The Philadelphia Story (1940). Америкийн кино найруулагч George Cukor-н романтик, комеди. Гол дүрүүдэд Cary Grant, Katharine Hepburn, James Stewart нарын домгууд тоглосон. Уг киног 1939 онд Broadway театрт тавигдсан Phillip Barry-н ижил нэрт жүжгээс сэдэвлэсэн бөгөөд жүжиг болон киноны гол дүрд хоёуланд нь Katharine Hepburn тоглосон. Аль аль бүтээлд гарах нийгмийн дээд зиндаанд хамаарах Tracy гэгч дүрийг Barry-н найзтай гэрлэсэн Филадельфийн зартай өв залгамжлагч Helen Hope Montgomery Scott гэгч хүүхнээс сэдэвлэжээ. Кино зохиолыг Donald Ogden болон Waldo Salt (кредит түүний нэр байдаггүй) нар бичсэн; энэхүү бүтээлийн дэлгэцийн зохиолыг хосууд салаад өөр хүмүүстэй явдалдаж байгаад эцэстээ эргэн нийлдэг тухай үзүүлдэг дахин гэрлэлтийн комеди жанрын үлгэр жишээ гэж үздэг.
Дахин гэрлэлтийн тухай комеди кинонууд 1930-1940-өөд оны үед алдартай байсан ч Америкийн цензурын газраас гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүл салалтыг дүрсэлсэн хэмээн хориглох тохиолдлууд байдаг байв. Жүжигчин Katharine хэд хэдэн кинонд бүтэлгүйтэж, 1939 онд түүнийг "бокс оффисын хор" гэсэн жагсаалтад багтаасны дараа тэрээр чухам энэхүү жүжиг болон киногоороо эргэн алдар нэрээ сэргээн найруулагчдын анхааралд өртөх болсон аж. Katharine жүжгийг кино болгохоор зорьж, кино болгох эрхийг бизнесийн магнат Howard Hughes-н тусламжтайгаар авснаар өөрийнхөө дэлгэцийн эргэн ирэлтийг төгөлдөржүүлжээ. Оскарын наадмын 6 төрөлд нэр дэвшсэнээс Donald Ogden шилдэг кино зохиол, James Stewart шилдэг эрэгтэй гол дүр шагналуудыг тус тус хүртсэн. 1956 онд уг киног мюзикл хэлбэрээр дахин хийсэн байдаг ба Bing Crosby, Grace Kelly, Frank Sinatra нарын одууд тоглосон байдаг. Энэ бол классик романтик хошигнол буюу эхнээсээ төгсөл хүртэл үзэгчийг зугаацуулж чаддаг мөнх настай кино юм. Найруулагч Cukor-н гарамгай найруулга дор ид үедээ байсан жүжигчдийн бишрэм тоглолтоор уг кино тайзны эх хувилбараасаа ч илүү үнэлэгдэх болсон ба Stewart, Katharine хоёрын сарны гэрэл дор согтуугаар сээтэгнэх мөч бол кино урлаг дахь хосгүй хийгээд илэрхий эротик шинжтэй үзэгдлийн нэг мөнөөсөө мөн билээ. Ингээд Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 329-р байрт эрэмбэлээд буй эл киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Филадельфийн гүнж шахуу Tracy нийгмийн дээд давхаргад хамаарагдах айлын том охин. Тэрээр дарвуулт завины зохион бүтээгч, мөн дээд зиндааны залуу Dexter-тэй гэрлэсэн хэдий ч аавынх нь үзэж буйгаар арай ч тэдний хэмжээний язгууртан бус тул тэд хоёр жилийн өмнө салж, одоо буюу кино эхлэхэд Tracy өөрийн зиндааны баян George-тэй гэрлэхээр зэхэж байдаг. Нью-Йоркийн Spy сэтгүүлийн нийтлэгч Sidney цуутай хүүхний хоёрдахь хуримын талаар сурвалжлага хийхийг хүсэх бөгөөд сурвалжлагч Mike, гэрэл зурагчин Liz нарыг Филадельфи руу илгээнэ; дашрамд тэд албан бус хосууд юм. Хуриманд гаднаас хүн оруулахгүй учир Sidney эртний танил Dexter-н тусламжийн ачаар сурвалжлагчдыг Tracy-н гэрт оруулж дөнгөх ба тэднийг Tracy-н Аргентинд байдаг дүүгийнх нь найзууд гэж танилцуулдаг. Tracy хөнгөмсөг байж болох ч тэнэг хүүхэн биш тул хууртсангүй, гэтэл хэрэв хуримаа сурвалжлуулахгүй гэвэл аавынх нь бүжигчин хүүхэнтэй амрагийн харилцаатай болсныг Sidney сэтгүүлдээ нийтэлнэ гэж заналхийлсэн болохыг Dexter хүүхэнд хэлснээр сурвалжлагчид тэдэнтэй танилцана. Tracy аавынхаа энэ мэт явдалд тун дургүй явдаг буюу үүнээс болж тэдний гэр бүл хагаралтай байдаг аж. Гэхдээ Tracy гэр бүлийнхээ нэр төрийг хадгалахыг илүүд үзнэ. Энэ хооронд Tracy сурвалжлагч Mike-тай цагийг илүү их өнгөрүүлэхдээ түүнийг зохиолч, ном бичсэн, шаггүй оюунлаг болохыг нь олж мэдээд хурим дөхөх тусам Dexter, George, Mike гурвын дундаас сонгох ёстой гэдгээ дотроо ухаарна.
Хуримын өмнөх шөнө Tracy, Mike хоёр оргилуун дарс ууж согтоод үнсэлцэж бас усанд сэлцгээнэ. Шөнө Mike Tracy-г өргөсөөр гэрт нь ирэхийг George хараад сэрдхийн хардах ба маргааш өглөө нь урд шөнийг явдлыг хараад балмагдсан учир тодорхой тайлбар хийхгүй бол сална гэдгээ мэдэгдэнэ. Буруутан хоёр үнсэлцэхээс өөрөөр ямар ч юм болоогүй гэж үнэнээ өчих бөгөөд яг энэ мөчид Tracy Mike-н ачаар George-д хайргүйгээ, мөн хэн биш вэ, хэн болох ёстойгоо ойлгосон гээд гэрлэхээс татгалздаг. Зочид цуглаад хурим ёслол эхлэхийг хүлээж байлаа. Энэ бүхэн миний буруу, би хариуцлагаа хүлээж чиний нөхөр больё хэмээтэл Tracy зөвшөөрсөнгүй; учир Liz Mike-д хайртайг харчихсан болохоор өөр нэг эмэгтэйг зовоохыг хүсэхгүй хэмээдэг. Энэ үед Dexter хажуунаас нь орж ирээд хоёулаа дахиад гэрлэе гэхэд Tracy зөвшөөрдөг буюу тэд угаасаа бие биедээ хайртай байжээ.
Зохиолч Philip Barry жүжгээ анхнаасаа Katharine Hepburn-д зориулж бичсэн бөгөөд Katharine жүжиг болон тавигдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлээд хариу орлогоос нь авахгүй гэж тохиролцжээ. Жүжигт, Dexter-н дүрд Joseph Cotten, Mike-н дүрд Van Heflin, Liz-н дүрд Shirley Booth нар тоглосон байдаг аж. Katharine-н тоглосон анхны жүжиг нь 417 тоглолт хийж, дараа нь аялан тоглолтоос 250 удаа тоглож өндөр ашиг олжээ. Katharine уг жүжгийг кино болгосноор "бокс оффисын хор" гэсэн нэрээ арилгана гэж найдаж байсан ба киноны эрхийг олж аваад MGM кино компанид зарахдаа киноны продакшнд оролцох эрхийг авч чаджээ. Katharine "A Bill of Divorcement", "Little Women" зэрэг кинонуудад хамтран ажиллаж байсан найруулагч George Cukor-г, Barry-н найз Donald Ogden Stewart нарыг найруулагч, зохиолчоор сонгосон агаад кино зохиолоороо Оскар хүртсэн Ogden хэлэхдээ "энэ киногоор Оскар авса явдал бол таны төсөөлж болох хамгийн хялбар Оскарт хүрэх явдал юм. Таны хийх ёстой зүйл бол зүгээр л замд нь саад болохгүй байх явдал" гэсэн буй. Ogden жүжгийн тоглолтын бичлэгийг сонсоод хамгийн инээдтэй гэсэн хэсгүүд нь түүгээд зохиолдоо оруулсан гэдэг. Katharine Dexter-н дүрд Clark Gable, Mike-н дүрд Spencer Tracy нарыг тоглуулахыг хүссэн ч бүтээгүй; учир нь "Gone with the Wind" киноны продакшны үеэр Cukor Gable-н дотно найз, найруулагч Victor Fleming-ээр солигдсон явдал Cukor, Gable нарын дунд асуудал үүсгэж болзошгүй байсан учраас Gable-г аньсан аж.
Ингээд Cary Grant тухайн үедээ маш өндөр цалинтайгаар энэ кинод тоглосон буй. Ер нь тухайн үеийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг болох James Stewart, Cary Grant нарыг Katharine сонгох болсон шалтгаан нь өөрийгөө арчигдах болоогүйг харуулах гэсэн амбицтайг нь харуулдаг. Уг кинонд зураглаачаар ажилласан Joseph Ruttenberg-н хэлснээр; зураг авдаг зун маш халуун байсан ч жүжигчдийн баг бүрэлдэхүүн кино бүтэх явцын турш тун зугаатай хөгжилтэй байсны дотор Grant, Katharine хоёрын харилцаа тун сайн байсан гэдэг. Шүүмжлэгч Bosley Crowther: "Энэ кинонд комеди жанрт байх ёстой бүхэн байдаг, энэ бүл үлгэр жишээ болохуйц комеди. Philip Barry-н амжилттай жүжгийг Ogden Stewart ухаалаг, романтик кино зохиол болгожээ; энэ бол эзэд үргэлж тансаг байдаг дээд зиндааны дэгжин байдлын өвөрмөц шинж бөгөөд Katharine, Stewart, Grant нарын чамин тоглолттой бүтээл. Нэгэн дүрийн "энэ сайхан ертөнцийн хамгийн сайхан зүйлсийн нэг бол давуу эрхээ эдэлж буй давуутай анги давхаргынхан" гэж хэлдэг шиг, энэ тохиолдолд, энэ сайхан киног үзэж буй та үүн лугаа адил давуутай нэгэн юм" гэж бичжээ. Тэгвэл Life сэтгүүл уг киног оны хамгийн инээдтэй кинонуудын тоонд оруулсан байдаг. Энэ киног оруулаад Grant, Katharine хоёр дөрвөн кинонд хамтран тоглосон байдаг; "Sylvia Scarlett", "Bringing Up Baby", "Holiday".
Comments
Post a Comment