French Cancan (1955). Францын домогт кино урлаач Jean Renoir--н мюзикл. Jean Renoir 1940 онд эх орноо орхин гарсан ба энэ бүтээл түүний эх орондоо, Францынхаа кино урлагт эргэн ирсний тунхаг гэж үздэг. Түүний өмнөх "The Golden Coach" кино нь 18-р зууны Италийн мэргэжлийн театрыг алдаршуулдаг бол энэ кинондоо тэрээр Парисын кафе-концертын дуучид, бүжигчдэд хүндэтгэл үзүүлжээ. Уг кино нь Edgar Degas хийгээд импрессионист зураачдын бүтээлийг, тэр дундаа Renoir-н эцэг Pierre-Auguste Renoir-н зургуудыг санагдуулам өнгөлөг тод байдаг. Киноны гол дүрүүдэд; Jean Gabin, Francoise Arnoul, Maria Felix нар тоглосон. Нэрт найруулагч маань замналынхаа хоёрдугаар хагаст буюу 1950-аад онд нүд гялбаж, сэтгэл хөгжихүйц өнгөлөг кинонууд хийсэн байдаг бөгөөд энд онцолж буй кино бол 19-р зууны Парист хөл үймээн, чимээ шуугиантайгаар нээгдсэн Мулен Ружийг нээсэн нэгэн театрын эзний тухай өгүүлдэг. Түүхэн драм, хайрын гурвалжин, хөгжим бүжгээр бялхам энэхүү мюзикл сэтгэл догдлуулахын зэрэгцээ харааны гоо зүйн таашаалыг мэдрүүлдэг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 440-р байрт эрэмбэлээд байна.
Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. 1880-аад оны сүүл үе, Парис хотод Danglard загварлаг ч ашиг баарагтайхан шөнийн клуб эзэмшигч бөгөөд түүний гол анхаарал татагч бол бүжигчин, мөн нууц амраг нь болох үзэсгэлэнт Lola юм. Нэгэн шөнө Danglard хэсэг нөхдийн хамт Монмартр дахь эгэл бүжгийн клубт цэнгэх гэж ороод хүмүүс хуучны канкан бүжгийг бүжиж байхыг харна. Энэ үеэр Danglard цэвэрлэгч Nini хэмээх залуухан хүүхний уян хатан өүжин байхыг хараад өөртөө бүжигчин болгон авахаар төлөвлөдөг. Тухайн хэлбэл Danglard харсан канкан бүжиг болоод Nini-г харсан сэтгэлдээ хөтлөгдөн шинэ клуб байгуулах санаа олдог. Ийнхүү тэрээр ашиггүй клубээ нурааж, өөрийнхөө хөрөнгө дээр Lola-н араас гүйдэг банкир Walter-н нэмэлт мөнгөөр Монмартр-д харсан клубийг худалдаж аваад мөн л нурааж, байран дээр нь Мулен Руж нэртэй гоёмсог хүүхнүүд канкан бүждэг клуб бүтээхийг зорино.
Nini Danglard-н бүжигчин буюу амраг нь болохыг хүлээн зөвшөөрсөн ч Danglard хүүхний найз залуу Paulo гэгч талхчинтай зууралдах хэрэг гардаг. Danglard бүтээн байгуулалтын хөрөнгийг босгох гэж урд хормойгоороо хойдохоо нөхөж байх зуурт Lola түүнийг залуухан бүжигчин амрагтай болсонд хардаж, улмаар өөрийнхөө хөрөнгийг Danglard-н бүтээн байгуулалтад өгөхөөс татгалзана. Lola канкан болон Nini-ээс татгалзбал өөрийн мэдлийн хөрөнгийг өгье гэсэн ч хатуу тууштай Danglard саналыг сонсохыг үл хүсдэг. Аз болж хулчгар хэдий ч баян хунтайж Alexandre Nini-д дурлах агаад Nini хунтайжид сэтгэлгүй байсан ч Danglard-н ятгалгаар Nini хунтайжаас дориун хөрөнгө мөнгийг гаргуулан авч Danglard-д өгч чаддаг. Мулен Ружийн барилын ажил үргэлжилж, нээлтийн үдшийн бэлтгэл ид өрнөж байлаа. Danglard Nini-ээс уйдаж, үйлчлэгч Esther гэгч хүүхнийг дуучин болгохоор амрагаа болгон авна. Мөн энэ үеэр Lola хунтайжид Nini бол Danglard-н амраг, түүний үгээр танаас мөнгө авсан гэж хэлснээр хөөрхий хунтайж өөрийгөө буудаж шархдуулна. Арай ч ингэнэ гэж санаагүй Lola хэлмэгдэн айж, уучлалт гуйх ба үүгээр Nini, хунтайж хоёрын харилцаа төгсдөг.
Мулен Ружийн нээлт хөөр шуугианаар, хүн зоноор дүүрэн байлаа. Danglard Esther-г үнсэж байхыг харсан Nini хэрвээ Danglard-г өөртөө дурлуулсан хэвээр үлдээж чадахгүй бол цаашдаа Мулен Руж-д оршин тогтнохгүй гэж бодоод нээлтийн тоглолтод оролцохгүй гэж бойкот хийнэ. Danglard түүнд, чи хунтайжтай юмуу талхчинтай жаргалтай сайхан амьдарч чадна, харин надтай буюу шоу ертөнцөд жирийн эмэгтэйн жаргал эдэлж чадахгүй; учир нь надад шоу, түүнд тоглодог жүжигчид л чухал, би тэднийг бүтээхийн төлөө л амьдардаг болохоор эцсийн шийдвэрээ гарга хэмээнэ. Ийнхүү Nini шоу ертөнцийг сонгосноор Мулен Руж амжилттай нээгддэг. Danglard тайзны ард сандралтайгаар канканаа харж байна. Тэр шинэ бүтээл нь амжилт олж байгааг мэдрэн байхад хажууд нь суусан хүүхэн дуулахыг сонсох ба Danglard түүнд хандан, чи тайзан дээр гармаар байна уу гэхэд хүүхэн гармаар байна гэдэг. Найруулагч François Truffaut: "Сцэн болгон нь шог зураг шиг, бүжгийн сургуулилтын хэсэг эгээ л Edgar Degas-н зураг лугаа" гэсэн байдаг. Хэдийгээр мастер найруулагчийн "Rules of the Game", "The Golden Coach" бүтээлүүд шиг чухал биш энэ кинондоо Renoir хэзээ хэзээнээсээ илүү эрчтэй залуулаг байв гэж Truffaut мөн онцолжээ.
Тэгвэл шүүмжлэгч Bernard Chardere уг мюзикл-д эерэг үнэлгээ өгөөгүй бөгөөд тайз засал, хөгжим болон төгсгөлийн канканы сцэнийг шүүмжилсэн; тайз заслыг илэрхий хуурамч, жүжигчдийн тоглолт уйтгартай ч Degas-н зураг шиг бүжгийн сургуулилтын хэсгийг магтжээ. Jean Renoir-г өнөөдөр манай гаригийн хамгийн аугаа найруулагчдын нэг байсныг бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэрээр мөн дулаахан, тун наргиан ч эрхэм байв. Түүний "Grand Illusion" болон "Rules of the Game" кинонууд хамгийн шилдэг гэсэн бүхий д жагсаалтад заавал байдаг бүтээлүүд болжээ. Хэдийгээр "Rules of the Game" хөнгөхөн зарим хошигнолыг агуулдаг ч Renoir-н "Boulu Saved from Drowning" болон "French Cancan" кинонууд нь илүү комеди жанрынх буюу сүүлийнх нь Холливуудын алтан эриний мюзиклтэй харьцуулахуйц амттай мюзикл юм. Renoir 84 насалж, амьдралынхаа сүүлийн жилүүдийг Беверли Хиллс дэх гэртээ өөрийг нь биширдэг залуу шүүмжлэгчдийн дунд өнгөрүүлсэн аж. 1975 онд Оскарын хүндэтгэлийн шагнал авсан ба 1940 онд нацистуудын түрэмгийллээс болж Америкт гарсан байдаг. Түүний оргил ажлууд 1930-аад онд хамаарагдах бол 1950-аад онд Францдаа эргэн ирээд "The Golden Coach", "French Cancan", "Elena and Her Men" гэсэн гайхамшигтай гурван мюзикл хийсэн нь өнөөдөр трилоги гэгдэх болжээ.
Энд онцолж буй кино нь ерөнхийдөө хамгийн энгийн мюзикл томьёоллыг ашигладаг; энэ тохиолдолд Renoir Монмартрийн кабаре театр болох Мулен Ружийн үүслийг өөрийнхөөрөө үзүүлдэг бөгөөд киноны үндсэн түүх дампуурлаас удаа дараа мулартч буй хүүхэмсэг театрын эзний амьдралыг харуулахдаа ерөөсөө шоу бизнесийн тайзны ард руу үзэгчдийг өнгийлгөхийг хүсчээ (дашрамд хэлэхэд энэ бол зохиомол хүний түүх). Театрын эзэнд магадгүй Францын хамгийн аугаа жүжигчин Jean Gabin-г найруулагч сонгосон нь үнэхээр таарч тохирсон. Ихэнх жүжигчдийн хичээж гаргадаг дотоод сэтгэлийн тусгалыг Gabin барагалж зүгээр байж байгаад л гаргачихдаг хосгүй жүжигчин билээ. Энэ кино Renoir, Gabin хоёрын хамтарсан 4 дэх бүтээл байсан ба "Grand Illusion", "Le Beta Humaine" кинонуудад Gabin нухацтай дүрүүдэд тоглож байсан бол энэ кинонд өнгө төрхөө эрс өөрчилсөн байдаг. Театрын эзэн бол ямар аюулын өмнө тайван байж чаддаг хүн юм. Түүний царайд зовнилын сүүдэр тусдаггүй. Тэр яаж ийгээд л асуудлаа шийдчихдэг. Тэр хэнд ч юунд ч туйлын үнэнч биш, үүнийгээ ч шууд хэлчихдэг, түүнд хоёр нүүр байдаггүй. Түүний амьдрал, үнэт зүйл нь зөвхөн тайз л юм. Дээр хэлсэнчлэн энэ киног трилоги гэдэг буюу Renoir-н "урлагийн трилоги" гэж тайлбарлаж ирсэн бөгөөд энэ кино бол үзэгчид хийгээд жүжигчдийн хоорондын харилцаанд зориулсан онцгой бүтээл юм. Кинонд хайртай гурвалжин бий; энэ романтик харилцаа Nini-тэй холбогдох ба талхчин, хунтайж, театрын эзэн гурав болой. Nini-д Danglard-аас бусад хоёр нь үнэхээр дурласан.
Харин Nini, Danglard хоёрын хувьд тэд хайрласан хүнтэйгээ хамт байж чадахгүй ч хажуудаа байгаа хүнээ хайрладаг. Ийм эргэлдсэн романтик дэд үйл явдлаар найруулагч маань хайрыг шоглоод байгаа нь илэрхий юм. Мулен Ружийн барилгын явцыг харуулсан сцэнд Lola Nini рүү дайрснаар үймээн самуун дэгддэг нь яг л Вестерн киноны уушийн газар дахь үйл явдал шиг санагддаг; энэ хэсгийг магадгүй Renoir Америкт байхдаа бодож олсон юмуу түүнд нөлөөлсөн болов уу. Киноны хамгийн чухал бас гайхалтай сцэн бол төгсгөлийн Nini, Danglard хоёрын ярилцдаг буюу Danglard энд шоу бизнесийн сайхан ба муухайг, ашигтай ба ашиггүйг, ерөөсөө урлагийн тухай ойлголтыг тодорхой хэмжээнд үзэгчдэд ойлгуулах яриа болдог. Шоу бизнес шиг өөр бизнес байхгүй. Энэ бол хариуцлага, золиос. Энэ бол мөнгө алдар нэр. Энэ бол продюсер хүний амьдралыг төгс зурагласан мюзикл комеди.
Comments
Post a Comment