Садар алхимич


 Fellini's Casanova (1976). Италийн аугаа кино найруулагч Federico Fellini-н эротик, түүхэн драм. 18-р зуунд амьдарч байсан Венецийн цуутай адал явдал эрэлхийлэгч, зохиолч Giacomo Casanova-н намтарчилсан номоос сэдэвлэн Bernardino Zapponi, Federico Fellini хоёр кино зохиол бичиж дэлгэцнээ хөрвүүлсэн. Уг кинонд Casanova-н бэлгийн завхай зайдан амьдрал болоод "амьдралынх нь хайр" болсон Henrietta-тай харилцах харилцааг голлон харуулсан. Өгүүлэмж нь. Casanova-н адал явдлуудыг салангид, загварлаг арга барилаар харуулахдаа мөн түүний хүсэн горилдог хүндлэл нь төрөлх хуял тачаалаас болж үргэлж алдагдахад хүрч байгааг дүрсэлжээ. Судалгааныхаа ажилд чинээлэг ивээн тэтгэгчдийг хий дэмий хайж байгаа Casanova бол соён гэгээрлийн үеийн оюуны зүтгэлтэнээс гадна Францын хувьсгалаар арчигдах гэж буй нийгмийн ялзарч, муудсан дүр юм. Хагас бодитой энэ дүрийн үхэлд автсан хүүрнэл өөрийгөө жигшсэн, занданшуулагчдын өрөөний уур амьсгал шиг үнэртэй. 

Киноны зураг авалт бүхэлдээ Ром-д байрших Cinecitta студиуд авагдсан буюу киноны мизасцэн үнэхээр төгс ба гол дүрд тоглосон Канадын жүжигчин Donald Sutherland-н тоглолтыг магтууштай. Уг кино Оскарын кино наадмаас шилдэг хувцас загварын шагналыг хүртсэн (Danilo Donati). Киноны хөгжмийг Fellini-тэй байнга хамтран ажилласан Nino Rota бичжээ. Уг кино нь загварлаг мизасцэн, симболик шинжээрээ шүүмжлэгчдээс алга ташилт хүртсэн бөгөөд Fellini дүрээ сайтар судлан баримтжуулан, Casanova-н "амьдралын хоосон зайг" уудлан үзүүлэхийг хүссэн гэдэг. Продюсер Dino De Laurentiis гол дүрд Robert Redford-г тоглуулах саналтай байсан ч Fellini татгалзжээ. Ингээд Jack Nicholson, Marcello Mastroianni нарын аваргуудын нэрс яригдаж байсан ч De Laurentiis төслөөс гарснаар Fellini Donald Sutherland-г сонгож, сонголт нь ч гойд нүдээ оножээ. Fellini түүнийг илүү эв хавгүй харагдуулахын тулд үсийг нь хусуулж, хиймэл хамар, эрүү зүүхийг шаардсан гэдэг. Киноны зураг авалтыг Англи, Итали хэлээр давхар хийсэн, энэ бол домогт найруулагчийн анхны Англи хэл дээр хийсэн кино нь юм. Киноны зарим хэсгийг хожим дахин зурагласан байдаг, учир нь 1975 оны 8-р сард Ромд байрлах лабораторид хулгай орж Венец дэх багт наадмын сцэнүүд, мөн өөр киноны хальснууд алдагджээ. 

Хулгайч уг уг нь Pasolini-н "Salo" киноны хальсыг авахаар зорьж байсан аж. Ийн киноны үйл явдлыг товчхон бөгөөд тодорхой хүргэхийг хичээе. Бусдыг бэлгийн харилцаанд орохыг нууцаар харах донтой нэгэн баяны хүслийг гүйцэлдүүлэхээр Casanova Венецийн нэг аралд зочлон гэлэнмаагийн дүрд хувирсан хүүхэнтэй хурьцаж баяны таашаалыг хангасан ч баян эргүүлээд өөрийнх нь алхимийн судалгаа, цаашдын эрдмийн ажлыг нь огт сонирхохгүй байгаад Casanova гойд бухимдана. Тэрээр эх газартаа буцаж явтал шүүхийхэн ирээд түүнийг садар самуун явдалтан хэмээн буруутган баривчилна. Тэрээр шоронд орно, шоронд байхдаа үе үе ухаан алдаж унадаг бие муутай өөрийнх нь оёдолчин хүүхэнтэй хэрхэн хурьцлын цэнгэл эдэлж байснаа санан дурсана. Casanova шоронгоос оргосон ч Венецээс зайлаад Парисын хатагтай d'Urfe гэгчийн харшид очно. Энэ бол хөгшин баян хатагтай бөгөөд Casanova-н алхимийн мэдлэгт сонирхон дурлаж, Casanova-тай бие махбодоор нэгдсэнээр өөрийнхөө сүнсийг эрэгтэй хүн болгон дахин төрж чадна гэдэгт итгэж, үүнийгээ ч Casanova-гаас хүснэ. Энэ явдлаас хоёр жилийн дараа Casanova Форли хотод бөгтөр ноён Du Bois гэгчийн харшид нүүж очсон байлаа.

 Тэнд тэрээр үзэсгэлэнтэй залуухан бүсгүй Henrietta-д ухаангүй дурлаж, янаг амрагийн харилцаатай боллоо. Амрагуудын үгс нялуун, амсах жаргал нь нойтон байсан ч нэг өглөө Henrietta ор сураггүй алга болчих агаад бөгтөр ноёны хэлснээр Henrietta холын хол орших газар руу явсан, явахдаа өөрийг нь эрж сурахгүй байхыг Casanova-гаас хүссэн ажээ. Casanova Лондонд байхдаа хоёр хүүхэнд дээрэмдүүлж, ер нь л сэтгэл хангалуун бус амьдралаа эцэслэхээр Темза голд живж үхэхээр завдан байхуйд түүнд үлэмж биет хүүхэн хоёр одой дагуулан яваа харагдана; Casanova тэднийг дагасаар "өвлийн баярт" орчихно, тэнд тэрээр үлэмж биет гүнжтэй гар барилдаан хийж, мөн үлэмж биет хүүхнийг одойчууд усанд оруулахыг төлбөр төлж харах зэргээр ертөнцийн сонин хачинг үзэж баясна. Түүний ээлжит адал явдал Ром хотын лорд Talou-н шилтгээнд тохиох буюу тэнд тэрээр цагийн дотор хэдэн удаа дур тавих бэ гэсэн тэмцээнд оролцоод ялагч болно. Дараа нь Берн хотод байхдаа Casanova нэгэн алхимичийн охинд дурладаг ч хамт Дрезден явах нь бүтэлгүйтсэн хэдий ч оронд нь нэгэн садар үдэшлэгт оролцож хэр завхай эр болохоо дахин нэг харуулчихна. Дрезденд ингэж явахдаа тэрээр хөндийрөөд удсан ээжтэйгээ таарна. 

Нас явж, илүү бүтээлдээ анхаарах болсон Casanova Вюртемберг дэх шилтгээнд нүүж очоод зохиол бүтээлдээ нухацтай хандах гэсэн нь шилтгээний нүгэлтэй бузар, шалиг амьдралтай зөрчилдөнө. Тэнд тэрээр механик хүүхэлдэй Rosalba-тай учирч, механик хүүхэлдэйтэй загас наадуулна. Цаг хугацаа Casanova-г өвгөн болгожээ. Тэрээр гүн Waldstein-н номын санчаар ажиллах болсон ба гүнгийн цайзынхны ганц тохуурхан дооглож, дайсагнаж үздэг хүн нь хөөрхий өвгөн болсон байлаа. Туйлдаж ядарсан, цус харвасан Casanova тэргэнцэр дээр суугаад саяхан зүүдэлсэн зүүдээ үзэгчдэд ярьж байна; Венецэд, тэрээр өнгөрсөнд учирсан бүх хайрласан хүүхнүүдийнхээ сүнсийг хөөж байтал тэд гэнэт алга болчихжээ. Гоёмсог тэрэг түүнд ирээд дотор нь байгаа зорчигчтой нэгдэхийг урьжээ. Эцэст нь, тэрээр механик хүүхэлдэйтэй дахин учраад тэд бүжиглэцгээжээ. Найруулагч Fellini 1973 онд "Amarcord" шедеврээрээ Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэнийхээ дараа их хэмжээний төсвөөр энэхүү киногоо бүтээсэн байдаг бөгөөд алдартай зохиолч, шалиг эр, артист Casanova-н түүхээр кино хийх санаа тэр даруй Fellini-н сонирхлыг татаж, гол дүрдээ Donald Sutherland-гаас өөр хүн тоглуулах хүсэлгүй байсан гэдэг яриа бий. Уг бүтээл нь Giacomo Casanova-н "Story of my Life" гэдэг 1822 онд хэвлэгдсэн номоос сэдэвлэсэн бөгөөд энэ ном тухайн цагт ч, өнөөдөр ч маш олон удаа цензурт орсон байдаг ажээ.

 Casanova 1725-1798 оны хооронд амьдарч байсан Италийн адал явдал эрэлхийлэгч, чөлөөт сэтгэгч гэдгээсээ илүүтэй шалиг хүүхэмсэг эр гэдгээрээ алдартай байв. Энэ кино хүмүүсийн дунд яригддаг сонирхолтой үйл явдлуудаас бүрдсэн үзэгдлүүдийг аялал маягийн үзүүлэхдээ мэдээжээр Fellini-н гайхалтай өвөрмөц дүрслэлээр зураглагдсан. Сюрреал, эв хавгүй, доройтсон ч үзэсгэлэнтэй өнгө төрх, зураглалаараа энэхүү кино нь найруулагчийн 1969 оны "Fellini Satyricon" кинотой олон талаараа төстэй. Кинонд, Casanova механик хүүхэлдэйтэй нэг оронд ороод амьд хүүхэнтэй байснаас илүүтэй жаргал эдэлж байгаа хэсэг бол зөвхөн Fellini л бодож олохч зөвхөн түүний ертөнцөд л байх төсөөлөл юм. Энэ кино бол их амтлагчтай хоол юм. Та амтанд нь дурлах ч их идэж чадахгүй; өөрөөр хэлбэл кино бараг 3 цаг үргэлжлэх нь дэндүү урт мэт боловч гоёмсог дүрслэлээрээ үзэгчдийг татах болов уу. Киноны түүх сонирхолтой юмуу сэтгэл татам уу гэвэл бараг үгүй, гэхдээ нэг баталгаатай зүйл бол энэ кино хангалттай эротик; кинонд гарах секс хэсгүүд жирийн секс гэхээсээ илүүтэй акробатик-циркийн тоглолт шиг харагддаг билээ. 

Comments