"Дэвид Копперфилд". Английн их бичгийн хүн Чарльз Диккенсийн 1849, 1850 онуудад цувралаар хэвлэн нийтлүүлж байгаад 1850 ондоо бүрэн хэмжээний ном болгосон роман. Романы гарчиг болох гол баатар Дэвид Копперфилдын хүүхэд наснаас насанд хүрч төлөвших хүртэл бүхий л адал явдлыг энэ романд өгүүлдэг бөгөөд иймээс энэ бүтээлийг голдуу bildungsroman (гол баатар нь хүүхэд наснаас насанд хүрэх явцдаа сэтгэл болон ёс суртахууны хувьд хөгжиж буйг харуулдаг уран зохиолын жанр) төрөлд ангилан авч үздэг. "Дэвид Копперфилд"-ийг мөн "Диккенсийн амьдралын үйл явдлуудыг тусгасан үнэн ба уран зохиомжийг тун ээдрээтэйгээр сүлжсэн хагас намтарчилсан роман" хэмээдэг. Энэ бол зохиолчийн өөрийнх нь номуудаасаа хамгийн дуртай нь байсан ба "Диккенсийн урлан бүтээхүйн ялалт" гэж нэрлэдэг аж. Уг роман нь түүний залуу насны болоод төлөвшсөн үеийн зохиолуудыг нь салгасан уран бүтээлийнх нь эргэлтийн цэг болжээ.
Өнгөц харахад уг роман нь зохиолч Хенри Филдингийн "Жозеф Эндрюс" эсхүл "Том Жонс" зэрэг 18-р зууны "хувийн түүх" шиг загварчлагдсан боловч "Дэвид Копперфилд" бол илүү нарийн бүтэцтэй бүтээл юм. Энэ нь Диккенсийн бусад зохиолын нэгэн адилаар Викториан үеийн Англид хүүхдүүдийн амьдралыг хар бараанаар зураглан эхэлж, дараа залуухан Копперфилд шамдан суралцаж байхдаа нагац эгчийнхээ хайр ивээлийг хүртэн алгуурхан нийгмийн шатаар өгсөн хөгжиж буйг харуулдаг билээ. Диккенс өмнөх роман болох "Домбей, Хүү хоёр"-оос ялгаатай нь "Дэвид Копперфилд"-ийг төлөвлөөгүй бичжээ. Түүхийн зарим аспект түүний ухаанд анхнаасаа байсан бол үлдсэн заримыг нь цувралаар нийтлэгдэх хүртэл бодож олоогүй байжээ. Энэ романд өсөн дэвжилт, өөрчлөлтийг год сэдвээ болгодог ч Диккенс Викториан үеийн амьдралын олон талыг егөөддөг; үүнд биеэ үнэлэгчдийн зовлон, гэрлэсэн эмэгтэйчүүдийн нөхцөл, анги давхаргын бүтэц, эрүүгийн эрх зүйн систем, сургуулийн чанар болон хүүхдүүдийг үйлдвэрт ажиллуулах зэргийг авч үздэг.
ҮНДСЭН САНАА. "Дэвид Копперфилд" роман даяар хүчирхэг хүмүүс нь сул дорой, тусламж хэрэгтэй хүмүүсийг хүчирхийлдэг. Диккенс аж үйлдвэрийн нийгэмд өрөвдөх, энэрэх сэтгэл байдаггүйг харуулахын тулд өнчин хүүхдүүд, эмэгтэйчүүд хийгээд сэтгэцийн асуудалтай хүмүүст төвлөрдөг. Диккенс хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, өрнөөс болж шоронд орсон хүмүүст хүнлэг бус хандаж байгааг дүрслэхдээ хүүхэд байх үеийнхээ туршлагаас сэдэвлэжээ. Түүний дүрүүд ёс суртахууны хувьд сайн хүмүүс байсан ч өөрсдөөсөө илүү том хүчний өмнө хүчин мөхөстөж, шийтгэгдэн зовдог ба гэмгүй хүмүүс дарангуйлагдан зовж шаналах нь роман дахь хамгийн тод нөлөөтэй үзэгдлүүдийг бий болгодог. Дэвид багадаа дарс савлах үйлдвэрт өлсөж, шаналдаг; түүний асран хамгаалагчийн хувьд ноён Мурдстоун Дэвидийг үйлдвэрлэлийн ажилчин болгон ашиглаж чадах буюу учир нь хүү хэтэрхий балчир, түүнээс хамааралтай тул үгэнд нь дуулгавартайгаар захирагдах ёстой. Үүний нэгэн адилаар Салем сургуулийн хөвгүүд харгис ноён Криклийн эсрэг юу ч хийх эрхгүй бөгөөд энэ хоёр тохиолдолд төрсөн эцэг эхийнхээ асран хамгааллыг алдсан хүүхдүүд өөрсдийг нь хамгаалагчдын гарт зовж байна. Роман дахь сул доройчууд нь өөрсдөөсөө илүү хүчтэй хүмүүсийг шууд сорилтод дуудсанаар тэдний дарангуйллаас хэзээ ч мултарч чадахгүй юм. Харин үүний оронд сул дорой дүрүүд нь хүчирхэг дүрүүдтэй эвсэх ёстой; жишээлбэл, Дэвид ноён Мурдстоуныг эсэргүүцэж, түүний эрх мэдлийг эсэргүүцдэггүй бөгөөд үүний оронд тэрээр чинээлэг хатагтай Бетст руу зугтааж, эгчийнх нь санхүүгийн тогтвортой байдал нь Дэвидийг ноён Мурдстоуноос хамгаалах хүч болдог билээ. Дэвидийн зугтсан нь түүнийг бие даасан юмуу дотоод эрдэмтэй болохыг харуулахгүй, харин ч хүмүүний харилцаанд гэр бүлийн холбоо, гэр бүлийн мөнгө ач холбогдолтой болохыг нотолж байна. Романы ертөнцөд эхнэр, нөхөр хоёрын харилцаа тэгш эрхтэй байхын хэрээр гэрлэлт амжилттай байдаг. Диккенс Стронгийн гэр бүлээр гэрлэлтийг эхнэр, нөхөр хоёрын аль нь нэг нь нөгөөгөө захирдаггүй байваас жаргалтай байж чадна гэж харуулахын тулд жишээ болгон үзүүлдэг бөгөөд үнэхээр ч эхнэр, нөхөр Стронгуудын аль нэг нь нөгөөгөө дорд үздэггүй.
Үүний эсрэг жишээ болгон Диккенс гэр бүлийн хоёрын аль нэг нь давуу эрхтэй байж нөгөөгөө дарлахыг шүүмжилдэг; тухайлбал ноён Мурдстоун Дэвидийн ээжийн зан чанарыг сайжруулах гэж оролдоод харин ч хөөрхий бүсгүйн сэтгэл санааг няцлан үгүй хийчихдэг билээ. Өөрөөр хэлбэл ноён Мурдстоун Клараг хөгжүшлэх нэрийдлээр түүний хүлцэнгүй, чимээгүй болгочихно. Үүний эсрэгээр, багш Стронг Энниг сайжруулах гэж оролдохдоо тэрээр ёс суртахууныхаа давуу талыг харуулах гэсэндээ биш, харин Энниг хайрлаж, хүндэлдэг байсны улмаас хийдэг. Багш Стронг ноён Мурдстоун шиг хатуу хахир бус эелдэг, зөөлнөөр эхнэртэй ханддаг. Багшийн гэрлэлт ядахнаа хэсэгчилсэн эрх тэгш байх идеал дээр суурилдаг боловч эхнэр нь эмэгтэй хүнийхээ хувьд түүнээс хамааралтай, ёс суртахууны хувьд нөхрийнх нь заавар хэрэгтэй гэж үздэг. Эндээс Диккенс эмэгтэйчүүдийн үүргийн талаарх нийгмийнхээ хатуу бодолтын харшилдаггүй болохыг бид харж байна. Гэхдээ л эхнэр, нөхөр хоёр эрх мэдлийн тэнцвэрийг хуваалцдаг гэрлэлтийг дүрсэлснээр Диккенс эрх мэдэлт бүхий эмэгтэйчүүдийн эрин үеийг зураглажээ. Диккенс романыхаа туршид өөрийнхөө үеийн нийгмийн эд баялаг, анги давхарга нь хүний үнэ цэнийн хэмжүүр гэж үздэгийг шүүмжилдэг.
Диккенс баян, эрх мэдэлтэй, ихэмсэг Стирфордыг ашиглан дээрх зан чанарууд нь хүний зан чанарыг сайжруулахаас илүү доройтуулж болзошгүйг харуулсан аж. Стрифорд бол урвагч, амиа бодогч байдаг бол ядуу ноён Пегготи, Хэм хоёр өгөөмөр, бусдыг ойлгодог дүрүүд юм. Диккенсийн үеийн ихэнх хүмүүс ядуурал бол ёс суртахууны доройтлын шинж тэмдэг, ядуу хүмүүс төрөлхийн ийм дутагдлаасаа болж зовдог нь мэдээжийн хэрэг гэж үздэг байв. Харин Диккенс ядуу хүмүүсийг ойлгож, тэдний зовлон зүдгүүр бол өөрсдийнх нь буруу биш харин нийгмийн шударга бус байдлаас үүдэлтэй гэжээ. Диккенс бүх ядуу хүмүүс туйлын эрхэм, бүх баячууд туйлын хорон муухай хүмүүс гэж хэтрүүлэн хэлээгүй юм. Ядуу хүмүүс, тухайлбал Дэвид хоосон, тусламж хэрэгтэй залуу балчиртаа луйвар хийдэг; багш Стронг, Агнес нар чинээлэг, дундаж давхаргын иргэд боловч өндөр ёс суртахуунтай байдаг. Диккенс ёс суртахууны дүр зургийг хар-цагаанаар буддаггүй ч эд баялаг, анги давхарга бол зан чанар, ёс суртахууных илтгэх найдваргүй үнэлэлт гэдгийг харуулжээ. Диккенс уншигчдад, баатруудыг нь харгис хэрцгий ертөнцтэй харилцаж байгаа талаас нь бус хувь хүний үйл хэрэг, чадвараар нь дүгнэхийг уриалдаг.
МОТИФ. "Дэвид Копперфилд" романы дүрүүдийг тодорхойлоход ээж, эхийн дүр төрх тун чухал нөлөөтэй байдаг. Барагалж, сайн ээжээс сайн хүүхэд төрдөг бол муу ээжээс хорон муу хүүхэд төрдөг бөгөөд ээж, хүүхдийн хоорондын ёс суртахууны энэхүү холбоо нь хүүхдүүдийн зан чанар, хувь тавиланг тодорхойлдог буюу ээж ямар байна хүүхэд тийм байна гэсэн ээжийн үүрэг чухал гэдэгт итгэдэг Диккенсийн итгэд үнэмшлийг харуулж байна. Роман дахь ээж дүрүүдийн амжилтыг хүүхдүүдээ хэт эрхлүүлэхгүй хүмүүжүүлэх чадвараас хамаардаг. Дэвидийг өсгөн хүмүүжүүлдэг эгч Бетси түүний төрсөн ээж биш эхийн дүр төрх болдог агаад Дэвидийг хайрлан энхрийлдэг ч дураар нь дургиулдаггүй; Бетси түүнийг цаг үргэлж урамшуулан дэмжиж, шударга сайн байхыг сургаж, алхам тутамд нь зөвлөж чиглүүлж байдаг, иймд Дэвид аливаа зүйлсийн тэнцвэрийг барьдаг төлөвшсөн эр болгож байна. Хэдийгээр Бетси Дэвидийг ертөнцийн бэрхшээлийг даван туулахуйцаар өсгөн хүмүүжүүлдэг ч Бетси зайлшгүй ирэх саад тодотгорт нь хаалт хийдэггүй бөгөөд харин ч түүнийг өөрөө бүхий л асуудлуудтай нүүр тулахыг албаддаг. Үүний эсрэгээр Уригийн ээж хатагтай Гип хүүгээ хайрлаж байна гэж дураар нь тавьснаар хүүгийнхээ дарангуйлалд өөрийгөө зүгээр тавиад өгчихдөг. Үүний үр дүнд Ури өөрийгөө дөвийлгөсөн, харгис араншинтай нэгэн болдог.
Бүхэлдээ, Диккенс энэ бүтээлдээ эх, хүүхдийн харилцааг үзүүлэхдээ сургамж л өгөхийг хүссэн бөгөөд тэрээр хүүхдийнхээ алдаа дутагдлыг засч залруулж чадах тийм хэмжээнд үр хүүхдээ зохистойгоор хайрлан энхрийлж байхыг анхааруулжээ. "Дэвид Копперфилд" романд бие махбодийн гоо сайхан нь ёс суртахууны сайнтай нийцэж байдаг. Дэвидийн ээж шиг бие махбодийн гоо сайхантай хүмүүс сайн, буянтай байдаг бол Ури Гип, ноён Крикл, ноён Мурдстоун нар шиг үзэшгүй төрхтэй дүрүүд нь ааштай, муу санаатай, хүчирхийлэгчид байдаг. Диккенс гаднах төрх өөрчлөгддөггүй шиг дотоод зан авир ч хувиршгүй гэж үздэг бөгөөд харин сайн нь хүлээн зөвшөөрөгдөхгүй, муу нь шийтгэгдэхгүй байсаар эцэстээ дүрүүд нь ёс суртахуунаар шигшигдэн илчлэгддэг билээ. Уг бүтээлд, хамгийн болгоомжтойгоор дарж булсан шинж төрхүүд эцэстээ ил гарч, баригдашгүй гэгддэг хүмүүсийн жинхэнэ царай төрх илчлэгддэг. Жишээлбэл, Стирфорд эхэндээ хор хөнөөлгүй ч ядаргаатай дүр мэт харагддаг боловч тэр олон жил нууж ирсэн жинхэнэ урвагч гэдгээ нууж чаддаггүй ба энэ мэтчилэн романы бараг бүх дүрийн хувьд бие махбодийн гоо сайхан нь хувийн үнэ цэнэтэй нь тохирдог аж.
СИМБОЛ. Далайн энэхүү романы дүрүүдийн амьдралд үл мэдэгдэх, хүчирхэг хүчийг төлөөлдөг бөгөөд энэ нь бараг үргэлж үхэлтэй холбогддог. Далай бяцхан Эмилигийн аавыг авч оддог бол Хэм, Стирфорд хоёр ч далайд живж үхдэг. Далай Стирфордыг хог шавхруу адил эрэг дээр хаячихдаг нь Стирфордын ёс суртахууны хоосролыг бэлгэддэг аж. Романы төгсгөлийн бүлгүүдэд гарах шуурга нь далайн хүчийг үл тоомсорлох аюулыг сэрэмжлүүлэхдээ романы зөрчилдөөн хяналтаас гарч буйг харуулсан. Үхэлтэй адилаар далайн хүч нь хүний хяналтаас гадуур байдаг ба хүн төрөлхтөн далайн нууцлаг хүчинд нийцүүлэн амьдрахыг хичээж, цаг бусаар үхэхээс сэргийлэхэх ёстой ажээ. Цэцэгс нь "Дэвид Копперфилд" бүтээлд, эгэл хийгээд цайлган байдлыг илэрхийлдэг. Жишээлбэл, Стирфорд Дэвид гэнэн цайлган учраас түүнийг "замбага" гэж хочилдог, Дэвид Дорагийн төрсөн өдрөөр цэцэг авчирдаг, Дора жижигхэн зотон дээрээ үргэлж цэцэг зурж байдаг.
Дэвид Уикфилдийн гэрт буцаж ирээд Гипүүд явснаар хуучин таньж мэддэг өрөөнүүдэд нь танил цэцгүүд тавигдсан байгааг хардаг бол энэ гэрт эргээд ариун, эгэл бүхэн эргэж ирснийг бэлгэддэг. Эдгээр тохиолдлуудад цэцэг нь дахин төрөлт, эрүүл мэндийн зураглалыг илэрхийлдэг бөгөөд энэ нь дүрүүдийн цэцэглэн хөгжиж буй шинж чанартай шууд холбоотой юм. Цэцэг нь шинэлэг мэдрэмж, бодлыг илэрхийлэхээс гадна голдуу наргиантай, чөлөөтэй мөчийг дурсахтай уялддаг. Ноён Дикийн асар том цаасан шувуу нь түүний нийгмээс тусгаарлагдсаныг илтгэнэ. Цаасан шувуу бусад дүрүүдийн дээгүүр дүүлэн нисдэг шиг ноён Дик нийгмээс тусгаарлагдсан дүр буюу бусад дүрүүд түүнийг солиотой гэж үздэг. Ноён Дик бусад дүрүүдийг холбодог нийгмийн шатлалын нэг хэсэг биш, гэхдээ тэр аль ч дүрийн чадахгүй багш Стронг, хатагтай Стронг хоёрын үл ойлголцлыг холбогч болж чаддаг билээ. Цаасан шувууны эрх дураараа энгийн байдал нь ноён Дикийн өөрийнх нв хүүхэд шиг гэнэн цайлган зан чанарыг илтгэхийн сацуу цаасан шувууны зугаа нь түүний эргэн тойрныхоо хүмүүст өгдөг шударга, зөв баяр баясгаланг илтгэнэ.
Comments
Post a Comment