The Edge of Love (2008). Их Британийн нэрт яруу найрагч Dylan Thomas-н хувийн амьдрал хийгээд амьдарч байсан цаг үеийг нь харуулсан намтарчилсан, романтик, драм төрлийн бүтээл. Dylan Thomas хосгүй авъяастай, өдгөө ч дэлхийн хэмжээнд алдаршсан яруу найрагч байсан. Яруу найраг сонирходог, дурладаг хүн андахгүй буйзаа.. ердөө 39 настайдаа “бурхан” болсон найрагчийн хувийн ээдрээтэй амьдрал, хувь хүнийх нь хачин сонин араншинг, мөн түүнчлэн дэлхийн хоёрдугаар дайны үед хэрхэн амьдарч байсан гэх мэт үйл явдлыг кинонд тусгана. Хэдий намтарчилсан кино ч зөвхөн Dylan Thomas дээр төвлөрөхгүй, харин түүний эргэн тойронд болж байсан нийгэм, ертөнцийн амьдрал, түүнтэй холбоотой байсан хүмүүсийг түлхүү гаргах нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл Dylan Thomas яг ч киноны гол дүрээр гарахгүй.. харин түүнтэй хайр сэтгэлтэй байсан хоёр эмэгтэйг илүү тодотгож өгсөн.. Dylan Thomas бол хувь хүний хувьд нилээн “муу” хүн байж. Улаан архичин, шалиг, ер нь задгай найрагч.. харин үүн дээр гайхаад байх юмгүй биз. Ихэнхи алдартай яруу найрагчид тийм байдгаас хойш. Жишээн Манай Чойномтой зүйрлэж болох юмуу даа.. авъяас билгийн үүр, уурхай, хачин этгээд хүний хайрын ертөнц бас л хачин байж таарах болов уу.. кино товчхондоо: Dylan Thomas-н өсвөр насны хайр, онгод билэг нь байсан гуа үзэсгэлэнт найз нь бол Vera. Vera инээмсэглэсэн, сэргэлэн цовоо, эрч хүчтэй бүсгүй.. харин Dylan Thomas насанд хүрсэн хойноо хайрлаж дурлан, гэргийгээ болгосон бүсгүй бол Caitlin. Caitlin мөн л хосгүй гоёхон бүсгүй, тэвчээртэй, Dylan Thomas-д дэндүү хайртай.. багын найзууд Dylan Thomas, Vera хоёр олон жилийн дараа дахин уулзаж байгаагаар кино эхэлнэ.. Dylan эхнэртэй болсон бол Vera мөн цэргийн хүнтэй сууж, өөрөө дуучин болсон байна.. ингээд хос хосоороо уулздаг, гэрийн бүлийн найзууд болцгооно. Энэ үед Caitlin ч тэр, Vera-н нөхөр William-т ч тэр Dylan, Vera хоёрын харьцаа сэжиг төрүүлэм санагдаж эхэлнэ.. тэдний найзын харьцаа илүү дотно, өөр “хэлбэртэй” мэт байна.. магадгүй дэндүү сайн найзууд тийм “янаг” дотно байж болох? Ингэж байтал дайн эхэлж William фронт руу явна. Харин Dylan Vera-г хажуудаа авч эхнэрийн хамт гурвуулаа амьдарна..
дайнтай цагт хөөрхий ганц бие бүсгүйг хажуудаа авах нь сайн үйл мөн. Vera, Caitlin хоёр ч сайн найзууд болцгоосон байна. Харин Dylan-ны залуу насных нь дурлал, тачаал бүр мөсөн алга болоогүй байна. Тэрээр хоёр бүсгүйн дунд “эргэлдэж”, үүгээрээ онгод, урмаа тэтгэн, оюуны ажлаа хийнэ.. дайн дуусч William гэртээ ирсэнээр кино гол өрнөлдөө орно.. киноны гол дүрүүдэд энэ цагийн сайхан эмэгтэй жүжигчид болох: Sienna Miller, Keira Knightley хоёр мөн Peaky Blinders-н Cillian Murphy \өнөө цагийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг\ нар тоглосон.. олон судлаачид Sienna Miller, Keira Knightley хоёрын тоглолтыг үнэлсэн байдаг ба Keira Knightley-ын кино болсон гэж үздэг.. нөгөө гол дүрийн эмэгтэйд тоглосон Sienna Miller 2008 оны British Independent Film Awards-д шилдэг туслах дүрээр нэр дэвшиж байсан ба энэ дүрээрээ А зэрэглэлийн жүжигчин болохоо нотлосон гэдэг.. киног John Maybury найруулж, Sharman Macdonald зохиолын бичсэн ба Sharman Macdonald нь Keira Knightley-ын ээж юм.. киноны турш Keira Knightley өөрөө дуугаа дуулсан гэдэг.. эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн сул талыг, бүр хатуу хэлвэл, тийм боломжгүйг харуулсан гэж бодмоор.. эр, эм хүмүүсийн нөхөрлөл үүрд байдаггүй, зөвхөн тодорхой хугацаанд л оршдогийг нотлосон гэмээр. Харин эмэгтэйчүүдийн нөхөрлийг сайн талаас нь харуулсан шиг санагдсан. дажгүй зохиолтой, сайн зураглалтай, тун загварлаг кино.. үзээд эхлэхэд өөрийн эрхгүй татагдан орсон байна. Үзээд дууслаа, яахавээ, дажгүй кино, нэг тийм “юм” дутуу кино.. Гэхдээ тийм сайн кино биш.. гуч, дөчөөд оны амьдралын хэв маяг, орчин ахуй, гоё хүүхнүүд нүд булаам. Мөн гол нь Dylan Thomas- ын \түүний дүрийг Matthew Rhys дажгүй гаргасан гэж бодох\ сонирхолтой характер юм.. нэг үзэхэд харамсах зүйлгүй. Харин насанд хүрсэн байх хэрэгтэй.
The Survivalist (2015). Дэлхий дээр өргөн хүрээний гамшиг, тахал юмуу цөмийн дайнаас болж уу, шатахуун хомсдож, хүнс тэжээл барагдсан тамын өдрүүд иржээ.. өөрөөр хэлбэл, ан амьтан буюу мах гэдэг зүйл нүдний гэм болж, хүн төрөлхтөн өлсгөлөнгийн үед ирсэн байна.. эдийн засаг, төр улс гэсэн ойлголт нэгэнт үгүй болж, ширэнгэн ойн хууль болох амь амиа бодоорой хийгээд хүчтэйн хүчгүйгээ ялан дийлж, хүссэнээ хийх эрх чөлөө олдсон харанхуй, аймшигт үе иржээ.. өгүүлэн буй кино маань яг ийм үед амьдрах нэгэн эрийн \гол дүрийн нэр гарахгүй, харин Survivalist гэж гарах тул би энд амь гарагч гэж бичлээ\ ойн гүнд хэрхэн амь гарахаар тэмцэж буй тухай гарна.. амь гарагч маань гуч л хүрч яваа гэмээр бие бялдар сайтай, сэргэлэн ухаалаг залуу ба ойн гүнд ганцаараа долоон жил амьдарсан тэрээр хоёр тасалгаа бүхий аятайхан модон байшин хийснээс гадна байшингийнхаа эргэн тойрон янз бүрийн жимс, ногоо, үр тариа ургуулах бяцхан тариан талбайтай ч болсон харагдана.. амь гарагч өөрийн баас, шээс болон үрийн шингэнээрэй жимс, үр тариагаа бордох агаад бяцхан тариан талбайгаа ингэж л амь шигээ хайрлахгүй бол удахгүй идэх юмгүй болохоо ухамсарлана.. түүний амин сууц хөөрхөн хамгаалалтын бэхэлгээтэйгээс гадна тогоо шанагаас өгсүүлээд ор, ширээ, сандалтай.. амь гарагч хутга болон хоёрхон сумтай винтов, бас нэгхэн сумтай гар буугаар өөрийгөө өвч зэвсэглэжээ.. ийнхүү, манай хүн амар тайван, хааяа нэг хүүхний зураг харж гар хангалга хийчихээд санаа амар амьдарч байтал түүн дээр хоёр эмэгтэй ирсэнээр бүх зүйл орвонгоороо эргэнэ.. хүрэлцэн ирсэн хоёр эмэгтэй харваас сул дорой, зэвсэггүй бөгөөд өөрсдийгөө ээж охин хоёр гэж танилцуулж тусламж хүснэ.. ядарсан хоёр эмэгтэйн ээж нь болох эмэгтэйг Катиа гэх ба тавь гарсан энэ эмэгтэй насандаа баймгүй хурдан шаламгай, хөнгөн шингэн, харин охиныг нь Милиа гэх ба хорь лав хүрээгүй энэ охин зүс царай, бие хаа сайтайг онцлоё.. эмэгтэйчүүд хүнс болон ганц хоног толгой хорогдуулаач хэмээн гуйхад амь гарагч сэрэмжлэн үл зөвшөөрнө. Үүнд эмэгтэйчүүд гайхсангүй, харин оронд нь секс буюу Милиатай нэг шөнийг өнгөрүүлж хариуд нь хүнс өгөхийг санал болгоно.. амь гарагч саналыг зөвшөөрч тэр өдөртөө эмэгтэйчүүдийг цадтал хооллож, өөрөө шөнөжин Милиатай жаргана..
ингээд маргааш болоход амь гарагч эмэгтэйчүүдийг яв гэхэд нь Милиа залуугийн сахлыг хусан цаашид халамж, энхрийллээр жаргааж чадна гэдгээ илтгэнэ.. үүнд ямар ч эр барьц алдах нь мэдээж бол эмэгтэйчүүд хоолтой, дулаан газар байхыг илүүд үзэн юу ч хийхэд бэлэн байв.. ингээд тэд хамт амьдарч эхлэх бөгөөд эхэндээ амь гарагч эмэгтэйчүүдийг бууны аман дор харгалзан байсан бол сүүлдээ итгэн хамаа намаагүй болно.. амь гарагч Милиа хоёр хамт унтах бол Катиа нөгөө тасалгаанд унтана.. энэ үед Катиа залууг хөнөөж охины хамт байрыг болон хүнсийг эзэмшихээр шийднэ, учир нь хүнс хомсдсоор байлаа.. эх охиндоо хэлнэ: ямар нэгэн аргаар винтовны хоёр сумыг хулгайл гэнэ, охин ч нэг шөнө үүнийг бүтээнэ.. ингээд маргааш болж Милиа гол явж усанд орох зуур амь гарагч Катиа хоёр үлдэнэ.. Катиа сумгүй буутай амь гарагч руу дайрахаар бэлдэж байтал амь гарагч гэнэт танихгүй хүний хөлний мөр байна гэж хэлнэ.. план өөрчлөгдөхөд Милиаг нэг эр дайран довтлож байдаг агаад амь гарагч яаран сандран охиныг аврахаар очтол буун сумгүйг мэдэн бүхнийг агшин зуур ойлгоно, гэвч энэ бүхэн оройтсон буюу манай эр гэдсэндээ буудуулж унахдаа эцсийн мөчид дайснаа хөнөөж амжина.. үхлүүт шархдсан амь гарагчийг аврахуу, алахуу гэдэг асуулт эмэгтэйчүүдэд тулгарах ба өөрсдөд нь сайн хандаж, нэн гол нь охин Милиа залууд хайртай болсон учир эхийгээ ятган амийг нь аварна, үүнд Катиа сэтгэл дундуур үлддэг.. тийнхүү өдрөөс өдөрт амь гарагч маань илаашран эдгэх бөгөөд гурвуул хамт хөдөлмөрлөж, хамт аж төрнө.. гэтэл тайван амьдрал их удсангүй, нэг шөнө хэдэн зэвсэглэсэн эрчүүд дайрах бөгөөд манай гурав хүчээ нэгтгэн байж аюулгүй амьд үлдэцгээнэ.. уг явдлаас хойш Катиа охиноо хамт явъя, наадахыг чинь алчихъя хэмээн ахин охиноо ятгана, учир нь, хүнс ер нь дуусч байлаа.. эх охин хоёр залуугийн хоолонд хор хийхээр төлөвлөх ба төлөвлөгөөт өдөр ч ирж хоолоо идэцгээхэд харин залуу биш эх хордоно, Милиа залууд үнэхээр хайртай болсноос гадна жирэмсэн болсон байв.. эх нөхцөл байдлыг ойлгож өөрийгөө нэгэнт үхэх тул буудаж сум үрснээс хутгалж ал гэж хүснэ.. хойд Ирландын кино найруулагч Stephen Fingleton-ын зохиолын бичиж, мөн найруулсан маш сонирхолтой пост апокалиптик болон футурист триллер энэхүү киноны жүжиглэлтийн чадвар сайн болсон бөгөөд нууцлаг, зэвүүн уур амьсгалаараа үзэгчээ ховх сорж чадсан ховорхон триллер болой.. маш сайхан уран зураглалтай уг кино нь энэ цаг үеийн хамгийн сайн бас үнэмшилтэй пост апокалиптик киноны нэгээр зүй ёсоор нэрлэгдэнэ.. киноны гол дүрүүдэд Mia Goth, Martin McCann болон Olwen Fouéré гэсэн Англи, Ирландын жүжигчид тоглосон.. сонирхуулахад, киноны 17:05 хүртэл огт харилцан яриа гардаггүй..
Spring on Zarechnaya Street (1956). Зөвлөлт холбоот улс.. байнга салхиар үлээж байдаг нутагт залуу мөртлөө үзэсгэлэнтэй Tatyana хэмээх идеалист, ухаалаг бүсгүй багшаар ирнэ.. орон нутгийн хүнд үйлдвэрлэлийн ажилчдад оройн цагаар оросын утга, уран зохиолын хичээл орохоор томилогдсон нь энэ бөлгөө.. Tatyana-гийн сурагчид бол ажилчин ангийн, амьдрал үзсэн хүмүүс байна.. энэ дунд жирэмсэн хүүхнээс авхуулаад яруу найрагч хүртэл бүхий л төрлийн хүмүүс байх бөгөөд насны хувьд үе тэнгийн үхэр хоньтонгууд юм.. эчнээ ангийн сурагч, үйлдвэрийн ажилчин Sasha шинэхэн багшдаа анхны харцаар дурлана.. сэтгэлтэй болсоноо үг, үйлдэл болгоноороо илэрхийлэх боловч Tatyana үүнийг нь байж болохгүй, ёс суртахуунгүй гээд үл тооно.. үүний хажуугаар Tatyana-г ирэхээс өмнө Sasha-тай “явдаг” байсан Zina хэмээх бүсгүй, мөн Tatyana-гийн багын найз Yura нар гол дүрүүдийн маань хооронд яггүй садаа болно.. жижиг зүйл үргэлж том зүйлийн урьдач болдог шүүдээ.. хэдий Tatyana дургүйцавч аажмаар өөрийг нь гэх цуцашгүй дотно сэтгэлт бууж өгөх бөгөөд ахиж энэ бүхнийг хүчээр эсэргүүцэж чадахгүй болсоноо мэдэрч Sasha дээр очно.. энэ харин хожимдсон ухаарал болсон байна.. Sasha аль хэдийнээ түүний хүйтэн, үл тоомсорлосон занд гомдож, Tatyana-д дургүй болсон байна.. ингээд хайрын зөрчил маань үргэлжилсээр киноны төгсгөлд хүрч ирнэ.. төгсгөлийн сценийг ярих юмуу бичих хэрэггүй бөгөөд боломжгүй мэт.. үнэнхүү үзэсгэлэнтэй тэр төгсгөлийн хэсэгт өгүүлэх зүйл үзэгчийн, зөвхөн тэр хүний л оюун ухаанд, сэтгэл дотор үлдэж, мөн үргэлжлэх билээ.. ерөөсөө үзэгчийн хэрхэн төгсөөсэй гэсэн тэр хүсэлд таарсан төгсгөл болжээ.. зөвлөлт холбоот улсын кино урлагийн алтан эринд хамаарагдах бүтээл.. одооны Гүрж улс, тэр үеийн ЗХУ-н шилдэг найруулагч Marlen Khutsiev-н онцгой бүтээлүүдийн нэг.. жинхэнэ мелодрам.. соц-реализм бүтээл.. кино дээрх салхи шуурга магад залуу нас, хайр сэтгэлийг бэлгэдсэн байх.. мөн киноноос хувь хүний моралийн чанарыг харж болно.. тэр үед ямар сайхан моралтай, яасан сайхан цэвэр ариун явдалтай байгаа вэ дээ.. нөхөрлөл болон хайр дурлал соц нийгэмд ямаршуу байсныг өнгөтөөр харуулж, мэдрүүлэх кино.. амттай хайр дурлал даа.. аливаа үзэл санаа хийгээд хайр дурлал ч өөрийн гэсэн цаг нартай байдаг юм.. сэтгэлийн нарийн мэдрэмж, хайрын торгон мэдрэмж хуучирч, хоцрогдож болохыг, бас сануулсан гэмээр бүтээл. Гол дүрийг бүтээсэн Nina Ivanova-г магтая..
Show Me Love (1998). Шведийн Åmål хэмээх жижигхэн хотод 16 настай Agnes (Rebecka Liljeberg – Шведийн жүжигчин) охин гэр бүлийнхнийхээ хамт нүүж ирээд дөнгөж хагас жил болоход охины амьдрал там болж хувираад байлаа.. угаасаа бүрэг ичимхий, ноомой, бас царай муутай өсвөр насны охиныг ангийнхан нь үл тоож, гоочилно.. найз нөхөдтэй болж, хөвгүүдийн хараанд өртөж болзоонд явахыг хүсэвч зожгоосоо болж улам ганцаардаж, өрөөндөө бүгнэ.. Agnes-ын ангид Elin \Alexandra Dahlström - Шведийн жүжигчин \ гэх бүх талаараа Agnes-ын эсрэг болсон охин байх ба Elin бол хөгжилтэй, дураараа, нийтэч бас болоогүй хөөрхөн, ангийнхаа “од” нь байв.. харин Elin-ын дотно найз Jessica Elin \ Erica Carlson- Шведийн жүжигчин \ бол үеийнхэнээ бодвол юм юм үзчихсэн, их сургуулийн залуутай үерхдэг охин.. Jessica, Elin хоёр нийлэхээрээ ангийг доргиож, хөвгүүдийг байлдан дагуулдаг “дийлдэшгүй” охид болой.. тийнхүү байтал Agnes-ын төрсөн өдөр тохионо, гэтэл тэр өдөр нь давхар ангиараа үдэшлэг зохиохоор болдог нь албаар юмуу гэмээр сэжигтэй давхцана.. Тэгсэн ч, тэгээгүй ч хөөрхий Agnes-ын төрсөн өдөрт хэн ч ирэхгүйг охин мэдэж байвч эцэг эх нь охиноо гунигтай байгааг найзгүй болсонтой холбоотой гэж ойлгоод төрсөн өдрөөр нь гэртээ үдэшлэг зохиож далимад нь охиноо найзуудтай болгоё гэж боддог.. үүнийг Agnes эсэргүүцэж байсан ч эцэстээ үгэнд нь орно.. гайт өдөр ирэв. Ангийнхантайгаа, хөвгүүдтэй зад наргина гэж бодож байсан Jessica гэртээ үлдэх хориог ээжээсээ авна.. Jessica найз Elin-гаа дуудаж хамт байх бол нөгөө талд бөөн хоол унд хийж бэлдсэн Agnes болон түүний гэрийнхэн зочдоо хүлээнэ. Хүлээж суутал ангийнхан суумгай бас нэгэн гологдмол охин л зөвхөн ирэх бөгөөд сэтгэл гаргаж ирсэн тэр охиныг Agnes гомдож бас доромжлуулсандаа болоод харааж, загнасаар гэрээсээ хөөчихнө. Муу нь муудаа дээрэлхүү гэдэг дээ.. харин нөгөө талд уйдсан хоёр охин уулзах ёстой залуусаа бодохын дээр уух хүсэлдээ автагдаж шанална.. гэнэт Agnes-аас урилга ирсэнийг санаж, тэнд очвол уйдахгүй, муу шоовдорыг дээрэлхэж тоглохын дээр уучих юм олдоно гэсээр төрсөн өдөр рүү нууцаар явцгаана. Гэнэт зочид буюу ангийнхан од охид ирэхэд Agnes-аас гадна найрын ширээгээ хурааж байсан эцэг эх нь учиргүй баярлан дарс барьж хөл алдана.. уусан дарсандаа халсан Jessica Elin-ын чихэнд “Agnes-г бүгдээрээ лесби гэлцдэг, чи түүний уруул дээр үнсвэл би чамд төдий хэмжээний мөнгө өгье” гэж мөрий тавилцана..
нэгд. Мөрий тавьсандаа, хоёрт. Agnes-г чадах гэсэндээ үнсчихээд (нэлээн нухцтай) охид зугтчихдаг.. өөрийг нь тоож ирсэнд баярлаж суусан Agnes цочирдохын ихээр цочирдож, бас маш ихээр гутарна.. Elin зугтах явцдаа гэмшиж эхлэх ба буцаж очоод уучлалт гуйя гэхэд найз нь зөвшөөрдөггүй. Ингээд охид ангийнхан дээрээ очиж ууж эхэлдэг.. согтсон Elin-нд нэг л гэм буруутай, моралгүй санагдаад болдоггүй, охин шөнө дөлөөр найзуудаасаа зугтан байж Agnes-ын тагтан дор ирж цонхруу нь чулуу шидэж уучлалт гуйна. Яг энэ мөчид үхтлээ гомдож амьдрах хүсэлгүй болсон Agnes амиа хорлохоор завдтал цонх нь дуугардаг.. ингээд Elin уучлалт гуйж, Agnes ч өршөөнө. Охид өглөө болтол юм ярилцаж гадуур явна. Энэ үеэр Agnes-ын ухаантайг Elin мэдрэх бол Elin үнэндээ байдгаасаа шал өөр, жинхэнэ ганцаардсан хүн бол тэр болохыг Agnes ойлгоно.. охид салах мөчдөө тоглоомоор биш харин жинхэнээсээ үнсэлцчихдэг, мөн дахиад уулзана, утсаар ярина гэж салдаг.. маргааш нь Elin нийлдэг найзуудаасаа ичиж Agnes руу залгадаггүй ба дотроо түүнийг мөрөөдөвч тэссээр байдаг.. Agnes харин гүн дурлажээ. Анхны үнсэлтийг өгсөн охиныг өдөр шөнөгүй хүлээж, дурласны бүх шинж тэмдэг түүн дээр илэрнэ.. киноны төгсгөлийг сонирхолтой байлгах үүднээс орхилоо.. өсвөр үеийнхний амьдралыг харуулсан өчнөөн олон кино үзэж байсан ч үүн шиг зөөлөн, сэтгэл татам кино ховор байсан бөгөөд задгай секс сценгүй, хэтрүүлсэн маяггүй өсвөр насныхныг байгаагаар нь бас сэтгэлийн дотоод зөрчил, бодролыг энгийнээр дүрсэлсэн сайн бүтээл болжээ.. кинонд манай тал, эсрэг тал гэж байхгүй агаад аль ч улс орны өсвөр насныхны жаргал хийгээд зовлон, мөн өсвөр үеийнхний секс төсөөлөл хийгээд мэдрэхүйг ойроос бодитойгоор чадварлаг зурагласан ба эротикийг “хүүхэдтэй” ийм цэвэрхэн, гэхдээ дэндүү бодитоор зурагласан кино ховор.. гэхдээ энэ бүтээлд секс бараг гарахгүй, сексийн талаарх кино биш харин өсвөр насныхныг ойлгуулах гэж оролдсон бүтээл ба үүний нэг тод жишээн Agnes-ын ээж, аавын сайхан сэтгэлээс харагдана.. 2013 оны Канны наадмын дээд шагнал хүртсэн “Blue is warmest color” (дэндүү задгай кино) кинотой харьцуулахад арай хөнгөн, “хүүхдийнх” ба холливуудын “teenager” кинонуудаас өөр буюу илүү дээр гэж үзэж байна.. тус кино нь Шведийн кино найруулагч Lukas Moodysson-ын \ 2007 онд The Guardian сонин түүнийг дэлхийн хамгийн шилдэг кино найруулагч жагсаалтынхаа арван нэгдүгээрт нэрлэсэн\ анхны бүтээл ба тэрээр хар залуугаасаа роман, яруу найраг бичиж танигдсан жинхэнэ урлагийн хүн болой.. яриа байхгүй хамгийн сонирхолтой, бас гэнэн хайрын түүхийг үзүүлэх энэ кино ерээд оны шилдэг киноны тоонд орох ба уг бүтээлийг 14 насандаа заавал үзэх ёстой тавин киноны тоонд оруулдаг, мөн лесбиан хамгийн шилдэг 10 киноны тоонд багтдаг.. сонирхуулахад, эл бүтээл Оросын алдартай охидын хамтлаг t.A.T.u. үүсэн байгуулагдахад гол нөлөө үзүүлжээ..
Serendipity (2001). Салхи шууран, цас орсон Нью Йорк хот.. аль хэдийнээ зул сарын уур амьсгал орж, хот гацуур мод, гоёл чимэглэлээр гангарчээ.. Bloomingdale's гэх их дэлгүүрийн ноолууран хувцсаны тасагт Jonathan, Sara хоёр ганцхан ширхэг үлдсэн ноолууран бээлийг худалдаж авах гэж байгаад харц тулгарна.. энэ харц бол дурлалын харц байлаа.. Jonathan бээлийг найз охиндоо авах гэж байсан бол Sara мэдээж өөртөө.. хоёр биендээ татагдсан залуус бөөн инээдэм хөөр болсоор нэг газар сууж зайрмаг идэнгээ ярилцахаар болно. ингээд тэд Serendipity \азтай байдлаар нээлт хийх гэсэн утгатай\ гэх газар орно.. хоёр биендээ заяагдсан улс гэдэг нь харилцан ярианаас нь аль алинд нь мэдрэгдэнэ.. Sara мөн л ганц биш найз залуутай байх бөгөөд бүсгүй зурсан зураг, төөрөг заяа гэгчид итгэдэг гэдгээс авхуулаад өөрийнхөө талаар танихгүй эрд ярьж гарна.. Jonathan анхааралтай ярьж суухдаа бүсгүйг заяаны хань нь гэдгийг мэдэрнэ. Тэд энэ уулзалтаа хувь заяа гэж үзэн бүхий л шөнийн \сексгүй\ турш цагийг романтик өнгөрүүлцгээнэ.. ингээд дугаараа солилцох болоход Sara-н дугаараа бичиж өгсөн цаас салхинд хийсчихнэ.. бүсгүй үүнийг муу ёрын дохио гэнэ.. хэтэрхий мухар сүсэгтэй Sara-д нэгэн санаа орж ирнэ.. энэ нь, үнэхээр л тэд учрах тавилантай бол учрах ёстой гэсээр таван доллар дээр Jonathan-ны дугаарыг бичүүлж авангуут “ТҮЦ” орж бутлуулна. Тэгсэнээ өөртөө байх ном \ Г. Г. Маркесын "Тахлын үеийн дурлал" гэдэг ном байдаг\ дээр өөрийнхөө дугаарыг бичиж номоо номын дэлгүүрт зарчихна.
Ийнхүү бид хоёр дахин учрах буюу хамт байх хувьтай бол эдгээр ном болон мөнгөнөөс дугааруудаа олох болно гээд гэр\ Сан Франциско \ руугаа явчихна.. хэдэн жилийн дараа Jonathan найз хүүхэнтэйгээ хуримлахад цөөхөн хоног дутуу, мөн энэ үеэр Sara ч хуримандаа бэлдэж байв.. гэхдээ тэд энэ хугацаанд хэзээч биесээ мартаагүй ба хурим ойртох тусам хуримлах хүндээ хайртай эсэхдээ эргэлзэж, тэр нэгэн илбийн мэт өнгөрсөн үдшээ санацгаана.. Jonathan аль таарсан номын дэлгүүрт орж "Тахлын үеийн дурлал" номыг хуудсыг эргүүлэх бол Sara таван долларын дэвсгэр бүрийг ажиглана.. Jonathan сайн найздаа бүх учраа хэлэхэд найз нь түүнд эхнэр болох хүүхэн чинь үзэсгэлэнтэй, хөгжилтэй, ухаалаг чамд түүнээс салах шалтгаан алга гэнэ.. гэтэл Jonathan найздаа тайлбарлахдаа одооны найз хүүхэн нь “загалмайлсан эцэг” нэгдүгээр анги харин Sara бол “загалмайлсан эцэг” хоёрдугаар анги гэдэг.. үүнээс илүү тайлбарлал гэж байхуу? залуус хурим болохоос хэдхэн хоногийн өмнө нэг өрөөсөн бээлий болон бээлий худалдаж авсан баримтын \ноолууран бээлийг Sara авсан тэр өдөр\ хамт Нью Йорк хот, тэр дундаа Serendipity кафе руу бөөн итгэл найдвар тээсээр азаа үзэн явна.. нөгөө талд алдартай хөгжимчин найз залуудаа хайргүй гэдгээ цаг өнгөрөх тусам мэдрэх болсон Sara мөн л найз хүүхнээ уран татан амьдралаа мөрийтэй тоглоом болгож, сайн мэдэхгүй залуугийн төлөө мэдрэмж, сэтгэл, хувь заяагаа дагасаар Нью Йорк хотын Serendipity руу аялна.. гайхалтай романтик шинэ жилийн \ зул сар\ кино.. хэдий классик хэмжээний биш ч хайр сэтгэл хийгээд хөгжөөнтэй хөнгөхөн өгүүлэмжээрээ заавал баяраар \валентинаар ч болно\ үзүүштэй кино.. бусад шинэ жилийн \ зул сар\ кинонуудыг бодвол илүү романтик ба үүгээрээ хосууд үзэхэд зохимжтой болов уу. Үзэгч 91 минут Jonathan болон Sara-гийн хамт тэднийг дахин учруулчих гээд хажуугаар нь инээж, мөн баярын сайн сайхныг мэдэрнэ.. найруулагч Peter Chelsom-ны энэхүү бүтээл өдгөө зул сараар үзэх кино жагсаалтад байнга ордог болжээ.. гол дүрүүдэд John Cusack болон Kate Beckinsale нар тоглосон. Kate Beckinsale уг кинонд үнэнхүү “амттай” харагддагаас гадна сайн ч тоглосон.. киноны хөгжмийг алдарт Alan Silvestri \Back to the Future трилогийн хөгжмийг бичсэн\ бичжээ.. ямар ч найдлагагүй, ирээдүйгүй байсан ч заримдаа зүгээр л зүрх сэтгэлээ, өөрөөр хэлбэл зөн совингоо дагавал яасан юм бэ?
My Joy (2010). Georgy гэх залуу нэг хотоос нөгөө хот руу ачааны тэргээр гурил зөөдөг ажилтай нэгэн.. зуны нэг өдөр тэрээр эхнэртэй мөнгө үлдээгээд заншсан ажилдаа гардагаараа гарна.. эхнэрээ орхин гарч байгаагаас нь харахад хосуудын хооронд ан цав гарсан юмуу гэмээр бөгөөд үүрд явж байгаа мэт санагдалууна.. Georgy-н замын адал явдал замын цагдаагийн постоос эхэлнэ.. цагдаа түүнийг шалтгаангүй саатуулна, ингэх нь мөнгө салгах гэсэн атгаг санаа мэт.. Georgy-н урд нэгэн залуухан бүсгүйг саатуулсан ба агаад тэд бүсгүйг байшин руу авч орно.. бичиг баримтаа авахаар Georgy байшин руу ороход бүсгүй цагдаа нартай сексдэж буй мэт байдаг.. бичиг баримтаа аваад машиндаа эргээд суутал машинд нь нэг гуйлгачин өвгөн сууж байна.. өвгөн замд дайгдая гэхдээ замдаа сонин сайхан явдал ярьж өгье гэнэ.. өгвөн ярьж байна: “ залуудаа Берлинд байлдаж явсан ахмад дайчин ажээ.. өвгөн Берлинээс Москва харих гэж байтал орос цэргийн дарга түүнийг саатуулж, уйтгартай байна, хамт архи ууж хөгжилдэе гэж.. тэд архи уунгаа дуулцгааж, мөн зовлон жаргалаа ч ярина. Дарга харьж яваа цэргээс \өвгөн\ чемодандаа юу авч явааг асуухад, хариуд нь найз хүүхэндээ даашинз авч яваа гэнэ. Дарга харахыг хүснэ, чемоданаа задлахад үнэхээр ч нэг дэгжин даашинз байхаас гадна бас нэг нацист цэргийн дүрэмт хувцас байна, үүнийгээ харьж яваа цэрэг хариад хар бор ажилд өмсөхөд зориулж авсан, сайн чанарын даавуутай юм гэдэг.. маргааш нь галт тэрэгний буудлаас яг хөдлөх гэж байхад өнөөх дарга ахин ирж чемоданаа өг эс бөгөөс барьж хорино гэдэг. Ингээд чемодантай бүх юмаа өгчихөөд хов хоосон галт тэргэндээ суусан цэрэг уурандаа өнөөх дарга руу зөрж өнгөрөх мөчид буудаж орхино”.. өвгөний яриа ингээд дуусах үед Georgy бензин авахаар зогсоно.. харин бензин дууссан гэх хариу аваад эргээд машиндаа суухад өвгөн ул мөргүй алга болсон байна..
Georgy цааш явж байгаад өсвөр насны арван тав, зургаа орчим насны биеэ үнэлэгч охинтой таарна.. Georgy охиныг авч явсан хоол ундаараа дайлаад, нэмээд мөнгө өгч өнөөдөртөө гэртээ харь гэнэ.. харин охин үнэгүй, зүгээр мөнгө авахгүй, энэ нь өөрийг нь басамжилсан, доромжилсон хэрэг хэмээж мөнгийг нь нүүр лүү шидчихээд арилж өгнө.. Georgy цааш явсаар, шөнө болж улмаар төөрнө, тариан талбайн дунд машинтайгаа хоноглохоор болно.. шөнө дунд түүн руу гурван тэнүүлчин дайран алж орхино.. тэнүүлчид цэвэр шуналын сэдлээр хэргээ хийх ба машин гурил ачсаныг хараад харамсана.. 127 минут үргэлжлэх эл киноны маань нэгээхэн хэсэг иймэрхүү өрнөнө.. кино маань зам дагасан амьдрал, салаалсан зам шиг салангид олон хэсгээс бүрдэнэ.. хэсэг бүр түүхийн он цагаараа ялгарах ба өгөх санаа нь харин ижилхэн: атаа жөтөө, авилга хээл хахууль, шунал, бусармаг хүсэл тачаал гэсэн бурхны номоор бол хамаг муу бүхнийг үзүүлнэ.. Украйны кино найруулагч Sergei Loznitsa-н энэхүү кино гүн гүнзгий бодролын чанартайгаараа онцлог.. дээр дурдсан бүхнийг үзэгч яг өөрийнхөө нүдээр үзэж буй мэт дүрслэсэн зураглаач Oleg Mutu -н ажил үнэнхүү бишрэмээр.. Sergei Loznitsa бол баримтад киногоороо алдаршсан нэгэн.. тийм ч болоод уу, уг кино баримтад кино мэт санагдаж болно.. найруулагч Орос даяар аялж явахдаа олж сонссон яриа, түүхүүдээсээ санаа аван уг киногоо бүтээжээ.. ингэхдээ зарим жүжигчдээ нутгийн энгийн иргэдийг оролцуулсан байдаг нь улам киног амьд болгоно.. зам бол амьдрал, тэгвэл энэ хүмүүний амьдралын доторх салаалсан сайн муу олон замыг тольдон үзэх мэт.. Орос хэл дээр бүтээгдсэн шилдэг киноны тоонд орох ёстой кино..
Love Me If You Dare (2003). Маш их сахилгагүй, ээжээсээ бусад хүнд ад үзэгдсэн Julien гэх хөвгүүн үндэс угсаагаарай хавь орчиндоо мөн л ад үзэгдсэн Sophie гэх охинтой танилцсанаар кино эхэлнэ.. Julien-ны ээж удалгүй өвчний улмаас бурхан зүг одно.. сэтгэл санаагаар ихэд унасан хөвгүүнд ганц хань болох хүн нь Sophie байна.. охиныг ганцаардаж байхад найзаа болгосон хөвгүүнд ч охин дотно хандана.. ингээд тэд бүр хар нялхаасаа найзлаж, нөхөрлөнө.. Julien-ны ээж нас барахдаа түүнд нэгэн эгшигт хайрцаг өгнө.. ямар учиртай хайрцаг вэ гэвэл, энэ нь нэгэн харилцан тоглодог тоглоомны симбол \бэлгэдэлт тоглоом\ болох хайрцаг ба хүү ээжтэйгээ энэхүү тоглоомоор тоглож өссөн юм.. хүү ч тус хайрцагаа дотно найз Sophie-д үзүүлж хамтдаа тоглож эхэлнэ.. тоглоомны дүрэм маш энгийн мөртлөө харгис.. тоглогч этгээд эсрэг тоглогчоороо юу хийлгэхээ түүндээ хэлээд хайрцгийг өгнө, хайрцгийг хүлээж авсан тоглогч дүрмийн дагуу хэлснийг нь юу ч байсан гүйцэлдүүлээд эргүүлээд хайрцгийг өгөхдөө хүслээ буюу эсрэг этгээддээ хийх ёстой зүйлийг нь давхар хэлнэ.. ийм маягаар тоглоом үүрд үргэлжлэх ба эцэс төгсгөл үгүй юм.. өгүүлсэн ёсоор хоёр хүүхэд маань уг “тэнэг” тоглоомоор наадсаар насанд хүрэх бөгөөд тоглосоор л байна.. хүүхдийн дэггүй тоглоомоос халин гарч амьдралын нэг хэсэг, оршин байхуйн утга учир болтлоо уг хачирхалтай тоглоомоо тэд тоглоно.. жишээн Julien-нд өгсөн Sophie-гийн нэгэн “даалгавар” нь: сургуулийн онц сурагч охинтой секс хийхийн дээр ээмэгийг нь авчрах байх жишээний бол харин Sophie-д хөхөвч болон дотоожтойгоо гадуур явж чадах эсэхийг нь шалгаж байх даалгаварыг залуу өгөх мэт..
Энэ мэтчлэн, хэн хэнийхээ шарыг малтаж, бие биенийхээ дээр гарах гэсэн хүүхэд насны л тэр өрсөлдөөнд тоглоом нь нэг мэдэхнээ хоёр биеийнх нь салшгүй нэг хэсэг болсныг ухаарна.. бага нас болон өсвөр насандаа тоглоомны амт нь аль нэгнийгээ муухай сайн чадаж, эргүүлээд нөгөөх нь хариугаа авах маягаар байдаг байсан бол насанд хүрсэн хойно энэ бүхэн нь утгаа алдаж, тоглоом лавширч, нас ахих тусам тэдний тоглоом харгис, өршөөлгүй, мөн туйлын тэнэг болохын дээр тэдний харьцааг устгаж байв.. түүнчлэн, энэ хооронд тэд бие биедээ дасч, дотоод зүрхэнд нь арилшгүй хайрын тамга сийлэгдэж байв.. хар нялхаасаа үерхэсэн хос хоёр тоглоомны гайгаар хэн хэндээ бууж өгөхгүй гэсэн хор шар эгнэгт суусан байх ба аль хэдийнээ, хоёр талаас гал халуун хайраар хоёр биедээ татагдавч түүнээ ил гаргахгүй.. ингээд мэдээжээр, тоглоом нь шоглоом болж, үйл явдал хурцадсанаар “дэлбэрэлт” болно.. эцсийн эцэст бүсгүй маш их гомдож үлдэх бол залуу энэхүү тэнэг тоглоомноосоо болж ааваасаа тангараг тасарна.. хоёр талаас тэнцүүхэн хийгээд маш их хайр байгаад, орчин нөхцөл болон цаг үеийн “буруу” тохирооноос болж хамтдаа байх боломжгүй хайр байдаг билээ.. мөн жаахан гэж бодсон тэрхэн асуудал тэр үедээ л том болж, хор учруулж чаддаг шүүдээ.. ингээд олон жилийн дараа Julien хоёр хүүхэдтэй, бас сайхан эхнэртэй болсон байна.. нөгөө талд Sophie алдартай хөлбөмбөгчний эхнэр болж, хангалуун сайхан аж сууна... ингэлээ гээд тэд хоёр биесээ мартаагүй бөгөөд тоглоомоо дахин тоглохоор шийднэ.. энэ бүтээл 21 зууны хамгийн оригнал \зохиолын хувьд анхдагч\ хайрын талаарх өгүүлсэн киноны тоонд багтана.. Бельги болон Францын хамтарсан драм, бараан комеди төрлийн бүтээл.. найруулагчаар францын кино урлаач Yann Samuell ажилласан ба түүний хувьд одоогоор лав л оргил бүтээл нь... хайр хэмээх аугаа зүйлийн талаар олон мянган киноноос эрс ялгарч, ой ухаанд чинь шинэ “хайр” цогцлоох бүтээл бөгөөд хайраас давсан зуршил хийгээд орчны нөхцөлдөө улааран донтсон залуусын донтолт зүрх сэтгэлийг чулуужуулаад зогсохгүй хайрыг зүгээр л нэг дадал зуршил талаас нь харуулсан хачин драм болжээ.. франц кино учир, романтикыг хэтийдтэл үзүүлэхээс гадна зурагал, эвлүүлэг онц сайн ба киноны гол хөгжим домогт Édith Piaf-ын "La Vie en Rose" болно.. кино эхлэхдээ зүүд юмуу дурсамж маягаар бүдэгхэн сааралтсан маягаар зураглагдсанаа гол дүрүүд өсөж томрох тусам өнгө будаг нь хурц илүү тодорч харагдах нь хүүхэд нас бол мөрөөдлийн харин насанд хүрсэн хойно амьдрал бодитой буюу хатуу гэдгийг реалистаар дүрсэлжээ.. киноны гол дүрүүдэд өдгөө цагийн сайхан жүжигчин хүүхнүүдийн нэг Marion Cotillard \2007 онд La Vie en Rose бүтээлээрээ оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн\ тоглосон.. мөн эрэгтэй гол дүрд Guillaume Canet \Tell No One киног найруулсан\ тоглосон ба эдгээр жүжигчид 2007 оноос болзож эхэлсэн (одоог хүртэл) бөгөөд 2011 онд анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн.. кино дээр гарах хоёр хосын тоглоом дэндүү юм шиг мөртлөө кино “нүдээр” их сонин үзэгдэл юм. Тэдний хэлсэндээ хүрч байгааг, ямар ч нөхцөлд биесээсээ урвахгүй байгааг харах “атаархам”.. өнгөц харахад хоёр тэнэг харагдавч үнэндээ хоёр биедээ чин үнэнч хосууд юм.. тоглоом бол ердөө тэдний хайрын (ертөнцийн) бэлгэдэл бөгөөд бие махбодь хэдий хол байв ч сэтгэл зүрх нь үргэлж хамт бас үнэнч байсан гэдгээр утгачлана. Ерөөсөө реализмээс фантас руу шилжэх хайрын магтуу кино..
Kelin (2009). Өгүүлэх нь, Залуухан, үзэсгэлэн төгөлдөр охиноо хадамд гаргахаар зэхэх эцэг хэн илүү инж өгсөнд нь охиноо өгчихнө гэж бодох.. хувь тавилантайгаа эвлэрсэн охин Kelin \Казакаар бэр гэсэн үг\ зүрх сэтгэлдээ ядуу анчин Mergyen-г мөрөөдөн, түүний гэргий болохыг хүснэ.. эцгийн хувьд баяртай явдал харин охины хувьд гайт өдөр ирэхэд Kelin-г гуйхаар Mergyen болон тэр хавьдаа л баян Baktashi хоёр хүрэлцэн ирнэ.. хоёр талаас мөнгө, эд агуурсаараа уралдсан ч илүү чадалтай Baktashi эцгийн хүслийг хангаснаар Kelin-г авахаар болно.. ийнхүү худалдаж авсан эхнэрээ дагуулсаар Baktashi гэртээ харих замдаа өөр хүнд сэтгэлтэй байсныг нь олж мэдэн зам зуураа охиныг хүчээр эзэмдэн эмэгтэй хүн болгож хорслоо тайлна.. ингээд тэд гэртээ ирэх ба Baktashi ээж болон өсвөр насны дүү Kaini нарын хамт амьдардаг байлаа.. хэсэг хугацаа өнгөрөхөд Kelin шинэ амьдралдаа аажмаар дасна: хангалуун амьдрал болон хадам эхийн анхаарал халамж, дүү Kaini-ын дотно харьцаанаас гадна хүчирхэг, эршүүд Baktashi-ын ор хөнжлийн эрдэм нийлээд сүүлдээ бүсгүй өөрийгөө аз жаргалтайд тооцож эхэлнэ.. үнэхээр бүсгүй хүсэл тачаал ихтэй нэгэн байв.. тэр нэгэн өдөр Baktashi хоол хүнсээ базаан холын аянд гарна.. ингэж яваад өст Mergyen-тэй таарч \түүнийг дагах юмуу отож байсан\ үхэх сэхэхээ үзэх цуст тулаанд орж амь үрэгдэнэ.. Kelin болон Baktashi-ын ээж, дүү нар үүнийг олж мэдээд туйлын гашуудана.. аймшигтай болсон Baktashi-ын хүүрийг тэд уулын оройд гарган тавьж шувууны идэш \тэр үеийн уламжлал байх?\ болгоно.. Baktashi-г “оршуулж” ирсэний дараа үр удмаа үлдээхийн ёсоор Kelin-г бага хүү Kaini –тай дэр нэгтгэнэ \бас л уламжлалт ёс?\, нэгэнт бэр болж ирсэн Kelin-д хүсэл санаа энд хамаагүй ба хадам ээж нь бүхнийг шийднэ..
ингээд Kelin Kaini хоёр эхнэр, нөхөр болж хамт унтана, дөнгөж эр хүн болж байгаа хөвгүүн ид цэцэглэн, сексийн сайхныг мэдэрчихсэн бүсгүй хоёрын шөнө гашуухан байна, хөвгүүн ичиж, харин эвгүйрхэнэ, гэхдээ тэд хэн хэн нь үүргээ, яах ёстойгоо ухамсарлана.. энэ үед Mergyen хайрт бүсгүйгээ авахаар үзэгдэж эхэлнэ, Kelin хэдий өмсч зүүх, идэж уухаар гачигдахгүй байгаа боловч эр хүнээр “өлсөж”, жинхэнэ эр хүн хүсч байлаа.. Kaini харин гэр бүлийнхээ нэр төр болон шинэхэн эхнэрээ авч үлдэхийн тулд эхийн \ээж нь бөө\ хамт тэмцэж эхлэх бөгөөд киноны үйл явдал ийнхүү хурцадаж ирнэ.. нэлээн хүнд энэхүү триллер нь насанд хүрэгчдэд зориулсан бүтээл агаад Казакстан улсын кино урлагийг нэг шат ахиулсан, тэсрэлт болсон эл бүтээлийг Ermek Tursunov найруулсан ба киноны харгис юм шиг мөртлөө бодит байдал нь ширэнгэн ойн хуулийг \хүчтэйн хүчгүйгээ ялах\ утгаар нь, ямар ч чимэглэл, хачиргүйгээр дүрслэнэ нь үзэшгүй муухай.. кинонд гарах байгалийн өнгөт үзэмж хийгээд үзэсгэлэнтэй байгалийн өнгө буюу цас, уул, мод зэрэг нь үзэгч хүнд хатуу хахир сэтгэгдэл төрүүлэхийн дээр дүрүүд нь хоорондоо бараг ярихгүй, бараг дуугүй кино гэж болмоор,тэгэвч ойлгомжтой өгүүлэмжтэй нь дуугүй киноны мөнхийн сонгодог чанарыг илтгэнэ.. кино эхнээсээ аваад дуустал цус болон секс гэсэн хүнд үзэгдлээр бялхам агаад цөөхөн дүрүүд ертөнцөөс тусгаарлагдсан мэт зэрлэг байгальд өөр хоорондоо тэмцэлдэх нь сонирхол татахуйц.. Казакстан улс лалын шашинд орохоосоо өмнө буюу нүүдэлчин \монголын эзэнт гүрэнд хяраалагддаг байсан үе болов уу?\ амьдралтай үеийг кинонд тусгасан гэдэг сонирхолтой юм.. тийм болоод ч тэр үү, кинонд бөө тахилгаас авхуулаад манай нүүдэлчин ёс заншилтай төстэй зүйлс их гарна.. хальт харвал монгол кино юу гэмээр, тэгсэнээ жинхэнэ артхаус кино..
Jersey Boys (2014). 1960-аас 1970 оны хооронд америкт the Beatles-г “ирэхээс” өмнө хамгийн алдартай байсан хамтлаг бол The Four Seasons юм.. тэднийг мөн Frankie Valli and the Four Seasons нэрээр нь дэлхий нийт мэдэх бөгөөд Frankie Valli бол гоцлол дуучин, хамтлагийн нүүр царай болж байв.. тус хамтлаг алдарт the Beach Boys хамтлагийн хамтаар америкийн хөгжмийн ертөнцийг атгаж байсан агаад англи хамтлаг, дуучид орж ирсэнээр нэр нөлөөн суларсан байдаг.. тус хамтлаг маань American rock, pop band жанраар тоглодог байсан ба ерөнхийдөө поп ч өөрсдөө хөгжмөө тоглодог поп юм.. дуунууд нь ч голдуу хайр сэтгэлийн талаар байдаг.. 1990 онд Rock and Roll Hall of Fame-нд багтсан бөгөөд дэлхий даяар ойролцоогоор зуун сая цомог борлуулсан нь бүх цаг үеийн хамгийн их цомог зарсан хамтлагийн нэгээр нэрлэгддэг мангас хамтлаг юм.. тэгвэл тус хамтлаг хэрхэн үүсэн байгуулагдаж, яаж амжилтад хүрч, бас задран бутарсан тухай өгүүлэх, намтарчилсан, мюзикл, драма төрлийн киног домогт Clint Eastwood \түүний анхны мюзикл кино\ найруулан тольлуулсан билээ.. чухамдаа киноноосоо өмнө 2005 онд Broadway-н театрт мюзикл хэлбэрээр тавигдаж хэзээний алдартай болоод байсан нь кино бүтээх сэдэл бас урам зориг болжээ.. кино ерөнхийдөө алдарт дуучин Frankie Valli-г тойрон өрнөх ба түүний хувийн амьдралыг драм хэлбэрээр үзүүлнэ.. өөрөөр хэлбэл Frankie Valli хэрхэн хамтлагийн ахлагч Tommy-той танилцаж, түүний буянаар хамтлагт орж байгаа хийгээд гэмт хэрэгтэн, дуучин гэсэн зааг дээрээс азаар зөв зам сонгож байгааг үзүүлэхээс гадна ер нь тухайн үед мөнгөтэй больё гэвэл нэг бол дуучин бол үгүй бол гэмт хэрэгтэн бол гэсэн сонголт л байсан юмуу даа гэмээр сэтгэгдэл төрүүлнэ..
ер нь тухайн үед мафи \одоо ч байгаа байх, гэхдээ арай боловсронгуй маягаар\ нь жижиг баарны хамтлагуудтай нягт холбоотой байдаг, тухайн хамтлаг дээш гарах доош унахыг мафи мэддэг буюу продюсерын систем ямаршуу шат дамжлагатай, хөшигний ард мөнгөнөөс авхуулаад амь нас хүртэл олон юм болдогийг хөнгөхөн, ойлгогдохоор үзүүлжээ, тус кинонд.. ингээд, Frankie \ John Lloyd Young\, Tommy \ Vincent Piazza\, Nick \ Michael Lomenda\ болон Bob \ Erich Bergen\ гэсэн дөрвөн залуу хөгжим гэсэн шашин дор нэгдэн the Four Seasons байгуулагдах ба тэд жижиг баарнаас улсын дэлхийн хэмжээний хамтлаг болно.. кинонд хамтлаг продюсертэйгээ хэрхэн ажиллахаас гадна дуугаа яаж бичүүлж, ерөөсөө дууныхаа санааг яаж олж байгааг үзүүлэх ба тодруулбал: Big Girls Don't Cry дууныхаа санааг киноноос олсон бол Sherry-г замд явж байхдаа, харин Can't Take My Eyes Off You дууныхаа санааг гэр бүлээсээ хол байх үедээ олсон зэргээр хит дуу болгон хөөрхөн түүхтэй байдаг шүү гэдгийг харуулсан.. мөн кинонд алдар нэрийг олохоосоо хадгалах, тэр их хүндлэлийг даах маш хэцүүг үзүүлэх бөгөөд залуус л хойно алдар нэрийг олуут биеэ тооцгоож архи, хүүхэнд манаран гэр бүл, үр хүүхдээ мартсанаас гэр бүлүүд салж байгааг болон мөнгөнөөс болж хамтлаг, андууд салдагийг ч дүрсэлсэн болно.. алдар нэр, мөнгө хүнийг битгий хэл ор хоосноос нэгдэн нийлсэн хамтлагийг эвдэж, салгаж буйг харуулна.. ер нь хамтлаг хэрхэн бүрэлдэж, ямар замаар явж байгаад төгсдөгийн нэгэн жишээг үзэгч бидэнд дэлгэнэ.. 1960-аас 1970 оны хөгжим, загвар, амьдалын хэв маягийг мэддэггүй бол бас сонирхон дурладаг хэн бүхэн үзчих кино.. Frankie Valli хийгээд түүний хамтлагт дуртай, сонсдог бол бас ерөөс мюзикл жанрыг таашаадаг хэн бүхнийг үзэхийг зөвлөе... уг кино олонд хүрч алдарыг олоогүй бөгөөд гавъяа шагнал ч тааруухан, ерөнхийдөө дундаж кино хэдий ч үзэгчээ үнэхээр сайхан цэнгүүлээд зогсохгүй сэтгэлий асар их цэнгэл эдлүүлнэ.. миний хувьд Frankie Valli болон The Four Seasons-ны дуунуудад дуртай ба мюзикл жанрыг таашаадагийн хувьд анхнаасаа догдлож үзсэн бөгөөд дуу хөгжимд дуртай хүн бүрийг уруу татаж байна.. The Four Seasons-н дүрийг бүтээсэн жүжигчид маань бүгд кино дээрээ өөрөөрөө дуулсан болно.. Frankie Valli-н дүрийг бүтээгч John Lloyd Young маш сайн дуучинаас гадна маш сайн жүжиглэсэн болой.. тэрээр 2006 онд Broadway-д тоглосон энэ л дүрээрээ Tony Award for Best Actor нэр хүндтэй шагналыг хүртэж байв.. зөвхөн энэ шагнал л маш олон юм хэлнэ.. ямартай ч Clint Eastwood-н сайн найруулга, орчин цагийн сайн мюзикл.. сонирхуулахад, Clint Eastwood өөрөө киноноос гадна хөгжимчин хүн билээ..
Factory Girl (2006). Залуухан, гоо үзэсгэлэн төгөлдөр чимэг бүсгүй их хотод (Нью-Йорк) ирнэ. Баахан мөрөөдөмтгий залуу хатагтай нь хүсэл нь од болон гялалзах.. түүнд эцэг эхээс заяасан сэвгүй сайхан нүүр царай, голшиг бахдам бие, найдвар төрүүлэхүйц авъяас бий.. энэ үе бол жараад он.. ингэж яваад Edie Sedgwick суут, поп артыг манлайлагч Andy Warhol-той танилцана. Andy Warhol ч бүсгүйн боломжийг мэдэрч түүнд боломж олгосноор Edie Sedgwick од болно.. алдартай жүжигчин, загвар өмсөгч, сэтгүүлийн нүүр царай гээд охидын хүсдэг, мөрөөддөг бүхэнд тун амархан хүрнэ.. дээд нийгмийн хүн болсон тэрээр дан алдартангуудтай харьцаж эхэлнэ. Ингэж яваад алдартай дуучинтай янаг амрагийн харьцаатай болох ба Andy Warhol-той ч “зүгээргүй” байна.. дээгүүр нисч байсан бүсгүй маань буруу сонголт, амьдралын муу хэвшил, таагүй хүмүүсээс болж амархан од болсон шигээ амархан газарт бууж, бүр хэн ч биш болно. Уруудаж ирэхийн үед өөрийг нь гэх хүнгүй болохыг мэдэрнэ.. эргэн тойронд байсан нөгөө олон хүмүүс нь түүнийг жинхэнээсээ хайрладаггүй байсныг, зөвхөн нэр сүрд нь болж, ашиг хонжоо харж байсан нь илэрнэ.. дээгүүр амьдарч дассан хүн жаахан төдий ч зовлон тэвчиж чадахгүй. Тансаг амьдрал, архи, хар тамхинд гүн автсан бүсгүй энэ зуршлаасаа гарч чадахгүй ба өөрийг нь мандаж явахад тоохгүй, үл тоож байсан хүмүүсээ гуйж, доошоо орж, бүр биеэ үнэлэнэ. Өөрөөр хэлбэл дээд зиндааны биеэ үнэлэгч болсон байна.. анх түүнийг алдаршуулна гэсэн хүмүүст тэрээр одоо огт хамаагүй болсон байна. Тэд бүсгүйгээс авахаа авч, одоо үнсэнд хаясан шалз мэт хаяна.. тэд хүн өрөвдөхгүй, тэдэнд ашиг л чухал, тэгээд ч дараагийн “үйлдвэрийн охиныг” олчихно. Одоо цагт хүнийг хүсвэл од болгодог, дургүй хүрвэл унагадаг нийгэм, тогтолцоо бий болж.. ер нь оршин тогтож ирсэн байх магадлалтай тогтолцоо биш гэж үү?. Бидний шүтээд байдаг, даган хуйлраад байдаг тэр одыг чинь үйлдвэрлэдэг юм байна, болдог юм байна, гэдгийг хатуу ширүүн, завхай зайдан, бохир талаас нь үзүүлэхийг зорьсон бүтээл.
Edie Sedgwick гэх эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэсэн, намтарчилсан, драм төрлийн кино.. насанд хүрэгчдэд зориулсан гэдгийг хэлье. одооны амар хялбар амьдрал хайсан, гялгар, өнгөлөг зүйлийг хайсан, дурласан хүмүүст сургамж болох бүтээл.. нэн ялангуяа эмэгтэй хүн залуу насны гоо сайхандаа эрдэж ийм замруу орчих хандлагатай байдаг. Энийг нь ч муу хүмүүс өөртөө ашигладаг.. урлаг бол сургамж өгдөг нэг төрлийн багш, хүмүүжүүлэгч байдаг учраас энэхүү киног онцлов. Гол дүрийн Sienna Miller домог болтол хэмжээний тоглоогүй ч сайн тоглосон ба түүний энэ дүрийг нэг үзсэн бол санаанаас үл гарна.. кино маань ашиггүй ажиллаж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваагүй ч гол дүрд тоглосон Sienna Miller шагшигдан магтагтаж, ирээдүйтэй жүжигчин гэснээ тамгалсан гэж болно.. түүний дүр маш донжтой, чамин, дур булаам дүр.. Sienna Miller-ын сайхныг бишрэхээс яахав.. харин Andy Warhol-ын дүрд тоглосон Guy Pearce замналынаа сайн дүрүүдийн нэгийг бүтээсэн.. анх гол дүрд Lindsay Lohan-ыг тоглуулахаар төлөвлөж байсан ч больсон нь сонирхолтой.. мундаг амжилт үзүүлсэн кино биш ч хажуугаараа өнгөрүүлж боломгүй бүтээл.. одууд сэргэн мандаж байснаа унаж эхэлдэгийг мэдэхийг хүсвэл үзэх л кино.. урлагийн сайхан гаднаа ч дотроо олиггүй байдаг шүү, бохир шүү гэдгийг илхэн үзүүлсэн кино.. одооны залуус, охидууд үзвэл зүгээрсэн.. хүн та таалагддаг юмаа хийх биш хэрэгтэй юмаа хийгээрэй..
Anatomy of a Fall (2023) ~ Францын кино найруулагч Justine Triet-н шүүх танхимын драм. Кино зохиолыг найруулагч хүүхэн маань Arthur Harari-н хамтаар бичсэн ба гол дүрд Германы шилдэг жүжигчин Sandra Huller тоглосон. 76 дахь удаагийн Канны шилдэг кино болсон уг киног шүүмжлэгчид тухайн оны хамгийн шилдэг кинонуудын нэгээр нэрлэсэн бөгөөд Оскарын наадмын 5 төрөлд нэр дэвшсэн билээ. 2021 оны найруулагч Triet Hitchcock маягийн процедур триллер хийж байгаагаа сэтгүүл сонингоор зарласан. Тэрээр "Anatomy of a Fall" киноныхоо үүслийг 2016 онд хийсэн мөн шүүх танхимтай "In Bed with Victoria" киноноосоо хойш удаан бодож явсны үр дүн гэсэн байдаг; "би хууль эрх зүйн бүхий л нарийн ширийнийг хосуудын харилцаа, хамтран амьдрах асуудлуудтай хамт судлахыг хүссэн. Энэ нь бас хосын амьдралын бүх талыг задлан шинжлэх шалтгаантай байв" гэсэн буй найруулагч маань. 2007 онд, Италид, залуухан Америк бүсгүй өрөөнийхөө хамтрагчийн үхэлд буруутгагдаж байсан хэрэг Triet-д нөлөөлсөн гэдэг. Triet мөн киноных нь үндсэн асуулт бол хосуудын ойлголцлын тухай гэж нэгэн сэтгүүлд хэлсэн байдаг; "соёлын хувьд эмэгтэйчүүд үргэлж л гэртээ үлдэж, эрчүүд дэвэн дэлхийгээр аялж, бодох, эргэцүүлэх, идеатай байх цагтай байсан. Бүтээдэг, ном бичдэг, байр суурьтай, ядаж л бичих цаг завтай эмэгтэй дүр байна гэдэг чинь эрэгтэй хүнийг шаналгана гэсэн үг шүү дээ. Энэ бол эрэгтэй, эмэгтэй гэсэн гэр бүлийн үндсэн, түгээмэл ойлголттой холбоотой зүйл шүү дээ" гэжээ. Найруулагч хүүхэн маань уг киногоо анхнаасаа л Sandra Huller-д зориулж бичсэн; тэд 2019 онд "Sibyl" нэртэй хоёрдахь киногоо өлгийдсөн байдаг. Франц нөхрөө Францад хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Герман зохиолчийн дүрд Huller-г сонгох нь Triet-н хувьд кинонд гарах эхнэр, нөхөр хоёр нэг хэлээр бус дундын буюу англиар ярьдаг байх нь киноны хэлийг чухалчилсан сэдвийг тодотгох ач холбогдолтой байжээ. Huller кинонд Францаар ярихыг хүссэн ч найруулагч зөвшөөрөөгүй бөгөөд нэг гэрийн хоёр ойлголцохдоо нэг хэлээр биш дундын хэлээр ойлголцох, энэ нь эргээд үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлэх нь чухамдаа чухал байжээ. Triet бас Францад шүүгдэж буй гадаадын иргэн байх гэдэг ямар байх вэ гэсэн идеаг харуулахыг зорьсон; өөрөөр хэлбэл өөрийнхөө хэлээр бус гадаад хэлээр шүүгдэх тохиолдолд өөрийгөө үнэн зөв илэрхийлж чадах уу, гэтэл үнэндээ та унаган хэлээрээ ярих нь илүү таныг илэрхийлдэг, харин гадаад хэлээр бол бодит байдал болоод таны ухаантай зөрчилдөх шүүлтүүр бишгүй бий. Энэ тухай л өгүүлээд байгаа ажээ.
Sandra Герман
гаралтай ч Англи, Францаар ярихыг оролдсоноор өөртөө халхавч үүсгээд зогсохгүй
орчин тойрондоо бүрхэг, тодорхойгүй сэжигтэй нөхцөл бий болгодог билээ. Кинонд,
Huller-н дүр ихэнхдээ Англиар ярьдаг ч Huller киноныхоо төлөө Франц хэлийг 4
сарын дотор сурсан ба учир нь тэрээр дүрийнхээ Францаар юу ярьж байгааг
ойлгохыг хүссэн ажээ. Кино зохиолд тэрээр Германаар ярьж байгаа сцэн байдаг ч
эцэст нь хасчээ. Зураг авалтын үеэр Huller найруулагчаасаа дүр нь гэмтэй юмуу
гэмгүй гэж олон дахин асуусан ч найруулагч хариулахаас татгалзаж байсан ба
Triet төгсгөлийн хэсэгт түүнийг гэмгүй мэт жүжиглэ гэж зааварласан ч эцсийн бүрэн
хариултаа найруулагч түүнд хэлээгүй гэдэг. 2024 онд, Huller нэгэн ярилцлагадаа,
Triet-ээс дүр нь нөхрөө алсан юмуу гэж асуухад Triet "би чамд 10 жилийн
дараа хэлье" гэсэн гэжээ. Кинонд Sandra болон түүний өмнөх Vincent хоёрын
бэлгийн харилцааны хэсэг багтах ёстой байсан ч продюсерүүдийн зөвлөгөөгөөр энэ
сцэн дэндүү "80-аад" оны кино шиг болчихно гэж үзээд больжээ.
"Хүмүүс яагаад бие биендээ хайртай гэдгээ үргэлж нэг оронд орох замаар
нотлох ёстой гэж? Энэ чинь үнэхээр уйтгартай арга шүү дээ" гэж Huller
хэлжээ. Samuel үхдэг өдөр чанга эгшиглэх ёстой дуу уг нь "Jolene"
гэдэг дуу байжээ. Triet дууны эрхийг авч чадаагүй болохоор "P.I.M.P."
дууг сонгожээ. Уг нь тэрээр "Jolene" дууны ховсдом, цэнгэлтэй үгийг
киноныхоо шүүх танхимын хэсэгт үхсэн нөхрийн илгээсэн дохио маягаар ашиглах
бодолтой байж. 50 Cent-ийн дуу нэлээд мисогинист агуулгатай нь ойлгомжтой
боловч киноны гол дүр нөхрийнхөө үхлийн шалтгааныг хайж байгаа эмэгтэй дүрийн
хувьд энэ дуу кинонд сонирхолтой эсрэгцэл үүсгэнэ.
Shanghai Triad (1995). Хятадын кино урлагийн 5 дахь үеийн алдарт төлөөлөгч, эдүгээ цагийн дэлхий дахины нэрт кино найруулагч Zhang Yimou-ын Хятадын 1930-аад оны Шанхай мафийн талаар өгүүлэх гэмт хэрэгт, романс төрлийн кино.. найруулагч Zhang Yimou киноныхоо зохиолыг Хятадын зохиолч Li Xiao-ын “Rules of a Clan” гэдэг романаас сэдэвлэжээ.. гол дүрд орчин үеийн Хятадын кино урлагийн нүүр царай болсон үзэсгэлэнтэй Gong Li тоглосон ба Zhang Yimou, Gong Li нар нь нэгэн цагт алтан хамтрагчид (нийт найман кинонд хамтран ажилласан) байснаас гадна эхнэр нөхөр байсан билээ.. уг киногоор Zhang Yimou, Gong Li хоёр ажлын болон хувийн харилцаагаа тасалсан ба хожим 2006 онд “Curse of the Golden Flower” кинонд дахин хамтран ажилласан байдаг.. найруулагч Zhang Yimou-ын үзэсгэлэнтэй кино кадрууд, Gong Li-ын дүрдээ гүн орж чаддаг авъяас нийлээд бас нэгэн гоёмсог, тансаг киног бүтээжээ.. тус бүтээл Zhang Yimou-ын өмнөх кинонуудаас ялгарах нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн талаар гарахаас гадна энэхүү жанрт “хятад” маягийн шинэлэг өнгө аяс оруулсан агаад гангстар, мафизмтай кинонд дурлагчид сонирхохгүй өнгөрч үл болох кино.. бидний мэдэх барууны гангстар, мафитай кинонуудаас нэлээд ялгаатай, үүнд: хурц үйл явдлуудгүй, бөөн буудалцаан, хядалцаан гарах нь ховор, нэг үгээр холливуудын хэтрүүлэгтэй гял цал байдлыг бодвол намуухан, илүү уянгалаг, илүү бодит, гэхдээ кино хангалттай зэвүүн, хүчирхийлэлтэй, “чөтгөрлөг” байж чаддаг нь найруулагчийн авъяас мөн.. тус бүтээлийн зураглал маш сайхан, жишээн: хаалганы завсраар, толинд тусгаж авах зураг авалтууд нь онцгойн дээр үзэгчийг кино дунд оруулчихсан мэт мэдрэмж төрүүлнэ.. сэтгэл татам Gong Li-ын бас нэгэн шилдэг тоглолтыг уг бүтээлээс харж болно. Gong Li урвагч, хүйтэн сэтгэлт, амиа хичээгч бүжигчин хүүхний дүрд тоглосон..
The Barber of Siberia (1998). Тус ондоо гарсан хамгийн сайн бүтээлүүдийн нэг, мөн тухайн цаг үедээ Оросын хамгийн өндөр үнээр хийсэн (25 сая доллар ) кино гэдэг. Оросууд мөнгө, санхүүгийн асуудлаас болж аргагүй эрхэнд Француудтай хамтарч бүтээжээ.. ийнхүү Орос-Францын хамтарсан, Оросын урдаа барьдаг найруулагчдын нэг Nikita Mikhalkov найруулан кино урлагт нэгэн гоёмсог романс, туульсан кино бүтсэн нь Сибирийн үсчин хэмээх алдарт бүтээл болно.. өдгөө уг кино нь хайрын сэдэвт шилдэг кинонуудын нэг болсон ба тус киног үзээгүй хүн ховор болж. Хэрэвзээ үзээгүй бол зайлшгүй үзэхийг зөвлөе, учирлавал энэ кино нь Орос “Титаник” юм..
ерээд оноос хойших Оросын хамгийн сайн кино ч гэдэг, нүсэр мөнгө, их хүч хаяснаараа ямартай ч оросыг гадаадад маш сайн сурталчилж өгч.. энэ бол үнэхээр сайн сурталчилгаа хийгээд Орос орныхоо соёл, ахуй, байгаль орчныг дэлхий нийтэд харуулсан, гайхуулсан бүтээл болно.. үзсэн хэн ч Орост очмоор, тэр ахуй соёлыг үзэж, мэдэрмээр болно, тийм сценүүд олон.. хаант оросын үеийн жавхаатай цэрэг эрс, дэгжин бүсгүйчүүдийн байдал, үдэшлэг цэнгүүн гэм мэтчлэн тансаг, жавхаа дүүрэн, үзэсгэлэнтэй зураглалтай кино болно.. хамгийн том хайр бол бүтээгүй хайр байдаг гэж үг байдагчлан хамгийн сайн хайрын кино бол мэдээжээр бүтэлгүй хайрын тухай байна..
Comments
Post a Comment