Мадридын үнсгэлжин

 


The Barefoot Contessa (1954). Америкийн нэрт кино найруулагч Joseph L. Mankiewicz-н зохиолыг нь бичиж найруулсан драм. Энэ бүтээлд кино урлагийн ертөнцөд, нэн ялангуяа Холливуудын үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдтэй улс төр хийгээд нийгмийн дээд зиндааныхан хэрхэн холбогдож, хутгалдаж байдгийг харуулжээ. Киноны гол дүрүүдэд; Humphrey Bogart, Ava Gardner, Edmond O'Brien нар тоглосон бөгөөд Edmond O'Brien тоглосон дүрээрээ Оскарын наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн бол найруулагч Mankiewicz шилдэг эх зохиол төрөлд өрсөлдөж байжээ. Киноны ихэнх үйл явдлыг өнгөрсөнөөс Harry Dawes-н (Humphrey Bogart) өнцгөөс хүүрнэн өгүүлэхдээ үе үе Oscar Muldoon (Edmond O'Brien) болон гүн Vincenzo Torlato-Favrini (Rossano Brazzi) нарын хүүрнэлийн оруулах буюу кино ерөнхийдөө эрчүүдийн өнцгөөс өгүүлэгддэг. Ингээд Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн шилдэг 100 кино жагсаалтад багтаагүй шилдэг киноны нэгээр нэрлэгддэг Холливуудын доторх амьдралыг уудалсан уг бүтээлийн үйл явдлыг товчхон өгүүлсү. 

Найруулагчийн замнал нь уруудсан Harry кино хийх хүсэлтэй саятан Edwards-тай танилцсанаар замналаа сэргээх сайхан боломж нээгдэнэ. Тэд гуа бүсгүй нээж олоод шинэ од нээхийг эрмэлзэн хуучин тивээр эрэл хийж яваад Мадридын нэгэн шөнийн клубээс туйлын үзэсгэлэнтэй Maria гэгчийг олно. Maria тарчиг ядуу өссөн болоод ч тэр үү, хөл нүцгэн явахыг тухтайд үздэг бардам, цочмог сэтгэлтэй хүүхэн. Maria-д тэр дороо л ажлаа мэддэг Harry таалагдаж харин ихэрхүү Edwards жигшлийг нь төрүүлнэ. Бүсгүй эхлээд Холливууд явах саналаас татгалздаг боловч Harry шаргуу хөөцөлдөн сэтгэлийг нь эргүүлснээр тэд Америкт ирэх ба баян спонсор, туршлагатай найруулагч, гуа сайхан хүүхнийг хамтарсан анхны кино хит болоход тэдэнтэй хамтран ажиллаж зар сурталчилгааг нь хариуцагч овилгогүй Oscar гэгчийн нөлөө чамгүй байсныг нь дурдах нь зүйтэй юм. Maria нэг шөнийн дотор од болж, Harry-н замнал дахин сэргэх бөгөөд тэд дотно найзууд болцгооно. Нэгэн тансаг үдэшлэгийн үеэр Edwards Латин Америкийн баян шалиг эр Alberto-той Maria-гаас болж хэрүүл үүсгэх бөгөөд үдшийн турш Alberto нүдээрээ Maria-г идэж байсан хэрэг. Alberto бүсгүйг хамт явахыг урина, мэдээж Edwards эсрэгүүцэв, гэтэл халуун цочмог Maria зөрүүдлэн Латин баяныг даган явах агаад энэ үйлдлээрээ шинэ спонсортой болсоноо харуулах аж. 

Энэ боломжийг ашиглан Oscar ч Edwards-н дарангуйллаас ангжирч буйгаа зарладаг. Maria алдартай од болсон ч нэг л сэтгэл дундуур байна. Тэрээр Harry-г туслахтайгаа гэрлээд жаргалтай амьдарч байгааг харж битүүхэн атаархана. Монте Карлогийн казинод Alberto хожигдсон уураа Maria-д гарган байхуйд Италийн гүн Vincenzo хүрч ирэн хүүхнийг өмөөрснөөр Maria болон Vincenzo хоёрын романс эхэлдэг. Maria энэ насныхаа хайрыг олсон гэж итгэн, гүнгийн эхнэр болохыг зөвшөөрч, тансаг харшид элбэг хангалуун хуримын ёслолд Harry уригдан очдог. Хуримын анхны шөнө Vincenzo шинэхэн эхнэртээ нэгэн нууцыг хэлдэг; Vincenzo дайнд оролцож яваад шархдаж, үүнээсээ болж хүүхэд гаргах чадваргүй болсон байжээ. Хэдэн сар өнгөрчээ. Бороотой шөнөөр Maria гэнэтхэн Harry дээр зочлон ирэх бөгөөд нөхрийнхөө үргүй гэдгийг хэлээд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр эртэй нөхцөж байгаа, тэгээд зогсохгүй жирэмсэн болсон гэдгээ хэлнэ. Гэр бүлийнх нь удмыг үргэлжлүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасанд Vincenzo өөрийг нь өршөөнө гэдэгт итгэж буйгаа ч хэлнэ. Maria-г хүн дагаж байгааг анзаарсан Harry хүүхний араас бас дагах ба тэрээр гүнгийн харшид дөнгөж иртэл буун дуу гарч, Vincenzo хүрч ирээд эхнэрээ нууц амрагтайн хамт алчихлаа хэмээдэг. Harry эхнэр нь жирэмсэн байсныг нь түүнд хэлдэггүй. Кино Maria-н оршуулгын ёслолын үеэр Harry-н дурсамж маягаар эхэлсэн тэр цэгтээ ирээд төгсөх буюу киноны төгсгөлд Vincenzo-г цагдаа нар аваад явж байгаа харагдана.

 Найруулагч Mankiewicz киноныхоо гол дүр Maria-г ханхүү Aly Khan гэгчтэй гэрлэсэн Холливуудын од Rita Hayworth-оос сэдэвлэсэн ажээ. Энэ бол Mankiewicz-н хамгийн гуа сайхан "Холливуудын" киноны нэгээс гадна Холливуудын алтан эриний хамгийн дур булаам киноны нэг гэгддэг. Сонирхолтой нь, Холливуудын тухай кино боловч Ром хотод бүтээгдэж, гадаах зураг авалтууд Италид авагджээ. Уг бүтээлийг олон шүүмжлэгчид тансаг, хэт үрэлгэн байдлыг нь магтсан буюу чухам энэ шинжээрээ найруулагч олон шинэ шүтэн бишрэгчидтэй болсон байдаг. Нэгэн шүүмжлэгчийн бичсэнээр, жүжигчин Ava Gardner энэ кинонд манай гариг дээрх хамгийн үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй гэж харагддаг гэдэг туйлын үнэн юм. Гэвч сөргөөр шүүмжлэгчид ч бас байсан, тухайлбал, нэгэн шүүмжлэгч киног "гамшгийн" гээд найруулагчийн ухаалаг, амбицтай зорилго голдуу гойд сайхан байх, гоо зүйн мэдрэмжийн дутагдалтай чанартай нь зөрчилддөг гэж бичжээ. Нэрт шүүмжлэгч Bosley Crowther: "Олон улсад бүтээгдсэн Холливуудын тухай гялалзсан ч гавихгүй, эв хавгүй, үр шимгүй кино" гэжээ.

 Нэрт найруулагч François Truffaut: "Энэ киноны шинэлэг, нээлттэй, зоримог, сэтгэл татам гэдэг нь эргэлзээгүй; би өөрөө энэ бүтээлийн шинэлэг, ухаалаг, гуа сайхныг хүлээн зөвшөөрч бас үнэлдэг. Сайхан найруулга хийгээд жүжиглэлттэй ухаалаг, мэдрэмжтэй кино" гэж бичжээ. Домогт Humphrey Bogart шаламгай зохицуулагч, чанга эр эсхүл гэмт хэрэгтний дүрүүдээрээ алдартай, илүү олонд танигдсан ч уран бүтээлч хүний дүрийг хосгүй бүтээгч байсан; Bogart урлагийн хүний дүрд хоёр кинонд тоглосон нь яагаад ч юм Холливуудын тухай өгүүлсэн кинонууд байсан ба энэ хоёр кино бол энд өгүүлж буй "The Barefoot Contessa" болоод "In Lonely Place" гэсэн шедевр юм. Дээрх хоёр киног өнөөдөр Холливуудын дотор юу болдогийг хамгийн үзүүлсэн кинонуудын тэргүүн эгнээнд нэрлэж болно. Mankiewicz-н энэхүү кино Холливуудад ер нь кино хэрхэн хийгддэг тухай гүнзгий ойлголтыг агуулсан ч дээр хэлсэнчлэн энэ киног бараг Холливуудад хийгээгүй. Яагаад бараг гэвэл нэгэн үдэшлэгийн хэсгийг Калифорнид авснаас бусдыг Итали болон ерөнхийдөө Европын орнуудад авчээ. Энэ бол од хэрхэн төрдөг буюу Холливуудад ухаалаг, академиг бус сэтгэлзүйн нийлбэрийн үр дүн яаж гайхамшиг болдог тухай кино юм. Ухаалаг байх, гоц гойд гэдэгтээ итгэх бол жүжигчин хүний анхдагч төрөлх авъяас гэдэг бөгөөд найруулагч энэхүү авъяасыг яаж өнгөлж, зүлгэн од болгох нь Harry-н хэлснээр найруулагч хүний 'зургаа дахь" мэдрэхүй байдаг аж. Ava Gardner-н бүтээсэн Maria бол хилэнтэй, хүчирхэг эмэгтэйн дүр бөгөөд Mankiewicz энэ дүрээ Мадридын шөнө клубт анх танилцуулахдаа тайзнаа байгаагаар нь огт харуулдаггүй ба харин тайзны ард байгаагаар үзүүлсэн нь түүнийхээр урлагийн хүн тайзнаа бус тайзны ард л илэрдэг ажээ. Maria бол догшин, эмгэнэлтэй хувь тавиландаа тэврүүлсэн зарчимч, эрх чөлөөг хүсэгч нэгэн юм. 

Өөрөөр хэлбэл, энэ кино Холливуудад ёс суртахууны хэв хэмжээний кодоор хийгдсэн;  Harry анхлан Maria-г тайзны ард буюу хувцас солих өрөөндөө залуутай хамт байхад олж таарда (киноны туршид тэрээр ганцаар тогтохгүй ийм байдалд ордог), энэ нь хүүхний сексийн эрх чөлөөг хүсэгч болохыг илтгэхийн сацуу ийм ёс суртахуунгүй байдал шийтгэгдэх ёстой гэсэн Холливуудын ёс суртахууны код энд үйлчилж байгааг харуулж байна. Maria-д мөнгө тийм чухал биш юм шиг байдаг, тэрээр Холливуудад анхлан хөл тавихдаа Edwards-н мөнгөнд бус Harry-н мэргэн ухаан, уран бүтээлчийн мэдлэг хийгээд нөхөрлөлийн чин сэтгэлд татагддаг билээ. Тэрээр Латин амраг болон Edwards гэсэн баян эрчүүдээс айдаггүй, тэр ерөөсөө төөрөлддөггүй; энэ нь түүний Harry-д 'би багаасаа муу эрчүүдтэй учирч явсан" гэж хэлдгээс харагддаг билээ. Гэсэн хэдий ч тэр сексийн эрх чөлөөнийхөө төлөө шийтгэгдэх ёстой буюу шийтгэл бүр анхнаасаа бий болчихсон юм. Энэ кино магадгүй домогт "Citizen Kane"-ээс хойших хамгийн нарийн бүтэцтэй Холливуудын кино болов уу. Orson Welles-н кино гол дүрийнхээ үхлээс эхэлдэг бол энэ кино ч гол дүрийнхээ үхлээс эхлэхдээ үйл явдлыг харуусагч гурван хүний өнцгөөс өгүүлдэг. 

Comments