Миний бяцхан охин

 


The Night Porter (1974). Италийн кино найруулагч Liliana Cavani-ын сэтгэлзүйн, дайны драм. Киноны гол дүрүүдэд Dirk Bogarde, Charlotte Rampling гэсэн Английн нэрт жүжигчид тоглосон. Киноны үйл явдал 1957 онд, Венад өрнөх бөгөөд нацист дэглэмийн хорих лагерийн хуучин офицер болон түүний хоригдол бүсгүй хоёрын садомазохист харилцааны тухай өгүүлдэг. Киноны сексийн болон садомазохист авталтын тухай сэдэв, мөн холокостын зураглал ашигласан зэрэг нь киног дэлгэцнээ анх гарснаас хойш маргаан дагуулж, өнөөдөр ч уран сайхных нь үнэ цэнийн талаар шүүмжлэгчид талцсаар буй. Уг киног секс мөлжлөгийн эсхүл нацист мөлжлөгийн кино гэж ангилан тодорхойлох болжээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.

 Дэлхийн 2-р дайны үед нацист СС-ийн офицер Max хорих лагерьт аав нь социалист байсан учир хоригдсон Lucia хэмээх өсвөр насны охинтой садомазохист харилцаатай байжээ. Max охиныг тамлахын хажуугаар бас хамгаалдаг байв. 1957 он, Lucia Америкийн хөгжмийн удирдаачтай гэрлэсэн байх бол Max Венагийн тансаг зочид буудлын шөнийн үүдний манаач болсон байна. Тэд дахин уулзах нь тэр. Max дайны үеийн бичиг баримтуудыг, гэрчүүдийг устган хөнөөх замаар өнгөрсөн түүхээ няхуур нямбай нуун дарагдуулж байгаа СС-ийн хуучин нөхдөөс бүрдсэн бүлгэмийн гишүүн (дурамжхан юм шиг байдаг). Max-г дайны гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө бүлгэм хуурамч шүүх хурал хийхээр болдог. Бүлгийн дарга Hans түүнийг "сүмийн хулгана шиг нуугдаж" амьдардаг гэж буруутгадаг боловч Max нуугдмал хэвээр үлдэхийг хүсч байгаа ч бүлгийн үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлдэг.

 Өнгөрсөн үеийн дурсамжууд нь Max, Lucia хоёрын сэтгэлээс салж одоогүй, ялангуяа Lucia одоо ч Max-г боддог нь киноны өнгөрсөн үеийг одоотой ээлжлүүлэн үзүүлэн сцэнүүдээс харагддаг. Lucia амьд байна гэдэг Max-д төдийгүй бүлгэмд аюултай учир бүлгэм түүнийг өөрсдийг нь гэрчилж барьж өгөхөөс өмнө хөнөөхийг хүснэ. Max Lucia-г алуулахыг хүссэнгүй; тиймээс Lucia-г амьд байгааг мэддэг хуучны нацист хамтрагчийг алж Lucia-гаа хамгаалж аюулгүй болгоно. Lucia-н нөхөр гадаад явсны дараа Max, Lucia хоёр дахин уулзаад Max-н байранд садомазохист харилцаагаа сэргээнэ. Max "бяцхан охиноо" дахин олсон гэдгээ буудлын өөр нэгэн хүндтэй зочин гүнгийн авхайд хэлэхэд гүнгийн авхай түүнийг "галзуу амьтан" гэдэг. Энэ зуур бүлгэм сэжигтэй болсон Max-г дагаж мөрдөж эхэлнэ. Амрагууд Max-н байранд өдөр хоногийг бүгэн өнгөрүүлнэ; Max "бяцхан охиноо" алдахгүйн тулд гэртээ гинжээр хүлчихээд гадагшаа гардаг байв. 

Бүлгэм хамгийн гол гэрчийг нуун хамгаалж буйд Max-г буруутгана. Max нөхдөөсөө нүүр бууруулж, Lucia-н төлөө зогсохоо хэлэхээс гадна өнгөрсөнөөсөө ичдэг тул шөнийн манаач хийж амьдардаг болохоо мэдэгддэг. Max ажлаа хаяад Lucia-тай хамт байрнаасаа гаралгүй өдөр хоногийг өнгөрүүлж эхлэх бөгөөд ойролцоох дэлгүүрээс хүнсээ базааж аваад хүнсээ нарийн тооцоолон идэж эхэлнэ (энэ үеэр Max буудуулан шархтана). Max танил нөхөд рүүгээ утасдаж хоол хүнс дөхүүлж өгөхийг гуйсан ч бүгдийнх нь амыг бүлгэмийнхэн тагласан байх буюу амрагуудыг гарах гарцгүй бүсэлсэн байлаа. Lucia хоол тэжээлийн дутагдлаас болж хагас ухаантай болох бол удалгүй цахилгааныг нь тасалснаар тэд бүрэн тусгаарлагддаг. Max хуучин нацист дүрэмт хувцсаа өмсөөд, Lucia-д мөн хорих лагерьт өмсдөг байсан шиг нь ноорхой юм өмсүүлээд байрнаасаа дагуулан гарна. Тэд гүүрэн дээгүүр алхаж явтал буун дуу хоёронтоо сонсогдож, хосууд үхлүүт унана.

 Киноны зураг авалтыг Венад болон Ром дахь Cinecitta студиуд авсан ба киноны хувцас загварыг 5 удаа Оскарын наадамд нэр дэвшигч Piero Tosi зохион бүтээжээ. Италийн дистрибьютерийн төсөв Cinecitta дахь дотоод зураг авалт дуусаагүй байхад дууссан учир киногоо бүрэн болгохын тулд продюсерууд киноныхоо хамгийн сайн гэсэн хэсгүүдийг монтажлаад Францын кино компанид танилцуулсанаар кинонд хэрэгтэй санхүүжилт олджээ. Жүжигчин Romy Schneider Lucia-н дүрээс татгалзсан байхад Mia Forrow Charlotte Rampling-аас өмнө тоглохоор яригдаж байжээ. Charlotte Rampling төрсөнөөсөө дөрөвхөн сарын дараа кинонд тоглосон агаад тэрээр Dirk Bogarde-н хамтаар дүрүүдийнхээ харилцан ярианы ихэнхийг өөрсдөө дахин бичих юмуу заримдаа шууд импровизац хийж байсан гэдэг. Dirk Bogarde зураг авалтын дараа кино урлагийг орхих талаар нухацтайгаар бодож байсан буюу ихээхэн хоосорсон мэдрэмж авсанаас үүдэлтэй гэсэн байдаг. 

Уг киноны завхай зайдан байдал түүхээс үүдсэн сэтгэлийн гэмтлийн тухай судалгаанд гашуун амтыг өгдөг ч цочирдуулам зүйлсийг эрэлхийлж байгаа үзэгчдэд харин эл эротик драм таашаагдахуйц байж болно. Найруулагч бүсгүй маань сексийн дарангуйллын сэдвийг нацистын холокостын агуулгатай холбож үзүүлснээрээ нэг талаараа зоригтой боловч нөгөө талаараа буруутгагдан шүүмжлүүлэх гол шалтгаан нь болжээ. The New York Times сэтгүүл Charlotte Rampling, Dirk Bogarde хоёрын тоглолт болон киноны бараан, баялаг өнгө аястай зураглалыг магтсан ч "Хэрэв та өвдөлтийг хайрладаггүй бол энэ киног эротик гэж харахгүй. Өдгөө зовж шаналж буй хүмүүс ч нацистын доройтлыг хараад цатгалдах болов уу" гэж бичжээ. Шүүмжлэгч Vincent Canby "романтик порнограф, зүгээр л хог" гэсэн байхад шүүмжлэгч Leonard Maltin "Муухай, хачирхалтай драм" хэмээжээ. Европт ч уг кино эсэргүүцэлтэй тулгарсан ба Германчууд "Улс төрийн порнограф" гэсэн ангилалд оруулж байв. Францад Michel Foucault уг киног нацизмын сексжүүлсэн дүрслэл гэж дүгнэсэн.

 Уг киног зориуд өдөөн хатгасан, асуудал үүсгэсэн, шуугиан дэгдээхийн тулд холокостыг мөлжлөгийн хийгээд гажуудуулсан байдлаар үзүүлсэн гэж үзэгсэд байдаг. Нөгөөтээгүүр энэ нь Дэлхийн 2-р дайны улмаас сүйрсэн сэтгэл татам дүрүүдийн хар бараан сэтгэлзүйн триллер ажээ. Энэ бол дарангуйлал, шаналлын дурсамжийг ашиглан үзэгчдийг гижигдэх гэсэн бохир оролдлого юм. Тиймээ, кинонд нацист хувцас, соёлыг ганган хээнцэрээр дүрсэлдэг бөгөөд ийм учраас олон шүүмжлэгчид "хог" гэдэг. Сэдэв бол ойлгомжтой; нацистын муу муухайг үзүүлэхийн дээр садомазохизм буюу алив шугам давсан хүсэл, шуналын эмгэнэлт төгсгөлийг урьдчилан харуулсан. Фашизм ба садомазохизм нь нэг үе кино урлагт моод болж байсан агаад ил задгай секс, хүчирхийлэл, үхэл хийгээд сүйрлийн өнгө аясаараа үзэгчдийн сонирхлыг татаж байв. Энэ бол тэр үеийн киноны нэг юм. Ийм кинонууд яагаад хүмүүсийн сонирхлыг татсан нь өөрөө сонирхолтой; ийм төрлийн кино урьд нь зөвшөөрөгддөггүй байсантай холбоотой байж магадгүй, эсхүл цаг үеийн шинж болов уу. Кино хар, бор, хөх өнгөөр дүүрсэн донжтой, классик хэв маягтай. Хорих лагерьт зодуулж, хүчиндүүлж, тамлуулж байсан "бяцхан охин" олон жилийн дараа ч тамлагчаа хүсэх нь утгагүй санагдана. Гинж, хагарсан шил, алгадах цохих тэдний сэрлийг асааж, тэд голдуу шалан дээр хурьцдаг. Найруулагч Liliana Cavani киногоо хайрын түүх гэсэн байдаг. Дүрүүдийн бие биедээ үнэнч байгааг бодвол тэгж бодож болох. Маргаантай, хориглогдсон кинонд дурлагчдад зориулсан кино. 

Comments