Нулимстай инээмсэглэл

 


The Kid (1921). Английн домогт кино урлаач Charlie Chaplin-н зохиолыг нь бичиж, продюсерлэн найруулсан дуугүй комеди-драм. Энэ бол түүний анхны найруулсан анхны бүрэн хэмжээний кино ба асар их амжилтад хүрсэн дуугүй кино эриний хамгийн аугаа бүтээлүүдийн нэг юм. Кинонд гарах жаал хүүг Jackie Coogan гэдэг бөгөөд тухайн цагт варьете жүжигчин байсан Jackie Coogan энэ кинонд тоглосноор кино урлагийн түүхэн дэхь анхны од жүжигчин хүүхэд болжээ. Кинонд дүрслэгдсэн эцэг, хүүгийн гүн гүнзгий харилцаа нь киноны продакшн эхлэхээс аравхан хоногийн өмнө Chaplin-н анхны хүүгийн нас барсан явдалтай холбож тайлбарладаг. Chaplin киногоо бэлэн болгочихоод дараа нь киноныхоо хөгжмийг бичсэн байдаг. 

Эл бүтээл тухайн үед комеди, драмын элементүүдийг хослуулсанаараа шинэлэг бүтээлд тооцогдож байсан ба Chaplin-н намтар судлаач Jeffrey Vance нэгэнтээ: "Комеди ба драмын төгс найрлага болсон энэ кино Chaplin-н хамгийн хувийн, намтарчилсан бүтээл юм" гэж байв. Домогт найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино "Инээмсэглэл, магадгүй нулимстай кино" гэсэн гарчгаар эхэлдэг нь энэ киног нь илэрхийлээд зогсохгүй түүний цаашдын замналыг зөгнөсөн мэт.  Викториан үеийн сэтгэл уяруулам орчинд Chaplin-н гайхамшигтай пантомимик ур чадвар нь хатуу ширүүн бодит байдалтай үргэлж тэнцвэртэй байдаг ба драм, түүний дундуурх хошигнол нь Stroheim-н кино шиг нарийвчлалаар дүүрэн байдагт түүний онцгой кино хэл оршдог. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 331-р байрт эрэмбэлээд байна. 

Өгүүлэх нь, нөхөргүй, тунчиг зовж буй Эх нялх үрээ орхиж байна. Тэрээр хүүхдээ үнэтэй машинд үлдээхдээ өлгий дотор нь "энэ өнчин хүүхдийг хайрлаж, халамжлахыг гуйж байна" гэсэн зурвас бичжээ. Машиныг хоёр хулгайч хулгайлаад хүүхдийг гудамжинд хаячихсан байсныг Тэнүүлч маань олдог. Тэнүүлч хүүг таарсан хүн болгондоо өгөхийг оролдлого байгаад санамсаргүй Эхийн зурвасыг олоод сэтгэл нь уярч, хүүхдийг өөртөө үлдээнэ. Тэрээр хүүг John хэмээн нэрлээд умгар гэр орноо түүнд зориулж тохируулдаг. Энэ хооронд Эхийн сэтгэл өөрчлөгдөж, нялх үрийнхээ төлөө буцаж ирээд машин хулгайлагдсныг олж мэдээд муужирчихна. Таван жил өнгөрчээ; хүүхэд болон Тэнүүлч хоёр умгар ганц өрөөнд ядуу амьдрах ч хоёр биенээ тун хайрлана. Тэд жижигхэн заль хэрэглэн амьдарна; хүүхэд чулуугаар цонх хагалж, тэнүүлч хагалсан цонхыг нь шиллэх замаар хоолоо олж иддэг. Өнгөрсөн хугацаанд Эх алдартай жүжигчин болсон байх агаад ядуу хүүхдүүдэд туслан хоосорсон сэтгэлээ зогооно. Эх буян үйлдэж яваад хүүтэйгээ таарч, хоол, тоглоом өгөх ч мэдээжээр тэд биесээ танихгүй билээ.

 Нэг өдөр хүүхэд өөр хүүхэдтэй зодолдож, улмаар хүүхдүүдийн зодоон аав нь болсон Тэнүүлч болон нөгөө хүүгийн ахад дамжин бөөн үймээн дэгдээх бөгөөд энэ үёд Эх ирж тэднийг зогсооно. Үүнээс удалгүй хүүхэд өвдөж Эхийн зөвлөснөөр эмч дууддаг ба эмч хүүг үзэж байгаад Тэнүүлч хүүгийн төрсөн эцэг биш болохыг мэдээд эрх мэдэлдэнгүүдэд очоод дуулгачихна. Хүүхдийг асрамжийн газарт аваачихаар хүмүүс ирдэг ч тэнүүлч, хүү хоёр яагаад ч салцгаахгүй гэдгээ харуулна. Эх хүүгийн биеийн байдлыг мэдэхээр ирэхэд эмч түүнд Тэнүүлчид байсан өнөөх тэмдэглэлийг үзүүлж, Эх энэ хүү олон жилийн өмнөх орхиж явсан өөрийнх нь хүүхэд болохыг ухаардаг. Тэнүүлч хүүгийн хамтаар ядуучуудын хонодог байшинд шөнийг өнгөрүүлж байна. Байшингийн эзэн эрх мэдэлтэнгүүдээс санал болгосон шагналын мөнгөний төлөө Тэнүүлчийг унтаж байх хойгуур хүүхдийг хулгайлчихна. Эх хүү хоёрын сэтгэл уярам уулзалт болж байх үёд Тэнүүлч хүүгээ хайсаар байдаг. Урам хугарсан тэрээр гэрийнхээ үүдэнд ирээд "мөрөөдлийн орон" гэдэг сайхан зүүд зүүдэлнэ. Цагдаа түүнийг сэрээгээд баян харш руу аваачдаг; тэнд Эх хүү хоёр түүнийг угтдаг. 

Киноны дистрибьютер First National компани 7 бус 3 дамартай комеди драм хийхийг хүсчээ. Харин Chaplin бүрэн хэмжээний кино хийхийг хүссэн бөгөөд 3 тусдаа богино хэмжээний кино гэдэг бол First National компани Chaplin-д бага мөнгө өгнө гэсэн үг юм. 1920 онд киноны продакшны ажил дууссаны дараа Chaplin-н анхны эхнэр Mildred Harris түүнээс салахдаа Chaplin-н хөрөнгөнөөс авахыг хүссэн, үүнд уг кино багтаж байсан гэж ойлгож болно. Chaplin нөхдийн хамт Солт Лэйк хотод киноныхоо түүхийг материалыг хууль бусаар аваачаад зочид буудлын өрөөнд эвлүүлгийн хийжээ. Кино бүрэн болсны дараа гэр бүл салалтынхаа нэг хэсэг болгохгүй гэж Chaplin First National-ийн удирдлагуудад киноныхоо хэсгээс үзүүлснээр гэрээгээ дахин хэлэлцэхэд ашиглажээ. Шинэ гэрээнд 5 жилийн дараа киног Chaplin бүрэн өмчлөх эрх заагдсан байв. Chaplin дараа нь орчин үеийн үзэгчдэд хэтэрхий сэтгэл хөдөлгөм байх болов уу гэсэн зарим сцэнүүдийг хасч, театрт гарах хувилбарт зориулж шинэ хөгжмийн найруулга бичсэн аж. Уг бүтээл нээлтээ хийсэн даруйдаа шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн. Нэгэн шүүмжлэгчийн бичвэрийг тоймловол: энэ кино дэлхийн хамгийн шилдэг кино урлаач хэн бэ гэсэн асуултыг нэг мөсөн шийдсэн. Chaplin таны хэзээ ч хаана ч үзэж байгаагүй хамгийн сайн, нямбай сүүдэртэй тоглолтыг толилуулж, бүдүүлэг наргиа бүр нь классик, чамин байдаг. 

Chaplin-н үйлдэл үймээнтэй, татвагнасан, татгалзахын аргагүй. Тэр бол өнөөдөр амьд сэрүүн байгаа хамгийн шилдэг Гамлет. James Coogan бол таны харж байсан хамгийн шилдэг жүжигчин хүүхэд. Эмэгтэйчүүд хараад л уйлчихдаг. Энэ кино хоёр нударгатай; баруун нударга сувдан нулимсаар дүүрэн бол зүүн инээдмийн тахтай. Энэ бол төгс кино. Нэг юм шиг зургаан дамар; өмнө нь хэний ч хийж байснаас илүү инээдтэй зургаан дамар; урьд хожид байгаагүй гунигтай хэрнээ энгийн зургаан дамар гэж бичжээ. Theatre Magazine сэтгүүл: "Chaplin-н шинэ кино нь хошигнолороо бусдаас илүүгээс гадна Chaplin-н энэхүү онцгой хөөрлийн бренд нь энэ алдартай одын хараахан бүтээж амжаагүй байсан зүйлсийг өөртөө агуулжээ. Энэ кино түүнийг сайн инээдмийн жүжигчин төдийгүй сайн эмгэнэлт жүжигчин гэсэн маргааныг батлан харууллаа. "The Kid" киног дэлгэцийн шедевр гэж тооцож магадгүй" гэж бичиж байв. The Night York Times сэтгүүл: "Chaplin дахиад л өөрийгөө бүтээжээ. Сайн нь гэвэл, зарим талаараа өмнөх кинонуудаас нь илүү ч муу нь бол өмнөх кинонуудаа энэ бүтээлээрээ гутааж байгаа нь харамсахад хүргэнэ" гэсэн байдаг аж. The Reviewer сэтгүүл киноны комеди шинж, үйл явдалч дүрүүдийг магтаад Chaplin алиалагч гэхээсээ илүүтэй комедиан байхдаа гунигт байдлын тэнцвэрийг гаргууд олсон гэжээ. Гэхдээ бүгд магтаад байсангүй; зарим шүүмжлэгчид энэ кино Chaplin-н бусад кино шиг бүдүүлэг, увайгүй гэж байв.

 Ийм увайгүй зүйлс нь инээдтэй боловч Chaplin тэднийг инээлгэхэд турхирч байна, энэ нь сайн хэрэг биш. Ерөнхийдөө Chaplin яагаад заримдаа ийм зүйлсийг орхиж болдоггүй юм гэх мэтээр бичиж байжээ. Chaplin-н намтар судлаач Jeffrey Vance "The kid" киноны өвийн тухай ингэж бичжээ: "Уг кино нь зөвхөн бүрэн хэмжээний комеди кинонд драматик үзэгдлүүд ашигласан түүнийг шинэлэгч гэдгийг харуулахын сацуу арт кино урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр хэвээрээ байна, гэхдээ бас энэ кино нь бүтээгчийнхээ тухай өгүүлсэн илчлэлт юм. "Инээмсэглэл, магадгүй нулимстай кино" гэж бичихдээ Chaplin өөрийнхөө уран бүтээл хийгээд амьдралаа бодож байсан нь эргэлзээгүй". Алдарт жүжигчин Mary Pickford: "Энэ кино тайлбар бичигтэй гэхээсээ илүү үйл явдлаараа кино хэлний хамгийн сайн жишээнүүдийг нэг юм" гэсэн буй. 

Comments