Лев Толстой "Хаджи-Мурат"

 


"Хаджи-Мурат". Оросын аугаа зохиолч Лев Толстойн 1896-1904 оны хооронд бичсэн ч нас барсных нь дараа 1912 онд хэвлэгдсэн (1917 он хүртэл бүрэн эхээрээ хэвлэгдээгүй) тууж. Туужийн гарчиг болсон гол баатар Хаджи-Мурат бол хувийн өс хонзонгоосоо болж тулалдаж байсан Оросуудтайгаа аюултай эвсэл байгуулсан Авар босогчдын командлагч ба энэ бол түүний түүх юм. Америкийн нөлөө бүхий уран зохиолын шүүмжлэгч Харолд Блум уг туужийн тухай: "Энэ бол миний хувьд жишээ болохуйц гайхамшигтай уран дүрслэлтэй зохиол, дэлхийн хамгийн шилдэг түүх" гэсэн буй.

 НӨЛӨӨЛӨЛ БА СЭДЭЛ. Лев Толстой эрүүл мэндийн асуудалтай байсан ч үнэнч итгэлийн сэдэвтэй бүтээл бичихээр тэмцэж байв, хожмын захидлуудад нь энэ бүтээл нь түүнд богинохон ч эцсийн эрч хүчийг өгсөн гэж бичсэн байдаг. Толстой үхэлтэйгээ тэмцэж байсан шиг ертөнцийн шаардлагад бууж өгөхөөс татгалзаж буй хувь хүний концепт дотроо боловсруулж ирсэн нь уг туужийг дуусгах гол шалтгаан бол ба Толстой бичвэрээ хэвлүүлэх хүсэлгүй, ердөө туужаа дуусгахад л сэтгэл зовж байжээ. Эсэргүүцлийн сэдвээс гадна детерминизм гэх мэт олон идеаг бид уг туужаас олж харна; эдгээр сэдэв Толстойн "Дайн ба Энх" бүтээлээс илэрхий харагддаг билээ. Илүү тодорхой сэдэв бол Христийн шашинтай Орос ба Муслим шашинт Кавказын имам нарын хоорондын тэмцэл; Оросын түүхэнд байдаг классик Өрнөд ба Дорнодын тэмцлийн тухай юм (Мөн энэ нь Чечень ба Оросын нэгдүгээр болон хоёрдугаар дайнтай холбоотой). Уг бүтээл нь Александр Пушкиний "Ахмадын охин" (1836) түүхэн романтай нэлээд төстэй бөгөөд энэ романы төгсөл ялгаатай боловч бодит үйл явдал, жинхэнэ хүмүүсээс сэдэвлэн найруулагдсанаараа төстэй юм. Толстой Оросын архивын материал, нэн ялангуяа Хаджи-Муратын өөрийнхөө амьдралыг бичсэн материал зэргийг номондоо ашиглажээ. 

ТҮҮХЭН АГУУЛГА. Толстой энэхүү түүхэндээ  19-р зууны дунд үеийн Оросын Кавказын уулынхны тухай өгүүлсэн бөгөөд энэ түүхэн хугацаанд Чечень - Дагестан болон Оросын армийнхны хооронд эзэнт гүрний байлдан дагуулалт болжээ. Оросын арим эзэнт гүрнээ өргөжүүлэхийг хүёч байв. "Хаджи-Мурат" бол мөн их зохиолчийн өөрийнх нь цэрэг армид үзэж туулсан туршлагатай ч холбоотой юм. Тэрээр 1851 онд ахдаа бичсэн захидалдаа: "Хэрвээ та шуугиантай мэдээ хүсч байвал, хэдхэн хоногийн өмнө өнөөх Хаджи-Мурат, Оросын засгийн газарт бууж өгсөн тухай өгүүлж болох байх. Тэр бол бүх Чеченийн тэргүүлэгч зоригт чөтгөр, гэвч "эрэлхэг" байсан ч харгис үйлдэл хийхэд хүрчээ" гэж бичжээ. Энэ тууждаа Толстой Хаджи-Муратыг барихаар тэмцэлдэх Кавказын болон Оросын талынхны аль алийг нь дүрсэлсэн. Хэдийгээр бодит үйл явдлаас хойш тавин жилийн дараа бичигдсэн ч Толстой тухайн цагийн үеийн Оросын бодит соёл иргэншлийн дүр төрхийг зурсан; тэрээр хүнд сурталтангуудын ялзрал доройтол ба Уулынхны эрүүл зөв хүсэл тэмүүлэлтэй амьдралын ялгааг дүрсэлжээ.

 СИМБОЛ. Хүүрнэгч туужийн эхэнд хоёр хонгор зул цэцэгтэй таардаг. Эхний хонгор зул час улаан өнгөтэй, хурц өргөстэй болохоор хүүрнэгч тойрч явахаас өөр аргагүй болдог. Тэр хонгор зулыг цэргийн баглаадаа авахыг маш ихээр хүсдэг, гэтэл үндсээр тасдаж авч байхдаа цэцгийн гоо сайхныг устган үгүй хийж буйгаа гэнэт ухаардаг билээ. Хэдэн хормын дараа тэрээр дайрагдсан, дундуураа хугарсан хоёр дахь хонгор зулыг олж хардаг; энэ бол Хаджи-Муратын амьдралыг симбол маягаар харуулсан зохиолчийн гайхамшигтай шийдэл юм. Туужийн үйл явдал дууссаны дараа Хаджи-Мурат бол Оросын хөрсөн дээр ургасан атлаа үл тоомсорлогдож, устгагдсан хонгор зул болохыг уншигчид ойлгоно. 

ҮНДСЭН СЭДЭВ. "Хаджи-Мурат" бол Толстойн ойролцоо үеүдэд бүтээсэн "Чөтгөр", "Крейцерийн Сонат", "Эцэг Сергий", "Эзэн, зарц хоёр" зохиолуудаас эрс ялгаатай сэдэвтэй буюу дээрх зохиолуудад хүний ёс суртахууны үүргийг онцолдог бол "Хаджи-Мурат" тууж тийм биш. Толстой баатруудынхаа "ариутгах" үйл явцаар дамжуулан ёс суртахууны идеал-д хүргэхийг зорьдог бол уг туужид тийм зүйл байдаггүй учир энэ бол маргаангүй Толстойн содон, сор бүтээл юм. Толстой хөгширсөн хойноо залуу насныхаа дурсамжийг бичих болсон агаад энэ бол Толстойн хувьд эгэл бус сөрөг сэдвүүдээс бүрдсэн зохиол юм. Тэрээр ямар ч сайн сайхан хүнд эргэлзэж болохуйц тийм сөрөг тал байдаг гэсэн Толстойн санааны хөрөг зураг гэж болно. Шүүмжлэгч, судлаач Ребекка Рут Гулд "Хаджи-Мурат" болон Толстойн Кавказын тухай бусад зохиолуудыг хамтад нь: "Оросын дайсны түүх, хэл, зан заншлын талаао уншигчдад танилцуулсан угсаатан зүйн зүүлт тайлбар" гэсэн нь сонирхолтой. 

ҮНЭНЧ, ШУДАРГА ЗАН. "Хаджи-Мурат" тууж дахь үнэнч зангийн тухай асуудал нь дайн, тэмцэлтэй цагт гол дүрүүдийг байнга дагадаг. Чеченийн ард түмний төлөөх эрэмгий дайчин Хаджи-Мурат гэр бүлийг нь барьцаалсан Шамилаас гэр бүлээ хамгаалж, цаашлан түүнийг хөнөөхийн тулд Оросын талд урвадаг. Тэрээр үндэс угсаа юу, гэр бүл үү, гэсэн шийдвэр гаргах ёстой ба аль аль нь түүнээс үнэнч, шударга байхыг шаарддаг. Кавказын уулынхны олон хүмүүс Шамилаас ирэх заналхийлэл дор байсан ч, бүр түүнийг Оросын талд орсон түүнд үнэнчээр зүтгэхэд бэлэн байдаг. Үнэнч байдлын концепт тодорхойгүй харагддаг; Оросууд заримдаа увайгүй Хаандаа үнэнч бус хандлагатай нь харагддагаас гадна Кавказын мусульманчуудад мөн ийм байдал ажиглагддаг. Үнэнч байх нь ёс суртахуунтай тэнцдэггүй гэж Толстой үзсэнбололтой, өөрөөр хэлбэл зөрчилдөөний гадаргуун гүнд голдуу маш их нарийн ялгаа байдаг аж. 

МАНЛАЙЛАЛ. Уг туужид гарах удирдагчид эрэлхэг, халамжтай, жудагтай ч харгис зэрлэг хүмүүс байдаг. Манлайлагч гэдэг бол хүмүүсийг ойлгодог, ухаантай хүмүүсийг хэлнэ. Хамгийн анхаарал татахуйц нь нэгдүгээр Николай хаан буюу тэрээр дайны цагт үнэхээр тохиромжгүй удирдагч болох нь түүний стратеги төдийлөн сонирхдоггүй хийгээд сэтгэл хөдлөлдөө жолоодогдож шийдвэр гаргаж байгаагаас харагдана. Хааны хайхрамжгүй, хүйтэн цэвдэг сэтгэлээс үүдэн шаардлагагүй эмгэнэлт явдлууд, аймшигтай дайн дажин бий болж байгааг ойлгоход хэцүү биш. Үүнтэй ижлээр Шамил харгис удирдагч боловч Оросын хаанд байхгүй хүсэл тэмүүлэл, харизмтай байдаг. Тийм ч учраас Шамил Хаджи-Муратын эсрэг хувийн өш авахаар олон гэмгүй хүний цусыг урсгаж байна; дээрх эрчүүд Хаджи-Муратаас ялгаатай юм. 


ДАЙН ДАЖИН. Дайны хор хөнөөлийг гэмгүй хүмүүс болох Оросын ба Чеченийн ард түмэн хүртэн зовж шаналж буйг уг тууж тодорхой дүрсэлсэн. Түрүүн хэлсэнчлэн нэгэн цагт өөрөө цэрэг явсан их зохиолч маань дайны гайг хүнчлэн үзүүлдэг бөгөөд үзэж туулсан дайны аймшгаасаа хойш тавин жилийн дараа бичихдээ ирээдүйн хойч үеийнхэндээ сэрэмжлүүлэг бүхий айдсын хонх болгохыг зорьсон бололтой. Уншигчид Хаджи-Муратын хувийн түүхээр дамжин хүчирхийллийг тун ойроос мэдэрнэ; түүний дүү Шамилийн өмнөх Хамзадын гарт амиа алдсанаас гадна ерөөсөө түүний олон нөхөд цэл залуугаараа алуулсан. Өмнөх түүхээр бид хүчирхийлэл аллага нь Хаджи-Мурат болон олон Чеченчуудын амьдралыг хэрхэн бий болгосон, мөн хүчирхийллээс үүдэлтэй гарз хохирол үргэлжилсээр буйг харна. Тулалдааны дүрслэл нь харгис бас хувийн шинжтэй байдаг бөгөөд Хаджи-Муратын үхэл аймшигтай муухай үхлийн зураглалаар Толстой дайны сүйтгэлийг олон үггүй шууд илэрхийлдэг. 

Comments