Аав, охин хоёр

 


Late Spring (1949). Японы аугаа кино урлаач Yasujiro Ozu-н энэхүү гайхамшигт бүтээл нь түүний замналын бишрэм хожуу үеийг эхлүүлсэн; энэ киногоороо тэрээр мелодрамаас (мөн аливаа харагдахуйц онц сонирхолтой үйл явдлаас) эрс татгалзаж, тогтвортой камертаа өөрийн аядуу зөөлнөөр бий болгосон дүрүүдийнхээ талаар удаа хугацаанд эрэгцүүлэн бодох боломжийг олгох болсон юм. Энэ кинонд алдах, харамсах мэдрэмж шинэ амьдрал эхлэх өөдрөг үзэлтэй төгс зохицсон байдаг ба Ozu гэр бүл гэдэг нэгж зөвхөн хувийн харилцааны сүлжээ төдийгүй цаг хугацаанаас үүдэлтэй эмгэнэлт явдлын хямралын цэг гэж дүрсэлсэн. Мастерын эл үнэмлэхүй шедеврийн гүн рүү хамт орцгооё. 

Ozu киноныхоо зохиолыг Kogo Noda гэгчтэй хамтран 20- зууны зохиолч, шүүмжлэгч Kazuo Hirotsu-н "Father and Daughter" гэдэг богино өгүүллэгээс сэдэвлэн бичжээ. Уг кино нь Холбоотнууд Японыг эзлээд байсан үед бичигдэж, зураг авалт нь явагдсан бөгөөд Эзлэгчдийн албан ёсны хатуу цензурын дор хийгдсэн аж. Киноны гол дүр болох аавын дүрд бараг Ozu-н бүх кинонд тоглосон жүжигчин Chishu Ryu болон Ozu-н зургаан кинонд тоглосон жүжигчин Setsuko Hara (мастертай хамтарсан анхны ажил байв) охины дүрд тус бүр тоглосон. Энэ кино бол найруулагчийн "Noriko трилоги" гэдэг гурамсан бүтээлийн анхных нь байсан буюу "Tokyo Story", "Early Summer" кинонуудын хамтаар сайхь трилогийг бүрдүүлдэг. Сайхь трилогийн бүх ангид Setsuko Hara Noriko нэртэй залуу бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг; хэдийгээр Noriko нэртэй дүрүүд нь өөр хоорондоо огт холбоогүй боловч дайны дараах Японы ганц бие эмэгтэйчүүдийг харуулснаараа адилхан статустай байдаг. "Late Spring" кино нь орчин цагийн ажилчин болон дундаж давхаргын хүмүүсийн өдөр тутмын энгийн амьдралыг харуулсан "shomin-geki" гэгддэг Японы кино урлагийн жанрт хамаарагддаг агаад уг бүтээлийг найруулагчийн замналын сүүлийн хагас дахь бүтээлч үеийн эхлэл үе болох 1950-1960-аад оны кинонуудынх нь гол прототип гэж үздэг аж.

 Энэ үеийн кинонууд нь Японы дайны дараах үеийн гэр бүлийг онцгойлон харуулахдаа үйл явдлыг тун энгийнээр өгүүлж, голлон хөдөлгөөнгүй камер ашигладагаараа алдартай. Кино нээлтээ хийсэн даруй Япондоо өндрөөр үнэлүүлж, Kinema Jinpo шүүмжлэгчдийн шагналыг хүртсэн бол 1972 онд Америкт гараад мөн л сайшаагджээ. Зарим судлаачид үүнийг Ozu-н кино хийх арга барил, түүний кино хэлийг хамгийн төгс тодорхойлсон бүтээл гэдгээс гадна Японоос гарсан хамгийн амжилттай, төгс киноны нэг хэмээн нэгэн дүгнэдэг юм. 2012 онд Sight & Sound сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтын 15-р байрт "Late Spring" багтсан байдаг бол 3-р байрт мөн Ozu-н шедевр "Tokyo Story" нь багтсан байдаг. Харин Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 53-р байрт эрэмбэлээд байна. Уг киноны үндсэн үйл явдал бол гол дүрийн баатар бүсгүй маань ердөө ганцхан удаа уулзсан залуутайгаа зуучлуулан гэрлэж байгаа явдал юм. Энэ үйл явдал тэр дороо л Америкийн эзлэгсэдийн цензурын албаны анхаарлыг татжээ. Кино судлаач Kyoko Hirano-н хэлснээр цензурын албаныхан Япончууд ирээдүйн эхнэр юмуу нөхрөө зуучлагчаар олдог заншлыг феодализм буюу ийм заншил нь хувь хүн гэсэн ач холбогдлыг бууруулж байна гэж дургүйцжээ.

 Hirona цааш нь онцлохдоо, ийм зуучлалаар тохиролцон гэрлэхийг дэлгэцнээ харуулахыг цензурын алба хатуу эсэргүүцсэн бол уг кино ерөөсөө хийгдэхгүй байх байжээ. Эх зохиолын тоймд, Noriko-н гэрлэх шийдвэр нь хувь хүний өөрийнх нь сонголт бус гэр бүлийн хамтын шийдвэр гэж байсныг цензурчид хассан аж. Мөн тоймд, Noriko-н хуримаас өмнө, аав охин хоёрын Киото руу хийсэн аялал, тэнд Noriko ээжийнхээ булшин дээр очиж байгаа хэсгүүд тусгагдсан байсан ч цензурын алба иймэрхүү аялал "өвөг дээдсээ тахин шүтэх" гэх мэт хэт ёс заншил харуулсан болно гээд бас л хассан байна. Түүнчлэн зохиол дахь Японы хот, барилгуудыг Холбоотнууд бөмбөгдсөн эсхүл бөмбөгдөлтөөс үүдэлтэй аливаа ишлэл, зүйрлэлийг бүгдийг нь хасах юмуу өөр үгээр орлуулжээ. Цензурчид эхэндээ Холливуудын од Gary Cooper-н талаар зохиолд дурдсан байсныг хасчээ; гэтэл эмэгтэй дүрүүд Noriko-н огт уулзаж байгаагүй ирээдүйн нөхөр болох залууг Gary Cooper-тай адилхан царайлаг гэсэн байсныг олж анзаараад энэ хэсгийг буцааж оруулж өгсөн байдгаас харахад цензурчид маань бялдуучлалд дуртай байсан бололтой. Заримдаа цензурын албаныхны шаардлага ойлгомжгүй, оновчгүй байхуйц байсан ба Ozu Эзлэгсэдийн түрэмгийллийн эсрэг Японыхоо уламжлалыг ерөнхийдөө амжилттай сөрж чадсан гэдэг.

 Найруулагч Ozu-н кинонууд кино өгүүлэмжийн өвөрмөц шинжээрээ алдартай. Ихэнх кино найруулагчдын заавал байх ёстой гэж үздэг үзэгдлүүд (энд жишээлбэл Noriko-н хурим) огт харуулдаггүй, харин хамааралгүй мэт гадны үзэгдлүүдэд (энд жишээлбэл Hattori оролцсон ч Noriko оролцдоггүй концерт) хэтэрхий анхаарал хандуулдаг. Заримдаа чухал мэдээллийг хүргэхдээ гол дүрээс гадна үзэгчдээс нуудаг; тухайлбал Hattori сүй тавьсан талаарх мэдээг сонсоод Noriko инээх хүртэл үзэгчид ч тэр Noriko, түүний аав ч энэ талаар огт мэдээлэлгүй байдаг билээ. Нэгэн кино судлаач Ozu-н өгүүлэх аргыг "параметрийн өгүүлэмж" гэж нэрлэсэн. Энэ томьёогоор бол Ozu-н "хэв маяг нягт нямбай"-гаар тодорхойлогдсон "хэт нэгдмэл", харааны арга барил нь голдуу өгүүлэмжийн үйл явцыг багтаасан "үйл явдлын зайлсхийлт"-ын үндэс суурь болдог ажээ. Арай өөрөөр хэлбэл, Ozu хошигнол, гэнэтийн байдлыг үүсгэхийн тулд өөрийнхөө аргачлалаас хөндийрдөг. Өгүүлэмжийн яруу сайханд хэмнэл, холбоц нь өгүүлж буй түүхэндээ бүрэн захирагдах шаардлагагүй; урлагт дуу эсхүл дуурьт "автономит" хөгжмийн бүтцүүд тодорхой гармоник юмуу уянгалаг хэв маягийн загвар нь өөрөө бие даан ажиллахын зэрэгцээ түүхийг зогсоохыг ч шаарддаг. Үүнтэй ижлээр зарим киноны цаг хугацааны болон орон зайн чанарууд нь түүхийн мэдээллийг илэрхийлэхээс хамаардаггүй загвараар ч үзэгчдийн сэтгэлийг татаж чаддаг билээ. 

Киноны нээлтийн сцэн галт тэрэгний буудлаас эхэлдэг ч тэнд дүрүүд байдаггүй билээ. Дараа нь иймэрхүү сценүүд хэдэнтээ гарна; жишээлбэл Токиод, профессор Onodera, Noriko хоёр урлагийн үзэсгэлэн үзэх талаар ярилцдаг, үзэсгэлэнгийн самбар харагдсаны дараа музей үзэхээр шатаар алхаж байгаа гараад араас нь тэд үзэсгэлэнгийн дараа уушийн газарт байгааг харуулдаг. Кино судлаач Kathe Geist-н хэлснээр Ozu-н өгүүлэх аргачлал бол уран бүтээлчийн "тоглоом" бус харин утгын хуримтлал аж; "тэрээр давтамж хийгээд өгүүлэмжийн эллипсисийг байнга ашигладаг нь Ozu үйл явдалдаа тэдгээрийг хүчээр тулгадаггүй харин тэдгээр нь түүний үйл явдал болдог. Юуг орхихгдуулах, юуг давтахахад анхаарснаараа үзэгч Ozu-н өгүүлэмжийн мөн чанарт хүрнэ" гэжээ. Кинонд, Noriko, Hattori хоёр хамтдаа далайн эрэг рүү дугуйгаар явж, тэнд яриа өрнүүлдэг хэсэг бий, чухам энд тэдний дунд бага ч атугай романтик харилцаа үүсдэг, ядаж л үзэгчид тэгж итгэдэг. Гэтэл Noriko түүнтэй дугуйгаар аялахаасаа өмнө Hattori өөр хүүхэнтэй суух гэж байгааг мэдэж байсан ухааны юм аавдаа хэлдэг бөгөөд энэ үёд бид Ozu яагаад "буруу эр" дээр (Noriko-н хувьд) ийм их цаг зарцуулж байгаа юм бол хэмээн гайхдаг. Гэвч судлаач Geist-н үзэж буйгаар сайхь далайн эрэг дээрх сцэн кинонд чухал ач холбогдолтой буюу ярилцаж байхдаа Hattori Noriko-г "хартай төрлийн" хүүхэн гэж хэлдэг.

 Noriko-н эелдэг, ялдам зан төрхийг харгалзан үзвэл сайхь дүгнэлт үндэслэл багатай мэт хэдий ч аав нь дахин гэрлэх гэж байгааг дуулаад түүний хэрхэн эгдүүцэн хардаж байгаа явдал нь Hattori-н хэлснийг бататгаж өгдөг гэжээ. Geist: "Түүний хардалт өөрийг нь гэрлэлт рүү хөтөлж, улмаар киноны үйл явдлын эргэлтийн цэг болдог" хэмээжээ. Мөн Geist дайны дараах үеийн хэд хэдэн Ozu-н том бүтээлүүдэд анализ хийснээ нэгтгэн ийнхүү дүгнэсэн; "өгүүлэмжүүд нь ямар ч кадр, тодорхой ямар ч сцэн дэмий гарздахгүй, бүгд хоорондоо уялдаа холбоо бүхий утгын нарийн сүлжээгээр бүрхэгдсэн гайхалтай нарийвчлалтайгаар өрнөдөг" гэжээ. "Late Spring" киноны өөр нэг үндсэн сэдэв бол гэрлэлт юм. Киноны цөөнгүй дүрүүд Noriko-г гэрлүүлэх гэж тууштай оролддог. Гэрлэлтийн асуудал нь 1940-өөд оны сүүлчээр Япончуудын хувьд хамгийн чухал эмзэг сэдвийн нэг байжээ. 1948 оны 1-р сард хориос дээш насны залуучууд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр өөрсдийн харилцан тохиролцож гэрлэж болох шинэ хууль батлагдсан ба 1947 оны Японы үндсэн хуулиар эхнэр нөхрөөсөө салахыг илүү хялбар болгосон; энэ хүртэл эхнэр хүн нөхрөөсөө салах нь бараг боломжгүй зүйл байжээ. Noriko харьцангуй хожуу 27 насандаа нөхөрт гараагүй байгаагийн нэг шалтгаан бол түүний үеийн олон эрчүүд Дэлхийн 2-р дайнаар амь үрэгдэж, ганц бие залуу хүүхнүүдэд таарч тохирох эрчүүд цөөрсөнтэй үүнийг холбож үзэх нь бий. 

Энэхүү кинонд авч үзсэн гэрлэлт, ер нь Ozu-н сүүл үеийн кинонуудад гэрлэлт нь үхэлтэй нягт холбогддог; тухайлбал, профессор Onodera-н охин гэрлэлтийг "амьдралын оршуулгын газар" гэж нэрлэдэг. Geist ийнхүү бичжээ: "Ozu хожуу үеийн ихэнх кинондоо гэрлэлт болон үхлийг тодорхой бөгөөд ухаалгаар холбосон байдаг, хурим ба оршуулгын ёслолын харьцуулалт бол Ozu-н ухаалаг бүтэц төдийгүй Японы соёлын үндэс суурь болсон ойлголт агаад энэ хоёр ёслол болон эргэн тойрны эх сурвалжууд нь хоорондоо ижил төстэй шинжтэй байдаг. Энэ кино хийгээд "Late Autumn", "An Autumn Afternoon" бүтээлүүдэд эгшиглэх уй гуниг бол эцэг эхчүүд ганцаараа үлдэж байгаасаас л үүдэлтэй юм. Залуу үеийнхний гэрлэлт нь ахмад үеийнхний мөнх бусын тусгал болдог учраас уй гуниг үүсдэг". Хуримын ёслолын өмнөхөн Somiya буюу аавын гэрт болж буй үйл явдлыг гэрлэлт-үхлийн холбоц гэж тайлбарладаг; бүгд өрөөнөөс гарсны дараа Ozu хоосон тольтой кадраар үзэгдлийг дуусгадаг; Noriko толинд харагдахаа больсон, Noriko өгүүлэмжээс гарчихсан, тэр "Noriko" биш "эхнэр" болсон ба үр дагавар нь үхэл ажээ. Гэрлэлттэй холбоотой уламжлал ба модерн үеийн дарамт хоорондын харилцааны байдал, цаашлаад Японы соёл бүхэлдээ Ozu-н кинонд дүрслэгдсэн томоохон зөрчлүүдийн нэг юм.

 Тухайн дүр ямар хоол идэж, ямар хувцас өмсөж байгаагаар (жишээлбэл татами дээр сууж байна уу, Барууны маягийн сандал дээр сууж байна уу) нь аль уламжлалыг баримтлагч болохыг харж болно. Нэгэн судлаачийн хэлснээр Noriko бол 1920-оод оноос хойш Японы уран зохиол, Япончуудын уран сэтгэмжийг илтгэсэн жинхэнэ "модерн охин" ажээ. Киноны ихэнх хугацаанд Noriko кимоно гэхээсээ илүү Барууны хувцас өмсөж, тухайн үеийн арга барилаар биеэ авч явдаг. Гэхдээ Noriko ааваасаа илүү хуучинсаг буюу өөргүйгээр нь аав нь байж чадахгүй гэж зүтгээд аавынхаа дахин гэрлэх санааг хүйтнээр хүлээн авдаг; тэр хуучнаасаа зүүгдсээр байдаг. Уг киноны нэр мэдээжээр улирлыг (Ozu-н кинонууд улирлын нэртэй байх нь элбэг) хэлж байгаа ч сайтар бодвол Noriko-н хөгширч буйг далдуур дурджээ. Мөн киноны нэрэнд Японы уламжлалтай холбоц өөр утга бий. Noriko "Усны цахилдаг" нэртэй Японы уламжлалт "Noh" жүжиг үздэг. (Японд ургадаг усны цахилдаг цэцэг ихэвчлэн намгархаг газарт юмуу чийглэг хөрсөнд хаврын дундаас сүүл хүртэл цэцэглэдэг аж). Жүжигт нэгэн бадарчин лам усны цахилдаг цэцгээрээ алдартай газарт очтол нэгэн эмэгтэй гарч ирээд эмэгтэй эртний шүлэг уншдаг. Лам тэр эмэгтэйтэй шөнийг өнгөрүүлэх бөгөөд эмэгтэй өөрийгөө усны цахилдагийн сүнс гэдэг. Эмэгтэй дуулж, бүжиглээд Буддагаас гэгээрлийг хүлээн аваад алга болдог аж.

 Судлаач Norman Holland-н бичсэнээр жүжигт сексийн болон шашны симбол ихээхэн агуулагддаг ба цахилдагийн навч, цэцэг нь эрэгтэй, эмэгтэй хүний ичимдэг эрхтнийг төлөөлдөг уламжлалтай гэнэ. Holland-н үзэж буйгаар жүжиг өөрөө тэр чигээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс "нэгдэж" гэгээрэлд хүрч байгааг магтсан магтуу ажээ. Noriko сайхь сексийн агуулгыг эртний жүжиг гэдгээр хүлээж авч байгаа ч аав нь шинэ эхнэр рүүгээ харж байгааг хараад зэвүүцэж байгаа нь нүүрэн дээр нь илхэн харагддаг билээ. Аавынх нь шинэ эхнэр болох эмэгтэй болон аав нь сексийн агуулгатай энэхүү жүжигт зориуд түүнийг авчирсан уу, аавынх нь дахин гэрлэлт Onodera-н охиных шиг "бохир уу", юутай ч Noriko энэ мөчид уурлаж, цөхрөнгөө бардаг. Тэр аавдаа тун их уурласандаа жүжгийн дараа аавтайгаа ярилцахыг ч хүсэлгүй шууд яваад өгдөг билээ. Тиймээс Holland-н хэлснээр киноны үндсэн сэдвүүдийн нэг бол уламжлал хийгээд зожиг зандаа шахагдан гэрлэхээр болж буй Noriko-н байр байдал болой. Кино урлагийн олон алдартай бүтээлүүдийн нэгэн адилаар уг кино нь шүүмжлэгч, судлаачдын мөлжүүртэй сэдэвтэй кино байсаар байна. Уг киног ерөнхийдөө хоёр янзаар тайлбарлаж ирсэн, эхнийх нь юниверсал ба зайлшгүй "амьдралын мөчлөгийг" дүрсэлсэн Ozu-н цуврал бүтээлүүдийн нэг гэж үздэг бол энэ нь нөгөөтэйгүүр гэрлэлт юмуу гэрлэлттэй холбоотой сэдвүүдэд шүүмжлэлтэй хандсан найруулагчийн "хандлага" гэж тайлбарладаг. Ozu-н кинонууд хамтдаа ба хувь хүний юниверсал амьдралын мөчлөг эсхүл иймэрхүү мөчлөгийн нэг хэсгийг үзүүлжээ. 


Comments