"Айвенго". Шотландын их бичгийн хүн Вальтер Скоттын 1819 онд хэвлүүлсэн гурван боть бүхий түүхэн роман. Энэ бүтээл нь Скоттын өмнөх Шотландад болсон үйл явдал юмуу саяхны түүхийг бичдэг арга барил өөрчлөгдсөн болохыг харуулдаг ба энэ бол түүний хамгийн алдартай бас хамгийн нөлөө бүхий зохиолын нэг юм. Романы үйл явдал Дундад зууны үеийн Англид өрнөхдөө тэмцээн, дээрэмчид, шулмын шүүх хурал, еврейчүүд болон Христийн шашинтнууд, Норманчууд ба Саксончуудын хоорондын хуваагдмал, тэмцлийг өнгөлөг тод дүрсэлсэн байдаг агаад Томас Карлайл, Жон Раскин зэрэг Британи зохиолчид Дундад зуун, хөлөгт баатрын романсыг сэтгэл татам бичсэн хэмээн өндрөөр үнэлсэн байдаг аж. Английн түүхч, яруу найрагч Жон Хенри Ньюманы хэлснээр, Скотт "хүмүүсийн оюун ухааныг анхлан Дундад зуун руу чиглүүлэгч" болжээ. "Айвенго"-д Арслан зүрхт хаан Ричард, хунтайж Жон, Рубин Гуд зэрэг олон түүхэн хүмүүсийг дүрсэлсэн нь орчин цагийн хүмүүсийн ойлголтод чухал нөлөөлсөн гэж үнэлдэг ажээ.
ЭХ СУРВАЛЖ БА ЗОХИОМЖ. 1819 оны 6-р сард Вальтер Скотт ходоодны өвчнөөр өвдөн шаналж байсан ч "Ламмермурын сүйт бүсгүй" романыхаа төгсгөлийн хэсгийг шүд зуун бичиж дуусгаснаас гадна 5-р сард нь "Монтрозын дайны домог" номынхоо ч ард гарч чадсан байдаг. 6-р сарын эхээр Скотт "Айвенго" шинэ номоо эхлүүлсэн ч ходоодны өвчнөөс болж өөрөө бичиж чадахгүйд хүрч, найзууд болох Шотландын яруу найрагч Уильям Лэйдлоу, хэвлэн нийтлэгч Жон Баллантайн нараар хэлж бичүүлснээр романаа эхлүүлжээ. Гар бичмэлийн хоёрдахь хагаст Скотт үзгээ барьж чадахуйц болсноор 1819 оны 11-р сард романаа дуусгажээ. Дундад зууны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Скотт эртний эдлэл судлаач, сийлбэрчин Жозеф Струттын бүтээлүүдээс судлан авснаас гадна Роберт Хенри, Шарон Тернер гэсэн түүхчдийн судалгаа зохиолууд мөн тулхтай мэдээлэл болсон аж. Скоттын эх сурвалж үүгээр зогсохгүй, Андре Фавины Франц хэлнээс орчуулсан зохиолууд болон Английн нэрт зохиолч Жеффри Чосерын бүтээлүүд Дундад зууныг ойлгоход нь үлэмж тус болсон ба түүнчлэн "Айвенго" дахь Локслигийн дүр хийгээд зарим элементүүдийг өмнө нь Робин Гудтай холбоотой найраглал, дуу, шүлгүүдийг эмхтгэн нийтлүүлээд байсан Жозеф Рицоны бүтээл, зохиол багагүй нөлөөлсөн гэдэг. Эл романыг гол төлөв хөвгүүдийг зугаацуулах зорилготой романтик зохиол гэж шүүмжилдэг бөгөөд "Айвенго" бол сайн сайхан цагийг авчрах, ялзарч доройтсон дэг журмыг нураах гэх мэт хөлөгт баатрын адал явдлыг харуулсан, романтик элементээр дүүрэн бүтээл гэж дүгнэсээр буй. Зарим шүүмжлэгчид уг романыг гол дүрээ ч өнгөрсөн үеийг ч идеал болгоогүй бодитой, эрчимтэй түүхийг бий болгосон хэмээдэг.
ҮНДСЭН СЭДЭВ. Скотт "Роб Рой", "Мидлотийн зүрх" гэх мэт өмнөх романууддаа авч үзсэн баатарлаг шүтэн идеализм ба орчин үеийн нийгэм хоорондын зөрчлийг мөн бүтээлдээ тусгадаг. Хоцрогдсон Шотландын үндсэрхэг үзэлтнүүд болон "дэвшилтэт" англичууд эв нэгдлийг бий болгохын тулд эмх замбараагүй байдлаас гарах ёстой байхад аж үйлдвэржсэн нийгэм энэхүү мөргөлдөөний төв болж байгааг харуулах нь түүний сүүл үеийн ажлуудад ихээхэн харагдах болсон гэдэг. Үүний жишгээр "Айвенго"-д илүү боловсронгуй соёлыг төлөөлдөг Норманчууд, ядуу эрхээ хасуулж, Норманчуудын засаглалд дургүйцсэн Саксончууд хоорондоо нэгдэж, нэгэн ард түмэн болж төлөвшиж буйг харуулжээ. Саксон ба Норманчуудын хоорондох зөрчил нь хоёр бүлэг эвлэн нэгдэхээс өмнөх үеийн хэн хэндээ учруулсан хохиролд анхаардаг буюу ингэснээр нэгдсэн Англи бий болж байна. Нэгдсэн нийгэм болж, нэг зүгт ажиллахад зарим өөрсдийн соёлын үнэт зүйлсээсээ татгалзах ёстой байхад гарз хохиролдоо хэт ач холбогдол өгч буй хэрэг бол зөрчлийн гол шалгуур ба Саксончуудын хувьд энэ үнэт зүйл бол жинхэнэ Саксон байх мухардмал байдлаа хүлээн зөвшөөрөх явдал юм. Харин Норманчууд өөрсдийн рицар хууль дүрэм, материализм, харгис шинжээ орхих ёстой.
Айвенго болон Рицоны нар нэгдмэл ирээдүйн төлөө эвлэрлийн итгэл найдварыг төлөөлдөг билээ. Айвенго хэдийгээр бусад дүрүүдээсээ илүү язгуур угсаатай боловч эртнээс Грекийн баатрууд гэх мэт бусад зохиомол баатруудтай харьцуулбал онцгой ур чадваргүй, Дундад зууны үеийн дундаж хүнийг төлөөлдөг. Унгарын нэгэн шүүмжлэгчийн тэмдэглэснээр, уг романы дундаж гол баатар Скоттын өмнөх үеийн түүхэн бүтээлүүдээсээ салаад нийгэм, соёлын түүхийг илүү судлах болсныг харуулж байна гэжээ. Уг романд ирсэн анхны шүүмжүүд бадрангуй, магтах хандлагатай байсан ба уламжлалт ёсоор гэхүү, Скоттын хурц дүрслэл, өнгөрсөн үеийг тайлбарлах чадварыг магтсан; харин цөөхөнгүй шүүмжлэгчид уг бүтээлийн яруу найраглаг шинжийг онцлон сайшаажээ. Сөрөг шүүмжүүд бас байсан; роман алслагдсан үеийг төсөөлөх боломжийг олгодог ч зарим нэг асуудал байгааг хүлээн зөвшөөрдөг; Дундад зууны оргил үе ба хожуу үеийн шинжүүдийг нэгтгэсэн; харилцан ярианд зориулж эв хавгүй хэл бүтээж; мөн эртний эдлэлийг дэндүү их дурдсан гэсэн байдаг. Зохиолчийн Англи руу хийсэн аяллыг ерөнхийдөө амжилттай гэж дүгнээд ойн дээрэмчид, "наргианч Англи"-г бүтээсэн байдлыг онцгой магтсан байдаг аж. Ревекка дүр, нэн ялангуяа түүний хагацлын хэсгийг шүүмжлэгчид бишрэм гэсэн байдаг. Мөн романы үйл явдлыг сулавтар, ач холбогдол багатай дүр, үзэгдлүүдтэй гэж дүгнэгсэд ч байв. Торкилстоун дахь үзэгдлүүд үнэхээраймшигтай, ялангуяа Улрика үнэхээр өрөвдөм бас жигшим дүр санагдсан ба Ателстаны дахин амилсан ч огтын сонирхолгүй, илүүц санагдсан; Фрэнсис Жеффригийн үзэж буйгаар эна хэсгийг увайгүй зугаа цэнгэлийг харуулах гэж бичсэн бололтой.
АНАЛИЗ. "Айвенго" бол юуны өмнө адал явдалт роман юм. Энэ романы алдар нэр, эдүгээ ч уншигдсаар байгаа явдал бол бүх цаг үеийн хамгийн шилмэл түүхэн романтик зохиолын нэг гэдгийг харуулдаг. Романы үндсэн зорилго бол Дундад зууны оргил үед өрнөх баатарлаг үлгэрээр уншигчдын сэтгэлийг зугаацуулж, догдлуулахад оршдог ба Вальтер Скотт аливаа бэлгэдлийн хийгээд сэдэвчилсэн зорилгыг хоёрдугаар байрт тавьсан мэт санагдана. Гэвч Скотт утга учиргүй ном бичихэд хэтэрхий оюунлаг зохиолч байлаа. Айвенгогийн адал явдалт түүх нь алга болсон эрин үеийн уур амьсгалыг сэрээхийн сацуу Английн түүхэн дэх чухал мөч болох Арслан зүрхт хаан Ричард Загалмайтны аян дайнд яваад, Австри, Германы шоронгуудад зүдэрч байгаад буцаад Англидаа ирсэн талаарх зарим чухал санааг илэрхийлдэг. Дээр хэлсэнчлэн романы түүхэн үндсэн сэдэв нь тухайн цагт Англид байсан Саксон ба Норман гэсэн хоёр бүлгийн хурцадмал байдалд төвлөрдөг бөгөөд романы баатар Айвенго дээрх зөрчилдөөнийг шийдвэрлэх боломжтой гэж харагддаг ч үнэндээ тэрээр бараг юу ч хийдэггүй буюу идэвхгүй энэ баатар романы хагас хувьд шархтай байж аливаа үйл явдлын захад байдаг боловч тэр бол Норманы хаан буюу Арслан зүрхт Ричардад чин үнэнч Саксон баатар юм. Бүтцийн хувьд "Айвенго" нь гурван хэсэгт хуваагддаг ба хэсэг бүр нь тодорхой эрэл хайгуул, адал явдалд төвлөрдөг. Эхний хэсэгт Айвенго зүсээ хувирган Англид буцаж ирдэг, өөрөөр хэлбэл зүсээ хувиргах мотиф романы туршид үзэгддэг; Айвенго, Ричард, Седрик, Вамба, Локсли зэрэг дүрүүд ямар нэгэн байдлаар зүсээ хувиргадаг билээ.
Хоёрдугаар хэсэгт ноён Морис де Брасси Саксоны ноён Седрикийн ивээлд байдаг үзэсгэлэнт Ровена авхайд хүсэн тачаадсанаар үйл явдлын өрнөлийг хурцатгаж, зүсээ хувиргасан хаан Ричард болон Робин Гудын эрчүүд бусармаг ноёдын цайзыг дайрч ороод хөөрхий хоригдлуудыг аварч байгаа явдал энэ хэсгийг бүрдүүлнэ. Гуравдугаар хэсэгт үзэсгэлэнт еврей бүсгүй Ревекка сүмийн хорооны дайчин Бриан де Буагилберийн гарт олзлогдож, бүсгүйг аврах шүүх хурлаас ирүүл тулаан хүртэлх үйл явдлыг өгүүлдэг. Эртний түүхэн зохиолууд үнэн, зөв гэдгээрээ үнэлэгддэг байсан бол тэр үеийн зохиолч Скотт энэ бүтээлдээ баримтыг чөлөөтэй ашигласан нь шинэлэг зүйл байжээ. Түүхэн алдаанууд номыг дутагдалтай болгож байгаагийн нэг жишээ бол зохиолчийн дүрслэлүүд 1194 оны үйл явдлын үеийн гэхээсээ илүүтэй Скоттын үеийн үеийн ёс суртахуун, хандлагыг илэрхийлдэгт оршдог ажээ. Энэ нь тухайн үеийн шүүмжлэгчид, нэн ялангуяа Скоттын бүтээлд дурлагсдаас шүүмж сонсоход хүргэсэн байдаг. Гэхдээ энэ бол Скоттын бий болгосон урт цуврал бүхий роман биш романтик зохиол жанрт хамаарагдах ёстой гэдэг. Энэ роман сургамжлах бус төсөөлөгдөж, бидэнд таалагдах учиртай юм. Гэсэн ч үүний хажуугаар энэ ном бидэнд түүхэн санааг өгдөг бөгөөд романд хаан Ричард харьяатуудаа хайрлахаас илүүтэй адал явдалд хэтэрхий дурлагч гэж шүүмжлэх хандлагатай байдаг. Скоттыг номоо бичих үед алдартай байсан Арслан зүрхт хаан Ричардыг тийнхүү бичих нь зохимжгүй байсан ч өнөөдөр хаан Ричардыг түүхчид ихэвчлэн Скоттынхоор дүгнэдэг аж.
Comments
Post a Comment