Unforgiven (1992). Америкийн кино найруулагч, жүжигчин Clint Eastwood-н өөрөө гол дүрд нь тоглож, мөн найруулсан Вестерн жанрын кино. Түүнтэй хамт Gene Hackman, Morgan Freeman, Richard Harris нар туслах дүрүүдэд тоглосон бөгөөд киноны зохиолыг David Webb Peoples бичсэн. Уг кино арилжааны хувьд өндөр ашиг олоод зогсохгүй зураглал, сэдэв, эвлүүлэг, найруулга, мөн жүжигчдийн (Eastwood, Hackman хоёрыг ялангуяа) тоглолтыг шүүмжлэгчид өндрөөр үнэлж, кино тухайн жилийнхээ Оскарын наадмаас шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг туслах эрэгтэй дүр (Gene Hackman) зэрэг дөрвөн төрөлд ялалт байгуулсан (Eastwood өөрөө шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн ч Al Pacino-д алджээ). Оскарын наадмын түүхэнд Вестерн жанрын бүтээл шилдэг кино шагналыг хүртсэн 3 дахь тохиолдол болсон буюу өмнө нь 1931 онд "Cimarron", 1990 онд "Dances with Wolves" гэсэн хоёр кино л эл хүндтэй шагнал хүртсэн Вестернүүд байлаа.
Найруулагч Clint Eastwood энэ киногоо хүндэлж явдаг найруулагчид, менторууд нь болох Sergio Leone, Don Siegel хоёрт зориулсан байдаг. Энэ бол олон жил уламжлагдаж ирсэн классик Вестерн төрөлд зориулсан кино; Eastwood олон жилийн өмнө өөрийг нь од болгосон жанртаа барьсан хүндэтгэл бөгөөд Eastwood зэрлэг Өрнөд, түүнтэй холбоотой баатарлаг үлгэр домгуудын тухай ухаалгаар бясалгахдаа давхар хурц, ширүүн, драматик байдлаар урлан өгүүлжээ. Жүжигчдийн гарамгай тоглолтоос бүрдсэн энэ кино боловсорсон, эрэгцүүлэн тунгаахуйц энэ бүтээл магадгүй Eastwood-н найруулсан хамгийн шилдэг кино болов уу. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 302-р байрт эрэмбэлээд байна. Eastwood найруулагч болон жүжигчний хувьд зэрлэг Өрнөдийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгаж, хүчирхийллийн мөн чанарыг хатуу ширүүнээр урласан энэхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
1881 он, Вайоминг мужийн нэгэн жижигхэн хотод Mike гэдэг ковбой өөрийг нь жаалхан эрхтэнтэй гэж шоолсон биеэ үнэлэгчийн нүүрийг хутгаар сийчин зэрэмдэглэнэ. Хотын шериф "бяцхан" хочит Bill Mike болон түүний найз Davey нарт янхны газрын эзэн Skinny-н өмч болох янхныг зэрэмдэглэснийх нь төлөө хэдэн адуу авчран өгч тооцоо дугуйлах шийтгэл оногдуулдаг. Гэтэл янхны газрын биеэ үнэлэгчид үүнд сэтгэл ханасангүй, өөрсдөөсөө мянган ногоон цуглуулаад харгис ковбойчуудыг алсан хүнд шагнал болгон өгнө гэж мужаар нэг зар тараачихав. Канзасын Ходжман гэдэг нутагт нэгэн бардам ихэрхүү залуу Munny гэгчийн гахайн ферм-д зочилж байна. Залуу өөрийгөө Жаалхүү гэж танилцуулаад хоёр ковбойг олж хөнөөгөөд шагналын мөнгийг авахаар явж буй гаршсан алуурчин боловч өчүүхэн төдий тусламж авахаас ерөөс татгалзахгүй тул хамтран ажиллаад мөнгөө ч хувааж авцгаах саналыг Munny-д тавина. Өмнө нь зартай алуурчин явсан Munny одоо тэнгэрт дэвшсэн эхнэрээ өдөр болгон боддог, хоёр бяцхан хүүхэдтэйгээ амьдардаг ядарсан эр болжээ.
Munny эхлээд татгалздаг боловч хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эцсийн удаа дахин нэг хүн алахаар шийдвэрлэх бөгөөд замдаа тэрээр дотно найз, мөн л урьд цагт аюултай алуурчин явсан Ned гэгчийг дагуулан гурвуул аян замдаа гарцгаана. Энэ зуурт, "Англи" Bob хочтой алуурчин мөн л шагналын төлөө янхны газарт ирээд байх агаад шериф Bill тэр хоёр бол эртний өстөнгүүд юм. Bob өөрийнх нь фен, бас намтарыг нь бичигч Beauchamp гэгч гэнэн зохиолчийг дагуулан явах, энэ гэнэн зохиолч Bob-н ярих үлгэр болгонд итгэн бичиж явна. Хотынхоо галт зэвсэгний эсрэг хуулийг хэрэгжүүлэхээр Bill нөхдүүдийнхээ хамтаар Bob-г гэнэдүүлэн барьж аваад шамиртал нь зодчихно. Маргааш нь нэвширтлээ зодуулсан Bob хотоос гутамшигтайгаар хөөгддөг ч Beauchamp хотод үлдэж Bill-н намтар бичигч болжээ. Bill намтар бичигчдээ, сайн буучин гэдэг бол хурдандаа бус тайван байж оновчтой буудахад оршино гэх мэтээр номчирхоно. Айхтар бороотой шөнө манай гурван шагнал горилогч хотод ирээд Skinny-н янхны газарт орно. Ned, Жаалхүү хоёр янхан авч зугаацаж байхад бороонд цохиулснаас болж халуурч байсан Munny дээр Bill нөхдийн хамтаар ирээд дахиад л хуулийн нэрийн өмнөөс түүнийг салам балбачихна. Ned, Жаалхүү хоёрт янхнууд тусалснаар тэд зодуулсан нөхрөө аваад амжиж зугтаана.
Хотын захад, Munny-г хэд хоног нэг биеэ үнэлэгч нь асарч тэнхрүүлнэ. Хэдэн өдрийн дараа манай гурвал өнөөх хоёр ковбойн нэг Davey-г отож байгаад алчихна. Энэ үед өөрийнхөө чадваргүй болсныг ухаарсан Ned бүгдийг нь чөтгөр аваг гэчихээд Канзас руугаа буцдаг. Гай болж Ned замдаа Bill-н залууст баригдаж, хатуу харгис байцаалтыг дийлэлгүй амиа алдана. Нөгөө талд Munny, Жаалхүү хоёр үлдсэн ковбой Mike-г хөнөөж амждаг. Тэд амжилттай зугтаж чадна, Жаалхүүгийн сэтгэл хөдөлж, архи ч уух ба үнэндээ огтхон ч хүн алж яваагүй, сая л хүн алж үзлээ гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэг биеэ үнэлэгч ирээд тэдний шагналын мөнгөгийг өгөхдөө найз Ned-г чинь шериф тамлаж алсан гэж хэлдэг. Munny буцаж очоод хариугаа авахаар шийддэг бол Жаалхүү ахиж хэзээ ч хүн алахгүй гээд замаа хөөнө. Munny шөнө хотод очно, янхны газрын үүдэнд Ned-н цогцсыг бусдад сэрэмжлүүлэг болгон тавьсан байв. Дотор Bill нөхдийн хамт цэнгэж байтал Munny гэнэт орж ирээд Bill болоод туслахуудыг нь нүд ирмэх зуур алж орхино. Киноны төгсгөлд Munny хүүхдүүдээ аваад Сан Франциско руу нүүсэн, тэндээ наймаа эрхлэн амьдардаг тухай өгүүлдэг. Уг киноны зохиолыг "Blade Runner" киноны зохиолыг Hampton Fancher-тай хамтран бичсэн David Webb Peoples бичсэн бөгөөд киноны концепт 1976 онд "The Cut-Whore Killings and The William Munny Killings" нэртэйгээр бүтээгдсэн байв.
Анхлан Francis Ford Coppola найруулахаар сонгоод байсан төслийг цааш хөгжүүлэх мөнгө босгож чадаагүй тул орхижээ. Eastwood бүр 1980-аад оны эхэнд кино зохиолыг олж авсан ч тэр даруй кино болгохоор хөөцөлдөөгүй байдаг, үүнийгээ тэрээр "Би эхлээд өөр зүйлс хийх ёстой гэж бодсон" гэсэн байдаг. Тэрээр "Англи" Bob-н дүрд Richard Harris-г тоглуулахын тулд өөрөө түүн рүү залгаж санал тавьсан гэдэг. Харин Gene Hackman харгис шерифийн дүрд тоглохоос эхэндээ татгалзаж байж, учир нь жүжигчний охидууд аавыгаа арай л олон хүчирхийлэлтэй кинонд тоглож байна хэмээн зэмлээд байсан ч Eastwood түүнийг ятгаж дөнгөсөн аж. Бусад анти-вестерн киноны нэгэн адилаар "Unforgiven" нь үндсэндээ эл жанрын уламжлалт өнгө төрх болох Америкийн Өрнөдийн ёс суртахууны хэвшсэн үзлийг дахин задлахад оршдог буюу кино зохиол нь Munny-н өнгөрсөнд аймшигтай согтуу алуурчин байсандаа шаналж явдаг болохыг үргэлж сануулж байдгаас харж болно. Кино бүхэлдээ Өрнөдийн классик сэдвийн урвуу өнгө төрхийг тусгадаг; баатрууд нь бурхнаас айдаг ариун өшөө авагчид бус янхнуудын шагналын мөнгөнд хөлслөгдсөн шагнал горилогчид байдаг билээ. Мөн өөрийгөө аймшиггүй алуурчид гэдэг дүрүүд нь үнэндээ хулчгар, сул дорой, өөрийгөө дөвийлгөгчид байдаг бол үлдсэн зарим нь бусдын амь авах байтугай өөрсдийнхөөг яая гэсэн хүмүүс байдаг билээ.
Өрнөдийн амьдралын харгис хатууг, балмад бүдүүлэг байдлын тухай огт ойлголтгүй зохиолчийн дүр энгийн гэмт хэрэгтнүүдийг алдаршуулан, баатар болгосон түүх бичдэг нь киноны том ёгт санаа юм. Хуулийг төлөөлж байгаа дүр нь өмнө нь буучин явсан нэгэн бөгөөд түүний шударга ёсны идеа нь гэнэтийн хийгээд өршөөлгүй байдаг, харин гол дүр Munny бол харгис хэрцгий зан авираа дарж барьж явсан ч найзынх нь үхэл түүнийг буцаагаад хуучны хүйтэн цуст алуурчин болгодог ба энэ нь Вестерн жанрын баатар заавал сайн залуу байх шаардлагагүй, харин ч ердөө амьд үлдэгч байж болохыг харуулдаг. Кино судлаач Allen Redmon Munny-г анти-баатар гэж тодорхойлоод "ёс зүйтэй эсхүл шархтсан баатрын хувьд тэрээр бүхий л саад бэрхшээлийг давж, шаардлагатай бүх аргыг ашиглаж муу муухайг устгадаг" гэж бичжээ. Эл бүтээлийг дүр хийгээд сэдвийн хувьд Хомерын "Илиада" туультай олон талаараа төстэй гэж үздэг. Энэ хоёр бүтээл гол баатрууд болох Munny, Ахилл хоёр хүчирхийллийн соёлоос түр татгалзаж, хамгийн дотно найзынхаа үхлээс болж хүчирхийллийн соёлдоо эргэн очиж буй өөртөө эргэлзэгчид юм. Тэд хувь тавилан ба эсрэг хувь тавилан гэсэн адилхан мухардмал байдалд ордог ба дайчин байх нь тэдний хувь тавилан, тэд дайчин байсаар үхнэ гэдгээ мэддэг ч хоёулаа үүнийг хэсэгхэн хугацаанд үгүйсгэхийг оролддог. Munny үргэлж өөрийгөө өнгөрсөнд аюултай алуурчин байсан, одоо өөрчлөгдсөн, дахиж тийм байхгүй гэж ярьдаг бол Ахилл сүйт бүсгүйг нь Агаменон хулгайлснаас хойш дахиж Грекийн төлөө тулалдахгүй гэж эрс татгалздаг.
Энэ хоёр дүр өнгөрсөн үеийн шалтгаанаар хүн алахыг хүсдэггүй (Ахилл дайчин бас Хаан, Munny бол гэмт хэрэгтэн) учир нь тэд шударга бустай учирагсад юм. Тэд хоёулаа "дээд" зорилготой буюу Munny эхнэрийнхээ хүслийг дагахын дээр хүүхдүүдийнхээ төлөө байдаг, харин Ахилл Агаменоны төлөө өөрийгөө золиослож байсан ч Агаменон өөрийнх нь бүсгүйг булаадаг нь шударга бус явдал юм. Гэсэн хэдий ч Ахилл-ын найз Патрокл, Munny-н найз Ned алагдахад л тэд уур хилэн, өш хонзонгоо авах хүсэлдээ автаж, дайчдынхаа хувь тавиландаа эргэн ирдэг. Ахилл Тройчуудыг хүйс тэмтэрдэг бол Munny "бяцхан" Bill-г нөхдийнх нь хамт алдаг. Гэхдээ мэдээжээр Хомерын тууль болон Eastwood-н кинонд онцлом ялгаанууд бий; тухайлбал Ахилл тулалдааны үед үхэх тавилан байхад Munny киноны төгсгөлд нутгаасаа нүүгээд амжилттай бизнес эрхэлж байна гэдэг; гэхдээ Munny дайчны хувь тавилангаа амжилттай даван туулсан эсэх, мөн наймаа эрхлэн амьдарсан нь эхнэрийнх нь хүссэн шиг байсан эсэх эргэлзээтэй билээ. Los Angeles Times сэтгүүл уг киног John Ford-н домогт "The Searchers" классикаас хойш хамгийн сайн Вестерн жанрын кино гэж тодорхойлсон байдаг аж. Шүүмжлэгч Richard Corliss "Энэ бол Eastwood-н олон арван жил ёс зүйтэйгээр үүрч ирсэн хөгшрөлт, нэр төр, эр зориг, байтарлаг шинжийн тухай бясалгал юм" гэжээ. Зарим шүүмжлэгчид, нэн ялангуяа Roger Ebert уг киног дэндүү урт, "Англи" Bob зэрэг илүүц дүр олонтаа гэж сөргөөр шүүмжилсэн байдаг.
Comments
Post a Comment