Giant (1956). Америкийн кино найруулагч George Stevens-н туульсын вестерн жанрын бүтээл. Найруулагч George Stevens энэ ажлаараа тухайн жилийнхээ Оскарын наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байдаг бөгөөд зохиолч Edna Ferber-н 1952 оны ижил нэрт романыг Fred Guiol, Ivan Moffat нар кино дэлгэцнээ хөрвүүлжээ. Гол дүрүүдэд; Elizabeth Taylor, Rock Hudson, James Dean нарын шилдэгүүд тоглосон ба Dennis Hopper, Sal Mineo, Rod Taylor, Mercedes McCambridge нар тоглосон.
Энэ бол домогт James Dean-н гол дүр бүтээсэн гурван киноны сүүлчийнхээс гадна түүний хоёр дахь хийгээд эцсийн Оскарын наадамд нэр дэвшсэн бүтээл байв. Кино нээлтээ хийхээс өмнө Dean авто ослоор нас барсан ба түүний тоглосон зарим дутуу хэсэгт хожим найз нь болох Nick Adams дуу оруулжээ. Киноны хөгжмийг Орос гаралтай Холливуудын шилдэг хөгжмийн зохиолчдын нэг байсан Dimitri Tiomkin бичсэн. Холливуудын А зэрэглэлийн гурван жүжигчдийн хүчирхэг тоглолт, том санаа болон үзэсгэлэнтэй зураглалаар дэмжигдсэн үнэмлэхүй өгүүлэмжээрээ алдаршсан уг киноны үйл явдлыг товчхон хүргэе.
1920-оод оны дунд үе. Техасын чинээлэг фермерчин Bick морь мал худалдаж авахаар Мэриленд руу аялна. Тэрээр тэнд нийгмийн дунд давхаргын айлын чөлөөт сэтгэлгээтэй Leslie-тэй танилцах ба залуусын дунд хайрын сэтгэл шуурга лугаа дэгдэж, улмаар гэрлээд Bick-н гэр орон болох олон жил уламжлагдаж ирсэн Техас дахь Реата хэмээх мал аж ахуйн эдлэнд амьдрахаар болно. Leslie хөдөө мал гээд дасан зохицох асуудлаас өгсүүлээд Bick-н эгч Luz хэмээх насаараа гэр орны ажил гээд нөхөрт гараагүй хүүхэнтэй "эрх мэдлийн" төлөөх тэмцэлтэй учирна. Leslie удалгүй хадам эгч нь төдийгүй ерөөс Техасын хүүхнүүд эрчүүд давамгайлсан соёлд захирагдаж, мөн Испани хэлтэй Мексик хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхан дорд үздэг болохыг олж мэддэг. Энэ үеэр Leslie нөхрийнхөө ажилчин Jett хэмээх байнга архи уудаг залуутай танилцаж, Jett шууд л эзнийхээ эхнэрт дурлачихна. Нэг өдөр Jett эцэгтэйгээ дагуулан хавь орчныг танилцуулахад Испани хэлтэй ажилчид нь маш хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг болохыг Leslie олж мэднэ. Бүсгүй нөхөртөө энэ байдлыг засан сайжруулж, бага насны хүүхдүүдэд нь эмчийн тусламж үзүүлээч гэж шаардахад Bick татгалзаад Мексикүүд өөрсдийнхөө эмчийг дуудах ёстой гээд огт хөдлөхгүй.
Хэд хоногийн дараа Luz Leslie-н "дайны салхи" морийг унаж яваад унааад үхчихнэ. Luz-н гэрээслэлд гэр бүлийн газраас Jett-д хэсэгхэн газрыг өгөхийг гэрээсэлсэн байх ба Bick үүнд дургүйцээд Jett-д бэлэн мөнгө санал болгодог ч Jett газрыг илүүд үзсэнээр тэд дайснууд болцгооно. Leslie, Bick хоёр Jordan хэмээх хүү, Judy гэдэг охинтой болдог агаад удалгүй бас нэгэн охинтой болсоноо эгчийнхээ Luz нэрийг өгдөг. Jordan багаасаа л фермерчин болохгүй нь илэрч, үүнд Bick шаналах бол Leslie хүүгийнхээ талд байснаар тэдний дунд хагарал үүсч, Leslie хүүхдүүдээ аваад төрхмөндөө буцах бөгөөд хэсэг хугацаанд хол байсан нь хосуудын хайр сэтгэлийг улам батжуулдаг. Энэ хооронд Jett газартаа өдөр шөнөгүй ажиллаж байгаад эцэст нь газрын тос өөрийнх нь эзэмшил газраас гарч, нэг өдөрт л саятан болчихно. Тэр өдрөө согтуу Jett Bick-нд ирээд агсамнах агаад Bick-г зодож, Leslie-д зохимжгүй үгс шидэлнэ. Дараагийн жилүүдэд Jett улам баяжиж, илүү эрх мэдэлтэй болно. Тэрээр улам шунаж, Bick-н газарт өрөмдлөг хийхийг хүсээд хамтарч ажиллахыг түүнд санал болгоход өв уламжлалдаа үнэнч Bick тас цохин эсэргүүцнэ. 1941 он болжээ. Jordan эмч болохыг хүсч, Judy Швейцарь явж сурахын оронд хайртай залуутайгаа Техаст амьдарч, фермерчин амьдралыг илүүд үзэх болсон нь Bick-н толгойны өвчин болохоос гадна хүүхдүүдтэй нэг л эв түнжингүй байх болжээ.
Дэлхийн 2-р дайны үед, гэр бүлийн Зул сарын баярын үдэшлэг дээр Bick Judy-н нөхөр Bob-д бүх мал аж ахуйгаа даатгаж өгнө гэхэд Bob болон Judy өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө босгоно хэмээх саналаас татгалзана. Хүүхдүүд нь гэр бүлийнхээ өвийг уламжлахгүй болсныг ухаарсан Bick эцэстээ Jett-д бууж өгөөд хамтран ажиллах буюу эзэмшил газартаа өрөмдлөг хийхийг зөвшөөрнө. Өрөмдлөг эхэлснээр Bick-н гэр бүл баяжиж эхэлнэ. Харин Jordan Мексик хүүхэнтэй гэрлэж байв. Хэн хэнийх нь ялалтыг тэмдэглэсэн гэхдээ илүүтэй Jett-н алдар гавьяад зориулсан асар том үдэшлэг болно. Jett, Luz хоёр уулзах болсон ба Jett охинд гэрлэх саналыг согтуудаа тавихад охин татгалздаг. Jett ер нь мөнхөд согтуу байх болжээ. Jett Испани хэлтнүүдийг үзэн ядсан хэвээр бөгөөд тиймээс Jordan-н эхнэр үдэшлэгт орох эрхгүй болж, улмаар Jett, Jordan хоёр барилцаж аваад Jett Jordan-г зодоод хөөж гаргана. Bick хүүгээ өмөөрөн ирэх хэдий ч шал согтуу Jett-д гар хүрэхээс ч жигшээд зүгээр орхичихно. Согтуу, тасарчихсан Jett үдэшлэг дээр олны өмнө үг хэлэх гэж байгаад унаснаар үдэшлэг тарна. Luz түүн дээр очиход согтуу Jett охины ээжийнх нь тухай, хичнээн хайртай байснаа ухаан мэдрэлгүй бувтнаж байдаг. Маргааш нь гэртээ харих замдаа Bick гэр бүлийнхээ хамт нэгэн хоолны газарт бууж хооллохоор болно. Рестораны эзэн Bick-н өнгөт арьстан бэр хийгээд өнгөт арьстан ач хүүд үйлчлэхгүй гэснээр Bick-тэй зодоон үүсгэж, хөөрхий хөгшин Bick зодуулдаг ч Leslie түүнд 'би бол баатар" гэж нөхөртөө анх удаагаа хэлдэг. Leslie мөн нөхөртөө; бид гэр бүлийнхээ өвийг хадгалж үлдэж чадсан гээд Мексик, Цагаан гаралтай эрлийз ач хүү нар руугаа бахархалтайгаар хардаг.
Зохиолч Edna Ferber-н Bick дүр ба түүний Реата эдлэн газар өол Техаст амьдарч байсан Robert J. Kleberg, түүний асар том эдлэн газраас сэдэвлэгджээ. Тэгвэл Jett-н дүр гэнэт баяжсан газрын тос олборлох Glenn Herbert McCarthy гэгчээс санаа авч бүтээжээ. Австралийн жүжигчин Rod Taylor-н хувьд энэ кино нь түүний холливуудад ажилласан анхны кинонуудынх нь нэг байсан бол найруулагч Stevens жүжигчин Rock Hudson-д эмэгтэй гол дүрд Grace Kelly юмуу Elizabeth Taylor хоёрын нэгийг тоглуулна, чи сонго гэхэд Hudson Elizabeth Taylor-г сонгожээ. Найруулагч Stevens нягт нямбай эвлүүлэгч гэдгээрээ алдаршсан байсан ба кино эвлүүлгийн өрөөнд бүтэн жил "хэвтжээ". Уг кино бол цаг үе өөрчлөгдөж, газрын тосны эрин үетэй тулгарсан Техасын фермерийн мал аж ахуйн эрхлэгч баян, хүчирхэг гэр бүлийн талаарх хөрөг зураг юм. Хоёрдугаарх үндсэн үйл явдал бол 20-р зууны дунд үеийн Техас дахь Англи-Европ гаралтай ихэнх Америкчуудын Мексик гаралтай Америкчуудын эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байсантай холбоотой юм.
Киноны эхний гуравны нэгд Bick, Luz нар фермерийн эдлэнд ажилладаг Мексикчүүдэд увайгүй бүдүүлэг хандаж буй нь нийгэмшсэн Leslie-н дургүйцлийг төрүүлдэг билээ. Bick зоогийн газарт бэр болоод ач хүүгийнхээ эрхийн төлөө зодуулж байгаа нь эцэстээ өөрийнхөө ёс суртахууны дутагдалтай талыг ухаарч буйг харуулахаас гадна тэр киноны төгсгөлд л жинхэнээр эхнэрийнхээ хүндэтгэлийг олж байна. Өөр нэгэн дэд сэдэв бол Leslie-н патриархын нийгмийн дэг журмыг эсэргүүцэж байгаа явдал ба нөхөр нь эрчүүдтэй ярилцаж байхад тэрээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, байр суурин дээрээ бат байгаагаас түүний эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх тууштай нэгэн болохыг харуулна. "Giant" бол Edna Ferber-н арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг харуулсан гурван романы сүүлийнх нь аж; анхных нь "Show Boat" бүтээл амжилттай Broadway-н мюзикл болсон бол хоёр дахь "Cimarron" хоёронтоо кино болж байжээ. Ferber-н "Giant" ном 1956 онд 52 сая хувь борлогдсон ажээ. Кино нээлтээ хийхэд шүүмжлэгчид хийгээд олон нийт талархан хүлээж авсан бөгөөд нэгэн шүүмжлэгч "энэ кино Техасын нийгмийг шүүмжилсэн ч Техасчуудын дунд маш алдартай байсан" гэж бичжээ. Шүүмжлэгч Bosley Crowther: "найруулагч Stevens түүхээ үзүүлэхэд гурван цаг арван долоон минутыг зарцуулдаг. Энэ бол Техасын тухай өгүүлэхэд дэндүү их хугацаа боловч Stevens маш том кино хийсэн. Бүхий л нарийн нягт шинжээрээ энэ кино оны шилдэгт өрсөлдөх ёстой" гэж бичжээ.
Variety сэтгүүл: "Энэ кино бол ихэнхдээ Техасын тоос шороотой газрын гайхалтай панорамик кадруудыг үзүүлэхээсээ илүүтэй бүх түвшинд сэтгэл татам бүтээл" гэсэн буй. Зарим шүүмжлэгчид James Dean-н тоглолтыг магтаад James Dean-н богинохон замналын сүүлчийн кино гэж онцгойлоод "кино нээлтээ хийхэд тэр байхгүй болсон байсан ч түүний оршихуй кинотой хамт үргэлжилсээр байна" гэжээ. Dean метход аргаар жүжиглэдэг нь кинонд тоглосон нийт жүжигчдийг хоёр хуваасан гэдэг буюу зарим нь түүнийг биширч байхад үлдсэн нь түүний бардамналд дургүйцэж байсан гэдэг. Найруулагч, шүүмжлэгч François Truffaut уг киног "ямар ч зориггүйгээр бүх төрлөөр буулт хийсэн өчүүхэн, жигшмээр үйл явдлаар дүүрэн, тэнэг, сүржин, зальтай, эцгийн эрхт ёсыг харуулсан муухай кино" гэсэн буй. Тэгвэл Martin Scorsese: "Би энэ киног 40 гаруй удаа үзсэн. Би илэрхий романтизмд дургүй бөгөөд энэ бол тунчиг судлагдсан кино боловч энэ бол хүмүүсийн хардагаас илүү зүйлийг агуулсан кино. Энэ нь олон жилийн амьдрах хэв маягийг дүрсэлсэнтэй холбоотой юм. Хүмүүс өсч том болж байгааг та харна. Би James Dean-д дуртай, би Dimitri Tiomkin хөгжмийг нь бичсэн ч энэ кинонд дуртай. Кинонд дуртай хүмүүсийн хувьд энэ бол урам зориг өгдөг кино. Би ёс суртахууны үүднээс бус дүрслэлийн хувьд хэлж байна. Энэ бол тэр чигээрээ дүрслэлийн кино" гэжээ.
Comments
Post a Comment