Итгэмтгий эхнэр

 


Charade (1963). Америкийн кино найруулагч Stanley Donen-н продюсерлэж, найруулсан романтик, комеди. Киноны зохиолыг Peter Stone болон Marc Behm нар бичсэн бол гол дүрүүдэд; Cary Grant, Audrey Hepburn гэсэн домгууд тоглосон. Энэ бол триллер, романс, комеди гэсэн гурван төрлийг хамарсан найруулагч Stanley Donen-н замналын оргил ажлуудын нэг билээ. Кино гарсан даруйд шүүмжлэгчид киноны зохиолыг болон Cary Grant, Audrey Hepburn хоёрын харилцан тоглолтыг магтааад; "энэ бол Alfred Hitchcock-н хийгээгүй хамгийн сайн Hitchcock маягийн кино" гэж тодорхойлж байв. Киноны зураг авалтыг Парист хийсэн бөгөөд киноны үндсэн "Charade" хэмээх дууг алдарт хөгжмийн зохиолч Henry Mancini бичсэн. Ингээд триллер, романтик, комеди гэсэн гурван жанрыг нэгтгэсэн киноныхоо үйл явдлыг товчхон өгүүлсү.

 Синхрон орчуулагчаар ажилладаг Regina Францын Альпийн нуруунд амарч байхдаа найз хүүхэндээ нөхрөөсөө салж буйгаа ярьж байгаад сэтгэл татам Америк эр Peter гэгчтэй танилцана. Амралтаасаа буцаж Парист ирээд Regina орон байр нь хов хоосон болсныг олж хараад цочирдоно. Энэ үеэр түүн дээр цагдаагийн мөрдөгч ирээд нөхөр Charles нь Парисаас гарч явахдаа алуулсан байдалтайгаар олдсон тухай хэлэх бөгөөд хамаг мөнгө эд зүйлс нь байхгүй болсныг Regina ухаардаг. Regina-д нөхрийнх нь жижигхэн цүнхийг өгнө; цүнхэнд, эхнэртээ хаягласан захидлаас гадна Венесуэлд очих хөлөг онгоцны тасалбар, олон үндэстний бүхий дөрвөн паспор, мөн аар саар зүйлс байна. Charles-н оршуулгад үл таних, хараажаар гэмт хэрэгнүүд байхуйц гурван эр ирж оролцдог. Regina-г Америкийн Элчин сайдын яаманд дуудна. Хүүхнийг очиход Тагнуулын Төв газрын дарга Bartholomew авч уулзаад нөхрийнх нь оршуулгад очсон үл таних гурван эр бол Herman, Leopold, Tex гэдэг нэртэй Дэлхийн 2-р дайны үед Францын Эсэргүүцлийн бүлэгт $250,000 үнэ бүхий (одоогийн $4.2 сая доллар) алт хүргэхээр үүрэгтэй явсан ч алтыг хулгайлсан гэмт хэрэгтнүүд гэж хэлдэг.

 Үүргээ умартсан бүлэгт 5 хүн байсны 3 нь дээрх эрчүүд бол үлдсэн хоёрыг нь Carson, Charles гэдэг байсан буюу энэ Charles бол Regina-н нөхөр ажээ. Ингээд алт хулгайлсан нөхдүүд Германчуудын отолтонд орж Carson шархдаж, харин Charles нөхдийнхөө ар нуруу руу хутгалж бүх алтыг ганцаараа аваад арилжээ. Herman, Leopold, Tex гурван сайхь явдлаас амьд үлдэгсэд бөгөөд тэд бас Америкийн засгийн газар алга болсон мөнгөний араас явж байгаа нь тодорхой болно. Bartholomew хүүхэнд нөхрийнхөө нуусан мөнгийг олж Америкийн засгийн газарт өгөхийг бараг тушаана. Юутай ч Regina аминд халтай байдалд орсон нь илэрхий байлаа. Peter Regina-г олж уулзаж зочид буудал руу нүүж ороход нь тусална. Гурван гэмт хэрэгтэн хүүхнийг тус бүрдээ заналхийлж, мөнгийг хурдан олж өгөхийг шаарддаг. Herman хүүхэнд Peter бол манай талын хүн, бас л мөнгөний араас хөөцөлдөгч гэж хэлэн алмайруулах агаад үүний дараа Peter өөрийгөө Carson-н ах Alexander гээд ахынхаа үхлийн өшөөг авахаар энэ хэрэгт хутгалдсан гэж хэлнэ. Байгаа эсэх нь мэдэгдэхгүй мөнгөний эрэл үргэлжилж байх хооронд Herman, Leopold хоёр алуулчихна. Bartholomew Regina-д Carson-д ямар ч ах дүү байхгүй гэж хэлнэ. 

Хүүхэн Alexander-тай нүүрэлдэхэд тэрээр өөрийгөө үнэндээ мэргэжлийн хулгайч Adam гэж танилцуулдаг ба хэдийгээр шударга бус байсанд нь бухимдсан ч Regina түүнд яагаад ч юм итгэсээр байдаг. Regina, Adam хоёр Charles-н сүүлд очсон газар болох зах руу явах ба Tex араас нь дагана. Adam, Tex хоёр Charles мөнгөөрөө маш өндөр үнэтэй марк худалдаж аваад өнөөх цүнхэнд байсан дугтуйнд оёчихсон байсныг олж мэдээд хоёулаа Regina-н зочид буудлын өрөө рүү яаравчлан очтол дугтуйнаас маркууд алга болсон байна. Маркуудыг Regina найз хүүхнийхээ бяцхан хүүд бэлэглэсэн байлаа. Тэд хүүг олсон ч хүү маркуудыг хэдийнээ дилерт өгчихсөн байлаа. Гэвч тэд дилерийг олоод ховор маркаа эргүүлж авч чаддаг. Regina буудалдаа ирэхэд Tex үхсэн олдоно; цогцсын дэргэд Carson гэж бичсэн байв. Adam бол гарцаагүй алуурчин гэж итгэсэн хүүхэн Bartholomew залгахад тэрээр Пале-Рояал-н дэргэд уулзая гэнэ. Adam түүнтэй уулзах гэсэн ч хүүхэн зугтааж, эцэс төгсгөлгүй хөөцөлдөөн болох ба Adam жинхэнэ Carson бол Bartholomew буюу Германы отолтоос амьд гарч, өшөө хорсол хийгээд мөнгийг авахыг хүссэн жинхэнэ хорон санаатан бол Bartholomew гэгч худалч гэж хэлнэ.

 Regina хэнд итгэхээ мэдэхгүй эргэлздэг ч хайр дурлал нь түүнийг зөв чиглүүлснээр Carson буюу Bartholomew Adam-н гарт алагдаж кино жаргалтай төгсөх хувьтай болно. Маргааш нь Regina, Adam хоёр Америкийн Элчин сайдын яаманд очиж Маркуудыг хүлээлгэн өгөх үеэр Adam бол үнэндээ хулгайлагдсан төрийн өмчийнг авчрах үүрэгтэй Америкийн төрийн сангийн ажилтан Brian гэгч болох нь илэрнэ. Одоо түүний жинхэнэ төрх илчлэгдсэнээр Regina тэр хоёр хайр сэтгэлийнхээ бал бурмыг амтлахад саадгүй болно. Кино зохиолчид Peter Stone, Marc Behm хоёр "The Unsuspecting Wife" зохиолоо Холливуудын студиуд зарах гээд амжилт олоогүй учир "Charade" нэртэй роман болгоод Redbook сэтгүүлд цувралаар нийтлүүлжээ. Цуврал нийтлэл өмнө нь тоохгүй байсан Холливуудын студиудын анхаарлыг татсан ба Stanley Donen кино болгох эрхийг тэр дор нь өөрийн болгожээ. Stone, Behm дахин кино зохиол болгон бичихдээ Cary Grant, Audrey Hepburn хоёрт нэлээд тааруулан бичжээ. Киноны төгсгөлд Hepburn Grant-н хуурамч нарсийг жагсаагаад "Бид олон хөвгүүдтэй болно гэж найдаж байна, бүгдийг нь чиний нэрээр нэрлэж болно байх" гэдэг хэсгийг Stone өөрийнхөө бичсэн хамгийн шилдэг мөр гэж үздэг бөгөөд даанч Mancini-н хөгжимд энэ хэсэг дарагдчихсан гэж харамсаж явдаг гэдэг.

 Зураг авалтын үеэр Grant 59 нас хүрсэн, харин Hepburn 33 настай байсан агаад 25 насны зөрөөтэй байсан тэдэнд, ялангуяа Grant-д романтик хэсгүүд эвгүй байсан гэдэг. Ингээд түүний хүсэлтээр дүрийнх нь харилцан яриаг насанд нь тохируулж тодорхой хэмжээгээр зассанаар Hepburn-н дүр илүү сээтэгнэх хандлагатай нь болж дүрслэгджээ. Кино 1963 оны Зул сарын баяраар нээлтээ хийхэд Hepburn-н "Биднийг ямар ч үед алж магадгүй" гэдэг мөрийг "Бид ямар ч үед устгагдах боломжтой" гэж зассан байдаг нь ерөнхийлөгч John Kennedy-н аллагатай холбоотой аж. Henry Mancini-н дуутай киноны хөгжмийн цомог гарсан хойноо Billboard сэтгүүлийн поп цомгийн жагсаалтад 6-р байрт шалгарч байжээ. Уг киног 21-р зууны шүүмжлэгчид хийгээд тухайн үеийнхэн нь эерэгээр хүлээж авсан юм. Ерөнхийдөө таавар, нууцлалт шинжээрээ онцгойрон тоглодог уг кино бол Cary Grant, Audrey Hepburn гэсэн классик эриний жүжигчдийн гайхалтай хоршлоор цацран гялалздаг, эмх замбараагүй хөгжилтэй бүтээл юм. Шүүмжлэгч Bosley Crowther уг бүтээлийг "таагүй мэдрэмж төрүүлэм, муухай харгислалтай" гэж шүүмжилсэн ч кино зохиолыг магтаад гэнэтийн эргэлт, цочирдуулам хошигнол, этгээд зохицуулалт болон хааяа тод бас хямсгар байдаг харилцан яриаг нь магтжээ. 

Нэг үгээр Alfred Hitchcock-н "North by Northwest" кино ба 1930-аад оны ойворгон комедийн дундах бүтээл гэжээ. Time Out; "Grant үгээр хэлэмгүй сэтгэл татам, Hepburn тэр чигээрээ тансаг сайхан, энэ бол үзэгчдийг ихээхэн өдөж шоглосон кино" гэж бичжээ. Slant Magazine: "Тагнуулын триллерийг эмх замбараагүй, үймээнтэй харуулсан боловч бүтцийн хувьд Agatha Christie-н зохиолтой төстэй, ямар нэгэн гайхамшигтай зугаа цэнгэлийн кино" гэж тодорхойлсон байдаг аж. Сайн төгсгөлтэй, детектив маягийн уг кино яагаад өнөөдөр үнэлэгдсээр байгаа нь найруулагчийн олон жанрыг амжилттай хольсонтой холбоотой юм. Сэтгэл татам давхар хууралтууд гэнэн итгэмтгий Hepburn-н дүрийг няхуур эргэлзэгч; хэн бүхнийг сэжиглэгч болгох нь үзэгчдэд ч нөлөөлөх магадлалтай. Сэжиглэлт, хардалт байгаа ч Grant, Hepburn хоёрын итгэлцэл бас хайранд юу ч саад болж чаддаггүй учир энэ бол романтик элемент хүчтэй агуулсан кино юм. Киноны туслах дүрүүдийн авъяас чадвар, гүйцэтгэл киног улам хүчтэй болгодог. Төгсгөлийн хөөцөлдөөн, тулаан, зочид буудлын дээвэр дээрх амьсгал давчдуулам хэсгүүд уг киног адал явдлаар дүүрэн болгодог ба мэдээж киноны оргил хэсэг бол төгсгөлийн романтик хэсэг билээ. 

Comments