Yi Yi (2000). Тайванийн Шинэ Давалгаа хөдөлгөөний гол дүрүүдийн нэг Edward Yang-ын энэхүү драм нь 53-р Канны кино наадмаас шилдэг найруулагч шагналыг эзэндээ авчирсан 21- зууны хамгийн чухал киноны нэг билээ. Edward Yang-ын зохиолыг нь бичиж найруулсан энэхүү уужим өргөн гэр бүлийн драм нь тансаг, баялаг бүтэцтэй, бишрэм жүжиглэлттэйгээс гадна хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм, ухаалаг. Уг киноны "роман" шиг чанарыг орчин үед магтсан шүүмж олон байдаг ба киногоор дагнаж бичдэг бүхий л нэр хүндтэй сонин сэтгүүл, сайтууд 21-р зууны шилдэг киноны тоонд оруулсаар иржээ.
BBC л гэхэд 21-р зуунб хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 8-р байрт, Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 118-р байрт тус бүр жагсаажээ. Энэ бол цэвэр урлаг бүтээгчийн урлагийн бүтээлийн хажуугаар хүн бүхний заавал үзвэл зохих сэтгэл татам кино юм. Найруулагч Yang-ын гар бичмэлд гол дүрийн хоёр хүүхдийн нас 10, 15 гэж бичигдсэн байсан ч дүрд тоглуулах хүүхдүүдээ олсноор өөрчлөлт орсон буюу тэд 8, 13 настай байв (хүүхдүүд өмнө нь кинонд тоглож байгаагүй). The New York Times; "Энэ киноны төгсгөлийг үзэж байхад нүд нулимсаар дүүрч байгаагийн дийлшгүй тэр мэдрэмжийн шалтгааныг олох гэж хичээсэн. Энэ уй гашуу юу? жаргал уу? эсхүл хөөрсөн сэтгэл байв уу?, тиймээ энэ бүхэн цөм байсан юм" гэж бичжээ. The Los Angeles Times: "Энэ бүтээл бол амьдралыг бүхэлд нь харах чадварыг өгсөн, жаргалд нуугдаж буй гуниг, гуниг доторх инээдээр чимэглэгдсэн, нарийн боловч хүчирхэг кино" гэсэн буй.
The Village Voice: "Бараг урьд хожид байгаагүй тийм сэтгэл хөдөлгөм тунгалаг, дэгжин, мэдрэмжтэй инээдтэй мелодрам" гэжээ. The New Yorker: "Итгэмээргүй намуухан, тэвчээртэй байсан хүүрнэхүй нь аажмаар нэгдсэнээр эцэстээ бараг кадр бүр нь чухал санагдана" гэжээ. Гэр бүлийн өдөр тутмын амьдралын сэдвүүд, нарийн ширийн зүйлсийг гоо үзэсгэлэнгээр хөрөглөсөн уг киноны үйл явдлыг товчхон хүргэе. Jian-ын гэр бүлтэй танилцая; Аав NJ, Ээж Min-Min, том охин Ting-Ting болон бага хүү Yang-Yang; энэ бол Тайпейгийн дундаж давхаргынх гэр бүл юм. NJ эхнэрийнхээ A-Di-ынхээ хурим дээр анхны хайр Sherry-тэй санаандгүй таарах агаад Sherry түүнд дугаараа үлдээнэ. Sherry Америк хүнтэй суугаад Чикагод амьдарч байгаа гэдэг. Хуримын дараахан Min-Min-ын хөгшин ээж цус харваж гэр бүлээрээ сандралд орох ба эмгэн гэртээ асаргаанд байхаар болж, харин гэр бүлийн гишүүд ээлжлэн түүнтэй ярих юмуу юм уншиж өгөхөөр болно. NJ-ын компани санхүүгийн хүндрэлтэй тулгарч, ажлаасаа болж бухимдалтай байх нь ихэсжээ.
Ota гэдэг Япон үйлчлүүлэгчийн итгэлийг олуулахын тулд хамтран ажиллагсад нь NJ-г Ota-тай хамт оройн хоолонд ор гэж гуйхад NJ аргагүй эрхэнд зөвшөөрдөг бөгөөд тэд бодсоноос илүү ойлголцон хурдан дотносно. Тэр шөнө дөө NJ руу залгаад 30 жилийн өмнө ганц ч үг хэлэлгүй орхиод явсандаа уучлалт гуйсан зурвас үлдээдэг. Энэ зуур Min-Min ээжийнхээ дор орсонд сэтгэлээр унаж, Буддын лам залж авчрахаар хол явна. Нөгөө талд бүтэлгүй хөрөнгө оруулалт хийсэн A-Di гэрээсээ хөөгдөөд хуучин найз хүүхнээсээ тусламж авахаар очдог ба хэсэг хугацааны дараа A-Di гэртээ хий алдсанаас болж үхэх дөхөж, улмаар эхнэртэйгээ эргэн нийлдэг. Тэгвэл Ting-Ting хажуу айлынхаа Lili гэдэг үеийнхээ охинтой танилцаж, үерхэж эхэлнэ. Lili найз залуугаасаа салсан ч найз залуу нь Ting-Ting-ын дамжуулан Lili-д захидал өгсөөр байгаад нэг мэдэхэд зуучлагч охин маань өөрөө найзынхаа залууд дурлачихна. Залуу Ting-Ting-тэй болзож эхлэх бөгөөд хоёрдахь болзоон дээр тэд буудалд ордог ч залуу эргэлзэж эргэлзэж байгаад охинд юу ч хэлэлгүйгээр бараг л зугтаачихна.
Удсангүй Lili залуутайгаа нийлнэ. Гомдож, шаналсан Ting-Ting зүрх сэтгэлийнхээ үгийг ямар ч хариу өгөхгүй чадваргүй хэвтрийн эмээдээ хэлнэ. Маргааш нь Lili-ын найз залуу Lili-ын англи хэлний багшийг Lili болон Lili-ын ээжтэй зэрэг явалддаг байсан гэж хардсанаасаа болж онц хэрцгийгээр алсан болохыг Ting-Ting зурагтаар үздэг. Бяцхан Yang-Yang эмээ нь өөрийг нь сонсохгүй байна гэж бодоод гэрэл зургийн аппаратаар зураг дарж эхэлдэг. Үүнээсээ болж хичээлээ хийхгүй байна гэж багшдаа донгодуулахаас гадна сэтгэлтэй охин нь усан санд сэлдэгийг хараад өөрөө бие дааж сэлж сурч эхэлдэг. Энэ зуур NJ ажлаар Японд байхад түүн дээр Sherry нисч очдог. Хуучин амрагууд дахин уулзаад өнгөрсөн амьдралаа эргэн дурсана; Sherry одоо ч NJ-д гомдсоор байгаа мэт байдаг. Орой болж, унтах болоход NJ тусдаа өрөө авахад Sherry-ын сэтгэл улам ч эмтэрдэг. Тэд буцах болоход NJ хүүхэнд "чамаас өөр хэнийг ч хайрлаж байгаагүй" гэж хэлдэг. Ээж нь нас барсны дараа Min-Min гэртээ буцаж ирээд гэрийнхэнтэйгээ нийлнэ. Оршуулгын үеэр NJ-ын хамтран ажиллагсад ажилдаа буцаад орооч гэхэд тэр татгалздаг; учир нь Японд очсон зорилго нь бараг бүтэлгүйтсэн байлаа. Yang-Yang эмээгийнхээ шарилын дэргэд шүлэг уншдаг; хүү эмээтэй хамт өнгөрүүлсэн үеэ, эмээгээ хайсан газраа олсон гэдэгт итгэж байна гээд хүмүүст мэдэхгүй зүйлсийг нь хэлж, хүмүүст хардаггүй зүйлсийг нь харуулахыг нь хүсдэг гэдгээ хэлдэг.
Yang-Yang бол энэ киноны хамгийн жаахан гол дүр (8 настай) боловч хамгийн чухал асуулт болох; хэн ч үнэний хагасыг л, жаргалын хугасыг л мэддэг үү гэдгийг асуудаг. Киноны үйл явдал Тайвань-д өрнөж байгаа ч үнэндээ бүхий л амжилттай, хөрөнгөтэй дундаж давхаргын гэр бүлийн, тэр дундаа нэгэн гэр бүлийн 3 үеийн асуудал, алдагдсан боломж, амьдралын зорилгыг харуулна. Өдөр тутмын амьдралын өсөлт, уналтын тухай ийм ажиглалт бүхий уярам зөөлөн кино тун ховор байдаг ба NJ бол гэр бүл, ажил гээд өөрийнхөө жаргалыг мартсан, мартахаас ч аргагүй завгүй орчин үеийн эрийн дүр юм. Тэрээр эхнэрийнхээ дүүгийн хурим дээр магадгүй 30 жилийн өмнө хуримлаж болох байсан, одоо ч хайртай байж магадгүй хуучин амрагтайгаа таардаг нь ёжтой бас инээдтэй. Гэвч ингэлээ гээд NJ-ын амьдрал тийм их өөрчлөгдөх байсан болов уу?. Өндөр дээд зэрэглэлийн орон сууцанд амьдрах энэ айлын гэрийн гишүүд бүртэй бид аажмаар танилцахдаа бүр хөршүүдтэй нь хүртэл танилцдаг. Комад байгаа ээжтэйгээ ярилцаж, холбогдож чадахгүй байгаа даа, ээждээ тусалж чадахгүй, юу ч хийгээд нэмэргүй, ирээдүйд өөрөө бас ийм болчихно гэсэндээ Min-Min тун их хямрах ба гэвч үнэндээ бид урт насалваас бас л түүний өтөл ээж шиг болно гэж кино хэлээд байх шиг байдаг.
Комад байгаа хүнтэй ярилцах нь залбирахтай адил юм гэж NJ боддог; таны хандаж буй тал сонсохгүй гэвэл, та чин сэтгэлээсээ байж чадахгүй. Бяцхан Yang-Yang ийм юм бодоход хэтэрхий балчир бас илүү эерэг хандлагыг баримталдаг. Тэр нэг өдөр аавынхаа зургийг толгойных нь араас авчихдаг, учир нь аав нь ар талаа харж чадахгүй, иймд тэнд буюу харахгүй байгаа талд итгэхэд хэцүү. Киноны хамгийн романтик хэсэг бол NJ-ын Sherry-ын дурсамжаар зочилдог хэсэг юм. Мөн энд даяаршлын соёлын нөлөөг харуулсан жижиг хэсгүүд бий; жишээлбэл; NJ, Ota хоёр англиар ярьж, ойлголцдог нь энэ бол тэдний соёлын ертөнцийн хэмжүүрийг харуулдаг. Орчин үеийн ертөнцийн соёл баян анги давхарга, ажлын байр, үл хөдлөх хөрөнгө хийгээд түргэн хоол, медиа болсноор энэ кино бол аль ч том хотын иргэдэд зориулсан кино. Кинонд Америкийн алдартай түргэн хоолнуудын газарт хооллож буй хэсгүүд багагүй байдаг. Эл бүтээлийн зорилго үзэгчдийг романтик шийдвэр гаргахад биш, Америкийн ихэнх ийм кинонууд тэвчээргүй байдаг. Харин энэ кино бол амьдралын урсгалын тухай юм. Гэхдээ Bergman маягийн сүртэй аргаар биш, гэр бүлийн өдөр тутмын үймээнтэй амьдралыг намуухан, яг л буддизм маягаар үзүүлдэг бөгөөд кино дээр ч буддын лам гардаг билээ. Кинонд насанд хүрсэн дүрүүдийг тэнгэр баганадсан барилгын хүйтэн цонхонд тусган харуулдаг нь тэднийг ажлаас бусдыг мэддэггүй буюу зүрх сэтгэлгүй болчихсоныг харуулдаг.
Comments
Post a Comment