Белфастын босуул

 


Odd Man Out (1947). Английн нэрт кино найруулагч Carol Reed-н 1945 онд хэвлэгдсэн зохиолч F. L. Green-н ижил нэрт романаас сэдэвлэсэн нуар жанрын бүтээл. Гол дүрүүдэд: James Mason, Robert Newton, Cyril Cusack болон Kathleen Ryan гэсэн, Англи, Ирландын жүжигчид тоглосон. Уг бүтээлд Хойд Ирландын Белфаст хотод хулгайн гэмт хэргийнхээ дараа цагдаа нараас зугтахыг оролдож буй үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагчийн тухай өгүүлдэг. Энэхүү кино нь Их Британийн шилдэг киноны анхны BAFTA шагнал хүртсэн бүтээл бөгөөд найруулагч Roman Polanski олон удаа өөрийнхөө дуртай киногоор нэрлэж байсан байдаг. Уг киноны гол баатар Белфастын гудамжаар өвдөж шаналан зугтаах зураглал бол найруулагч Carol Reed-н 1949 оны "The Third Man" шедеврт гарах Harry Lime дүрийн Венецийн бохирын хоолойгоор зугтаадаг алдартай сцэний урьдчилан зөгнөлт зураглал болжээ. Ингээд найруулагч Carol Reed-г А зэрэглэлийн найруулагчдын суудалд албан ёсоор суулгасан киноны үйл явдлыг товчхон хүргэе.

 Ирландын үндсэрхэг үзэлтнүүдийн "байгууллагын" хүндтэй гишүүн Johnny шоронгоос оргосноосоо хойш 6 сарын турш хайр сэтгэлтэй болоод буй Kathleen-н гэрт нуугджээ. Түүнд үйлдвэрийн газрыг дээрэмдэх тушаал ирнэ, гэвч нөхөд нь түүнийг сайтар тэнхрээгүй учир энэ удаад ард үлдэж, оронд нь тэслэгч Dennis явъч гэсэн ч Johnny өөрөө гардан ажиллана гэж зөрүүдэлнэ. Johnny итгэл нөхөд болох Nolan, Murphy хоёрын хамтаар дээрмийг амжилттай хийдэг ч зугтаж явахдаа Johnny-н толгой эргэж, улмаар нөхдөөсөө хоцроод харуултай зууралдаж байхдаа харуулыг алдаг ч өөрөө мөрөндөө шархдаж; ингэснээрээ нөхдийнхөө машинаас хоцроод үлдчихдэг. Шархтай, ухаан манарсан Johnny ойролцоох агаарын довтолгооноос хамгаалах хуучирсан байрт түр нуугддаг. Nolan, Murphy болон хариуцлагагүй жолооч Pat нарын болсон явдлын яриаг сонсоод Dennis удирдагчаа аврахаар явахад Pat, Nolan нар "төв байр" руугаа явцгаана. Тэд Theresa хэмээх авгайн зочид хүлээж авдаг "байшинд" саатсан нь бурууддаг буюу Theresa шагналын мөнгөнөөс болж эртний танилуудаасаа урван тэднийг цагдаагийн бууны бай болгочихно. Нөгөө талд Dennis Johnny-г олсон ч цагдаа нар гараад ирэх бөгөөд Dennis цагдаагийн анхаарлыг татаад улмаар нөхрөө зугтаалгаж дөнгөнө. 

Johnny Kathleen-нх рүү амьтай голтой юм алхаж явж байгаад ухаан тавиад уначих ба зам дээрээс түүнийг сайхан сэтгэлтэй хоёр хүүхэн олоод гэртээ аваачиж анхны шатны тусламж үзүүлнэ. Хүүхнүүд түүнд тусалж байхдаа хотоор хайж байгаа шархтай гэмт хэрэгтэн мөн болохыг олж мэдээд нэгнийх нь нөхөр ирснээр Johnny-г цагдаад өгөх ёстой, хүн чанар гаргаж туслах ёстой гэсэн бяцхан маргаан гарч, үүнийг нь Johnny сонсоод энэ сайхан айлд гай дуудаад яахав гээд замаа цааш хөөнө. Согтуу мэт ухаангүй алхах Johnny нэгэн морин таксинд суучихна. Таксины жолооч түүнийг таниад нэгэн хашаанд орхичихоод яваад өгнө, мөн л гайнаас зайлсхийж байгаа нь тэр. Манай ухаан алдсан босуулыг Shell гэгч ядуу эр олно. Shell шагналын мөнгөтэй боллоо гэж баярлаад Католик шашны санваартан лам руу очно. Лам дээр энэ үед Kathleen мөн зочлон очоод тусламж гуйна. Лам Johnny-г даруй сүмд авчрахыг Shell-д үүрэг болгодог. Shell буцах замдаа найз согтуу зураач Lukey-тэй таараад ам алдан бүхнийг ярьсанд Lukey үхэж буй хүний хөрөг зурмаар байна, наад Johnny-гоо эхлээд манайд аваад ир, үгүй бол ална гэж сүрдүүлдэг. Энэ хооронд Johnny жаахан сэргээд ойрхон харагдах танилынхаа уушийн газарт ороод түр амруулахыг хүсэхэд уушийн эзэн дургүй зөвшөөрөөд нэг тасалгаанд түүнийг нуучихна. 

Уушийн газарт Shell, Lukey хоёр орж ирэхдээ зэрэгцэн Johnny дэмийрэн орилоод тэдэнд баригдаж, Lukey үхсэн хүний хөрөг зурахаар үнэхээр ч үхэж буй Johnny-г гэртээ аваачина. Тэднийд эмч болж чадаагүй бас нэг бүтэлгүй эр Johnny-н шархыг цэвэрлэж өгнө. Цагдаагийн мөрдөгч энэ хэрэгт Kathleen оролцсон нь тодорхой болсон тул бүсгүйг газар сайгүй мөрдөн мөшгинө. Kathleen хайртыгаа хөлөг онгоцонд суулган хотоос зугтуулах ажлын зохицуулах ба одоо гол нь олох л чухал байв. Shell Johnny-г чадах ядахаараа ламынх руу чиглүүлэх бөгөөд ингэж яваад Kathleen ашгүй Johnny-тойгоо уулзана. Ямар ч тамиргүй бараг үхэж байгаа Johnny-г бүсгүй хөлөг онгоцонд суулгах гэж явтал цагдаа нар ирээд тэднийг хамтад нь буудаж хөнөөдөг. Уг кино гарсан даруйд олон шүүмжлэгчдээс талархан хүлээж, арилжааны хувьд ч ашигтай ажиллаж; дайны дараах цөхрөлийн уур амьсгалыг нарийн гаргасан хэмээн Европт өндрөөр үнэлсэн байдаг. Нэрт шүүмжлэгч Bosley Crowther эл бүтээлийн жүжигчдийн гүйцэтгэлийг магтаад, киноны эхний үзэгдлүүдийн зохиомжийг "The Informer" киноныхтой харьцуулсан байдаг боловч киноны үлдсэн хэсгүүдийг шүүмжлэхдээ; жүжигчин Mason болон түүний сэдэлд анхаарч тайлбарлахын оронд "нууцлаг дүрүүдэд" төвлөрсөн гэж бичжээ. 

Домогт найруулагч Roman Polanski эл бүтээлийг Reed-н "The Third Man" шедеврээс илүүд үздэг гэдгээ илэрхийлсэн байдаг агаад мөн тэрээр: "Би энэ киног өөрийнхөө үзэж байсан хамгийн шилдэг киноны нэг гэж одоо ч боддог, энэ бол юу юунаас илүү намайг кино найруулагч болох хүсэлтэй болгосон кино. Би үргэлж үүн шиг юмуу иймэрхүү төрлийн кино хийхийг мөрөөддөг" гэсэн буй. Алдарт кино найруулагч Sam Peckinpah энэ киног дээдэлдэг болохоо хэлсэн байдаг бол Америкийн зохиолч Gore Vidal уг киног төгс төгөлдөрт дөхсөн кино гэжээ. Зохиолч F. L. Green романаа Sidney Poitier-н 1969 оны The Lost Man" киноноос сэдэвлэсэн бичжээ. Жүжигчин Mason энэ киногоороо жүжигчний замналаа бататгаад зогсохгүй зарим шүүмжлэгчид түүнийг хамгийн шилдэг тоглолт гэх нь бий. Бусад жүжигчдийг Дублины Abbey театраас тоглуулсан ба Kathleen Ryan-н хувьд анхных нь бүрэн хэмжээний кино байлаа. Найруулагч Reed тухайн цаг үед ховор байсан байршлын зураглалыг түлхүү ашигласан байдаг ба гадаах зураглалыг Баруун Белфастад, харин кинонд гарах уушийн газрыг Белфастад байрлах Crown гэдэг уушийн газраас сэдэвлэн студиуд бүтээсэн байдаг бөгөөд дуураймал нь дэндүү бодитой байсан учраас жуулчид кинонд гардаг газар гээд маш ихээр зорьж очиж байсан гэдэг.

 Киноныхоо бодит шинжийг улам сайжруулахын тулд Reed дууны тусгай эффектийн оронд жинхэнэ дуу чимээ ашиглажээ. Кинонд Ирландын Бүгд Найрамдахчуудын Армийн (IRA) талаар огт дурддаггүй ч киноны цаад, далд зөрчилдөөний шалтгаан нь IRA юм. Энэ утгаараа энэ кино нь алдарт John Ford-н "The Informer" кинотой адилхан ба энэ хоёр кино аль аль нь Ирланд эсхүл Умард Ирланд дахь мөргөлдөөнийг арын дэвсгэрээ болгон ашиглаад хүмүүсийн сонирхлыг татахуйц ёс суртахууны үлгэрийг толилуулдаг. IRA-г гэмт хэргийн бүлэглэлээс арай дөнгүүр гэж дүрсэлсэн бөгөөд улс төр, Ирландын үндсэрхэг үзэлтнүүдийн асуудлаас хөндийрүүлэхдээ "маргааныг тойрч, цензурыг давж өнгөрөхөд" байсан аж. Хуучирч хоцрогдсон Католик шашинтнуудын алдагдсан итгэл үнэмшлээ дахин олж байгаа драматик дүрслэл болон үхэж буй баатрууд нь Христ шиг байдалтай байдгаараа "Odd Man Out" ба "The Informer" кинонууд нь өөр хоорондоо төстэй ажээ. Нэгэн судлаачийн бичсэнээр Johnny хувьсгалч гэхээсээ илүүтэй мафийн босс шиг дүрсэлсэнээс гадна эх зохиолд Ирландын үндсэрхэг үзэлтнүүдийг сул мохоо байдлаар дүрсэлсэн ажээ. 

Comments