Зарим киноны талаар хэдэн үг хэлэхэд - 2

 




Barbie (2023) ~ Энэ кино экзистенциализмын сэдвийг судалжээ. Энэ кино биднийг юу хүн болгодог вэ, "бусад" гэсэн идеа, үнэхээр бие даасан байдал гэж байдаг уу, эсвэл бид бүгдээрээ ердөө л ашиггүй болсон үед хаягддаг зүйл үү, гэсэн философийн гүн эрэгцүүлэлд автуулдаг. Барби, Кен хоёр бодит ертөнцийг Барбиланд шиг эхийн эрхт ёсын утопиас ялгаатай дарангуйлагч эцгийн эрхт ёсны нийгэм болохыг мэдээд өөрсдийгөө нээх "эсрэг бөгөөд эрх тэгш" аялалд гарцгаадаг; өөрөөр хэлбэл тэд хаашаа явах, юу хийх зэргийг нь урьдчилан тогтоосон дүрмийн эсрэг тэмцэхдээ давхар өөрийн сэтгэл, мэдрэмжийг бусдынхтай тааруулах гэж зовдог. Барби Барбиланд гэсэн төгс ертөнц руугаа буцах, эсхүл бодит ертөнцөд байгаа оршихуйдаа очоод үнэнийг мэдэх гэсэн сонголтыг Америкийн философич Роберт Нозикийн "бодлын туршилт" гэдэг ажилтай харьцуулдаг ажээ. Барбиланд дахь хүйс гүйцэтгэл, тушаалын шинжтэй байсан бол эцгийн эрхт ёс тогтох болоод тогтохоос өмнөх Кен хэрхэн аашилж, авирлаж байсан нь сонирхолтой. Зарим судлаачид Барбиланд-г Библийн Едений цэцэрлэгтэй, Адам, Эва хоёрыг Барби, Кен хоёртой харьцуулжээ. Барби, Кен хоёр бодит ертөнцөд ортол хүмүүс тэднийг гайхан харахад тэд анх удаагаа ичсэн мэдрэмж авлаа гэдэг бол Диваажингийн цэцэрлэгээс Адам, Эва хөөгдсөнтэй төстэй буюу магадгүй кино үүнийг л сануулахыг хүссэн бололтой. Нэгэн Хятад шүүмжлэгчийн үзэж буйгаар Барбигийн үхлийн тухай гэнэтийн бодол бол төрсөн гэрээсээ гараад зовлон, үхэлтэй танилцаж буй Сиддхарта Гаутама шиг буюу Барби эцсийн эцэст гэгээрэлд хүрч байна. Барбиландад Кен-г объектив, гадуурхагдсан хүйс гэж үздэг тул уг кинонд эхийн эрхт ёс нь эцгийн эрхт ёс шиг "муу" гэж харуулжээ. Жинхэнэ баатрууд нь хачирхалтай Барби болон Аллен зэрэг гадуурхагдагсад агаад тэднийг хараад Барби статус квогоо хүлцэж чадахгүй болсон юм. Яг энд найруулагч Грета Гервигийн "нарны туяа хүн бүрт адилхан тусдаг" гэсэн феминизмын үзэл баримтлал илэрдэг. 

Шүүмжлэгч Жэк Батлер уг киног "гүехэн, эр хүнийг үзэн ядсан, зэвүүцэм кино" гээд цааш нь, "феминистүүдын төсөөлдөг төгс ертөнцийг харуулсан, тэдний эрчүүдийн давамгайллыг хэрхэн төсөөлдөгийг үзүүлсэн пост-феминист ёжлолт" гэжээ. Бодит ертөнцөд, дэлхийд ноёрхож байгаа эрчүүдийн шатлан захирах ёсонд нэгдэх гэсэн Кен-н бүхий л оролдлого няцаагддаг ба тэрээр Барбиланд руу буцаж очоод эрчүүдийн шатлан захирах ёсыг суулгах ёстой; гэвч Барбиландад түүний суулгасан институци дэндүү гүехэн байсан учир суулгасан шигээ л түргэн нурчихдаг. Гэтэл Барби Барбиландад эмэгтэйчүүдийн ноёрхлыг сэргээдэг ч Барби үлдэхийг хүсэлгүй харин ч бүрэн хүн болохыг сонгодог билээ. Шүүмжлэгч Жан Герреро киноны феминист гадна үзэмжийг харуулсан дэд текстийг "Эрчүүд болон тэдний сэтгэлийг үл тоомсорлодог ертөнц бол эцгийн эрхт ёсны урвуу  буюу харгислал юм" гэжээ. Ер нь бол одоогийн нийгмийн эрчүүд өөрсдийнхөө эршүүд шинжийг дахин бодох ёстой болсныг харуулсан кино гэж би үзээд байгаа буюу лав л надад Барби нар гэхээсээ илүү Кен-нүүд манай монголд оршихуйн хүнд асуудалтай тулгараад байгааг иймэрхүү майнстрим кино хөндсөн нь магтууштай санагдсан. Америктаа бол шүүмжлэгчид энэ кино Америк эрчүүдийн амьдрал хийгээд эдийн засгийн амлалт, амьдралын зорилго болоод итгэл найдвар цаашлаад хэн гэдгээ мэдэхгүй болсон хямралын тусгал, үүнийг нь ойлгуулах гэсэн кино гэж тайлбарлаж байна. Энэ киноны үйл явдал яагаад радикал вэ гэвэл, эмэгтэйчүүдийн хүчирхэгжилт, феминизмыг дахин төсөөлөхөд уриалж байгаа ч кино давхар эрчүүдийн тэмцлийг үл тоомсорлож байгааг хөндсөнд нь оршино.


Die Hard (1988). Хэд хэдэн шүүмжлэгчид уг киног хүчирхийллийн замаар гэтэлгэдсэн түүх гэж тодорхойлсон байдаг. McClane гэрлэлтээ аврахын төлөө Лос-Анжелест ирсэн хэдий ч Holly-г өөрөөсөө холдуулсан алдаануудыг гаргадаг; ийнхүү тэрээр алан хядагчдыг харгислалын замаар ялсны дараа л тэдний гэрлэлд эв зүйгээ олов бололтой. Уур хилэн болон эгодоо хөтлөгдсөн цөөнгүй эрэгтэй дүрүүд харгис үйлдэлдээ шаналж байгаа харагддаг. Тэгвэл илүү аядуу ааштай дүрүүд буюу Африк гаралтай америк дүрүүд нь сайн хүмүүс байдаг. McClane шашнаар аврагдахын тулд өөрийгөө наманчлал шаарддаг шашин болох Ромын Католик шашинтан гэж тодорхойлдог ба тэрээр бие махбодийн шийтгэлийг тэвчиж, хөлөө шилээр зүсэж цуст "шившигт тамга" үүсгэдэг. Энэ золиослолоороо тэрээр гэр бүлээ авардаг ба энэ утгаараа McClane орчин үеийн, ажилчин ангийн Христийн дүр төрх болж байна. McClane эхнэрээ хүчирхийллийн аргаар эргүүлэн авч байгааг Эртний Грекийн Одиссейн эхнэрийнхээ араас санаархагчдыг хөнөөж буйтай адилхан гэж зүйрлэдэг аж. McClane эрэгтэй хүний сөрөг шинж төрөхийг харуулахын хажуугаар эршүүд зангаараа шагнагдаж байна. Мөн түүний дотуур хувцастайгаа байгаа нь эршүүд бие галбирыг нь тодотгож өгч байгаа аж. McClane, Gruber хоёрыг бие биенийхээ тусгал гэдгийг судлаачид онцолсон. 

McClane-г John Wayne, Gary Cooper зэрэг Вестерний ковбой болсон Америкийн хэвшмэл од ойлголттой харьцуулахад дампуурсан Америкийн соёл шиг байдаг, Gruber классик боловсролтой, Европын хорон санаатан юм. Өмнөх арваны "Superman", "Raiders of the Lost Ark" гэх мэт супер баатруудтай харьцуулахад McClane бие махбодийн хувьд бодитой, эрэгтэйлэгээр дүрслэгдсэн бөгөөд бие даасан, дотоод хүчтэй түүнийг "жинхэнэ эр хүн" гэсэн идеаг илэрхийлдэг гэжээ. Энэ бол Америкийн мөрөөдөл, бие даасан байдал, технологийн дэвшлийг сурталчилж байсан Рейганизм буюу ерөнхийлөгч Рональд Рейганы улс төрийн байр суурийн эсрэг үйлдэл гэж үздэг ажээ. Хэрэв сонголт байсан бол McClane алан хядагчидтай зууралдахыг хүсэхгүй байсан, тэр баатрын дүрийг дурамжхан хүлээн авдаг. Дүрийг анх танилцуулахад хуримын бөгжтэй байдаг. Энэ бол гэрлэлтийн амлалтын симбол юм. Holly эсрэгээр гарч ирдэг; бүсгүй анхныхаа нэрийг ашиглаж, хуримын бөгжний оронд хамтран ажиллагсдаас нь бэлэглэсэн Rolex цаг зүүсэн байдаг. Энэ бол бүсгүйг ажилдаа үнэнч, гэр бүлийн хувьд салангид байгааг бэлгэддэг. Киноны төгсгөлд McClane эхнэрээ Gruber-ын гараас чөлөөлөхийн тулд Gruber-ын зуурсан цагийг тайлахад Gruber үхэж, салалтын тотем нурж, тэд эргэн нийлдэг. 


The Shawshank Redemption (1994). Энэхүү киног Христийн мистицизмын үүднээс тайлбарладаг. Судлаачид Andy-г мессианист, Христтэй төстэй дүр гэж харахыг санал болгож байгаа бөгөөд киноны эхэнд Red түүнийг Шоушенкээс хамгаалдаг аура бүрхүүлтэй гэж дүрсэлдэг билээ. Andy болон хэдэн хоригдлууд шоронгийн дээврийг давирхайдаж буй хэсгийг Сүүлчийн Оройн зоогийг харуулсан зураглал гэж харж болно, Andy нөхдөө пивоор дайлж байгаа нь Христ 12 шавь нараа дарсаар дайлахтай төстэй буюу Morgan Freeman тэднийг Есүсийн адислалыг санагдуулахуйц "Бүх бүтээлийн эзэн" гэж тодорхойлсон байдаг аж. Найруулагч Frank Darabont үүнийг зориуд төстэй байдлаар хийгээгүй гэж мэдэгдсэн боловч хүн болгон энэ киноноос өөрсдийнхөө хүссэн утгыг зорьсон гэжээ. Мөн "The Marriage of Figaro" бичлэгийг олдог нь Христийн Ариун тагш"-ийг олохтой адилхан ажээ. Киноны эхлэлд, харгалзагч Norton Есүс Христээс ишлэн "Би бол ертөнцийн гэрэл" хэмээн өөрийгөө Andy-ын аврагч гэж тунхагладаг боловч энэ ишлэл нь мөн гэрэл тээгч Люсиферийг хэлж байж болох аж. Үнэндээ харгалзагч ерөнхий хуулийг хэрэгжүүлдэггүй, харин ч Сатаны зан авиртай төстэйгөөр өөрийн дүрэм журам, шийтгэлийг үзэмжээрээ хэрэгжүүлэхийг сонгосон, өөрөө өөртөө хууль бологч байдаг. Мөн харгалзагчийг АНУ-ын ерөнхийлөгч асан Richard Nixon-той харьцуулдаг. Norton-ын дүрх төрх, олон нийтэд хандаж хэлсэн үг нь Nixon-ын дүр төрхийг санагдуулдаг. Зихуатанежог диваажин юмуу тэнгэрийн орныг загварчилсан хувилбар гэж тайлбарладаг. 

Кинонд энэ газрыг Andy ямар ч дурсамжгүй, нүглээ мартсан эсхүл Номхон далайд угааж арилгахыг санал болгосон, "Энх тайван" гэсэн утгатай газар гэж тодорхойлдог. Andy эхнэрийнхээ үхэлд хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөний дараа л Зихуатанежо руу зугтаах магадлал нь ихсдэг; үүнтэй адилаар Red өөрийгөө аварч чадахгүй эсхүл нүглээ цагаатгаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа л эрх чөлөөг олж авдаг билээ. Morgan Freeman Red-ийн түүхийг авралын түүх гэж тодорхойлсон байдаг ба тэр Andy шиг гэтэлгэлийг олоогүй, тэр гэмт хэрэгтээ буруутай юм. Христийн шашинт үзэгчид Зихуатанежог диваажин гэж тайлбарлаж байхад зарим судлаачид үүнийг сайн ба муугийн уламжлалт ойлголтоос гадуурх Ницшегийн мэдэхгүй байхын хэлбэр гэж тайлбарлаж, энд санал болгож байгаа мартах өвчнийг нүглийг өршөөх бус харин устгах, өөрөөр хэлбэл Andy-ын зорилго бол шашингүй, бурханд үл итгэх явдал аж. Түүнийг Христтэй төстэй гэж тайлбарлаж болохын сацуу түүнийг боловсрол, эрх чөлөөний мэдрэмжээр дамжуулан зугтаахыг санал болгож байгаа Заратустратай төстэй зөнч гэж харж болно. Roger Ebert уг киног хүн найдваргүй байдалд орсон үедээ өөрийгөө үнэлэх мэдрэмжээ хадгалж үлдэх тухай зүйрлэлт үлгэр гэж дүгнэжээ. 


Forrest Gump (1994) ~ Уг киноны эхлэл болон төгсгөлд гардаг өдний талаар олон янзын тайлбар, тайлал байдаг. The New York Times сэтгүүлээс дэвшүүлсэн санааг онцлон ишилбэл: "Цагаан өд нь "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"-г (Милан Кундерагийн бүтээл) бэлгэддэг үү? Forrest Gump-ын оюун ухааны согогийг бэлгэдэж байна уу? эсхүл эх захгүй мэдрэмжийг илэрхийлэх үү?" гэжээ. Харин жүжигчин Tom Hanks өдийг ингэж тайлбарласан: "Бидний хувь тавилан гэж үздэг зүйл бол ерөөсөө бид амьдралдаа тохиолдож буй элементүүдтэй хэрхэн харьцаж байгаагаар л тодорхойлогддог бөгөөд энэ кинонд бол өдөөр илэрхийлэгдэж байгаа юм. Энэ нь хаана ч буух боломжтой, таны хөл дээр ч бууж болно. Энэ бол үнэхээр том теологийн илэрхийлэл". Мөн жүжигчин Sally Field өдийг хувь тавилантай харьцуулж хэлж байна: "Өд салхинд хийсч, энд тэндгүй л хүрч очдог. Төлөвлөгдсөн хэрэг үү? эсхүл зүгээр л тохиолдол уу?". Тусгай эффектийн удирдагчаар кинонд ажилласан Ken Ralston өдийг абстракт зурагтай харьцуулсан: "Энэ бол төрөл бүрийн санаа бодолтой хүмүүст олон янзын утгыг илэрхийлж чадна". Шүүмжлэгчид энэ кино улс төрийн агуулгатай гэж дүгнэдэг. Tom Hanks "Кино улс төрийн агуулгагүй, тиймээс бусдад санаагаа тулгадаггүй" гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч CNN-ийн Crossfire нэвтрүүлгээр энэ кино консерватив үнэт зүйлсийг сурталчилсан уу эсхүл 1960-аад оны соёлын эсрэг хөдөлгөөнийг буруутгав уу гэсэн өргөн мэтгэлцээн өрнүүлсэн байдаг. Зохиолч, судлаач Thomas Byers уг киног "түрэмгий консерватив кино" гэсэн буй. Gump тун комеди амьдралын хэв маягийг баримталдаг бол Jenny-ын амьдрал хар тамхины хэрэглээ, замбараагүйтэл, дайны эсрэг жагсаал хийгээд соёлын эсрэг тэмцэлээр дүүрэн байдаг ба эцэст нь тэдний гэрлэлт нь нэг төрлийн эвлэрлийг илтгэж байгаа бололтой. Cinema Journal-ийн нэгэн нийтлэлд; Jenny-ын нэр нь үл мэдэгдэх вирусын улмаас нас барж байгааг 1960-аад оны арван жилийг тодорхойлсон эсэргүүцэл, либерал Америкийн үхлийн симбол хэмээжээ. 


Life Is Beautiful (1997) ~ Найруулагч Roberto Benigni кино зохиолоо Vincenzo Cerami гэгчтэй хамтран бичсэн ба зохиолыг Rubino Romeo Salmoni гэгчийн амьдрал хийгээд "In the End, I Beat Hitler" нэртэй номоос санаа авчээ. Бараг намтарчилсан шахуу энэхүү зохиол егөөдөл, бараан хошигнолын элементүүдтэй байв. Salmoni Италийн еврей байсан бөгөөд Аушвиц руу цөлөгдөж, амьд үлдээд гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзсан ч ахыгаа нацистуудад алуулжээ. Benigni түүний зөв замаар амьдрахыг хүсдэг хүнийх нь хувьд хүндэтгэн дурсах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Benigni мөн 1943 онд Италийн армид холбоотнуудтай хамтран тулалдаж явсан аав Luigi Benigni-ын түүхээс сэдэвлэжээ. Luigi Benigni нацистын хөдөлмөрийн лагерьт хоёр жилийг өнгөрүүлсэн ба хүүхдүүдээ айлгахгүйн тулд өөрт тохиолдсон түүхээ хошигнолоор ярьдаг байжээ. Найруулагч Benigni өөрийн философийн ингэж тайлбарласан: "Инээх, уйлах сэтгэлийн нэг газраас л ирдэг биздээ? би бол түүх өгүүлэгч; асуудлын чухал нь гоо сайхан, яруу найргийг дамжуулах явдал. Инээдэм байна уу эмгэнэлт байна уу хамаагүй. Та гоо сайхныг үзүүлж чадвал энэ нь адилхан юм". Түүнийг еврей хүн биш, комедиан, мөн Холокостын сэдэв өөрийнх нь тогтсон үзэгчдийн сонирхлыг татахгүй гэж найзууд нь зөвлөж байсан ч Benigni зорилгодоо үнэнч байсан ба тэрээр Миланд төвтэй орчин үеийн Иудаизмын баримт бичгийн төвөөс продакшны туршид зөвлөгөө авч байжээ. Benigni өөрийнхөө киног жинхэнэ холокостын түүхээс ялгаатай байлгахын тулд бодит түүхээс зөрүүлсэн бөгөөд Холокостын тухай зөвхөн амьд үлдэх хүмүүстэй хийсэн баримтад кинонууд л "үнэнийг" өгч чадна гэж хэлж байв.


The Sessions (2012) ~ Төрөлхөөсөө полио өвчнөөр өвчилсөн Mark үүрдийн хэвтэрт байдаг учир оюун ухаанаа ашиглаж уран зохиолын бакалавр, сэтгүүл зүйн магистр цолтой. Ихэнх цагийг уушгины аппаратад өнгөрүүлэх тэрээр 37 настайдаа зандангаа тайлахыг хүснэ. Яагаад өмнө нь бие үнэлэгчээр асуудлыг шийдэж болоогүй вэ гэвэл тэрээр бурханд сүсэглэж, сексийг зөвхөн гэрлэх хүнтэйгээ юмуу хайртай хүнтэйгээ л хийнэ гэдэгт итгэж бас тэгэхийг хүсч байсан ч бодит амьдрал өөр болохыг хугацаа өнгөрөх тусам ойлгоно. Тэрээр асрагч хүүхэндээ дурлаад гэрлэх санал тавьж байсан ч үнэндээ, бодитоор хэн хэвтрийн хүнд "зөвшөөрөх" билээ. Ингээд Mark үхэхээсээ өмнө байнга очдог сүмийнхээ ламаас "зөвшөөрөл" авснаар секс орлогч гэдэг мэргэжлийн хүнтэй уулзаж секс хийхээр болно. Mark O'Brian гэдэг полио өвчнөөр өвдсөн хүний "On Seeing a Sex Surrogate" гэдэг нийтлэлийг Ben Lewin хэмээх мөн адилхан өвчинтэй ч амьд үлдсэн найруулагчийн бүтээсэн уг киноны гол дүрд буюу Mark-д John Hawkes үнэхээр бишрэм тоглосон бол түүний секс орлогчид тоглосон Helen Hunt шүүмжлэгчдээс алга ташилт сонссон байдаг. Энэ кино сайн болсны гол шалтгаан бол найруулагч нь сэдвээ, юу хийхээ ойлгож мэдэрч байсанд оршино. Түрүүн хэлсэнчлэн энэ кино Mark O'Brian-н нийтлэлээс үүдсэн ба тус нийтлэлд ерөнхийдөө Mark хөгжлийн бэрхшээлтэй хүн секс хийх хориотой буюу чадваргүй гэж бүгд үздэг үзлийг авч үзсэн байдаг. Ихэнх тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг секс хийж чадахгүй юмуу бэлгийн хүслээ илэрхийлж чадахгүй гэж үздэгийн эсрэг тэрээр бичсэн юм. Энэ бол ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх дасгалын тухай бус харин хөгжлийн бэрхшээлтэй хүний сексийн мэдрэмжийн тухай кино юм. Иймэрхүү кинонд жүжигчдийн тоглолтод чухал үүрэгтэй байдаг, тэгвэл тэр нь байна, мөн иймэрхүү кинонд үзэгчдэд өгөх мессеж байх ёстой байдаг; энэ нь байна; гадаад төрх бол өнгөц, хэлбэр төдий зүйл, хүн Байх хамгийн чухал шалгуур, хэмжүүр бол оюун ухаан буюу сэтгэж, боддог л бол тэр хүн юм. Амьдралд хайртай, амьсгал бүрээ үнэлдэг хүн болгонд зориулсан кино. 


Pulp Fiction (1994) ~ Tarantino анх детектив зохиолыг алдартай болгосон "Black Mask" сэтгүүл шиг кино хийхээр төлөвлөж байжээ. Үр дүнд нь хямдхан уламжлалт зохиолын зэрэгцээ илүү хүчтэй кино болжээ. Cornell Woolrich, Fredric Brown гэсэн Америкийн зохиолчдын бичдэг шиг аймшгийн, ер бусын үйл явдлыг Tarantino кинондоо тусгаж өгсөн буюу боломжгүй санамсаргүй тохиолдлууд, харгис хошигнол зэрэг нь яах аргагүй дээрх зохиолчдын арга барил аж. Ялангуяа үйл явдлын ээдрээтэй механик арга болон эргэлт, рекурс зэргээс харвал "Pulp Fiction" киноны бүтэц Fredric Brown-ын хэв маягтай төстэй байдаг гэнэ. Тэгвэл киноны хүүрнэх аргыг Францын найруулагчид Alain Resnais, Robbe-Grillet-ын биширдэг цагираган хөдөлгөөн буюу Мобиусын зурган өгүүллэг гэж тодорхойлдог аж. Мөн киноны уран сайхны үндсэн эх сурвалж бол гэмт хэрэгт зохиолын мастер, Tarantino-ын шүтдэг Elmore Leonard-ын нөлөө гэж үздэг. Leonard-ын баялаг диалоги нь Tarantino кинондоо дэмий чалчихыг ихээхэн ашигласны шууд нөлөө бөгөөд түүнчлэн Leonard-ын хүчирхийллийн хүрээнд бараан хошигнолыг ашигладаг арга барил энэхүү кинонд тусгагдсан байна. Чимэглэсэн, харилцан ярианы илэрхий улиг болсон явдал, түр зуурын маанаг хагарал нь дуураймал зохиомжийн гадна өнгөр болдог гэжээ. Энэ киногоо хийх үед Tarantino-ын ухаанд Martin Scorsese-ын "Mean Street" ба Stanley Kubrick-ын "The Killing" гэсэн кинонууд хадаатай байж гүнзгий нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Martin Scorsese уг киног Холливуудын өмнөх үеийн постмодерн кинонууд болох "Hudson Hawk", "Last Action Hero" кинонуудтай харьцуулаад: "хошигнолыг хэтрүүлсэн, зүгээр дооглож эсхүл тэднийг үзэгчдээс илүү ухаалаг гэж хэлэхийг хүссэн" гэжээ. 

Tarantino гоц өргөн дэлгэцийн зохиомждоо ихэвчлэн хэт ойрын зураглалтай объектуудыг агуулж, тод эсрэгцэл үүсгэж байгаа нь Sergei Leone-ын (Tarantino-ын хүндэлдэг) дүрслэлийн стратегийг санагдуулдаг аж. Өргөн, тод өнгөтэй дэлгэцийн дүрслэл нь Blake Edwards зэрэг комедий найруулагчдыг санагдуулдаг гэнэ. Энэ юуны тухай кино вэ? гэж асуухад нэгэн шүүмжлэгч "Америкийн Нихилизм" гэж хариулсан байдаг аж. Энэ кино өөрийн гэсэн ухаалаг байдлаас өөрөөр ямар нэг зүйлийн тухай хэлбээс энэ нь хүмүүний гэр бүлийн нэг гишүүн болсон алуурчныг алдаршуулсан эрдмийн ажил болно гэж үзэгсэд байдаг аж. Энэ бол ухаалаг, овжин, медиаг ашиглаж чаддаг, бүдүүлэг богино хэллэгтэй дүрүүдийн бодит бус хэлэлцээнд төвлөрсөн нэгэн төрлийн романс юм. Уг кино Мачогийн домгийг хөгийн болгож, Холливуудын стандарт хүчирхийллээр алдаршсан баатарлаг хүчний үнэн төрхийг илчилсэн юм. Кино улс төрийн хувьд "зөв' буюу кинонд эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хэсэг юмуу элдэв нүцгэлэлт байдаггүй; харин ч үндэстнүүдийн нөхөрлөл, олон янзын соёлыг алдаршуулж; кинонд хүчирхэг эмэгтэйчүүд бас хар арьстай эрчүүд байдаг ба Tarantino анги давхаргын хэвшмэл урсгалын эсрэг сэлэхийг хүсчээ. 


The Lord of the Rings ~ Нөхөрлөл бол Фродогийн даалгаврын амжилтын салшгүй нэг хэсэг хэдий ч Фродотой аяллын туршид байх эсхүл аяллын төгсгөлд түүнд туслах боломжгүй юм. Нөхөрлөл бол Фродод зориулсан нэгэн төрлийн ар тал буюу дайснуудыг газраас, Дундад ертөнцөөс хол байлгаж, Фродог үүргээ биелүүлэхэд дэм болдог. Фродо эцэстээ зөвхөн Сэмтэй хамт аялалд гарах ёстой ба нөхөрлөл бүхэлдээ Фродогийн амжилтын төлөө байдаг ч тэдний үүрэг эцэстээ хийж буй зорилгынх нь мөн чанараар хязгаарлагддаг. Аялал бол ердөө хоёр жаахан хоббитын л амжилттай хийж чадах ажил юм. Бөгжний мөн чанар нөхөрлөлд өөрийн гэсэн хязгаарлалт тавьдаг. Бөгж нь эзэмшигч хэн бүхэнд хүнд ачаа ба эзэмшигчээ туйлын тусгаарлагдмал байдалд оруулдаг. Голлум бөгжний золиос болсон, бөгжний илбэнд бууж өгсөнөөр хоббит шиг амар тайван амьдрал нь төгсдөг; тэрээр агуйд бүгээд ертөнцөөс тусгаарлагддаг. Хэдийгээр Сэм түүнтэй хамт яваа ч Фродог ч бас тусгаарлаж байна. Нөхөрлөл бүхэлдээ маш их аюулд өртөж байхад зөвхөн Фродод л Мордор, Саурон хоёрын хий дүрс үзэгддэг. Тэрээр энэ тарчлалыг бусадтай хуваалцах боломжгүй учир энэ түүний тусгаарлагдах үндэс болж байна. Трилогийн эхний ангийн төгсгөлд Галадриел Фродод бөгж эзэмшинэ гэдэг ганцаараа гүйцэтгэх ажил гэж хэлснээр тэрээр бусдыгаа орхидог. Хэдийгээр Сэм Фродог ганцааранг нь орхихоос татгалзаж, түүнийг тайтгаруулж байгаа ч дотроо шаналан зовж байгааг нь мэддэггүй. 

Бөгжийг устгасны дараа ч Фродо тусгаарлагдсан хэвээр байдаг. Тэр Шир дахь амьдралдаа дасан зохицож чаддаггүй учир эцэстээ бусад хоббитуудаа орхидог. Бөгж эзэмшдэг байсан мэдрэмжээсээ болоод тэрээр үеийнхнээсээ үүрд тусгаарлагддаг. "Бөгжний эзэн" бол аяллын тухай трилоги, гэхдээ энэ нь илүү том аяллыг бий болгосон олон жижиг аялалуудаас бүрддэг. Хувь хүмүүс болон бүлгүүд өөрсдийнхөө зорилгыг биелүүлэх, хэн нэгнийг аврах эсхүл зугтахын тулд хаа нэг газар руу байнга явж байдаг. Мерри, Пиппин хоёр триллер эхний ангийн эхлэлд Фродо, Сэм хоёртой нэгдэж, санамсаргүйгээр аялалд гарна. Арагорн ард түмнээ аврахын төлөө зоригтой бөгөөд шаардлагатай алхмуудыг хийж байгаа нь Ганцаардмал - Хамгаалагч шиг буюу тэр морьтойгоо хамт Дундад ертөнцөөр олон гайхалтай аялал хийдэг. Голлум зөрчилдсөн сэтгэлтэйгээр Фродо, Сэм хоёртой хамт аялдаг. Элфүүд үхэшгүй мөнхийн нутаг руугаа аялж байхад Арвен үлдэхийг сонгосон ч түүний хийсэн аялал өөрийг нь Арагорн болон мөнх бусын нутаг руу хөтөлнө. Хөдөлгөөний мэдрэмж трилогийг бүхэлд нь хамардаг ба зорилго нь тодорхой байдаг ч аялал ихэвчлэн төгсгөлгүй мэт санагддаг. 


No Country for Old Men (2007) ~ Энэхүү кино нь зохиолч Cormac McCarthy-н 2005 оны романыг "үнэнчээр дагадаг" боловч ах дүү Coen өөрсдийнхөө өмнө нь бүтээсэн "Fargo", "Blood Simple" гэсэн кинонуудад авч үзсэн сэдвүүдээ энэ кинонд дахин шинэчлэн авч үздэг. Энд дурдсан 3 кино бүгд гутранги үзэл, нихилизм гэсэн сэдвүүдтэй байдаг. Эх номын тохиолдол, чөлөөт хүсэл, төөрөг гэсэн сэдвүүд нь ах дүү Coen-н дуртай сэдэв бөгөөд тэд "Raising Arizona" зэрэг өмнөх бүтээлүүддээ хувь тавилан юмуу нөхцөл байдал гэсэн сэдвүүдийг судалж ирсэн юм. Ном болон кинонд тохиолдлын ач холбогдлыг онцгойлж, Chigurh-н хувь заяаг шийдэгч зоос шидэлтэд анхаарал хандуулдаг. McCarthy-н номонд өөрийгөө эрэгцүүлэх сэдэв чухал байж, үүнийг киноны агуулгад багтаан оруулахад түвэгтэй байсан ч авъяаслаг ах дүү хоёр учрыг нь олжээ. Ах дүү хоёр киноныхоо эхлэлийг шериф буюу Tommy Lee Jones-н өөрийнх нь гэр орон болсон Техасын нүцгэн ландшафтын сөрөг хүүрнэлээр эхлүүлдэг. Шериф 14 настай хөвгүүн найз охиноо алсан тухай ярьдаг ба нэрт шүүмжлэгч Roger Ebert уг хүүрнэлийг эх романаас нь уншиж буй мэт гэж сайшаагаад Tommy Lee Jones-н хүүрнэлд сэтгэл хөдлөл нарийн нягт шингээд зогсохгүй энэ хүүрнэл бүхэлдээ киног төлөөлөхүйц хэмээжээ. Нэгэн судлаачийн хэлснээр Chigurh, Moss, Bell нар хувь тавилан нь улам уялдах болсон ч хамтдаа нэг кадрт бараг гардаггүй, тус тусдаа гардаг гэсэн буй. Variety сэтгүүл Chigurh-н арга барилыг ийнхүү тодорхойлсон: "Chigurh өөрөө л шийдэхгүй бол үхэл түүнтэй хөтөлцөн алхдаг" гэжээ. Энэ дүр таны нас дууссаныг, хийж бүтээсэн чинь болчихсоныг илтгэх симбол буюу хөгшин, цаггүй болсон хүмүүсийг авч ёстой чөтгөр юм. Гэхдээ хааяа тэр зарим хүнд зоос шидэж хувь тавилангаа шийдэх боломж олгодог билээ. 

Ах дүү Coen энэ муу ёрын дүрээ үнэхээр зэвүүнээр танилцуулдаг; киноны эхний сцэнүүдийн нэгэнд Chigurh нэг цагдааг боомилж алдаг ба эхлээд алуурчин босно, түүний царай сайн харагдахгүй, тэр урагшлан ирээд анхны аллагаа үйлдэхэд ч бид түүнийг сайн харж чадахгүй учир нь түүний толгой кадрын дээр байрладаг агаад үхэж буй цагдаа хэзээ ч өөр рүү юу ирж байгааг харж чаддаггүй, гэтэл Chigurh огтхон ч зовсон шинжгүй олзоо агнаж байдаг. Шүүмжлэгч Peter Bradshaw хэлэхдээ ах дүү Coen-уудын кино хийх хэв маягийг шорвог, серио-комик найрлагатай нь хачин этгээд дэн буудлуудад дурладаг болохоос нь харж болно гэжээ. Ах дүүсийн кино хийх онцлогийн гүн рүү орвол тэнд жинхэнэ нухацтай мэдрэмж, ер бусын Америк хахир, сюрреалист комик мэдрэмж бий гэж нэмж бичжээ. Уг киног гэмт хэрэгт, Вестерн, нуар, хоррор, комеди гэж тодорхойлсон байдаг буюу энэ бол олон жанрыг тусгасан бүтээл юм. BBC-ийн нэгэн сэтгүүлч түгшүүртэй үзэгдлүүд нь шууд утгаараа Alfred Hitchcock-н шилдэг бүтээлтэй өрсөлдөхүйц триллер жанрынх боловч бусад талаараа ерөнхийдөө Вестерн гэж тодорхойлогдоно гэсэн байдаг аж. Шүүмжлэгч Richard Gilmore: "Энэ кино Вестерн мөн, бас Вестерн биш, үйл явдал өрнөж байгаа газар нь өрнөдөд хэдий ч гол баатруудыг нь Өрнөдийнхөн гэж нэрлэж болохуйц. Нөгөөтээгүүр, үйл явдал нь хар тамхины наймааны эргэн тойронд өрнөж, орчин үеийн машин, галт зэвсэг, өндөр барилгууд гарч байгааг харвал эдгээрийн аль нь ч Вестерн жанрт харьяалагдахгүй мэт санагдана" гэсэн буй. Зарим судлаачид уг киног нео-вестерн жанрынх буюу уламжлалт вестерн-ээс уламжлалт Өрнөдийн үзэл баримтлал доройтож, хоосорч буйг харуулсан болохыг харуулсан кино гэжээ. Ерөнхийдөө Вестерн жанрын киноны ёс суртахууны хүрээнд гол баатар нь гэмгүй, зөв зүйлийн төлөө тэмцэгчид байдаг бол энэ кинонд энэ шинж харагддаггүй. Хорон санаатнууд юмуу гэмт хэрэгтнүүд нь уламжлалт баатар ойлгохгүй арга замаар ажилладаг нь энэ киноны баатрын тухай ойлголтыг дахин авч үзсэн онцгой байдлаас харагдана. Зарим нь бүр Вестерн готик кино гээд өнгөрсөндөө автсан, аймшигт ирээдүйдээ яллагдсан Бурхантай хамт ч Бурхантайгаа тэмцэж буй хүмүүний түүх гэсэн буй. Тэнэмэл, сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчин Chigurh бол үнэндээ энэ кинонд ялагдашгүй хүчин болж гардаг билээ. Киноны хөндсөн олон сэдвийн нэг бол хувь тавилан ба хүн амьдралаа тодорхойлдог гэсэн сэдвийн зөрчил. Гол дүрүүд ертөнц ингэж л явдаг, үүнтэй хүний хүсэл, санаа тийм ч их холбогдохгүй, энэ нь зайлшгүй болоод бидний ирээдүй бидний өмнөх үйлдлүүдтэй салшгүй холбогддог гэсэн хоёр мэдрэмжийн дунд хуваагддаг аж. Энэ бүтээлд зан авир төдийгүй байр суурь өөрчлөгддөг; нэг анхаарахуйц сэдэв бол агнагч нь агнуулагч, агнуулагч нь агнагч болж хувирдаг явдал юм. Киноны дүр болгон хоёр дүрд тоглодог буюу агнагч Moss болон мөрдөгч Wells нар өөрсдөө бай болон өөрчлөгддөг билээ.














Comments