Хүүхнүүдийн дуртай амт

 


American Gigolo (1980). Америкийн кино зохиолч, найруулагч Paul Schrader-н нео-нуар, гэмт хэрэгт драм. Гол дүрүүдэд Richard Gere, Lauren Hutton нар тоглосон. Уг бүтээлд Лос Анжелесийн дээд зэрэглэлийн эрэгтэй биеэ үнэлэгч (Gere) улс төрчийн эхнэртэй (Hutton) романтик харилцаатай болохын хажуугаар хүн амины хэргийн гол сэжигтэн болж онц содон үйл явдлыг өгүүлдэг бөгөөд Paul Schrader-н бодитой найруулга, Richard Gere-н чимээгүй гүйцэтгэл тэгтлээ сэтгэл хөдөлгөм биш хэдий ч энэ кино бол гоц загварлаг, маягтай ганган дүрийн амжилттай судалгаа болой.

 Richard Gere эрэгтэй биеэ үнэлэгчийн дүрээрээ Холливуудын А зэрэглэлийн жүжигчин гэдгээ бататгасанаас гадна энэ бол эрэгтэй гол дүр нь бүрэн нүцгэн харагддаг Холливуудын анхны майнстрим кинонуудын нэг юм. Schrader энэхүү киногоо өөрийнхөө ижил сэдэвтэй дөрвөн киноны нэг гэдэг; бусад гурван кино нь "Taxi Driver", "Light Sleeper", "The Walker" нар болно. Киноны хөгжмийг Италийн хөгжмийн зохиолч Giorgio Moroder бичиж Алтан Бөмбөрцөг наадамд нэр дэвшиж байсан ба мөн киноны саунтрак болох "Blondie" хамтлагийн "Call Me" дуу дэлхий даяар хит болжээ. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Julian бол Лос Анжелесийн баян, дээд зиндааны хүүхнүүдэд үйлчилгээ үзүүлдэг эрэгтэй биеэ үнэлэгч бөгөөд түүний ажлын онцлог нь түүнийг үнэтэй машин, тансаг хувцас хэрэгсэл хэрэглэхийг шаарддагаас гадна сайн ажилтан учраас тансаг зэрэглэлийн оронд сууцанд амьдарна. Тэрээр өөрийн үйлчлүүлэгчид шигээ харагдаж, ядаж л тэгж л харагдахыг эрмэлздэг тул маш материалист хандлагатай. Julian хүүхнүүдийн бэлгийн дур хүслийг хангаж, бие махбодио харамгүй зориулж, үүнээсээ гол нь өөрөө таашаал авна. Нэгэн удаа түүний зуучлагч Anne түүнийг хотод айлчилж буй баян хөгшин бэлэвсэн хатагтайд үйлчлүүлэхээр явуулдаг. 

Уг явдлын дараа Julian зочид буудлын бааранд Michelle хэмээх Калифорни мужийн сенаторын эхнэртэй танилцах агаад Michelle түүнд шууд л дурлачихна. Julian-н өөр нэг зуучлагч Leon түүнийг чинээлэг бизнесмэн Rheiman гэгчийнх руу илгээх бөгөөд Rheiman Julian-аас эхнэртэйгээ садо-мазохист секс хийхийг хүснэ. Маргааш нь Julian дахиж иймэрхүү элдэв гаж "ажилд" томилохгүй байхыг Leon-д нэлээд ширүүхэн хэлэхэд Leon түүнд байнга баян хөгшин авгай нартай уулзаад байх ирээдүйгүй шүү, миний хэлснээр байвал зүгээр дээ хэмээн анхааруулан хариу барьдаг. Julian сенаторын эхнэртэй өдрөөс өдөрт дотносч эхэлж байтал Rheiman-н эхнэр алуулсан гэсэн мэдээ дуулддаг. Лос Анжелесийн мөрдөгч Sunday түүнийг гол сэжигтэн гэж үзэж буйгаа сонордуулна. Үнэндээ Julian тэр шөнө Lisa гэдэг үйлчлүүлэгчтэй хамт байсан ч Liza нэр төр, гэрлэлтээ хамгаалаад гэрч болохоос татгалзчихна. Julian хувиараа хэргийг мөрдөж эхлээд өөрийгөө гүтгэгдэж байгаагаа ухаарч, улам ч ихээр цөхрөн ганцаардана. Нөгөө ганган гоёмсог залуу ийнхүү шалдаа бууж доройтож явахдаа Мерседес машинаасаа Rheiman-н эхнэрийн үнэт эдлэлийг олох буюу түүнийг гүйтгэгчид энэ баримтыг машинд нь нуусан нь илэрхий болно.

 Тэрээр Anne-н чухал үйлчлүүлэгчээс татгалзсанаар Anne-тай ерөнхийдөө түнжин хагарчихна. Мөн Julian өөрөө унаад буй асуудал амьдралыг чинь бас дарж сүйрүүлэх аюултай учир надаас аль болох хол бай хэмээн Michelle-д хэлнэ. Ингээд эцэстээ Leon болон Rheiman нар жинхэнэ алуурчид ба өөрийг нь энэ хэрэгт гүтгэсэнийг Julian олж мэдээд бүхий л талаар Leon-той тохиролцох гэж үзээд бараагүйдээ уурсаад Leon-г тагтнаас түлхээд алчихна. Тэрээр шоронд орно. Michelle Rheiman-н эхнэр аллагаддаг шөнө Julian-тай хамт байсан гэж цагдаад мэдүүлээд харин Leon-г бараг санамсаргүй унасан, санаатай аллага биш байсан гэж шүүхдээд Michelle-н ачаар Julian суллагдахаар болж байгаагаар кино төгсдөг. Найруулагч Paul Schrader UCLA-ийн кино, телевизийн тэнхимд кино зохиолын хичээл зааж байхдаа анх уг киноныхоо санааг олжээ. Энэ нь түүний 1976 онд бичсэн таван кино зохиолын нэг байв. "Taxi Driver" киноных нь дүр сексийн илэрхийлэмжгүй байдаг бол "American Gigolo" киноны дүр бүх талаараа секс илэрхийлэмжтэй байдаг гэж найруулагч маань хэлсэн буй. Paul Schrader: "Julian бол бэлгийн таашаал өгөх замаар өөрийгөө тодорхойлогч, гэхдээ бэлгийн таашаал авах талаар ойлголтгүй хүн юм" гэжээ. Жүжигчин John Travolta анх гол дүрд тоглохоор болоод бүр зарлагджээ. 

John Travolta бүр дүрдээ зориулсан Giorgio Armani-н хувцас хунартай болоод зогсохгүй киноны сурталчилгаа бүхий гэр зургууд даруулсан нь сэтгүүлд гарч байжээ. Гэтэл жилийн дараа Travolta-н ээж нас барж, аав нь өвдсөнөөр тэрээр төслийг орхижээ. Ингээд Paramount Pictures компани гол дүрийг Christopher Reeve-д санал болгосон ч тэрээр сая долларын саналаас татгалзжээ. Schrader анхны сонголт болох Richard Gere-д санал болготол Gere зөвшөөрчээ. Киноны зураг авалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө Gere сонгогдсон аж. 2012 өгсөн нэгэн ярилцлагадаа Gere: "Би зохиолоо уншаад; энэ бол миний сайн мэдэхгүй дүр, надад зохихгүй юм байна гэж бодсон. Julian олон хэлээр ярьдаг, би олон хэл мэддэггүй. Зохиолд гей сээтэгнэл маягийн зүйлс байсан, би ижил хүйстнүүдийн нийгэмлэгийн талаар огт мэдэхгүй. Би энэ бүхэнд өөрийгөө шингээхийг хүссэн бөгөөд ингэхэд надад хоёр долоо хоног л байсан, тиймээс би шумбаад л орчихсон" гэж ярьжээ. Нэг сонирхолтой баримт байдаг; John Travolta татгалзсан дүрийг Richard Gere авсан тохиолдол ганц энэ киногоор хязгаарлагдахгүй; ийм тохиолдол "Days of Heaven", "An Officer and a Gentleman" болон "Chicago" гэсэн кинонуудад бий болж байсан ба хамгийн сонин нь дээрх бүх кино алдартай бас амжилттай бүтээлүүд билээ. 

Michelle-н дүрд анх жүжигчин Julie Christie сонгогдоод байсан ч Travolta төслийг орхисон нь Julie Christie-г бас явах шалтгаалан болсон бололтой. Харин Gere тоглохоор болоход Lauren Hutton хэдийнээ сонгогдчихоод байв. Meryl Streep-д санал тавихад киноны өнгө аясаас болж татгалзсан аж. Уг киногоо бүтээхэд Schrader-д домогт найруулагч Robert Bresson-н "Pickpocket" шедевр нөлөөлсөн гэдэг бөгөөд төгсгөлийн харилцан яриа хийгээд төгсгөлийн кадрын зохиомж чухам "Pickpocket" кинонд үзүүлсэн хүндэтгэл ажээ. Киноныхоо талаар Schrader: "Би энэ киноныхоо төгсгөлд гүрвэлээ (гол дүр) Bresson-н мөстэй усанд шумбуулахыг хүссэн тул "Pickpocket",-ийн төгсгөлийг Julian-нд өгсөн" хэмээжээ. Chicago Tribune сэтгүүл уг киног зарим газартаа жигүүртэй баргар, зарим газартаа үл ялигхан гэрэлтэй шударга драм гэсэн байхад Variety сэтгүүл: үндсэн шинжээсээ зайлсхийсэн бүтээл гээд Gere гаргасан дүр ёс суртахууны болоод сэтгэлийн хөдлөлийн хоёрдмол шинжтэй учраас түүний нөхцөл байдалд хийгээд эцсийн хувь тавилангийн зовлонд санаа тавихад хүндрэлтэй болгодог гэжээ. The New Yorker сэтгүүл бичихдээ энэ кинонд үнэтэй тавилга, гадаадын машин, хувцас хунараар бүрхэгдсэн ч хошин биш, пентхаус төрлөөр сексийг үзүүлдэг ч уйтгартай, бараг л амьгүй цөмтэй кино гэжээ. Гэхдээ энэ кино энэ материалаа загварлагаар, сэтгэл татмаар зохицуулжээ. Кинонд гарах бүхэн бидэнд харь байж болох ч дүрүүдийн сэтгэл хөдлөл тийм биш; Julian бол эелдэг, эмзэг бас бага зэрэг маанагдуу дүр юм.

 Тэр бол бизнесмэн; гэхдээ өөрийгөө зарж үнэтэй, тансаг бүхнийг эзэмшсэн ч кино эхлэхээс л үзэгчид түүнд санаа тавьдаг. Тэр өөрийгөө мөнгөнөөс илүү шалтгаанаар биеэ үнэлдэг гэж хэлдэг, дунд насны дур тавьж үзээгүй хүүхнүүдэд үйлчилж дур тавиулдаг гэдэг бөгөөд тэрээр өөрийгөө секс орлогч, эмчлэгч маягаар үзэж байх шиг байдаг. Кинонд ч бараг тэгж гаргадаг; түүнийг эрэгтэй янхан гэхэд хэцүү, мөн түүнд бусдыг гэсэн сэтгэл байдаг билээ. Julian, Michelle хоёрын хайрын түүх нэлээд түвэгтэй, Julian мөнгөгүйгээр, өөрийгөө бодохгүйгээр эмэгтэй хүнийг хайрлаж (энд ихэнхдээ секс орно) сурсан нэгэн бол Michelle нөхрийнхөө байр суурийг үл харгалзан түүнийг шударгаар хайрлаж байгаагаас энэ кино биднийг тэдний гэмшлийн хайрын хүчинд итгэхийг хүсч байх шиг байна. Энэ бол бүхэлдээ гунигийн тухай кино агаад бүх шуугиантай хэсгийг нь авчихвал энэ бол ердөө л ганцаардлын тухай кино юм. Richard Gere-н сайн гүйцэтгэл кинонд чухал үүрэгтэй буюу өглөө сонин унших, үнэтэй эд зүйлс цуглуулах, ганган хээнцэр хувцасны шүүгээ зэрэг нь түүний амьдралын хоосон байдлыг онцолдог. 

Comments