явдлыг, дараа нь тус үйл явдлаас хэдэн жилийн хойно хөдөөгийн эдлэнд болсон үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүлнэ. Пушкин нэр төр, өшөө авалт, үхлийн сэдвүүдийг Оросын нийгмийн өргөн хүрээнд авч үздэг. 

Эл өгүүллэгт, өндөр язгууртнуудын өмнө өөрийг нь үл хүндэтгэсэн явдлыг олон жил дотроо хорсолтойгоор тээж явсан Сильвио гэдэг халагдсан цэргийн тухай гардаг ба нэр нь үл мэдэгдэх хүүрнэгчийн өнцгөөс өгүүлэгдсэн эл бүтээлд Сильвио өөрийг нь олон жилийн өмнө доромжилсон Гүнгээс өшөөгөө авахаар эрж олоод уулзаж буйгаар төгсдөг. Пушкин энэхүү өгүүллэгээ өөрийн хувийн туршлага дээрээс болон үе тэнгийн зохиолч нөхдийнхөө бүтээлүүдээс санаа авч зохиожээ. Сильвиогийн дүрийг зохиоход Оросын зохиолч, найз Александр Бестужевын зохиол бүтээл нөлөөлсөн гэж Пушкин тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр богино хэмжээний зохиол боловч "Буудалцсан нь" бол Оросын хожмын уран зохиолд, онцолбол федор Достоевскийн "Газар дороос бичсэн тэмдэглэл" бүтээлд нөлөөлсөн. Энэ бүтээл орчин цагийн уншигчдын дунд ч түгээмэл, алдартай хэвээрээ байгаа буюу Сильвиог тойрсон нууцлаг уур амьсгал уншигчдын сэтгэлийг татсаар байгаа бөгөөд уншигчдад 19-р зууны Оросын нийгмийг ойлгох боломжийг олгодог аж.

 НӨХЦӨЛ БАЙДАЛ БА НАМТАРЧИЛСАН ЭЛЕМЕНТ. Пушкин Оросын бүс нутгийн хөдөө газарт үйл явдал өрнөж байгааг үзүүлсэн нь уншигчдад харьцангуй уйтгартай санагдаж магадгүй. Пушкин уг орон зайг дүүргэхийн тулл өрнөл хийгээд дүрүүдийн хөгжлийг ашигладаг. Тосгон нь цэргийн застав болдог буюу өгүүллэгийн үзэгдлийн тайз ба ийм нөхцөл байдал нь уншигчдад Орост өрнөж байгаагийн ач холбогдол, газар орон симболик байдлаар хэрхэн нөлөөлж болох талаар бус харин дүрүүдийн хоорондын зөрчилдөөнд анхааран төвлөрөх боломжийг олгодог. Өгүүллэгийн хоёрдугаар хэсэг Гүнгийн эдлэнд өрнөнө. Эдлэн тансаг бас үлэмж том бөгөөд Сильвиогийн даруухан гэрээс эрс ялгардаг. Пушкин Гүн болон Сильвио хоёрын амьдралын нөхцөл байдлыг ийнхүү харьцуулсан нь хоёр дүрийн ялгааг тодотгох зорилготой байсан бололтой. Уг өгүүллэгт байгаа олон элементүүдийг Пушкиний залуу насанд нь тохиолдсон туршлагуудтай холбож тайлбарладаг. 1817 онд тэрээр сургуулийнхаа сүүлчийн жилээр Санкт-Петербургт сургуулийнхаа ойролцоох байрласан Орос цэргүүдтэй нөхөрлөж, тэдэнтэй үргэлж нийлэн архидаж, хөзөрддөг байв. Оросын залхуу цэргүүдтэй архидаж, мөрийтэй тоглож байсан туршлага нь Пушкинд 19-р зууны Оросын цэргүүдийн зан авирын тухай өөрийн нүдээр тайлбарлах боломж олгож, энэ нь уг бүтээлд тусгалаа олжээ. 

Цаашилбал, Пушкин Оросын хөдөө нутагт амьдарч байсан тул хөдөө нутгийн нөхцөл байдлыг сайтар мэддэг байв. 1824-1826 оны хооронд Пушкин Оросын өрнөд хэсэгт, Санкт-Петербург хотоос баруун өмнө зүгт 300 орчим км зайд орших Михайловское эдлэндээ амьдарч байжээ. Тэр ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлсэн ч эдлэндээ гэр бүлийнхээ сувилагчтай нөхөрлөсөн бөгөөд сувилагч Пушкинд ардын үлгэр домог ярьж өгдөг байсан нь хожим их зохиолчийн олон бүтээлд санаа сэдэл болж нөлөөлжээ. Эцэст нь, "Буудалцсан нь" өгүүллэгийн ирүүл тулааны элементүүдийг Пушкин өөрийнхөө хийсэн ирүүл тулаанаас санаа авч оруулсан. Пушкин 1837 онд Францын офицер Жорж Д'Антестай ирүүл тулалдаан хийж нас барсан билээ. Гэвч энэ түүний анхны ирүүл тулаан биш байсан юм. Тэрээр залуу зандан үедээ хэд хэдэн удаа ирүүл тулаанд оролцож байсан ба азтай нь, тэр болгонд онцын шархгүй гардаг байж. Сильвио болон Гүн хоёрын анхны буудалцаан Пушкиний өөрөө өмнө нь оролцож явсан нэгэн буудалцаанаас үндэслэгдсэн бөгөөд Их Британий яруу найрагч, зохиолч Робин Чандлер "Ирүүл тулааны тухайд гэвэл Пушкин залуудаа тун зоригтой нэгэн байсан бололтой; нэгэн удаагийн буудалцаанаар Пушкин малгайдаа дүүрэн интоор жимстэй ирээд өрсөлдөгч нь эхний буудалтаа хийж байхад тэрээр жимсээ хэнэггүй идэж байсан гэдэг. Өрсөлдөгч Зубовыг алдаж буудсаны дараа Пушкин буудалгүйгээр яваад өгсөн гэдэг" гэж бичсэн байдаг аж. "Буудалцсан нь" бүтээлд Гүн тулааны дундуур малгайнаасаа интоор авч идэж эхэлдэг нь Сильвиог уурлуулдаг. 

ЖАНР. Энэ өгүүллэгийн жанр тодорхой бус юм шиг санагдаж болох ч чухамдаа Пушкин энэ өгүүллэгээ голдуу ёгтлол хэлбэрээр бичсэн. Пушкиний бичих хэв маягт нөлөөлсөн анхны бөгөөд хамгийн тодорхой жанр бол түүний дүрүүдэд хийгээд дүрүүдийнх нь тогтсон мэдрэмжээс илт харагддаг Романтик жанр юм. Гэвч ёгтлол нь энэ бүтээлийг бүхэлд нь хамардаггүй, учир нь Пушкин уламжлалт маягийн Сильвио дүрийг сонгосон явдал үүнийг харуулах буюу Сильвио анхны ирүүл тулаандаа нэр төрөө гутаасан явдал түүнийг нийгмийн эсрэг болгодог. Элэглэл гэдэг утгаараа Пушкин зан заншил, нэр төрд анхаарал хандуулахын тулд дүрүүдийн мөн чанарт, мөн түүхийн явцад тэд хэрхэн сүйрэн мөхөж байгаад анхаарахыг хүсдэг. Хүүрнэгчийн өгүүлснээр Сильвио нэгэн цагт нэр төртэй хүн явсан ч амиа хичээх зангаасаа болоод сүйрээд зогсохгүй өвөг дээдсийнхээ түүхээс татгалзсан нь харагддаг, энэ нь улмаар Пушкинийг  Романтик шинж чанараасаа холдон урагшилж буйг харуулдаг аж. Иймэрхүү сайжрах, өөрийгөө давж буй байдал өгүүллэгийн төгсгөлд мөн ажиглагддаг буюу Гүн нэгэн цагт Сильвио шиг нэр төртэйгөөр үхэхээс татгалзаж байгаа явдал нь тэд энэ бүх хугацаанд өөрчлөгдөж, эцэстээ байраа солилцож байгааг харуулж байна. 

ҮНДСЭН СЭДЭВ. Эр зоригийн сэдэв бол өгүүллэгийн туршид чухал сэдэв байдаг. Сильвио доромжилсон офицерыг ирүүл тулаанд дуудаагүйд олон цэргүүд түүнийг хулчгар хэмээгээд түүнд таагүй хандаж эхэлдэг. "Зориггүй байна гэдэг бол залуу хүмүүст байж болшгүй зүйл, тэд эрэлхэг чанарыг хүмүүний жинхэнэ буян, байж болох бүхий л муу муухайгийн хэтрүүлж болох шинж" гэж хүүрнэгч өгүүлдэг билээ. Тухайн цаг үеийн Оросын нийгэмд эр зоригийн тухай идеа залуучуудын дунд тун чухал байсан тул ирүүл тулаанаас татгалзана гэдэг хамгийн том доромжлол гэж үзэгддэг байжээ. Хэдийгээр ихэнх цэргүүд тэрхүү явдлын талаар удалгүй мартдаг ч Сильвиогийн үйлдлээс болж будилсан хүүрнэгч мартдаж чаддаггүй ба хүүрнэгч түүнийг хулчгар гэдэгт итгэдэггүй, тэгэнд ч удалгүй Сильвио офицерын дуудлагаас татгалзсан шалтгааныг олж мэднэ. Энэ нь нэр төрийн сэдэвтэй холбогдох буюу Пушкин чухам үүнийг л судлахыг зорьсон юм. Нэр төр бол түүхэнд олон дүрийг сэдэлжүүлдэг мөнхийн сэдэв юм. 1722 онд Их Петр Оросын нийгэмд Зэрэглэлийн Жагсаалтыг нэвтрүүлж, 150 гаруй жил шатлалын энэхүү систем бат бөх бэхжин үргэлжилсэн байдаг. Сильвиог анх хүүрнэгч цэрэгтэй мөрийтэй тоглож байгаагаар танилцуулдаг ба цэрэг Сильвиог булхайцсан гэж доромжилдог; уламжлалт ёсоор бол энэ явдал ирүүл тулаанд хүргэх байтал Сильвио тулаанаас татгалздаг. Цэргийнхний хувьд энэ бол нэр төрөө баастсан хэрэг байсан боловч Сильвиогийн хувьд гутамшигтай мэт харагдаж байгаа ч үнэндээ түүний бүхий л амьдрал алдсан нэр төрөө эргүүлэн олж авах хүслээр битүүхэн хөтлөгдөж байсан байдаг. Гүн, Сильвио хоёрын дундах энэхүү эсрэгцэл эл өгүүллэгт нэр төрийн талаарх хамгийн том зөрчилдөөнийг бий болгодог ба Гүн нэр төрөөс илүү амьдралыг хайхрахгүй байсан учир ирүүл тулаанд ялсан бол Сильвио энэ туршлагаасаа болж ихээхэн өөрчлөгдсөн болохоор нэр төрийнхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэх ёстой. 

Энэ бүтээлийн туршид нэр төр нь янз бүрийн хэлбэрээр тэнцвэрждэг бөгөөд нэр төр бол амьдралын үнэ цэнийн эсрэг байнга жинлэгддэг зүйл билээ. Тиймээс л Пушкин энэ бүтээлдээ нэр төрийг элэглэсэн, учир нь дүр болгон хувийн ашиг сонирхол, нэр төрөө хичээхийг хүсч байгаа ч эцэстээ амьдрах хүсэл бүхнээс илүү гарч байгаа юм. Орос улс түүхэндээ хамгийн олон ирүүл тулааныг 19-р зууны эхэн үед буюу "Буудалцсан нь" бүтээлийн үйл явдал өрнөж байх үел үзсэн. Ирүүл тулаан нь Орост бүхий л төрлийн зөрчлийг шийдвэрлэдэг дуртай арга нь болоод байв; үүнд, бизнесийн үл зөвшилцөл, хүүхэнтэй холбоотой маргаан тэмцэл, өчүүхэн гавьгүй доромжлол болон нийгмийн анги давхаргын өргөн хүрээний олон зөрчил маргааныг шийдвэрлэх арга зам ирүүл тулаан болж байжээ. Нэр төрд эргэлзсэн аливаа үйлдэл ирүүл тулаанд өртөж, ирүүл тулаан нь өөрөө боловсон эрийн "нэр хүндийн хууль" гэж үзэгддэг байв. Ирүүл тулааны үйл явц олон тооны зан үйлийг шаарддаг байсан ба төр засгаас хууль бус гэж олонтаа хориглосон ч ирүүл тулаан амь бөхтэй удаан үргэлжилсэн. Ирүүл тулааныг тухайн үед эрэгтэй хүн нэр төрөө сэргээх гол арга зам гэж үздэг байсан ба 19-р зууны Оросын уран зохиолд ирүүл тулааны сэдэв бараг л голлох сэдэв болдог байсан аж. 

Comments