Хамтрагч


 Fallen Angels (1995). Хонг Конгийн нэрт найруулагч Wong Kar-wai-н бичиж найруулсан нео-нуар, гэмт хэрэгт, комеди драм. Уг бүтээлд хоёр өөр үйл явдлыг сүлжилдүүлэн үзүүлдэг бөгөөд киноны үйл явдал Их Британи Хонг Конгийг Хятадад шилжүүлэхийн өмнөх 1995 онд өрнөхдөө орчин үеийн бужигнасан хотод ганцаардсан, орчин тойрныхоо нөхцөл байдлаас харийссан хүмүүсийн хүсэл тэмүүлэл, хуял тачаалыг судлан авч үздэг. Киноны гол дүрүүдэд; Leon Lai, Karen Mok, Michelle Reis, Charlie Yeung, Takeshi Kaneshiro зэрэг Хонг Конг болон Японы жүжигчид тоглосон. Найруулагч Wong энэ киногоо анхлан "Chungking Express" киноныхоо гурав дахь түүх болгон бичсэн боловч хугацааны хувьд уртдаад байсан учраас хоёр өөр төсөл болгон салгасан ба энэ бүтээл нь "Chungking Express"-тэй адилаар бүтцээс илүүтэй уур амьсгал, сэтгэл санааны байдлыг онцолсон хэсэгчилсэн өгүүлэмжтэй билээ. 

"Chungking Express" киног голдуу өдрийн гэрэлд авсан бол 'Fallen Angels" бүтээлийг бараг тэр чигт нь шөнийн цагаар авахдаа тод неон гэрлийг хар бараан өнгөнүүдтэй зэрэгцүүлэн авсан сцэнүүдээс бүтдэг. Найруулагч өөрөө эл хоёр киногоо орчин үеийн Хонг Конгийг судлах эсрэгцсэн ихрүүд гэж хэлсэн байдаг. Wong-н үнэнч хамтрагч, суут зураглаач Christopher Doyle мөн л хамтран ажилласан ба Doyle дэлгэцэн дээрх дүрүүдийн нүүр царайг гажуудуулахын тулд өргөн өнцгийн линзийг түлхүүтэй ашигласнаар дүрүүдийнхээ эргэн тойрныхоосоо тусгаарлагдсан шинжийг илэрхийлж өгчээ. Doyle мөн хэт харгислалын сцэнүүдэд галзуутай, фокусгүй кадраар гажуудсан хурцадмал байдлыг бий болгожээ. Кинонд трип хоп, поп дуунуудыг өргөнөөр ашигласан нь киноны орчин үеийн хотын орчин нөхцөл болоод поп соёлыг илэрхийлэхэд чухал үүрэгтэй байв. Уг кино нээлтээ хийсний дараа шүүмжлэгчид хэв маягийг нь "Chungking Express' кинотой нь төстэй гэж бичсэн; цаг хугацаа өнгөрөх тусам киноных нь нэр хүнд өссөн ч Wong-н биеэ тоох байдал олны дургүйцлийг хүргэх болсон гэдэг. Энэ кино "Chungking Express"-тэй үргэлж харьцуулагдаж, тэгэх бүртээ шинэлэг бус гэж доогуур үнэлэгддэг хэдий ч Wong-н кино хэлийг бэхжүүлсэн, түүний хамгийн сэтгэл татам киноны нэг гэгдэх болсон аж. Киноны абстракт, уламжлалт бус хэв маяг хийгээд мөн "Chungking Express" болон уг кинондоо текст хоорондын, түүврээр зохиомжлох аргыг ашигласан алдаршиж, эдгээр бүтээлүүдийг постмодерн кино гэж тодорхойлж үзэхэд хүргэжээ. Энэ кино мөн найруулагчийн олон улсад гарахаасаа өмнө төрөлх Хонг Конгдоо бүтэн зураг авалт хийсэн сүүлчийн кино гэдгээрээ онцлог. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

 Хөлсний алуурчин Wong өөрийнхөө "хамтрагч" гэж нэрлэдэг хүүхэнтэйгээ ярилцаж буйгаар кино эхэлдэг. Алуурчин хамтрагчийнхаа бид хамтрагчид хэвээрээ юу гэж асуултад хариулсны дараа кадр солигддог. Тэд бараг гурван жил бизнесийн түншүүд байгаа ч ховорхон уулзаж, аллагын төлөвлөгөөгөө захидал, факсаар солилцсоор иржээ. Хамтрагч Алуурчны байрыг цэвэрлэх, хүнсийг нь цуглуулах, аллагын газрын зургийг факсаар илгээдэг буюу Хамтрагч Алуурчны нууцлаг, сэтгэл татам чанарт гүн автсан байдаг. Хамтрагч Алуурчны байнга очдог бааранд очоод Алуурчныг мөрөөдөн гиюүрдэг. Хүүхэн байрандаа эргэж ирээд Алуурчныг бодонгоо гар хангалга хийж байна. Энэ явдлын дараа тэрээр Хэлгий буюу экс гэмт хэрэгтэн Ho-той таарах буюу цагдаа нараас зугтааж байхад нь тусална. Энэ хооронд Алуурчин ээлжит аллагаа амжилттай гүйцэтгэнэ. Захиалгат аллагуудын нэгэн улигт ажил, үр дүнгүй амьдрал хийгээд чөлөөтэй хүсэж үйлдэж чадахгүйдээ бухимдах болсон ажлаа хаяад Хамтрагчтай уулзахаар товлодог ч Хамтрагч ирдэггүй. Алуурчин бааранд ууж суугаад барменд, хэд хоногоос хүүхэн намайг сурч ирнэ, тэгэхэд нь хөгжмийн хайрцагнаас "1818" дугаартай дууг сонс гэж хэлээрэй гэж захиад явдаг агаад дараа нь, үнэхээр ч Хамтрагч бааранд ирээд "Forget Him" дууг сонсоод уйлж байна. Харин Алуурчин McDonald's-д өөрийгөө шаргал үст гэж нэрлэсэн хүүхэнтэй танилцаад хамт хонохоор явдаг. Энэ үед Хамтрагч уйлж, бас гар хангалга хийж байгаа харагдана.

 Шаргал үст Алуурчныг өөрийг нь хаяад явсан экс найз залуугаа гэж бодно. Метроны буудал дээр Хамтрагч, шаргал үст хоёр зөрж өнгөрөхөд Хамтрагч шаргал үстээс Алуурчны үнэрийг үнэртэхийг мэдэх нь тэдний явдлыг мэдснийг илтгэнэ. Алуурчин, Хамтрагч хоёр дахиад уулзахад Алуурчин бизнесийн харилцаагаа таслах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Хамтрагч түүнээс одоо ганцхан ажил хийгээд өгөхийг хүсдэг. Дараа нь Алуурчин шаргал үстээс салж буйгаа хэлж хүүхний сэтгэлийг шархлуулдаг. Ингээд Алуурчин Хамтрагчийн заавраар сүүлчийнхээ ажилд очтол Хамтрагч түүнийг эсрэг талынх нь хүмүүсийн отолтонд оруулсан байснаар согтуу бас гэнэдсэн Алуурчин үхнэ. Гэхдээ Алуурчин эцсийн эцэст эрх чөлөөтэйгөөр үхэж байгаа даа баяртай байдаг. Хамтрагч болон Хэлгий хоёр Chungking гэдэг байранд амьдардаг ажээ. Хамтрагч адилхан гэмт хэрэгтэн учир дээр өгүүлсэнчлэн Хэлгийд тусалсан ба Хэлгий шоронгоос оргосон хүнд гар юм. Хэлгий хөгшин эцэгтэйгээ амьдардаг; мөнгө олохын тулд бусдын бизнест халддаг рекетчин юм.

 Нэгэн шөнө тэрээр зугтааж яваад Charlie гэдэг хүүхэнтэй танилцах ба тэд таарах болгонд Charlie түүний мөрийг түшин уйлдаг билээ. Charlie-н экс найз залуу нь түүнийг хаяад шаргал үстийг дагаад явчихжээ. Тэрээр шаргал үстийг хайхад Хэлгийгээс тусламж хүсэх бөгөөд Хэлгий түүнд дурлачихна. Charlie-н ачаар Хэлгийгийн амьдрал сайжирч, тэрээр эргэн тойрныхоо зүйлсийг камераар бичиж эхэлдэг. Удалгүй аав нь нас барж, Хэлгий камераар бичсэн бичлэгээсээ аавыгаа харж дурсаж байна. Хэлгий буцаад муу зуршлуудаа хийж эхлэх бөгөөд Charlie-тай уулзаагүй уджээ. Нэг удаа уулзахад Charlie онгоцны үйлчлэгч болсон төдийгүй найз залуутай болсон байх ба хамгийн гунигтай нь түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэсэг хугацаа өнгөрсөн байна; Хамтрагч Алуурчны үхлээс хойш өөр залуухан орооцолдохгүй гэж шийдвэрлэсэн тухайгаа өгүүлдэг. Хэлгийг гэмт этгээдүүдэд зодуулахыг харсан Хамтрагч Хэлгий өөртэй нь адилхан орхигдсон нэгэн гэдгийг мэдэрдэг. Тэд мотоциклоор зугаалах бөгөөд өөрсдийнх нь дунд нарийн харилцаа үүсээгүй ч ямар нэгэн юм байсан гэж Хэлгий өгүүлнэ. Тэд Хонг Конгийн туннель-ээр давхиж байгаа нь кино дахь Хэлгий, Charlie хоёрын мөн тэгж давхиж байсан сцэнийг санагдуулахын сацуу үүр цайх үеийн энэхүү сцэн киноны бараг цорын ганц өдрийн гэрэлтэй сцэн юм. Төгсгөлд нь, Хамтрагч эрэгтэй хүнтэй ийм ойр байгаагүй удсан, Хэлгий өөрт нь халуун дулаан мөчийг мэдрүүлсэн гэж өгүүлдэг. 

Дээр өгүүлсэнчлэн найруулагч Wong уг нь энэ киногоо "Chungking Express" киноныхоо гурав дахь түүх байхаар бичсэн буюу хайранд мансуурсан алуурчны түүх нь илүү гэгээлэг өнгө төрхтэй "Chungking Express" кинонд тохирохгүй санагдсан учир оруулалгүй тусад нь ийнхүү кино болгосон нь энэ ажээ. Хайранд мансуурсан алуурчны дүрээр кино хийх хүсэл Wong-г удтал ээрсэн бөгөөд тэрээр "Chungking Express"-ийнхээ дүрүүдийн хүйсийг шинэ кинондоо урвуугаар ашиглахаар шийдсэн; тухайлбал "Chungking Express" кинонд Brigitte Lin буутай байдаг бол энэ кинонд Leon Lai буутай байдаг. Харин "Chungking Express"-д Faye Wong нууцаар айл гэрт ордог байхад эл бүтээлд Takeshi Kaneshiro бусдын бизнесийн газарт хулгайгаар ордог билээ. Найруулагч Wong "Chungking Express"-ээсээ кино хийх арга, сэдэв, үйл явдал болж буй газар нутаг гэх мэтийг "зээлдсэн" ч өөр өгүүлэмжтэй бүрэн хэмжээний кино хийхээр шийдсэн нь зөвдсөн буюу ингэж л уг кино бүтсэн аж. Гэхдээ найруулагч болон зураглаач хоёр өмнөх киноноосоо нэг зүйлийг эрс өөрөөр хийхийг хүссэн нь ихэнх зургаа шөнөөр бас өргөн өнцгийн линзийг ашиглахыг зорьсон буюу камер аль болох дүрийг ойроос авах нь дүрүүдийн орчин тойрноосоо тусгаарлагдсан гэсэн мэдрэмжийг үзэгчдэд өгөхөд оршиж байв. Киноны түүх харилцан ярианд тулгуурлахын оронд дүрүүдийн өгүүлэмжээр дамжуулагддаг. 

Кинонд мөн Хонг Конгийн хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбараагүй газруудыг хурдтай болоод удаашруулсан камерийн хөдөлгөөнийг оролцуулсан "клаустрофоби" кадр ашиглажээ. Киноны өнгө ч бас гажсан ба 1990-ээд оны гранж гоо зүйг санагдуулам онцгой ногоон шүүлтүүртэй байдаг. Шүүмжлэгч Roger Ebert уг киног дундаж кино сонирхогчдод тохиромжгүй бүтээл гэсэн байхад шүүмжлэгч Stephen Holden хэлэхдээ, мөн чанараас илүүтэй хэв маягт тулгуурласан кино гэжээ. Шүүмжлэгч J. Hoberman: "нео-шинэ-давалгааны оргил, харийссан MTV-ийн эриний дээд, fin de siecle буюу зууны төгсгөлийн хамгийн дур булаам, нууцлаг, ганцаардлын тухай уртай сайхан энэ киногоороо найруулагч Wong өөрийнхөө хэв маягийг элэглэхүйц иррационал хайрын түүх бүтээжээ" гэжээ. Зарим судлаачид уг киног найруулагчийн хамгийн улс төр, нийгмийн шинжтэй кино нь гэж үздэг бол зарим нь шугаман бус бүтэц, анти-реалист, хэт загварлаг шинжээрээ "Chungking Express" киноны хамтаар ирээдүйн кино урлаг руу чиглэсэн бүтээл гэсэн буй. Энэ бол найруулагчийн дуртай "Өрнө" ба "Дорнын"  аль ч үзэгчдэд зориулсан кино буюу хэт хэрэглээнд автсан модерн Азийн дүр төрх; энд уламжлалт Ази үнэр, төрх үгүйрч, илүүтэй Барууншсан элементүүд голлосон байж магадгүй. 

Comments