Харанхуйд хийсэн аялал

 


The Wrong Man (1956). Английн их найруулагч Alfred Hitchcock-н найруулж, Henry Fonda, Vera Miles нарын шилдэгүүд тоглосон Америкийн баримтад драм. Энэхүү бүтээлийг Америкийн зохиолч Maxwell Anderson-н "The True Story of Christopher Emmanuel Balestrero" номонд өгүүлэгдсэн хийгээгүй гэмт хэрэгтээ буруутгагдаж буй хүний тухай бодит түүхээс сэдэвлэснээс гадна мөн 1953 онд Life сэтгүүлд Herbert Brean-н нийтлүүлсэн "A Case of Identity" өгүүллэгээс санаа авч бүтээжээ. Энэ бол бодит түүхээс сэдэвлэсэн, үйл явдал нь бодит явдлыг нарийн нягт дагасан цорын ганц Hitchcock-н кино гэдгээрээ алдартай юм. Уг кино алдартай хоёр найруулагчид хүчтэй нөлөөлдөг гэж үздэг; Францын найруулагч Jean-Luc Godard кино шүүмжлэгч байхдаа энэ кинонд зориулж хамгийн урт шүүмжээ бичиж байсан байхад; Martin Scorsese-н  домогт "Taxi Driver" кинонд мөн нөлөөлсөн хэмээдэг. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе. 

Найруулагч Alfred Hitchcock дэлгэцнээ (түүнтэй адилхан хүн эсхүл сүүдэр нь) гарч ирээд энэ киноны "үг бүхэн үнэн" гэж хэлснээр кино маань эхэлдэг. Нью Йоркийн "Өрөвтас" нэртэй шөнийн клубт морин хийл хөгжим тоглодог Balestrero гэгч бол азгүй эр юм. Тэрээр эхнэр Rose-нхээ шүдийг эмчлүүлэх мөнгө олохоор амь насны даатгалын компани дээр очоод мөнгө зээлж байтал тэндхийн ажилтгууд түүнийг өмнө нь хоёронтоо өөрсдийн дээрэмдэж байсан хүн гэж андуураад цагдаад бариад өгчихнө. Цагдаа нар түүнийг байцаахдаа даатгалын компани болон бусад дэлгүүр гэх мэт газруудыг дээрэмдсэн, өөрсдийнх нь эрэн сурвалжилж буй этгээд гэж үзнэ. Ийнхүү шөнөжин цагдаа нар Balestrero-г гэмт хэргээ үйлдсэн газрууд болох хүнсний ба архины дэлгүүрүүдээр оруулж худалдагчидтай нь нүүрэлдүүлэх зовлонтой ажлыг хийнэ. Ядаж байхад Balestrero даатгалын компанийг дээрэмдэхдээ дээрэмчний ашигласан цаасан дээр бичсэн үгсийг яг дээрэмчин шиг "шургуулга" гэдэг үгийг "шургуул" гэж алдаатай бичсэнээр өөрийгөө улам хүнд байдалд оруулдаг. Даатгалын компанийн ажилчдын өмнүүр дээрэм хийсэн байж болохуйц сэжигтнүүдийг зогсооход ажилчид нэгэн дуугаар Balestrero-г дээрэмчин мөн гэж хэлснээр тэрээр албан ёсоор баривчлагддаг. Өмгөөлөгч Frank O'Connor азгүй хөгжмчнийг андуурагдсан гэмгүй хүн байж магадгүй гэж үзэн буруугүйг нь нотлох гэж оролдоно; тухайлбал эхний дээрэм болдог өдөр, цагт Balestrero үнэндээ гэр бүлээрээ амралтад байсан бол хоёр дахь дээрэм болдог өдөрт Balestrero-н шүд өвдөж эрүү нь айхтар хавдартай байсан тул түүнийг буруутгаж буй гэрчүүд үүнийг нь анзаарахгүй өнгөрөхгүй байх байлаа. 

Тиймээс Balestrero өөрийг нь амралтад байхад хамт хөзөр тоглож байсан гурван хүнийг олоод гэрч болгоход л цэвэр үлдэхээр болно. Харамсалтай нь энэ гурван хүний хоёр нь үхээд үлдсэн нь сураггүй алга болсон байв. Хамаг найдвар нүдэн дээр нь замхарч байгааг харсан эхнэр Rose сэтгэцийн гүн хямралд орж эмнэлэгт хүргэгдэнэ. Balestrero-н шүүх хурлын үеэр ээж нь түүнд гол нь бурхандаа л залбираарай гэж захидаг. Тангарагтны шүүх санал зөрөлдсөнөөр шүүх хурал хойшилно. Хоёр дахь шүүх хурал болохын өмнөхөн жинхэнэ дээрэмчин ээлжит "ажлаа" хийж байгаад баригдсанаар Balestrero цагаатгагддаг ба жинхэнэ дээрэмчин үнэхээр түүнтэй төстэй эр байжээ. Balestrero сайн мэдээгээ хуваалцахаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эхнэр дээрээ ирэхэд Rose тун дордсон байдаг; гэвч киноны төгсгөлд, хоёр жилийн дараа Rose эдгэсэн гэж гардаг билээ. Найруулагч Hitchcock-н cameo (энэ тухай миний бичвэр бий) түүний ихэнх кинонд гардаг, үүгээрээ тэрээр онцгойрдог билээ. Тэгвэл энэ кинонд түүний сүүдэр харанхуй студиуд харагддаг, киноны кредит гарахаас ч өмнө. Анх Hitchcock "Өрөвтас" клубт орж байгаа үйлчлүүлэгчийн дүрээр харагдахыг хүссэн ч эцсийн мөчид өөрийнхөө хэсгийг хасчээ. Hitchcock-н алдартай хамтрагч Bernard Herrmann киноны хөгжмийг бичсэн бөгөөд "The Trouble with Harry" киноноос "Marnie" хүртэлх бүх кинонд нь ажилласан. 

Энэ киноны хөгжим бол Herrmann-н бичсэн хамгийн сулавтар намуухан ажлын нэгээс гадна жазз хөгжмийн элементүүдээр зохиомжилсон цөөхөн бүтээлийн нэг аж. Энэ нь ихэвчлэн шөнийн клубын хэсгүүдэд, мөн Henry Fonda-н хөгжимчин гэдгийг илэрхийлэх зорилготой аж. Энэ нь мөн Hitchcock-н Warner Bros кино компанитай хамтарсан сүүлчийн кино байжээ. Warner Bros компанитай хийсэн түүний гэрээ 1948 оны "Rope" киногоор эхэлж байсан ба түүний анхны өнгөт кинонууд энэ компанитай холбоотой. Уг киноны дараа Hitchcock Paramount Pictures компанид буцаж очжээ. Hitchcock зүгээр л ял тулгасан түүхийг хар бараан маягаар бүтээхдээ Нью-Йоркийн гэмт хэргийн түүхэнд гарсан зартай явдлыг цувралаар үзүүлдэг хэдий ч энэ кинонд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, нурууг нь хүйт оргиулам мэдрэмж төрүүлдэггүй ч жүжигчдийн тоглолт нь чин сэтгэлийнх байдаг гэж зарим шүүмжлэгчид, ялангуяа Нью-Йоркийн шүүмжлэгчид бичиж байв. Харин шүүмжлэгч Philip K. Scheuer: "драм киноны хувьд амьдрал уран зохиолоос илүүтэй хязгааргүй байж болохыг дахин нотолсон нь харамсалтай юм" гэж магтжээ. Зохиомол түүхийг бодит баримт мэт болгож чадсан олон бүтээл байдаг шиг Hitchcock энэ киногоороо бодит баримтыг уран зохиол шиг зохицуулж чадсан ч аль ч талаараа энэ кино сэтгэл татсангүй гэж үзэгсэд бас байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. 

Шүүмжлэгч John McCarten: "ноён Hitchcock гэм буруугүйн нотлогдох хүртэл хүн бүр буруутай гэж гэсэн итгэлийг хатуу баримталдаг цагдаагийн бүлэглэлийн тэнэглэлийн талаар сайн өнцөг гаргасан боловч түүний ядуу хөгжимчний түүх огт сэтгэл хөдөлгөм биш" гэж бичжээ. Кино дахь цагдаагийн мөрдөлтийн үйл явц киноны эхний хэсгийг үр дүнтэй болгоход жинтэй хувь нэмэр оруулсан гэж зарим судлаачид үзсэн ч Rose-н эмнэлэгтэй хэсэг, Rose гэдэг дүрд Vera Miles сайн тохироогүйгээс гадна киноны төгсгөлд бодит баримтыг харуулсан явдал шаардлагагүй байсан гэсэн сонирхолтой дүгнэлтүүд байдаг. Variety сэтгүүл: "Хүчтэй оргил хэсэг, үйл явдлууд нь найруулагчийн дуртай түгшүүр хийгээд дүр төрхийг тэмдэглэж өгдөг "реализмын гайхамшиг" гэжээ. Henry Fonda болон Vera Miles хоёрын тоглолтыг дандаа муугаар шүүмжлээд байсангүй, зарим шүүмжлэгчид тэдний тоглолтыг "ихээхэн үр дүнтэй" буюу нугаршгүй ч мелодраматик гэж тодорхойлжээ. Jean-Luc Godard алдартай шүүмждээ: "энэ киноны цорын ганц түгшүүр бол тохиолдол юм. Энэхүү киноны сэдэв бол магадлалаас илүүтэй гэнэтийн явдалд оршдог" гэж бичжээ. Энэ нь Hitchcock-н Холливуудад ажилласан үедээ хийсэн хамгийн минимал зугаатай кино байж болох ч найруулагчийн кино хийх бүхий л арга барилыг бас харуулдаг билээ. Шүүмжлэгч Richard Brody "тун цөөхөн кино л илэрхий тодорхой нарийн ширийн зүйлс хийгээд бодит байдлын толгойн эргэм шаардлага хоорондын дунд тун нягт тоглодог" гэжээ. Гэмгүй байх бол ердөө л бичиг цаасны явдал, харин буруутай байх нь хүний нөхцөл байдал буюу Hitchcock үнэхээр бүхнийг хамарсан айдсыг үзүүлж чаддаг юм. 

Comments