Almost Famous (2000). Америкийн сэтгүүлч, кино найруулагч Cameron Crowe-н зохиолыг нь бичиж найруулсан комеди, драм. Кинонд, өсвөр насны нэгэн хөвгүүн зохиомол рок хамтлагийг даган аялан тоглолтод нь оролцож явахдаа хамтлагийн тухай алдарт "Rolling Stone" сэтгүүлд нийтлэл бичиж буй тухай өгүүлдэг. Cameron Crowe өсвөр насандаа Rolling Stone сэтгүүлд нийтлэл бичиж байсан учир энэ бол хагас намтарчилсан кино юм. Киноны гол дүрүүдэд; Billy Crudup, Frances McDormand, Kate Hudson, Patrick Fugit болон Philip Seymour Hoffman нар тоглосон.
Кино хэдий арилжааны хувьд амжилт олоогүй ч шүүмжлэгчдээс сайшаал хүртсэн бөгөөд Оскарын наадамд 4 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эх зохиол төрөлд ялагч болсон байдаг. Шүүмжлэгч Roger Ebert уг киног өндрөөр үнэлж, 2000 онд гарсан хамгийн шилдэг кинонуудын 9-р байрт эрэмбэлжээ. Өнөөдөр энэ бүтээлийг култ классик гэж үнэлэх болсон ба 2016 онд BBC-ээс гаргасан 2000 оноос хойших хамгийн шилдэг кино жагсаалтын 79-р байрт шалгарчээ. 2022 онд Broadway театрт мюзикл жүжиг болгон хөрвүүлэн тавьжээ. Маш сайн жүжигчдийн тоглолттой, түүхээрээ үзэгчийг өөрийн эрин үе рүү амжилттай татаж оруулсан, сайтар боловсруулсан, сэтгэл дулаацуулам энэхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. 1969 он, Сан Диего хотод авъяаслаг хүү William коллежийн профессор ээж Elaine-н хамт амьдарна. Хөвгүүн нэг эгчтэй ч рок хөгжим сонсох хүсэл сонирхлыг нь хориглосноос болж (поп рок соёл хүүхдүүдэд нь муу нөлөөлнө гэж итгэдэг) тэр эгч Anita нь гэрээ орхин явж, Сан Францискод онгоцны үйлчлэгч болжээ. Anita явахаасаа өмнө дүүдээ бүх рок пянзаа орхисон нь William-н амьдралыг эгнэгт өөрчлөх тавилантай байлаа. 1973 он, манай баатар William 15 настай болсон байх ба таны тааварлаж байгаачлан рок хөгжмийн галзуу донтон болоод зогсохгүй нутгийнхаа сонинд рок хөгжимтэй холбоотой нийтлэл бичигч болсон байна.
Алдартай рок сэтгүүлч Lester Bangs түүний бичвэрийг үнэлээд "Black Sabbath" хамтлагийн тоглолтыг үзээд нийтлэл бичих даалгавар өгсөн нь хөвгүүний амьдралд тохиосон онц чухал явдал болно. Тоглолтын нээлтэд дөнгөж алдаршаад буй "Stillwater" хамтлаг ирж, энэ үед William тэднийг долигнон бялдуучилснаар хамтлагийн гоцлол гитарчин Russell-д таалагдаж, өөрийнхөө хамтлагийн гишүүд хийгээд бусад хүмүүстэй танилцуулна. Энэ үед William Penny хэмээх хөөрхөн охинтой танилцах агаад Penny бол "Stillwater" хамтлагийг хаа ч явсан дагаж явдаг улаан шүтэн бишрэгч охидын нэг бөгөөд энэ охид өөрсдийгөө "хамтлагийн туслагчид" гэх буюу үнэндээ хамтлагийнхантай шоудаж, сексдэг ажилгүй гэхдээ бараг хамтлагийн нэг хэсэг болсон сайн дурын бүлгэм болой. Хөөрхий William анхны харцаар л Penny-д дурлах бол охин ч түүнд өршөөнгүй хандана. William-н "Black Sabbath"-ийн тухай нийтлэлийг "Rope Stone" сэтгүүлийн редактор Ben Fong-Torres харж үнэлээд William-г "Stillwater" хамтлагийг дагаж аялан тоглолтод нь яваад нийтлэл бичих ажил санал болгоно; балчир William-д мөрөөдөл нь биелсэн мэт л санагдаж саналыг зөвшөөрөхөд ээж нь тун дургүйцдэг.
Аяллын үед William-д хамтлагийн гишүүд ярилцлага өгдөг ч Russell ганцаараа зайлсхийгээд байдаг. Аяллын үеэр олон үйл явдал болдог; үүнд Russell болон хамтлагийн дуучин Jeff нарын дунд хэрүүл маргаан үе үе болдог ба хамтлагийнхан ер нь л William-г "дайсан" гэж үздэг, харин William хамтлагтай хамт удах тусам тэдэнд, тэдний амьдралын хэв маягт уусч, өөрийгөө "алдаж" эхэлдэг. Дуу бичлэгийн лейбл мэргэжлийн шинэ менежер ажилд авч, "Stillwater" автобусаар биш онгоцоор аялах ямба эдэлж эхэлнэ, нэг үгээр тэд алдаршиж эхэлжээ. Хамтлаг Нью-Йорк хотод очихоос өмнө Penny явах ёстой, учир нь Нью-Йорк хотод Russell-н эхнэр нөхрөө хүлээж байгаа (Penny түүний амраг юм). Russell өөр хамтлагийн гишүүдтэй мөрийтэй тоглоод мөрийндөө Penny болон бусад "хамтлагийн туслагчид" охидыг тавиад алдсныг William сонсоод Penny-д хэлснээр Penny тун шархлан гомдож явдаг. Нью-Йоркт William хамтлагийнхан "Rolling Stone" сэтгүүлийн нүүрэнд гарах болсныг дуулгаж бүгдээрээ баярлаж байхад Penny ирнэ. William Penny-г дагаж яваад буудалд амиа хорлохоос нь хамгаалж чадна.
Маргааш нь тоглолт хийхээр онгоцоор нисэх үед цаг агаар муудаж, хамтлагийнхан бие биедээ сэтгэлийнхээ үгийг амжиж хэлж байна гээд хамаг нууцуудаа илчилж орхиход William Penny-д хайртай гэдгээ, Russell түүнийг муухай гомдоож явуулсан гэж өччихнө. Онгоц аюулгүй газардахал хамтлагийнхны дунд эвгүй уур амьсгал тогтсон байлаа. William нийтлэлээ өгөх цаг тулж, хэрхэн дуусгахаа мэдэхгүй шаналж байгаад Lester руу залган зөвлөгөө хүсэхэд Lester; чи өршөөлгүй бас шударга байх хэрэгтэй, өөрийгөө тэдний найз гэж хараад байвал чамаас юу ч гарахгүй гэдэг. Ингээд William үнэнийг бичээд өгтөл "Rolling Stone" сэтгүүл сайшаан хүлээж автал Russell нийтлэлд бичигдсэн бүхэн худлаа гэснээр сэтгүүл нийтлэлийг устгачихна. Хэмх цохиулсан William онгоцны буудал дээр эгчтэйгээ таараад хамтдаа гэртээ харихад ээж нь туйлгүй баярлан угтдаг. "Хамтлагийн туслагчид"-ийн нэг гишүүн охин Russell-г ухаан ортол нь зэмлэснээр Russell ухаан суугаад Penny рүү залгаад уулзах хүсэлтэйгээ хэлэхэд Penny William-н гэрийн хаягийг хэлчихнэ. Russell санамсаргүйгээр William-д очоод уучлалт гуйгаад эцсийн эцэст ярилцлага өгөхөөр болдог болоод зогсохгүй "Rolling Stone" сэтгүүл William-н нийтлэлийг дахин сэргээхээр болдог. Энэ зуурт Penny үргэлж төсөөлөн боддог Марокко руугаа явж байдаг билээ.
Найруулагч Crowe өөрийнхөө мэддэг рок хамтлагуудын нэгдлээс "Stillwater" хамтлагийг бүтээгээд энэ хамтлаг залуухан сэтгүүлчийг өөрсдийн хүрээлэлд оруултал залуухан сэтгүүлчийн хүсэл хамтлагийг болгоомжлоход хүргэж байгаагаар киноныхоо ерөнхий санааг зураглажээ. "Stillwater" гэдэг нэртэй хамтлаг үнэхээр байсан ба киноныхон нэрийг нь ашиглахын тулд тэднээс зөвшөөрөл авчээ. "Stillwater" хамтлагийн жил гишүүн Bobby Golden нэгэн ярилцлагадаа "Тэд киногоо зөвшөөрөл авалгүйгээр хийх боломж байсан, гэхдээ тэгсэн бол тэд маш том заргатай учрах байсан юм. Манай хуульч тэдэнтэй холбоо тогтооход тэд үнэгүй хийх хүсэлтэйгээ хэлсэн, харин бид мөн л үнэгүй хийлгэхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд бид тохиролцсон" гэжээ. Далаад оны рок од Peter Frampton киноны техникийн зөвлөхөөр ажиллажээ. Crowe болон тухайн цагт түүний эхнэр байсаэ хөгжимчин Nancy Wilson кинонд гарах "Stillwater"-ийн таван дууны гурвыг, Frampton үлдсэн хоёрыг нь бичсэн агаад "Pearl Jam" хамтлагийн гоцлол гитарчин Mike McCreedy бүх гитарын хөгжмийг нь тогложээ. William-д тоглосон Patrick Fugit тухайн үед хэний ч танихгүй нэгэн байсан бөгөөд сонгон шалгаруулалтад өөрийгөө бичсэн хуурцагаа кино багийнхан руу илгээснээр шууд "тэнцжээ".
Тэгвэл Russell-н дүрд анхлан Brad Pitt тоглохоор төлөвлөгдөж байж. Гэвч зураг авалтын өмнөхөн сургуулилтын үеэр энэ дүрд Brad Pitt ерөөсөө тохирохгүй байсныг Crowe ч, жүжигчин маань ч ойлгосноор Pitt асуудалгүйгээр төслийг орхижээ. Гэхдээ анхнаасаа Pitt-д л зориулсан олон сцэн байсныг хэвээр нь үлдээсэн байдаг. Кинонд "алтны бурхан" гэдэг ишлэлтэй Russell-н сцэн байдаг, энэ сцэнийг "Led Zeppelin" хамтлагийн дуучин Robert Plant-н "Riot House" зочид буудлын тагтан дээрээс хэлж байсан үгнээс санаа авч бүтээжээ. Найруулагч Penny-н дүрийг бодит амьдрал дээрх "Flying Garter Girls Group" гэж өөрсдийгөө нэрлэсэн охидын улаан фэн бүлгэмийг үүсгэгч Pennie Lane Trumbull гэгч эмэгтэйгээс сэдэвлэн бүтээжээ. Жүжигчин Sarah Polley анхлан Penny-н дүрд сонгогдоод байсан ч Brad Pitt явснаар тэр мөн төслийг орхисон ба түүнийг Kate Hudson орложээ. Penny-н дүрд мөн Natalie Portman яригдаж байв. Сонирхолтой нь, William-н ээжийн дүрийг Crowe-н ээжээс сэдэвлэсэн; найруулагчийн ээж хүүгээ ажиллаж байхад байнга шахуу зураг авалтын талбайд байдаг байсан агаад найруулагч Crowe ээжээсээ жүжигчин Frances McDormand-д (William-н ээжийн дүрд тоглосон) битгий саад болоорой гэж гуйж байсан ч зураг авалтын дараа эмэгтэйчүүд сайн харилцаатай болсон байв.
Roger Ebert: "энэ бол олон талаараа инээдтэй хийгээд сэтгэл хөдөлгөм кино юм" гэсэн байхад The New York Times сэтгүүл:"киноны жинхэнэ таашаалыг үйл явдлаас нь бус харин ихээхэн хөгжилтэй, ер бусын сцэнүүдээс олж харна. Энэ бол таныг өнгөрсөндөө очоод дуртай цомгоо сонсох шиг тийм мэдрэмж төрүүлэхүйц кино" хэмээжээ. Киноны дүр болгон өөрийн гэсэн шалтгаантай, бүгд сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа нь дүр болгоныг сэтгэл татам, нэг үгээр амьд мэт санагдуулдаг. Энэ бол шил шиг тунгалаг, инээдтэй, ойлгогдохуйц, мөн цоглог агаад амьдрал нь одооны биднийхээс илүү тачаангуй, зорилгоор дүүрэн дүрүүдтэй кино юм. Зарим судлаачид энэ киног Crowe-н хамгийн шилдэг бүтээл гэдэг бол би хувьдаа Kate Hudson энэ кинонд орлуулашгүй тоглосон буюу түүний замналын оргил тоглолт гэж бодож байна.
Comments
Post a Comment