Сайн эмэгтэйн түүх

 


Mildred Pierce (1945). Унгар гаралтай Америкийн кино найруулагч Michael Curtiz-н найруулсан мелодрам/нуар жанрын бүтээл. Зохиолч James M. Cain-н 1941 онд гарсан роман дээрэас сэдэвлэсэн бөгөөд гол дүрд домогт Joan Crawford тоглосон; түүний хувьд MGM кино компанийг орхиод Warner Bros кино компанитай хамтарсан анхны бүтээл болсон ба уг кинонд тоглосон дүрээрээ Оскарын наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Энэ бол нуар жанр болон нийгмийн драмыг хольсон, Joan Crawford-н хүчирхэг тоглолтоор гэрэлтсэн мансууруулам савангийн дуурь лугаа бүтээл юм. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

 Киноны гол дүр үзэсгэлэнтэй Mildred-н хоёрдахь нөхөр алагдаж, цагдаа нар түүний анхны нөхөр Bert эл аллагыг үйлдэх сэдэлтэйгээс гадна аллагад ашигласан бууны эзэн учир Mildred-г цагдаагийн газарт дуудсанаар кино маань эхэлдэг. Bert аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн нь Mildred-г гайхшруулах буюу анхны нөхөр нь хүн алах байтугай хонь шиг номхон хүн гэсээр цагдаа нарын хамтаар бид Mildred-н ярих түүх рүү явж орцгооно. Mildred, Bert хоёр жаргалгүй амьдарч байжээ. Bert бизнесийн хамтрагч Wally-тай муудсанаас болж тэд ажилгүй болж, Mildred гэр бүлээ тэжээхийн төлөө гэрээрээ бялуу хийж эхэлжээ. Bert хэдийнээ өөр хүүхэнтэй болсон ба Mildred нөхрөө хүслээр нь явуулаад өөрөө хоёр охинтойгоо амьдрах болов. Том охин Veda 16 настай, алдартай болохын адгуу хүсэгч бол бага охин 10 настай Kay хүү шиг л сахилгагүй. Mildred-н гол зорилго бол охидоо нүүр бардам амьдруулах, нэн ялангуяа өөрөөс нь ичдэг Veda-нхаа хүссэн бүхнийг авч өгөхөд оршино. Mildred зөөгчөөр ажиллаж байгаагаа Veda-гаас нууж байсан ч илчлэгдэж Veda ээжийгээ үл тоомсорлох болдог. Ингэж яваад Mildred өв хөрөнгөө барж дуусч байгаа дээд зиндааны Playboy Monte гэдэг залуутай танилцана. 

Monte Mildred-н ресторан болгохоор хүсч байгаа барилыг эзэмшдэг бөгөөд Monte хүүхнийг эргүүлж эхэлнэ. Тэд амрагууд болно, дурлалын ид үед нь бяцхан Kay уушгины хатгалгаагаар нас барна. Mildred охиноо алдсан уй гашуугаа ажил руугаа шилжүүлж, өдөр шөнөгүй зүтгэснээр өөрийн гэсэн ресторан нээгээд зогсохгүй Wally-н тусламжтайгаар дараагийн жилүүдэд хэд хэдэн ресторан нээж, нэг үгээр Veda-н хүссэн тэр ээж болж чаджээ. Тэнэг Veda ханасангүй, мөнгөний төлөө баян залуутай нууцаар гэрлээд ээжийнхээ эсэргүүцлээр салахдаа шүүх дээр өөрийгөө жирэмсэн гэж хэлээд нэлээд мөнгө авч сална. Худалч бас шуналтай байгаад нь Mildred уурлаж, ганц үлдсэн охиноо гэрээсээ хөөчихнө. Энэ явдлаас удалгүй Mildred охиноо эрж сурч эхлэхэд Bert түүнд Veda Wally-н бааранд дуучин хийж байгаа гэх ба очиж хартал Veda бараг тайчигч хийж байв. Mildred охинтойгоо уулзаад эргэж ирэхийг сөгдөн гуйгаад хүссэн бүхнийг нь өгөхөө амална. Охиноо нийгмийн дээд зиндаанд оруулахын тулд Mildred хайргүйгээр Monte-тэй гэрлэж, асар их өртэй Monte шинэ эхнэрийнхээ мөнгөөр өрөө дарах боломжтой болно. Veda шинэ хойд эцэгтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь ихсэж, байнга хамт явах болсон нь Mildred-д тухгүй, тааламжгүй байлаа. Monte-н өрийг барагдуулсан, Veda-н хэтэрхий үрэлгэн амьдрал, мөн Monte-н зарим нэг "муу" хөрөнгө орлуулалтаас болж Mildred дампуурч, улмаар ресторануудаа зарж эхэлнэ. 

Тэсрэхэд ойрхон ирсэн Mildred далайн эргийн гэртээ ирэхэд Monte, Veda хоёр тэврэлдэн байна. Monte надад хайртай, танаас салаад надтай сууна хэмээн Veda ээждээ тохуутай зэвүүнээр хэлэхэд Mildred Monte-г буудахаар авч ирсэн буугаа унагаад машин руугаа гүйчих бөгөөд төд удалгүй буун дуу гарч эргээд очтол Monte үхсэн хэвтэж байлаа. Харин Veda ээжээсээ уучлалт гуйж, энэ хэргээс авч гарвал цаашид сайн охин байхаа амалжээ. Ээж хүн яах билээ, зөвшөөрнө. Охинд нь үргэлж муугаар нөлөөлж байсан, бас өөрийг нь дандаа уруу татан сээтэгнэдэг, мөн энэ бүх хугацаанд Monte-д тусалж байсан Wally-д энэ хэргийг Mildred тохох аргыг бодож олжээ. Үнэндээ аллага болсон газраас Wally цагдаа нарт баригдсан ба Monte үхэнгүүт Mildred Wally-г далайн эргийн байшиндаа аваачжээ. Ингээд кино одоо үед ирнэ. Чухамдаа цагдаа нар анхнаасаа аллагыг Veda үйлдсэн гэдгийг мэдэж байжээ. Mildred охиндоо шоронд оруулж байгаад уучлалт гуйхад Veda ёжтойгоор би даваад гарнаа гэдэг. Mildred, Bert хоёр цагдаагийн газраас гарахад нар мандаж байлаа. Зохиолч James M. Cain "ширүүн" гэмт хэрэгт жанрын зохиолч гэдгээрээ алдартай байсан ч "Mildred Pierce" зохиол нь харгислал багатай, илүүтэй сэтгэлзүйн бүтээл болжээ.

 Дөрвөн жилийн дараа Michael Curtiz номыг кино дэлгэцнээ хөрвүүлэхдээ триллер хэлбэрээр бүтээж, үйл явдалд хүн амины хэргийг оруулжээ. Эх зохиолын үйл явдал 1931-1940 он хүртэл буюу 9 жил үргэлжилдэг бол киноны үйл явдал 1939-1940 оны хооронд өрнөж, ердөө 4 жилийг л хамардаг; үүний үр дүнд киноны дүрүүд хөгширсөн харагддаггүй. Mildred-н гадаад төрх өөрчлөгддөггүй ч түүний хувцас хэрэгсэл нь бизнес нь өргөжихийн хэрээр тансаг гоёмсог болдог. Mildred кинонд саятан маягаар дүрслэгддэг бол номонд илүү даруухнаар гардаг аж. Veda кинонд үнэхээр уур, дургүй хүрмээр гардаг бол номондоо бол авъяаслаг, сэргэлэн ч аймшигтай хорон муугаар дүрслэгддэг ажээ. Эх зохиолд Хуурай хууль болон Их хямралын үе ач холбогдолтой байдаг бол кинонд эдгээрийг хасчээ. Кино зохиолд, үйл явдлыг хялбаршуулаад дүрүүдийн тоог багасгажээ. Кинонд Veda-н дуучны амжилт хийгээд урлагийн амьдралыг нь бараг тэр чигт нь гаргаагүй байдаг. Номонд Lucy гэдэг Mildred-н сайн найзын дүр байдаг ч кинонд огт гардаггүй агаад Lucy-н дүрийн зарим шинж чанарыг Mildred-н босс байгаад хожим ажилтан болдог Ida-н дүрд тодорхой хэмжээгээр тусгажээ. Номонд Monte үхдэггүй бас Veda ч шоронд ордоггүй аж. Тухайн цагийн цензурын дүрэмд муу санаатнууд буруу үйлдлийнхээ төлөө шийтгэгдэх ёстой гэсэн "хууль" байсан тул кино бүтээгчид хүн амины хэргийг зохиолд зохиомжлон оруулсан. Жүжигчин Joan Crawford угаасаа л Mildred-н дүрд тоглохоор Warner Bros-той гэрээлсэн бөгөөд дүрийн шалгаруулалт явуулахад ихэнх эмэгтэй жүжигчид өсвөр насны охинтой ээжийн дүрд тоглохыг хүсээгүй байдаг. 

Найруулагч Curtis жүжигчин Barbara Stanwyck-г анх гол дүрд тоглуулахыг хүссэн ч жүжигчин бүсгүй татгалзсан. Curtiz ерөөсөө Crawford-г хүсэхгүй байсан ч Crawford-н дэлгэцийн шалгаруулалтыг үзээд бууж өгчээ. Гэсэн ч тэд зураг авалтын үеэр байнга маргалдаж байсан агаад хожим тун сайн найзууд болж, "Flamingo Road" кинонд дахин ажилласан байдаг. Орчин үеийн шүүмжлэгчид Joan Crawford-н тоглолтыг магтсан ч киноны бусад аспектуудад янзын бүрийн үнэлгээ өгсөн. The New York Times сэтгүүл Crawford-н тоглолтыг чин сэтгэлийн, ерөнхийдөө үр дүнтэй дүр төрхийг өгдөг ч кинонд драмыг өдөөхүйц хөдөлгөгч хүч дутмаг гээд бараг хоосноос саятан болсон ухаалаг Mildred аминч, шунамхай нэг муу охинд бүрэн дарангуйлагдаж байгаа явдал нь үндэслэлгүй, ухаалаг биш явдал гэжээ. Variety сэтгүүл: "James M. Cain-н романыг уншсан бол киноноосоо өөр байгааг анзаарна. Сайн продюсер хийгээд найруулагч Michael Curtiz-н найруулгаар классик кино бүтжээ. Joan Crawford энэ кинонд жүжигчнийхээ хувьд замналынхаа оргилд хүрчээ" гэсэн буй. Гэхдээ зарим шүүмжлэл уг киноны түүхийг итгэл үнэмшилгүй, гол дүрүүд нь хэтрүүлэгтэй; тухайлбал охин ээжийгээ тэгтлээ үзэн ядах нь логик үндэслэлгүйгээр учраас түүхийг сулруулдаг гэжээ. 

Comments