The Return (2003). Өнөө цагийн Орос орон. Арав гаруй насны ах дүү болох Андрей, Иван хоёр эцгээ мэдэхгүй өссөн тул хоёр биедээ их дотно. Тэд ээж, эмээ хоёртойгоо амьдарна. Нэгэн өдөр хөвгүүд гэртээ иртэл 12 жил сураггүй байсан аав нь ирчихсэн унтаж байхыг хараад цочирдох ба Андрей аавтайгаа уулзсандаа баяртай байхад Иван бүдгэрсэн гэрэл зургаас л дөнгөж мэдэх төдий үл таних эрээс айна. Аав нь хөвгүүдээ дагуулан загасчилан, амралт маягаар явахаар болоход ээж нь дурамжхан зөвшөөрнө.
Эхэндээ ах дүү хоёр аавтайгаа хамт өнгөрүүлэх адал явдалд догдлох ч удалгүй аавынхаа эзгүй байсан хугацаагаа нөхөх гэсэн таагүй зүтгэл хийгээд алгуурхан нэмэгдэх харгислалыг мэдэрч эхэлнэ. Ах дүү хоёр энэ хугацаанд өөрсдийгөө ээлжлэн шалгаж, аварч, загнаж, зөвлөж, үл тоомсорлох зэрэг олон явдал өрнөдөг. Иван зөрүүдлэх тусам Андрей аавдаа тал өгч эхэлдэг. Андрей-н аавтайгаа илүү танилцаж, дотносох гэсэн хүчтэй хэрэгцээ нь түүнийг дүүгээс нь хөндийрүүлдэг. Эцэг болон хөвгүүдийн сорилт тэднийг нууцлаг аралд очсоны дараа ширүүн дайсагнал, гэнэтийн хүчирхийлэл болон хувирдаг. Аав нь Андрей-г цохиход Иван уурлах агаад тэрээр аав руугаа хашгирч, ой модод руу зугтааж, арлын ажиглалтын цамхаг дээр гарна. Андрей болон аав нь араас нь гүйнэ. Аав нь Ивантай ярилцахыг оролдсон ч энэ нь Иваныг улам л уурлуулна. Иван цамхагаас үсэрнэ гэж сүрдүүлдэг, аав нь түүнд хүрч очих гэж байгаад осолдон унаж үхнж. Хөвгүүд аавынхаа цогцсыг ойн дундуур чирж явсаар завин дээрээ ирнэ.
Маргааш өглөө нь бүх юмаа тэр дотор аавынхаа цогцсыг завиндаа хийгээд ирсэн газартаа очдог. Хөвгүүд завинаас юмнуудаа зөөж машиндаа хийж байтал завь нуурт аавынх нь цогцостой хамт живчихнэ (ирэх явцад завь хад мөргөдөг). Андрей "Ааваа!" гэж хашгираад эрэг рүү гүйхэд араас нь Иван мөн "Ааваа!" гэж хашгирсан нь сэтгэлээсээ "Ааваа" гэж хэлсэн анхны бөгөөд сүүлчийнх нь болдог. Тэд машиндаа суугаад буцна; кино тэдний аяллын үеэрх дарсан гэрэл зургуудыг үзүүлснээр төгсдөг; тэдгээр зургуудад аавынх нь зураг огт байдаггүй тул ах дүү хоёртой хамт үл таних эр хамт явсан гэх баталгаагүй гэсэн үг юм. Оросын шинэ үеийн шилдэг кино найруулагч Андрей Звягинцевын найруулсан (түүний анхны бүрэн хэмжээний кино) насанд хүрэх явцыг харуулсан драм. Түгшүүртэй, мухардмал байдалд оруулах энэхүү гайхалтай триллерийг Звягинцев 39 настайдаа бүтээсэн бөгөөд аугаа Андрей Тарковскийн тунхагласан Оросын кино урлагийн мистицизмын их уламжлалыг энэ киногоороо шинэчилсэн.
Нэгэн зэрэг оньсого, сэтгэлзүйн хувьд цочирдуулам өгүүлэмжтэй уг кино нь Библийн сэдвээс урган гарсан ба Звягинцев өөрийнхөө архетип сэдэв хийгээд дүрүүдийнхээ өвөрмөц шинжийн хооронд сэтгэл хөдөлгөм хурцадмал байдлыг бий болгож чаддаг. Энэхүү бүтээл нь нэгэн зэрэг натуралист, зүүд мөрөөдлийн абстракт байж, амьд нарийн ширийн дүр төрхөөөрөө дамжуулан нууцлаг сэдвүүдийг гаргадаг. Уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 965-р байрт эрэмбэлээд байна. Уг кино Венецийн кино наадмаас Алтан Арслан (мөн энэ шагналыг авсан анхны дебют кино болсон) шагналыг хүртэж, Алтан Бөмбөрцөг кино наадмын гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд нэр дэвшиж байв. Киноны зураг авалтыг Ладога нуур болон Финландын булангийн орчимд авчээ. Киноны төсөв нууц хэвээрээ байгаа ч Звягинцев нэгэн ярилцлагадаа $500,000-аас бага болсон гэсэн байдаг. Андрей-д тоглосон Владимир Гарин зураг авалтын дараахан, кино нээлтээ хийхээс хоёр сарын өмнө живж нарсан барсан нь киног улам гунигтай болгодог санагддаг. Тэрээр дөнгөж 16 настай байв.
Хүүхүүд болон аймшигт аавуудын тухай олон кино байдаг ч энэ магадгүй хамгийн сэтгэл түгшээсэн нь болов уу. Энэ кино яагаад тийм аймшигтай гэж? яагаад гэвэл хөвгүүд аавынхаа аюултай зан авирыг огт ойлгодоггүй учраас илүү шаналгаат кино юм. Өөрөөр хэлбэл, аймшигт зүйлс тодорхой дотоод логикоор ар араасаа өрнөхдөө ямар ч утгагүй байдаг Кафка маягийн түүх шиг юм. Хөвгүүд гэртээ ирэхэд ээж нь "чимээгүй! аав чинь унтаж байна" гэж хэлснээр кино эхэлдэг, гэхдээ эдгээр жилүүдэд аав хаана байсан талаар ямар я тайлбарыг кино бидэнд өгдөггүй. Аав ирснийхээ маргааш шууд хөвгүүдээ аваад загасчдахаар явдаг нь тун яаруу бас сэжигтэй. Аав машин дотроо хатуу сахилга бат тогтоохыг оролддог ч энэ нь түүний харгис зан гэхээсээ илүүтэй хөвгүүдээсээ хөндийрсөн гэрэвшилтээс бий болж байгаа мэт байдаг. Кино аавыг хорон муу хүн гэж зарлахаас татгалзсан нь тодорхойгүй байдлыг улам л нэмэгдүүдэг; эцэст нь аав сэтгэл түгшүүлэм нөхцлийг бий болгодог, гэхдээ тэрээр ямар хүсэл эсхүл албадлагаар ингэнэ вэ? гол нь түүний сэдэл юу юм бол?. Тэд загасчлахаар явдаг ч энэ аавын зорьсон хэрэгт огт холбоогүй гэдэг нь ойлгомжтой. Аав болон хөвгүүд жижиг завиараа нуурын дунд орших алслагдсан арал руу сэлж явахад тэнгэр харанхуйлж, борооших сүрдмээр дүр зураг бий болдог. Арал дээр аав газар ухаж булсан жижиг авдар гаргаж ирдэг. Авдарт юу байгаа юм бол? Хэн ч гэсэн түүнийг суллагдсан хоригдол нуусан олзоо буцааж авч байна гэж бодно.
Авдар хамаагүй болдог. Аав хөвгүүдээ дагуулан явах хэрэгтэй гэж үзсэн шалтгааны хамтаар аавын үхэх шалтгаан болсон энэ авдар өчнөөн асуудал үүсгэсэн ч киноны төгсгөл гэхэд бүрэн мартагдсан байна. Аав хөвгүүдтэйгээ хамт байж чадаагүй цагаа нөхөх гэж оролдсон хүн болж жүжиглэсэн үү? Тэр өөрийн мэдэрсэн бүхнээ хөвгүүдээ мэдрүүлэх гэж оролдсон уу? Хөвгүүд түүнтэй хамт байсаар эцэстээ амьд үлдэх байсан уу?... энэ кино үзэгчдээс мэдээллийг нуудаггүй ч драмын техникийн хувьд хөвгүүдээс нуудаг. Кино үнэндээ аавын зорилгын тухай бус хөвгүүдийн айдас, төөрөгдлийн тухай юм. Хөвгүүд тоглоомын дүрмийг шийдвэрлэх ёстой ба тэдний харилцааны дотоод динамик нь аавбнхаа талаар ямар сэтгэгдэлтэй байхаас илүү чухал. Звягинцев хүйтэн, бүрхэг өдрүүдэд киноны зураг авалтаа хийсэн, ингэхдээ амралтын газар бус арал дээр хийжээ. Түүний зураглаач үзэгчдийг хөгжөөхгүйн тулд киноны өнгөт хальсыг бүдгэрүүлдэг. Үзэгчдэд арал таалагдахгүй шиг аав ч итгэл төрүүлэхүйц санагдахгүй.
Comments
Post a Comment