America America (1963). Грек гаралтай Америкийн нэрт кино найруулагч Elia Kazan-н продюсерлэж, зохиолыг нь бичиж найруулсан драм. Боломж хийгээд мөрөөдлийн газар орон гэж Америк руу явахаар хичээн зүтгэж байсан авга ах Avraam Elia Kazantzoglou-нхаа бодит амьдралаас найруулагч маань сэдэвлэн эл бүтээлээ туурвьсан буюу кино зохиолоо 1962 оны нийтлүүлж байсан номоосоо хөрвүүлжээ. Энэ драм дутагдалтай тал олонтой ч түүнийгээ сайжруулж, нөхөхүйц чадвартай, зүрх сэтгэлтэй кино юм; маш урт хугацаанд Kazan гол дүрийнхээ гашуун аяллын цар хүрээг үзэгчдэд хүргэхдээ баатрынхаа хувь заяаг зөвхөн ийм дэгэн догонтой байхаас өөрөөр байх боломжгүй гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.
Гэвч, энэ киноны жинхэнэ баатар бол зураглаач Haskell Wexler ба түүний драматик гэрэлтүүлэг, гоц гойд хар-цагаан зураглалын зохиомж бишрэм төдийгүй энэ кино дуугүйгүйгээр бүтээгдсэн ч ийм л сайн байх байсан мэт санагдана. Starvos-н түүх бол өөрөө Америкийн хэмжээний үлэмж түүх бөгөөд үргэлж итгэл үнэмшил татахуйц биш байдаг ч сэтгэлийг бол хөдөлгөдөг кино; Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 993-р байрт жагсаагаад байна. Өгүүлэх нь, 1890-ээд оны сүүл үе, Османы эзэнт гүрэн, Аргай уулын бэлд орших ядуу тосгонд амьдрах Грек Stavros түүхэнд "Армянчуудын эсрэг хийсэн алан хядлагын" гэрч болж буйгаар кино маань эхэлнэ. Аймшгт аллагын үеэр Stavros найзыгаа алдах агаад тэд хамтдаа Америкт гарч амьдрах мөрөөдөлтэй бөлгөө. Грекчүүд хүчирхийлэл, аллагын дор үүрд амьдрах нь гэдгээ мэдээд дүрвэж байх зуурт Stavros-н гэр бүл болох хөгшин эцэг эх хийгээд олон дүү нар нь Stavros-г Константинополь руу явуулж, гэр бүлээ аврах төлөвлөгөө боловсруулна. Stavros-н эцэг Issac том хүүдээ итгэн гэр бүлийнхээ бүхий л эд хөрөнгө болсон; мөнгө, үнэт эдлэл, хивс гэх мэт дааж явж болох бүх үнэтэй болгоноо ганц илжгэн дээр ачаад явуулна.
Stavros Константинополь-д очоод хивсний бизнес эрхэлдэг нагац ахтайгаа уулзаад нагацынхаа бизнест байгаа бүхнээ өгч нийлүүлээд ойр зуурын мөнгөтэй болуут гэрийнхнийгээ нэг нэгээр нь өөр дээрээ татаж авах ёстой бөлгөө. Энэ бол Stavros-н бус эцгийнх нь мөрөөдөл юм, тэр Америкт гарах мөрөөдлөө битүүхэн тээсээр буй. Туркийн хөдөө нутаг, ядуу тосгодоор хийх түүний бэрхтэй аялал ийнхүү эхэлнэ. Гэнэн, мөрөөдөмтгий залуу замдаа найзтай боллоо гэж бодтол тэр нь хулгайч байж таараад хамаг эд зүйлсийг нь тоночих агаад Stavros хулгайчийг хөнөөх ч хов хоосон нагац дээрээ очно. Баларч сүйрсэнээ эцэгт минь бүү хэлээрэй, би энд ажлаад мөнгө олчихно гэж Stavros нагацаасаа гуйна. Нагацын бизнес тааруу, үнэндээ Issac-аас ирэх мөнгийг хүлээж байсан учир урам нь хугардаг ч Stavros-г эцэгт нь ховлодоггүй. Нагац нь Stavros-н залуу нас, царайлаг байдлыг ашиглахын тулд түүнд олон охинтой хивсний худалдаачин Aleko-н охинтой сууж хүргэн орвол зовлонгүй амьдарна гэсэн саналыг тавьдаг. Константинополь-д хүргэн орвол үүрд эндээ үлдэнэ гэдгийг ойлгосон Stavros нагацынхаа саналыг эсэргүүцэж, бүр ам мурийснаар мөрөөдлөө амьд үлдээж чаддаг. Нагацтайгаа муудсан Stavros одоо гудамжинд амьдрах ба хамгийн хүнд хүчир ажил хийж, хаягдал хоолоор ходоодоо дүүргэх ч олсон жаахан мөнгөө мөрөөдөлдөө зориулан хав дарсаар.
Ингэж яваад тэрээр Garabet гэдэг гудамжинд амьдардаг эртэй найзууд болно. 9 сар шар махтайгаа хатсан Stavros Туркээс Америк руу явах замын мөнгө 110 турк фунтийг цуглуулах боловч зандангаа тайлдаг баатар болж янхан автал янхан унтсан хойгуур нь түүнийг хувхай хоосолчихно. Цөхөрч, шаналсан Stavros Garabet-г даган террорист үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа нутгийн анархистуудтай нэгдэх бөгөөд тэднийг үүрэнд нь цагдаа нар барьж аван, заримыг нь алж орхино. Хүнд гэмтсэн Stavros-г үхвэл үхэг гээд бусад цогцсын хамтаар далай руу шидэхээр тэргэн дээр ачаад явж байтал азаар Stavros тэрэгнээс унаж хоцорсоноор амьд үлдээд яаж ийгээд нагацындаа хүрч очдог. Нагац нь түүнийг тэнхрүүлж, эдгэсэн хойноо Stavros нагацынхаа үгэнд орж Aleko-н охин Thomna-тай гэрлэхийг зөвшөөрнө. Сүй амжилттай тавигдаж, хүүхэн түүнд дуртай байсан ч Stavros Америкийн мөрөөдлөө дотроо хадгалсаар байх нь үргэлж дуугүй, бодлогошронгуй төрх ирээдүйн эхнэрийнхэн сэтгэлийг жадлан төөнөнө. Thomna зориг гаргаад түүнтэй ярилцахад Stavros энэ насны мөрөөдлөө ний нуугүй хэлэхэд Thomna түүнийг яагаад ч торгоохгүйгээ дотроо ухамсарладаг. Энэ хооронд Stavros Константинопольд ирэхэд замдаа юухан хээхнээр бие биедээ тусалж байсан Hohannes гэдэг Армен найзтайгаа таарах ба Hohannes Америк явах гэж байгаа, Америк бизнесмэний дор ажиллаж байгаагаа дуулгана.
Энэ мэдээ Stavros-н мөрөөдлийг улам өрдчихнө. Stavros ирээдүйн хадам аавынхаа үйлчлүүлэгч болох чинээлэг хөгшин Artoon гэгчийн эхнэр дундаж насны Sophia гэдэг хүүхэнтэй нөхцөж эхэлнэ. Sophia түүнд Нью-Йорк явах тасалбар авч өгснөөр Stavros Thomna-н зүрхийг шархлуулаад явж одно. Stavros найз Hohannes-н хамтаар Атлантын далайд хөвөх онгоцонд суужээ. Тэдэнтэй хамт Sophia хөгшин нөхрийнхөө хамт яваа агаад Stavros, Sophia хоёрыг янаглаж байхад Artoon тэднийг гардчихна. Баян эрхмийн гомдлын дагуу хөлгийн удирдлага Stavros-г Турк руу буцаахаар болно. Hohannes сүрьеэтэй байв, өвчнийг нь цагаачлалын албаныхан мэдчихвэл өчиггүй буцаах нь тодорхой байв. Мөн тэрээр найз Stavros-г нь буцаачихвал найз нь буцаж очуутаа амиа хорлоно гэдгийг мэдээд бас өөрөө ийм өвчтэй ирээдүй тул хөлөг онгоцноос үсэрч амиа хорлоод өөрийнх нь оронд Stavros Америкт газардаг хэмээн бодоод тэрээр бодсныхоо дагуу үйлддэг. Ийнхүү Stavros үхсэн найз Hohannes болон Америкийн цагаачлалын албаныхныг өнгөрөхдөө Joe Arness гэдэг Америк нэртэй болоод нэгдсэн улсын шороон дээр буудаг. Киноны төгсгөлийн хүүрнэлд Stavros Нью-Йоркт амжилттай хүрч очоод гэр бүлийнхээ гишүүдийг нэг нэгээр нь татсан ч аавыгаа л амжиж авч чадаагүй гэж өгүүлдэг.
Найруулагч Elia Kazan авга ахаасаа сэдэвлэсэн уг кинондоо олны танил бус жүжигчид тоглуулсан байдаг дотор гол дүр Stavros-н дүрд тоглож Stathis Giallelis ч багтах ба тэрээр продакшны үеэр 21 настай байв. Бараг 3 цаг үргэлжлэх киноны барагалж бүх сцэнд тэрээр гардаг. Санхүүгийн дэмжлэг хийгээд Туркийн эрх баригчдаас ирэх дургүйцэл зэргээс болж киноны продакшны ажил 1963 он хүртэл үргэлжилжээ. Туркийн зүгээс өөрсдийнх нь үндэстэн, институцийн талаар таагүй агуулгатай кино гэж үзээд багагүй хавчлага үзүүлж байсан (жишээлбэл, газар нутаг дээрээ зураг авхуулахгүй) ч Kazan-д аз тохиожоо, яг л киноных нь баатар шиг. Киноны нээлтийн сцэн болон төгсгөлийн эпилогт Kazan-н дуу оруулсан ажээ. Энэхүү туульсын, физикал, энгийн, бараг мономаниак кино бол Martin Scorsese-н чухалчлан дээлдэг бүтээлийн дээр классик Холливуудын хуучин ертөнц ба John Cassavetes, Luchino Visconti, Michelangelo Antonioni зэрэг шинэ, илүү хувийн шинжтэй модерн кино найруулагчид, мөн Martin Scorsese тэргүүтэй шинэ Холливуудын дундах ариун сахиус болсон кино юм. Kazan-н энэхүү кино нь хуучин Европ, Бага Азийн хуучин ертөнцөөс Америкт шинэ, хоёрдмол цэвэршсэн ертөнц рүү шилжих тухай өгүүлдэг бөгөөд энэ кино өөрөө тэдгээр эсрэг тэсрэг, орооцолдсон ертөнцийн дунд оршдог.
Грек, Туркийн Европын газар нутгийн байршлыг өргөнөөр ашиглахдаа, үсэрсэн монтаж, илүү тусгаар хэсгүүд, роман шиг өгүүлэмжтэйгээрээ Европын Шинэ Давалгаа хөдөлгөөнтэй холбогдох уг бүтээлийн камерийн ажиллагаа (Haskell Wexler) урссан, тод байснаар уг кинонд хагас мэргэжлийн жүжигчдийн тоглолтыг бодитой, үзэгчдэд шинэлэг мэдрэмж төрүүлнэ. Дүр төрх, залгамж халааг өгүүлэмж, хэл ярианы аспектуудтай хослуулсан нь уг киног хуучин, шинэ хоёрын сэтгэл татам эрлийз болгодог. Тиймээс Martin Scorsese энэ киног өөрийг нь кино найруулагч болоход чухал нөлөөлсөн гэж үзсэнд гайхах хэрэггүй юм. Kazan хуучны нөлөөллийг жинхэнэ модерн кино урлагтай хэрхэн холбож болохыг заасан "луужин" байв. Найруулагч Kazan-н кинонуудад Sergei Eisenstein, Alexander Dovzhenko нарын ЗХУ-н найруулагчдын монтажны нөлөөлөл, мөн Roberto Rossellini зэрэг баримтад ба уран зохиолыг кино хэл рүү гарамгай хөрвүүлэгчдийн нөлөөлөл туссан нь илэрхий харагддаг. Эл бүтээл Scorsese зэрэг найруулагчдын кино хэлд нөлөөлөөд зогсохгүй Америк, Европын кино урлагт тодорхой хэмжээгээр тусгалаа олжээ.
Уг киног Kazan-н хамгийн хувийн шинжтэй кино гэдэг бөгөөд магадгүй түүний кино урлагт оруулсан хамгийн радикал бүтээл байх. Энэ бол түүний анхны кино зохиолоо бүрэн хариуцсан кино байснаас гадна түүний сүүлчийн амжилттай кино байв. Тэрээр үргэлж энэ киногоороо дамжуулан Америкийн мөрөөдөл, ёс суртахуун, арьс өнгөний асуудал, дурсамж, цагаачлал болон өөрийгөө таних талаар ярих буюу Америкийн тухай ярих болбол энэ киногоо ярьдаг байсан гэвэл хилсдэхгүй ажээ. Кино найруулагчийн хаана төрсөн, хэн гэдэг өөрийгөө тодорхойлох хүүрнэлээс эхэлдэг, энэ бол Kazan-н ихэнх киноны сэдэв болох; гэр бүл, эцгийн эрхт ёс, газар нутаг, харьяалал, гадуурхагдах тухай өгүүлсэн "East of Eden", "Wild River", "Splendor in the Grass" зэрэг киноны агуулсан сэдэвтэй ижил, өнгө нэг юм.
Comments
Post a Comment