"Сувд". Америкийн нэрт зохиолч Жон Стэйнбекийн анх 1947 онд хэвлүүлсэн хүмүүний хүсэл, шунал хийгээд нийгмийн хэв хэмжээг үл тоомсорлох, хорон муу санааны гүнд хийсэн судалгаа бүхий тууж. Стэйнбек 1940 онд сувдаар баялаг Мексикийн Ла Паз хэмээх жижигхэн тосгонд зочлохдоо нутгийнхны аман зохиолоос уг туужийнхаа санааг олжээ. Энэхүү номоор хийсэн Мексик, Энэтхэг кинонууд байдаг аж. Энэ бол зохиолчийн хамгийн алдартай бүтээлийн нэгээс гадна ахлах ангид уншдаг ном ба шүүмжлэгчид сургаальт үлгэр гэж үздэг.
ҮНДСЭН САНАА. Кийно сувдаар дамжуулан эд баялаг, байр суурь олж авахыг эрэлхийлснээр жаргалтай, сэтгэл хангалуун эцгээс харгис гэмт хэрэгтэн болон хувирдаг буюу хэтэрсэн хүсэл, шуналаас болж гэмгүй цайлган байдал нь устаж үгүй болдог. Кийногийн эд хөрөнгөтэй болох хүсэл нь сувдны байгалийн гоо үзэсгэлэн, аз буяны шинжийг гажуудуулж, сувдыг итгэл найдварын бэлгэдлээс хүмүүний сүйрэл үгүйрлийн бэлгэдэл болгон хувиргадаг. Цаашилбал, Кийногийн шунал нь эхнэртээ харгис хэрцгий хандахад хүргэж; энэ нь мөн хүүг нь үхэлд хүргэдэг бөгөөд эцэст нь Кийног уламжлалт соёл, нийгмээс нь салгахад хүргэдэг билээ. Колоничлолын капитализмд агуулагдах материализм нь уугуул иргэдийн эгэл сүсэг бишрэлээс ашиг хонжоо хайдаг тул Кийногийн ард түмэн үүнтэй ижил сүйрлийг хүлцэнгүй хүлээж байх шиг байдаг. "Сувд" нь хувь хүний хувь тавилан ба хүмүүний амьдралыг тодорхойлогч гэсэн эсрэгцсэн хоёр хүчийг дүрсэлдэг. Уг туужид, ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдийн хувь заяаг өөрсдөө тодорхойлдог гэсэн ертөнцийг дүрсэлдэг бөгөөд тэд өөрсдөө хөдөлмөрлөж, хүслээ дагаж, төлөвлөгөөгөө ч гаргадаг.
Үүнтэй зэрэгцэн тохиолдол, санамсаргүй явдал болоод бурхад гэх мэт хүмүүний хяналтаас гадуурх хүчнүүп ямар ч мөчид нэвтрээд сайнаар ч муугаар ч хувь хүний амьдралын замыг бүрэн өөрчлөх боломжтой. Сувдны төлөө шумбагчид бурхны ивээлд найдан далайн давалгаа доогуур шумбаж байгаагаар хувь тавиланг хамгийн сайнаар дүрсэлснээс гадна хүмүүний хүсэл, төлөвлөгөө, сэдэл нэгдэн хамтдаа соёл иргэншлийг бий болгож байгааг Ла Паз тосгон хамгийн сайн төлөөлдөг билээ, эл бүтээлд. Муу ёрын заяа тавилангийн симбол болсон хилэнцэт хорхой хүүг нь хазах мөчөөс Кийно, Хуана хоёрын амьдрал нөхөж баршгүйгээр өөрчлөгддөг бөгөөд Кийно буянтай амьдралын симбол болсон сувдыг олох мөчөөс энэ гэр бүлийн амьдрал дахиад эгнэгт өөрчлөгдөж байна. Гэсэн хэдий ч хувь тавилан бус харин шунал, хүсэл, хүчирхийллийн хэлбэрээр хүмүүний үйл ажиллагаагаар илэрч, энэ нь Кийногийн шунал болон бусад хүмүүсийн шунал нь сувдны төлөөх цуврал мөргөлдөөнд хүргэдэг тул туужийн сүйрлийн төгсгөлийн үр дагаврыг түргэсгэдэг.
Кийно хувь тавилангийн хүч ба хүмүүний нийгмийн хүчний дунд, хувь тавилангийн түүнд өгсөн заяа тавилан болон өөрийгөө бүтээхийг эрэлхийлж буй хувь заяаны дунд хавчигддаг. Туужийн эхэнд Кийно төлөх мөнгөгүй учраас Койотитогийн амийг аврахаас татгалзаж буй эмч бол колоничлолын дээрэнгүй, дарангуйллыг илэрхийлдэг. Зэвүүн, басамжлах эмч нь Кийногоос өөрийн соёлыг давуу гэдэгт итгээд зогсохгүй хүүгийнх нь амь нас гарт нь байгаад ихэрхэн бардамнасан увайгүй зан гаргах нь түүнийг аймшигтай хувиа хичээсэн капитализмын төлөөлөгч болгож байна. Стэйнбек эмчээр дамжуулан колоничлолын нийгмийн бүхэлд нь ийм хөнөөлт бардам зан, шунал, сувдаг сэтгэлийг буруушаадаг. Европын колоничлогчид Кийног удирдаж байгаагаар уугуул ард түмний нийгмийн цайлган, сүсэг бишрэлт, цэвэр ариун байдал хэрхэн сүйрэн мөхөж буйг харуулжээ.
МОТИФ. Кийногийн бие махбодийн болон оюун санааны оршихуй нь байгальтай нягт холбоотой байдаг ба тэрээр бургасан байшинд амьдарч, сувдны шумбагчаар ажиллаж амьжиргаагаа залгуулдаг. Байгалийн зураглал энэ бүтээлд чухал элемент болж байгаа явдал нь гайхах зүйл биш юм. Кийно 1-р бүлгийн эхлэлд ногооны талбайгаа, 2-р бүлэгт далайн ертөнцийг ажиглан хардаг билээ. Кийно, Хуана хоёрын ууланд гардаг төгсгөлийн аялал амьтдын дуу чимээ, улилтаар дүүрэн байдаг. Стэйнбек байгалийг хүмүүний ертөнцийн толин тусгал эсхүл түүний зэрэгцээ харуулсан ертөнц гэж дүрсэлдэг. Ерөнхийдөө уг бүтээлийн байгалийн дүрслэл нь туужийн эхэнд Кийногийн ариун сайхан сэтгэлийг ч байгалийн төгс ариун шинжийг ч харуулдаг бол туужийн төгсгөлд Кийногийн үзэж туулсан зовлонг ч, мөн байгалийн хар бараан талыг ч тусган үзүүлдэг. Жишээлбэл, "Сувд"-д далайн талаарх дүрслэлүүд нь далайн амьдрал гэгч бол амьд үлдэхийн төлөөх тэмцэл буюу эндээс зөвхөн хамгийн хүчтэй нь л амьд гарч чаддаг ба энэ нь Кийно болон түүний ард түмэн колоничлолын дарангуйллын эсрэг тэмцлийн илэрхийлэл юм.
Кийногийн өмнө хоёр удаа шоргоолж гарч ирдэг, эхнийх нь 1-р бүлэгт бол хоёрдугаарх нь 6-р бүлэгт тохиодог; энэ нь Кийно байгальтай болон Бурхантай харьцах харилцааг зэрэгцүүлэн харуулсан явдал (тэр шоргоолжны замд цамхаг болж байгаа шиг бурхан түүний замд цамхаг болж байна). Кийно туужийн туршид онцгой хүчтэй мэдрэмж эсхүл совинтой байх болгонд сэтгэлтэйн тохирох дууг толгойдоо сонсдог. Жишээлбэл, 1-р бүлэгт гэр бүлтэйгээ жаргалтай байхдаа тэрээр гэр бүлийн дууг сонсдог; харин хорон мууг юмуу шударга бусыг мэдрэхдээ муу муугийн дууг сонсдог билээ. Эдгээр дуунууд нь түүний уламжлалт соёлынх нь аман зохиолын шинж чанарыг харуулж байна. Үеэс үед уламжлагдаж ирсэн эртний алдартай дуунууд нь Кийногийн ард түмэн өөрсдийгөө ямар хүмүүс вэ гэж тодорхойлох үндсэн үүрэгтэйгээс гадна эл дуунууд нь тэдний дотоод сэтгэлийг хэлбэржүүлдэг. Дууны концепт Стэйнбекийн туужаар кино хийхэд чухал мотиф болсон буюу дуу нь киноны сэдэв, үйл явдлын бүтцэд чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.
СИМБОЛ. "Сувд" сургаалт үлгэр учраас туужийн гол симбол болох сувдны утга хэзээ ч тодорхойлогддогүй. Номын туршид энэ симбол солигдож байдаг тул сувдны бэлгэдлийн мөн чанар уншигчдын тайлбарт нээлттэй үлдэж байна. Эхэндээ сувд нь бурханлаг эрх мэдлийг бэлгэддэг; Кийногийн ард түмэн аугаа их сувдны зөгнөлтэй байдаг ба энэ бол төгс боломжийг илтгэсэн төгс сувд юм. Кийно, Хуана хоёр сувдыг олсноор энэ зөгнөлийг биелүүлсэн мэт харагддаг; нэг үгээр Койотитогийн ирээдүй гэрэлтэй, колоничлолын хүлээснээс ангид амьдрах итгэл найдвараар хосууд дүүрэн болдог. Сувдыг олсон явдал нь Койотитогийн хилэнцэт хорхойд хатгуулсан золгүй ослын хариу болсон азтай осол мэт санагддаг. Тосгоныхон сувдны талаар олж мэдсэний дараа уг объект харсан хүн болгоныхоо шуналыг, ялангуяа Кийногийн шуналыг бузгай хөдөлгөдөг. Хөршүүд нв сувдыг "Ертөнцийн сувд" гэж нэрлэдэг бөгөөд энэ нэр нь сувдны том хэмжээ, гоо үзэсгэлэнг илтгэж байгаа мэт боловч сувдыг эзэмшсэнээр Кийногийн эгэл амьдралд гадаад ертөнцийн сүйрэл мөхлийг авчирдаг гэдгийг мартаж болохгүй. Зуучлагчид түүнийг доромжилж эхлэхэд Кийно сувдыг өөдрөгөөр харахаа больж, харин ч шийдэмгий хүслээр сувдыг хурдан зарахад анхаарч эхэлдэг. Сувдны аз, итгэл найдвартай холбогдох холбоо суларч, харин сувд нь хүмүүний төлөвлөгөө, хүсэл тачаалтай илүү хүчтэй холбогддог ба Хуана болон Томас нар сувдыг ивээл гэхээсээ илүү хараал гэж үзэж эхэлдэг. Кийно сувдыг хамгаалахын тулд бүхий л хүч чадал, байгаа бүхнээ зориулж эхэлснээр сувд түүний шуналыг улам ихээр төрүүлдэг. Энэ бол материализмын хор хөнөөлтэй шинжийг бэлгэдэнэ.
Үүний утга юу вэ гэвэл Кийно материаллаг баялгийг олж авсан ч энэ нь колоничлолын дарлалаас ангижрахад хангалтгүй буюу ийм баялаг л чухам колонистуудын капиталист тогтолцооны үндэс суурь болдог билээ. Үнэндээ Кийногийн анхаарлыг сэтгэл санааны сайн хүн байхаас материаллаг шунал руу шилжүүлсэн нь колоничлогчидын туйлын ялалтыг илэрхийлэх мэт. Туужийн туршид сувд хэрхэн дүрслэгдэж байгаагаас Кийногийн өөрчлөлтийн тусгал болно. Эхэндээ сувд нь байгалийн, үзэсгэлэнтэй объект байдаг. Харин материаллаг үнэ цэнийн ойлголттой орооцолдсноор аюултай, хөнөөлт зүйл болж хувирдаг ба сувд бол хүн төрөлхтөнд байдаг төрөлхийн муу муухайг илэрхийлсэн байгалийн гоо үзэсгэлэнт, сайн сайхны объект юм. 1-р бүлэгт Койотитог хатгасан хилэнцэт хорхой бол хүмүүний үйл ажиллагаатай огт хамаагүй учраас энэ нь Бурхнаас үүдэлтэй, тохиолдлын хорон мууг бэлгэддэг. Библид, хилэнцэт хорхой нь ерөнхийдөө ариун байдлыг хөнөөгч гэж илэрхийлнгддэг бөгөөд Койотито нялх хүүхэд байгаа нь энэ үйл явдал Христийн шашны бэлгэдлийг харуулж байна. Нялх Койотито муу муухайд хатгуулж байгаа, Кийно хүсэл, шуналаасаа болж сүйрч байгаа гэх мэт явдлууд ариун болгон энэ туужид сүйрч байгааг колоничлолын тогтолцоо ариун буюу уугуул соёл иргэншлийг устгадаг гэсэн симболыг харуулжээ.
Comments
Post a Comment