Үнэнч цэрэг


 Paths of Glory (1957). Америкийн домогт кино найруулагч Stanley Kubrick-н анти-дайны сэдэвт кино. Тэрээр Итали гаралтай Канад-Америкийн зохиолч Humphrey Cobb-н ижил нэрт романыг Jim Thompson, Calder Willingham нарын хамтаар бичиж дэлгэцнээ буулгажээ. Кинонд дэлхийн 1-р дайныг дүрсэлсэн; Францын хурандаа Dax (алдарт kirk Douglas тоглосон) цэргүүдээ галын өөдөөс явуулж утга учиргүй үзүүлэхээс татгалзсаны улмаас түүний цэргүүдийг хулчгар зан гаргаж эх орноосоо урвасан хэмээн цэргийн шүүхээр оруулж буй тухай өгүүлдэг. 

Уг киног Kirk Douglas-н Bryna продакшн Harris-Kubrick кино продакшнтай хамтран продюсерлэн бүтээжээ. Энэ магадгүй дэлхийн 1-р дайны тухай хамгийн шилдэг кино болов уу, мөн нуувчин дахь аймшигтай хийгээд утга учиргүйн тухай энэхүү үлгэрийг зарим судлаачдын үздэгээр Kubrick-н хамгийн сайн кино хэмээдэг. Жүжигчин George McCreedy Германы бэхлэлт рүү амиа хорлож буйгаас өөрцгүй довтлох тушаалыг цэргүүддээ өгч байгаа генералын дүрд гарамгай тоглосон бол Kirk Douglas-н дарга нарынхаа зөрүүд, ур чадваргүйд жигшиж зэвүүцсэн хурандаагийн дүр замналынх нь тод ажлуудын нэг билээ. Kubrick тулааны талбарын хэсгийг ард талд үлдсэн дарга нарын эрх ямбатай зэрэгцүүлэн харуулсан үнэхээр гаргууд ба уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 291-р байрт эрэмбэлээд байна. Зохиолч Cobb номынхоо нэрийг Английн яруу найрагч Thomas Gray-н "Elegy Written in a Country Churchyard" шүлгийн 9-р бадгаас авчээ. Cobb-н ном 1935 онд нийтлэгдэн гарсан ч олигтой амжилт олоогүй агаад бусад цэргүүдэд сургамж болгох гэж Францын дөрвөн цэргийг цаазлахаар болсон бодит явдлаас сэдэвлэсэн аж. 

Тэр жилдээ дэлхийн 1-р дайнд оролцож явсан, алдарт "Gone with the Wind" бүтээлийн дэлгэцийн зохиолыг бичсэн Sidney Howard театрын тайзнаа тавьсан ч жүжгийн дайны эсрэг үзэгдүүд үзэгчдэд хэтэрхий бараан байсан тул амжилт ололгүй бүтэлгүйтжээ. Гэсэн хэдий ч Sidney Howard хөндсөн сэдэв чухал хэвээр байгаа гэж итгэсээр байсан төдийгүй кино болгох ёстой гэж бодсон: "манай кино урлагийн салбар үүгээр кино хийх ариун үүрэгтэй гэж санагдаж байна" гэж бичиж байв. Stanley Kubrick хүүхэд байхдаа номыг нь уншиж байснаа санаад түүний "ариун үүргийг" гүйцэлдүүлэхээр шийджээ. Kubrick болон түүний хамтрагчид номыг кино болгох эрхийг Cobb-н бэлэвсэн эхнэрээс 10,000 доллараар худалдаж авчээ. Шүлэгч Gray-н бадаг Kubrick-н дайны талаарх сэтгэгдлийг тусгаж байсан нь "Anthill" гэх мэт чухал биш зүйлийн төлөө урт удаан тулаан болж байгаа нь киноны өгүүлэмжээс харагддаг. Kubrick-н хэрэгжүүлээгүй төсөлд ч дайны сэдэв агуулагдсан байдаг ба тэрээр нэгэн ярилцлагадаа: "Хүн бол журамтай зэрлэг биш, хүн бол жигшим зэрлэг. Хүн иррационал, хэрцгий, сул дорой, өөрийн ашиг сонирхолд нийцсэн аливаад бодитой хандаж чаддаггүй тэнэг амьтан; хүнийг нэгтгэн ингэж дүгнэж болно. Харгис, балмад байдаг нь хүний мөн чанар учраас би хүний жинхэнэ дүр төрхийг сонирхдог юм. Хүний мөн чанарын талаарх буруу ойлголтоор нийгмийн байгууллагыг бий болгох гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтэх магадлалтай юм" гэсэн буй. 

Kubrick-н кино хэл олон тооны төсөөллийн элементийг хуваалцдаг боловч сэдэвчлэлийн хувьд сексээс ч илүү ашигладаг сэдэв нь дайн байдаг. "Dr. Strangelove" кинонд дайныг бүдүүлэг хошигнолоор абсурд, зорилгогүй зүйл гэж харуулдаг бол "Fear and Desire" кинонд дайнаас үүдсэн хэт их стресс, сэтгэлийн гэмтэл цэргүүдийг сэтгэл санааны хямралд оруулж, энэ улмаар нийгэмд хор хохирол учруулж байгааг үзүүлдэг; тэгвэл "Full Metal Jacket" бүтээлд үзэгчдийг цэргүүдийн оюун санаанд оруулаад үзэгчдийн сонсохыг хэзээ ч хүсэхгүй тэр зүйлсийг сонсуулдаг билээ. Мөн түүнчлэн найруулагчийн "Spartacus", "Barry Lyndon", "A Clockwork Orange" бүтээлүүдэд ч их бага хэмжээгээр дайн юмуу бусад мөргөлдөөнийг өгүүлдэг. "Paths of Glory" 1915 онд тушаал биелүүлээгүйн улмаас цаазлуулах ял сонссон 4 цэргийн бодит түүхээс сэдэвлэсэн гэж дээр дурдсан билээ. Цэргүүдийг нас барсны дараа 1934 онд цагаатгасан ба эх сурвалж болсон ном Францын арми бусад цэргүүдийн тулалдах хүчийг бэхжүүлэхийн төлөө гэмгүй хүмүүсийг цаазалсан тухай юм. Францын арми нь Америк болон Австралийн адилаар бусдыг оролцоог нэмэгдүүлэхийн тулд хулчгар зан гаргасан цэргүүдийг цаазаар авч байв. Жишээлбэл, Америкт 24 цэргийг хулчгар зангийнх нь төлөө цаазын ял оногдуулж байсан ч ялыг хэзээ ч гүйцэтгээгүй байдаг. Энд анхаарах нэг чухал зүйл бол кино дээр цаазлуулах хүмүүсийг түүврийн аргаар сонгоод бүтэн бүлгэмийн өмнөөс сонгогдсон азгүйчүүдийг шийтгэдэг. 

Энэ арга бол эртний Ромын арвад дахь цэргийг шийтгэдэг практиктай төстэй бөгөөд дэлхийн 1-р дайнд Францын арми ховорхон ашиглаж байжээ. Киноны үйл явдал Францад өрнөдөг ч Kubrick-н энэхүү сэдвийн тухай сэтгэгдэл бол түүний Америкт өссөнөөс үүдэлтэй юм. Кинонд генерал Mireau "Надад эх оронч хүнийг харуулбал би чамд шударга хүнийг харуулъя" хэмээхэд хурандаа Dax "Эх оронч үзэл бол адгийн амьтны эцсийн хоргодох газар" гэсэн Samuel Johnson-н үгээс ишилдэг. Kubrick дайны тухай кино хийх болсныхоо талаар нэгэнтээ: "Дайн болон гэмт хэргийн түүхийн сонирхол татахуйц нэг тал бол хувь хүн эсхүл манай үеийнхний нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийн хатуу ерөнхий бүтэцтэй харьцуулах өвөрмөц боломжийг олгодог буюу үзэгчид үүнийг бүрэн дүүрэн ухаардаг тул үүнийг хүн төрөлхтөн, хувь хүн, сэтгэл хөдлөлийн нөхцөл байдлын эсрэг сэдэв болгон ашиглаж болно. Цаашилбал, дайн нь зан төлөв, мэдрэмжийг ачааллуулж, түргэн өсгөдөг нэгэн төрлийн хүлэмжийн үүрэг гүйцэтгэдэг" гэжээ. Kubrick өмнөх кино болох "The Killing" нь арилжааны хувьд бүтэлгүйтсэн ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг ба тухайн үеийн MGM-ийн продакшны ахлах байсан Dore Schary "The Killing"-д дуртай байсан учир ямар нэгэн номын эрхийг худалдаж аваад Kubrick, Harris хоёроор кино хийлгэхийг хүсчээ. Гэтэл тэдэнд таалагдах ном олдсонгүй, харин Kubrick 14 настайдаа уншиж байсан Cobb-н ном өөрт нь "ихээхэн нөлөөлснийг" санаад "Paths of Glory"-оор кино хийх санал тавьсан ч бусад томоохон студиуд хэдийнээ татгалзаад байсан энэ ном амжилт авчирна гэдэгт MGM эргэлзсэн аж. 

Dore Schary-г MGM-ээс халагдсны дараа Kubrick, Harris нар Kirk Douglas-д хандав. Зохиолыг уншиж таалсан Douglas хамтран ажиллахаар болсноор энэ кино төсөл биелэх шатандаа эгнэгт оржээ. Уг кино нь бодит мэдрэмжийг бий болгохын тулд камерийн ажиллагаа болон аудио ээлж дарааллийг ашигладаг, ингэснээр үзэгчид яллагдагч цэргүүдийн зовлон шаналлыг ойлгоход дөхөм болдог. Киноны эхэнд бөмбөр тоглогдож, мөн хөгжим нь дайны үеийн мэдээний киног санагдуулам байдаг билээ. Тулалдааны үеэр камер цэргүүдтэй хөл нийлүүлэн явж байгаа ч бусад талаараа кадрууд нь дэлхийн 1-р дайны үеийн нуувчийн дайны баримтад бичлэг шиг харагддаг. Найруулагч киногоо хар-цагаанаар хийх болсон нь бол дайны бодит байдлыг хүргэдэг мэдээний кинотой адилхан сэтгэгдэл төрүүлэх гэснийх юм. Мөн Kubrick-н дайны талаарх төсөөлөл нь тухайн үеийн бусад кинонуудаас хамаагүй илүү хар бараан өнгө аястай байсан нь найруулагчийн хар-цагаан өнгийг сонгоход нөлөөлсөн гэдэг. Мөн дүрслэлийн хувьд үзэгчдэд "нуувчин доторх амьдрал" ба "тушаал өгдөг амьдрал" хоорондын ялгааг олж харах боломжийг олгодог. Үзэгчид өндөр албан тушаалтнуудын тансаг харш, үнэт хэрэглэлийг харахаас гадна арай бага тушаалтнуудын хуучирсан тавилга, эд зүйлсийг алдалгүй харж болдог ба өндөр албан тушаалтнуудын орчин байрыг өргөн кадраар авдаг бол бага буюу цэргүүдийг нуувчин дотор нь гэх мэт давчуу орчинд харуулдаг. Ойрын болоод харах өнцгөөс авсан кадрууд (жишээлбэл хурандаа Dax-н үүднээс) давчуу, боогдмол байдаг нь үзэгчдийн амьсгалыг давчдуулам байдаг.

 Daz нуувчаар алхаж байгаа кадр яг л үзэгчид бусад цэргүүд шиг түүнийг дагалдан яваа мэт санагдахын сацуу хязгаарлагдмал, аюултай орон зайд гацсан юм шиг мэдрэмж төрүүлдэг. Энэ кино 1958 оны Оскарын наадамд ганц ч төрөлд нэр дэвшээгүй хэдий ч олон улсад амжилттай байж шүүмжлэгчдийн талархал хүлээсэн. Энэ кино аль хэдийнээ алдаршаад байсан Kubrick-н нэр хүндийг улам батжуулсан ба кино BAFTA-д нэр дэвшсэн ч ижил нэрт "The Bridge on the River Kwai" кинонд шилдэг киноны шагналыг алджээ. Шүүмжлэгч Bosley Crowther 1957 оны шүүмждээ Kubrick-н дүрслэлийг гайхалтай гээд киноны хурц шинжийг магтсан; ялангуяа тэрээр цааз ял гүйцэтгэдэг хэсгийг "Бидний урьд хожид харж байгаагүй хамгийн овсгоотой бас сэтгэл урам хэсэг" гэж тодорхойлжээ. Гэхдээ тэрээр киноноос хоёр асуудалтай дутагдлыг олсон ба эхнийх нь техникийн хүрээнд бол удаах нь ач холбогдлын хувьд гэсэн буй. Киноны өнгө аяс нь киног зах зээлд өрсөлдөгч байж чадах уу, киноны сэдэв үзэгчдийг татаж чадах уу гэсэн асуулт үүссэн аж. "Ширүүн" гэдэг үг орчин үеийн киноны шүүмжлэлд ердийн хэрэглэгддэг үг бөгөөд энэ үг нь тухайн түүхийн харгис балмад сэдвийг харуулахаас гадна шүүмжлэгчдийн хувьд нэгэн төрлийн магтаалын үгээр хэрэглэгдэх болжээ. Тухайн цагт Chicago Daily Tribune сэтгүүл уг киног "ширүүн, хүчирхэг түүхтэй ч иргүй, нээлттэй маягаар хийгдсэн бүхэлдээ хэвшсэн уламжлалаас ангид, найруулагчийн ур чадварыг харуулсан кино" гэжээ. Variety сэтгүүл "Энэ кино 1916 оны дэлхийн 1-р дайны үеийн Францын арми, улс төрийн тухай бодитойгоор өгүүлжээ. Хөндсөн сэдэв нь цуврал онцгой сайн дүр төрхөөр зохицуулагдаж, бий болсон ч энэ нь үеэ өнгөрөөсөн санагдахын дээр киноны баргар өнгө аяс үнэ цэнийг нь бууруулж байна" гэж бичжээ.

 Кино шүүмжлэгч Edwin S. Schallert уг киног дайны эсрэг өчүүхэн ч сонирхолтой байдлаар хувь нэмэр оруулсан гэж дүгнээд киноны төгсгөлийг тун анхааран үзэж, энэ талаар ийнхүү бичжээ: "Киноны төгсгөлд Герман бүсгүй хүчээр Францын цэргүүдийн өмнө дуулдаг, энэ бол шударга ёс алдагдсаны төлөөх онцгой төрлийн төлбөр учир нь тэнд байгаа эрчүүд шударга бусаар амиа алдсан нөхдийнхөө тухай огт бодоогүй харагддаг" гэсэн буй. Мөн Schallert энэ кино яагаад алдартай биш, олонд хүрдэггүйг тайлбарлахдаа энэ кино зугаатай биш дэндүү баримтад хэв маягтай гэж дүгнэсэн. Harrison's Reports киноны төгсгөлийн талаар бичихдээ: "Энэ киноны нэг сул тал бол ойлгоход хэцүү юм, үзэгчдэд шийдэлгүй мэдрэмжийг үлдээдэг" хэмээжээ. Ингэж бичсэнийхээ дараа сайхь сэтгүүл өөрсдийнхөө дүгнэлтийг бичсэнийг хүргэхэд: "хурандаа Dax дарга нартайгаа нүүрэлдсэний дараа тасагтаа ирээд цэргүүд нь уушийн газарт хөгжилдөж буйг хараад эхлээд нөхдөө ийм хурдан мартаад жаргаж байгаад нь тэднийг жигшдэг амьдрал үргэлжлэх ёстойг ухаараад тэднийг ойлгодог" гэжээ. Сонирхуулахад, киноны цор ганц эмэгтэй дүр болох уушийн газарт дуулдаг бүсгүй бол ирээдүйн Kubrick-н эхнэр Christiane Harlan гэгч Герман жүжигчин ба тэд зураг авалтын үеэр танилцжээ. Chridtiane Harlan-н дуулдаг дууг "The Faithful Hussar' гэдэг. 

Comments