Foolish Wives (1922). Австри-Америкийн домогт кино урлаач Erich von Stroheim-н зохиолыг нь бичиж найруулсан дуугүй эротик драм. Гол дүрүүдэд найруулагч маань өөрөө тогллсноос гадна Rudolph Christians, Miss DuPont, Maude George нарын Америкийн дуугүй эриний жүжигчид тоглосон. Уг киног Universal Pictures кино компани бүтээж, түгээсэн бөгөөд 1922 онд нээлтээ хийхдээ тухайн үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино болж, Холливуудаас төрсөн "анхны сая долларын кино" хэмээн үнэлэгдэж байжээ. Анхлан Stroheim киногоо 6-10 цагийн хугацаанд үргэлжилж, хоёр үдэш дамнан үзүүлээхээр төвлөж байсан ч Universal-ийн удирдлагууд энэ санааг нь дэмжээгүй байдаг. Студийн захирлууд нээлтээ хийхээс нь өмнө кинонд эрс ширүүн хасалт хийжээ. Уг бүтээл хийгээд кинотой холбоотой хэвлэл мэдээллээр цацагдсан шуугиан найруулагч Stroheim-г 1920-оод оны эхэн үеийн хамгийн алдартай найруулагчдын эгнээнд аваачсан. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэчихээд кинотой холбоотой зарим мэдээ мэдээллийг хүргэж байна.
Энэхүү дуугүй кинонд өөрийгөө гүн Sergius Karamazin хэмээн хуурамч нэр, цолоор өргөмжилсөн нэгэн эрийн хэрхэн баян хүүхнүүдийг урхидчихаад дараа нь мөнгийг овжиноор салгаж байгаа талаар өгүүлдэг. Karamzin Монте Карлод үеэлүүд болох гүнгийн авхайнууд Vera, Olga нарын хамтаар дэлгүүр нээжээ (түүний амраг хүүхнүүд байж тун болзошгүй). Karamzin Америкийн дипломатчийн эхнэр Helen-г ядах юмгүй өөртөө дурлуулчихна. Тэнэг эхнэр уйтгартай ч үнэнч сайн нөхрөөсөө цагаас цагт хөндийрөөд сэтгэл татам ч хуурамч язгууртан Karamzin-н саварт улам гүн атгуулна. Шалиг Karamzin мөн зочид буудлын үйлчлэгч Maruschka-д гэрлэнэ гэж худлаа хэлж өвөртлөхийн сацуу өөрийн гэмт хэрэгт хамсаатны сэтгэцийн өвчтэй охиныг хуял тачаалын нүдээр үргэлж төөнөнө. Хүүхнүүд бол түүнд ердөө л сексийн олз гэж харагдана. Киноны оргил хэсэг ирэхэд, ердөө хэн ч биш болохоо ухаарсан Marischka галзууртлаа уурлаад Karamzin, Helen хоёрыг хамт байхад нь байшинг нь шатаах агаад Karamzin хөөрхий эхнэрийг орхиод амиа аваад гарчихна, харин Америкийн дипломатч азаар ирж эхнэрээ шатаж үхэхээс нь аварна.
Karamzin-н сайхь хулчгар, амиа бодсон үнэн төрх олон нийтэд ил болсноор тэрээр зугтаахаас өөр замгүй болох ба доромжлуулсан бардам зангаа сэргээж, өшөө хорслоо тайлахын тулд өнөөх сэтгэцийн өвчтэй охиныг хүчиндэхээр завдаж байгаад аавынх нь гарт алуулна. Түүний цогцсыг бохирын хоолойд хийчихнэ. Энэ зуурт хуурамч үеэлүүд хууран мэхлэгчид болох нь илчлэгдээд цагдаад баригдана. Найруулагч Stroheim "Blind Husbands", "The Devils Pass Key" гэсэн дараалсан хоёр кино хийж баттай "артай" болонгуутаа Universal Pictures-тэй хамтран гурав дахь төсөлдөө шууд орсон нь "Foolish Wives" байлаа. Түүний Universal-тай хийсэн гэрээ тухайн үед дуусч, томоохон студиуд түүнийг ихээхэн сонирхож байсан бөгөөд Universal-ийн дэд ерөнхийлөгч R. H. Cochrane "шинэ нээлт" болсон найруулагчаа авч үлдэхийг хүсч, Stroheim-н цалинг нэмэхийг зөвшөөрсөн гарын үсэг зуржээ. Гэтэл продюсер Laemmle энэ шийдвэрт дургүйцсэн боловч өмнөх амжилтыг нь үгүйсгэж чадахгүй тул зөвшөөрсөн аж.
Stroheim эцэслэн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Universal-ийн кино зургийн задгай талбайд тайз засал хэдийнээ эхэлсэн байлаа. Энэ кино бол тухайн үед Universal студийн хамгийн ганган тансаг бас амбицтай төсөл байсан ба кино сонирхогчдыг "мелодрам, секс хийгээд үзүүштэй" гэсэн байдлаар татахын тулд продюсер Carl Laemmle-н үүрэг багагүй байсан буюу түүний продакшны ажил салбарынхаа чиг хандлагыг тодорхойлж байлаа. Намтар судлаач Richard Koszarski: "Уг киноны продакшны түүх бол урьд хожид хэзээ ч байгаагүй хар дарсан зүүд байсан, Stroheim хэзээ ч бүрэн сэрж чадахгүй тийм муу зүүд байсан" гэсэн байдаг. Францын Ривьера дөхь хамгийн тансаг казино болоод зугаа цэнгэлийн цогцолборыг Universal студиуд дуурайж барьсан аж. Бүр нарийвчлан хэлбэл студидээс хойд зүгт 300 милийн зайд байрлах Монтерейн хойг дээр тус нүсэр тайзыг барьсан ба цаг агаарын таагүй нөхцлөөс болж өндөр өртөгтэй байгууламжид багагүй хохирол учирч байжээ.
Stroheim болон түүний ур чадвартай техникчид энэ төслөө л амжилттай гүйцэтгэхийн тулд студийн мөнгийг гамгүй үрж зарцуулж байсан нь Universal-ийн зарим удирдлагуудад таалагдсангүй; ингээд Laemmle дөнгөж 20 настай продюсер Irving Thalberg-г ахлах продюсерээр тушаал дэвшүүлсэн бөгөөд энэ бол илэрхий хэт үрэлгэн загнаж буй Stroheim-г хянах зорилготой үйл явдал байв. Удирдах чадвартай, кино найруулагчдыг хянаж чаддаг Thalberg киног түргэн дуусгах төлөвлөгөөг Stroheim-д танилцуулаад ер нь дээд удирдлагынхаа үгэнд орвол зүгээр шүү гэсэн сануулга өгчээ. Ийм явдал болно гэдгийг тааварлаж байсан Stroheim шууд л Thalberg-н удирдлагад ажиллахаас татгалзаж: "намайг найруулагчийн хувьд, жүжигчний хувиар ч энэ төслөөс зайлуулагтун, харин та нар кино үгүй болно шүү" гэж хэлжээ. Ингээд Stroheim өөрийнхөө хүссэнээр киногоо хийж эхэлсэн байдаг. Энэхүү киногоороо Stroheim "жинхэнэ" байдлыг үзүүлэхийн төлөө үрэлгэн, өндөр өртөгтэй тайз, зураг авалтын чанд хуваарийг шаарддаг "төгс төгөлдрийг эрхэмлэгч" гэсэн алдар нэртэй болжээ. 1921 онд киноны гол дүрүүдийн нэг Rudolph Christians зуурдаар нас барсан ба киноны үйл явц ид дундаа явж байж, талийгаачийн багтсан хэд хэдэн сцэн дутуу байв. Stroheim талийгаачийг орлуулах юмуу кино техникийн аль ч оновчтой шийдэл олж чадаагүй.
Stroheim талийгаачтай төстэй жүжигчин олоод томоохон хэмжээний дахин зураг авалт хийх санал тавихад Thalberg хариуд нь тэгвэл, студийн эзэмшлийн бүх техник хэрэгслээ буцааж өгөөд гэртээ харь гэжээ. Кино нээлтээ хийхэд Variety сэтгүүл киноны талаар тойм бичихдээ өндөр үнээр бүтсэн, тэгээд үүнийг нь Stroheim-н хэрхэн зохицуулсанд анхаарчээ; "энэ киноны өртөг $1,103,736; 11, 6 долоо хоногт зургийг нь авсан; эвлүүлгийн ажилд 6 сарыг зарцуулсан ба 15,000 гаруй хүн ямар нэгэн байдлаар энэ кинонд ажилласан. Эл бүтээлийн тайз засал үнэхээр үнэтэй; үзэсгэлэнтэй арын дэвсгэртэй, үлэмжийн дотоод заслууд нь түүх өрнөх газар буюу Монте Карлогийн орчин байдлыг бүрэн дүүрэн харуулна. Энэхүү кино нь олны анхаарлыг татсан секс мелодрам болохыг зорьсныг илэрхий завхай, шалиг зураглалаас нь харж болно. Stroheim зохиолоо бичиж, найруулж, мөн гол дүрд тоглосон; тэр киноныхоо бүхий л хэсэгт байдаг" гэж бичжээ. Photoplay сэтгүүл киноны жүжигчдийн тоглолтыг сайшаагаад: "Америкийн идеа, эмэгтэйлэг байдлыг доромжилсон" кино гэжээ. Шүүмжлэгч Ed Gonzalez уг киноны талаар: "Foolish Wives төгс "irish" кадраар эхэлдэг. Энэ нь ердийн "уусалтын" эффект бус харин Stroheim нүгэлт, хавчигдмал, тусгаарлагдсан байдлын мөн чанарыг бидэнд танилцуулдаг" хэмээжээ. Илүү орчин үеийн шүүмжлэгчид уг киноны тайз заслыг өнөөдрийн Холливуудын нүсэр байгууламжтай харьцуулдагаас гадна киног порнографыг мөрөөдөгч зохиолч Henry James-н роман шиг гээд Stroheim-г түвэгтэй суутан болохыг харуулсан бүтээл гэж дүгнэжээ.
Comments
Post a Comment