Жостейн Гаардер "Софийн Ертөнц"

 


"Софийн Ертөнц". Норвегийн зохиолч Жостейн Гаардерын 1991 онд хэвлэгдсэн роман. Норвегийн өсвөр насны охин Софи Амундсен-д үл таних философичоос "Чи хэн бэ" гэж бичсэн захидал ирснээр романы үйл явдал эхэлж, уншигч бид Софийн хамтаар философийн түүхтэй танилцдаг. Номын уран зохиолын бус агуулгыг философич Бертран Расселын "Өрнөдийн Философийн Түүх" бүтээлтэй зэрэгцүүлэн авч үздэг. "Софийн Ертөнц" ном Норвегид шилдэг борлуулалттай ном болж, 1994 онд Deutscher Jugendliteraturpreis шагналыг хүртэж, 1995 онд Англи хэлнээ орчуулагдсан ба тэр жилдээ дэлхийн хамгийн их борлуулалттай номоор тодорчээ. 2011 он гэхэд уг роман 59 хэлэнд орчуулагдаж, 40 орчим сая хувь борлогдсон. Энэ бол Норвеги улсаас арилжааны хувьд хамгийн өндөр амжилт үзүүлсэн номын нэг бөгөөд номоос сэдэвлэсэн кино, компьютер тоглоом хүртэл гарчээ.

 ҮНДСЭН САНАА. "Софийн Ертөнц" бол философийн түүх хийгээд философийн роман учир философидох, философийг хэрэглэх тухай сэдвийг нэгтгэж авч үздэг нь гайхмаар хэрэг биш. Философи бол хийх юмгүй юмуу чөлөөт цагтай хүмүүсийн хийх ёстой эзотерик "дасгал" биш харин амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд Софи, Альберто хоёрт өөрсдийнөө ертөнцийг ойлгоход философи хэрэгтэй. Тэдний ертөнц бол Альберт Нагийн бүтээсэн ертөнц гэдэгт итгэж болох ч бидний ертөнц (эсхүл орчлон) хаанаас гаралтай вэ гэсэн асуултын хариулт бидэнд учир дутагдалтай байгаа нь бид энэ тухай асуухгүй байж болно гэсэн үг биш билээ. Чухамдаа Гаардер номынхоо туршид онцлон тэмдэглэснээр философич байх гэдэг асуулт асуухаа хэзээ ч зогсохгүй байхад орших ба Альберто Софид өөрийнхөө оршихуйг ухаарах нь хичнээн гайхамшигтай зүйл болохыг ойлгуулах гэж хичээдэг. Бидний асууж буй асуултуудад ганц хариулт байх нь хамаагүй; асууж байгаа нь биднийг хүн болгодог зүйл юм. Гаардерынхаар, бид яагаад энд байгаа, сайхан амьдралыг юу бий болгодог вэ гэх мэт номонд тавигдсан философийн бусад бүхий л асуултууд бол бидний асууж бас эргэлзэж болох хамгийн чухал зүйлс.

 Бид бие махбодийн эрүүл мэнддээ анхаарсныхаа дараа оюун ухааныхаа амьдралд анхаарах ёстой. Амьдрал бидэнд асуухыг "тулгадаг" ба бид эдгээр асуултуудыг өөрсдөөсөө байнга асууж байх нь бидний хувьд ямар нэгэн байдлаар учир утгатайгаар оршин байх цорын ганц арга зам бололтой. Бодит байдал дээр Гаардер үүнийг амьдрахтай адилтгаж үздэг тул философи бол бусад мэдлэгийн салбаруудаас биеэ даасан систем аж. Хэрвээ бид философигүй амьдарвал бид хүртэж болох хамгийн аугаа таашаал, ойлголтоос өөрсдийгөө холдуулна гэсэн үг. Философи бол тасралтгүй, насан туршийн эрэл хайгуул бөгөөд дэлхий дээрх бүх амьтдын дотроос хүмүүс бид л Философоор эргэцүүлэн бодох чадвартай. Хэдийгээр Философи нь бидний амьдралыг хялбаршуулахгүй, эсхүл бидэнд амар хялбар хариулт өгөхгүй байж болох ч Философоор л бид өөрсдийн оршихуй болон оршин байгаагийнхаа тухай гайхан мэдэрдэг. Гаардер уншигчдад, философи гэдэг тун нарийн түвэгтэй боловч энгийн байдлаар эргэн тойрон бүхэнд маань оршдог гэдгийг харуулжээ. Уг номын хамгийн том үүрэгтэй философийн асуудал бол чөлөөт хүслийн тухай юм. Софи, Альберто хоёр өөрсдөө оршин буйг Альберт Нагийн төсөөллөөс үүдэлтэй гэдгийг мэддэг бөгөөд мэдэх мөч хүртлээ Софи өөрийгөө бие даасан, эрх чөлөөтэй хүн гэдэгт итгэдэг байв. 

Тэд Берклигийн философийн талаар ярилцах үед бодит байдал дахь тэдний эрх чөлөө бол Хилдегийн аавын тэднийг тэгж бодуулсан зүйл байдаг. Тэд төсөөллөөс бий болсон ч Софи, Альберто хоёр зугтах аргыг олж чаддаг ба тэд бидний бодитоор орших гэж үздэг зүйлийг олж авч чадахгүй боловч өөрсдийнхөө зохицлоор үйлдэх эрх чөлөөг олж авдаг. Тэгвэл Альберт Нагийн чөлөөт хүсэл яах вэ? Тэрээр охиныхоо төрсөн өдөрт зориулж ном бичсэн, гэхдээ бичсэн бүх зүйлээ бүрэн хянаж чадсан бололтой. Цаашилбал, түүний зарим бодлууд өөрийн зохицлоор үйлдэх чадварыг хөгжүүлсэн бололтой байдаг. Хэдийгээр Гаардер бидний бүх үйлдэл тодорхойлогдсон байдаг гэж санал болгодоггүй ч бид өөрсдийн хүслээ хэр хэмжээнд ашиглаж болох нь тодорхойгүй байна. Магадгүй бүх зүйлд тодорхойгүй шинж байдаг, тэр ч атугай бидний бодол үргэлж бидний хүссэнээр байдаггүй билээ. Чөлөөт хүсэл гэдэг концепт туйлын чухлаас гадна шийдвэрлэхэд маш түвэгтэй нь илэрхий юм.

 МОТИФ. "Софийн Ертөнц" ном дахь Альберто Нокс бол байж болох хамгийн төгс багш юм. Тэр оюунлаг бас шаардангуй боловч сургагчийнхаа ойлгоцод санаа тавьдаг. Цаашилбал, түүний зааж буй зүйлс онцгой ач холбогдолтой ба Софид үүнийхээ ач холбогдлыг адилхан мэдрүүлэхийг хичээдэг. Мэдээжээр, Альберто, Софи хоёр өөрсдийнхөө оршин буйн тухай асуултын заримд нь хариулж чадсанаар философи тэдэнд шууд чухал болдог. Альберт Хилдед заахдаа Альбертог ашиглаж, Альберт ч бас Софид урам зориг өгдөг. Альберто мөн Софийг өөрийнхөө төлөө бодохоос илүүтэйгээр олон зүйлд дүгнэлт хийхэд хүргэдэг. Ийм харилцан нөлөөллийн сурах арга нь философийн хувьд тун чухал буюу бид цаг үргэлж, бие даан философоор шүүмжтэй бодож чаддаг байх чухал. Хилде "Софийн Ертөнц" номыг уншигч бидэн нар шиг л уншдаг ба Хилде Софийн сурч байгаа бүх зүйлийг эргэцүүлэн бодоод өөрийн оршин байхуйд хэрэглэдэг. Хилде Альберто юмуу Софитой зүгээр санал нийлдэггүй, харин тэдний бодлыг хүлээж аваад түүгээрээ өөрийнхөө ойлголтыг бий болгодог агаад тэр философоор шүүмжтэй боддог. Аав нь яагаад Альбертотой адилхан зүйл хийдэг юм бол гэж тэр гайхдаг, үүнийг шууд дагаж болохгүй юм. Декарт Дундад зуунаас уламжлагдан ирсэн бүхий л мэдлэгийг үнэ цэнэгүй гэж үзсэн.

 Бид номоос юу авах, юутай санал нийлэхгүй байхыгаа шийдэх ёстой буюу Гаардер уншигчаас бүхнээс дээгүүр асуулт асуухыг хүсдэг, харин Хилде үүнийг нь хийдэг. Софи Альбертогийн хичээлийг сэтгэлдээ хүлээж авдаг. Түүний Альбертогийн хичээлд хийгээд сургуульдаа үзсэн, сонссон хоёрын хоорондох хандах хандлага мэдэгдэхүйц, тод харагдана. Сургууль нь бидний амьдралд үнэ цэнэтэй заахыг оролддог ч үргэлж амжилттай байдаггүй; сургуульд бидэнд тийм ч хэрэгтэй, тус болохгүй зүйлсийг заадаг. Софи сурахыг тун ихээр хүсдэг ч юу түүнд хэрэгтэй, юу нь хэрэггүйг ялгаж чаддаггүй ба тэр философийн ач холбогдлыг ойлгож, Альбертотой хамт хичээллэсний дараа өөрийнхөө хүслээр философич болох нь тодорхой. Гэхдээ бидний амьдралын хэв маяг болон амьдарч буй нийгэм маань биднийг хүүхэд байхаас л Философоос хөндийрүүлдэг бөгөөд тиймээс бид философийн сайн сурагчид байх ёстой, ингэснээрээ бид өөрсдийнхөөрөө философич байх боломжийг ашиглаж чадна.

 СИМБОЛ. "Софийн Ертөнц" бол номон доторх ном ба магадгүй иймэрхүү ухрах хөдөлгөөн эцэс төгсгөлгүй үргэлжлэх боломжтой гэсэн утгатай юм. Альберто Софид философийн лекц уншдаг боловч хожуу уншигчид лекцүүд нь Софид биш Хилдед зориулагдсан болохыг олж мэддэг. Гэвч үнэндээ уншигчдын хувьд философийн хичээл бол Гаардерын төсөөллийн дүрүүдэд бус харин уншигч бидэнд зориулагдсан болохыг ойлгодог. Философийн гол санаануудыг дүрслэн харуулахыг тулд номын нөхцөл байдлыг ашиглажээ. Энэ ном тун сонирхолтой ч үүнийг анхааралтай, төвлөрч уншихгүй бол болохгүй ном. Хүмүүсийн номыг (бусад зугаа цэнгэлийн нэгэн адил) үнэлдэг зүйл бол номонд төөрөх явдал буюу автуулж, төөрүүлэх чадвар бол сайн номын нэг чанар л даа. Хэдийгээр бид энэ номынхоо ертөнцөд төөрдөг ч уншигч номондоо төөрсөн гэдгээ тодорхой мэдэх шаардлагатай ба Гаардер уншигчдыг охины уншиж буй ном доторх баатруудын тухай ном уншиж байгааг тувт сануулдаг. Иймэрхүү хошин егөөдөлт сануулгаас гадна бид романы үндсэн санааг нухацтайгаар авч үзэхгүй байж чадахгүй. 

Учир нь дэвшүүлсэн санаанууд буюу идеа нь зөвхөн номонд л агуулагдах зүйлс биш байдаг ба чухам энэ л Гаардерын үндсэн хэлэх гэсэн санаа юм. Эл ном бол бид уншсан зүйлдээ эргэлзэж, мөн Софи, Хилде хоёр юуг ойлгох гэж тэмцэж байгааг харуулах гэснээрээ философи бол хүн бүрт ач холбогдолтой зүйл гэж онцлон мандуулжээ. "Софийн Ертөнц" номонд зүүд чухал үүрэгтэй бөгөөд зарим нь бодитоос бараг ялгардаггүй. Чухамдаа зүүд нь бидний бодит байдлын мэдрэмжийг эргэлзүүлэхэд ихээхэн үр дүнтэй зүйл бөгөөд Софи зүүдэндээ Хилдегийн эд зүйлсийг олж авдаг билээ. Мэдээжээр, Софийн зүүдийг Хилдегийн аав зохиомжилдог учир энэ нь тийм ч хачирхалтай биш юм. Альберто мөн Софид Фройдын тухай, түүний зүүдний онол нь хүслийн биелэлт хийгээд ухаангүйтэй холбоотой байдаг тухай өгүүлдэг өгүүлдэг бөгөөд уран зохиолын бүтцийн хувьд зүүд нь энэ номонд зүүдний зөгнөлийг өгдөг. Гэхдээ зүүдний үүрэг бол уншигчдад ирээдүйд тохиолдох үйл явдлыг сэрэмжлүүлэхээс илүүтэй чухал ба зүүд бидний чөлөөт хүсэл, ертөнцийг ойлгох эргэлзээг өгдөг. 

Comments