Дээрэмчдийн диваажин

 


Butch Cassidy and the Sundance Kid (1969). Америкийн кино найруулагч George Roy Hill-н найруулсан Вестерн, нөхөрлөлийн жанрын кино. Киноны зохиолыг William Goldman бодит баримт дээрээс тулгуурлан бичсэн буюу Америкийн зартай гэмт хэрэгтэнгүүд болох Butch Cassidy хочит Robert LeRoy Parkar болон Sundance Kid хочит Harry Longabaugh хоёрын түүхийг өгүүлдэг. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн шилдэг 100 киноны 73-р байрт, мөн Америкийн хамгийн шилдэг Вестерн жанрын 10 киноны 7-р байрт тус тус эрэмбэлэгддэг эл бүтээлд Америкийн Зохиолчдын Эвлэл түүхэн дэх хамгийн шилдэг 101 кино зохиол жагсаалтынхаа 11-р байрт жагсаасан байдаг. 

Киноны гол дүрүүдэд; Paul Newman, Ron Redford, Katharine Ross нар тоглосон ба Newman, Redford хоёрын харилцан ойлголцол, хуучны нүдээрээ тоглох зэрэг нь залуу жүжигчдэд хичээл болохуйц. Зураглаач Conrad Hall-н үзэсгэлэнтэй бөгөөд өргөн уудам зай дахь гайхалтай зураглал яах аргагүй домогт найруулагч John Ford-г санагдуулдаг ч уг кино бол Францын Шинэ Давалгаа хөдөлгөөний залуу насны эрч хүч, маник поп наргиа, алиаллыг цацруулдаг. Нэг үгээр киноны жанрыг сүйтгэх хандлага нь Jean-Luc Godard-н бүтээлийн цуурайг агуулдаг бөгөөд Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 571-р байрт жагсаагаад буй энэхүү Вестерний үйл явдлыг товчхон хүргэе. 1899 он, Вайоминг муж, ухаалаг, яриасаг Cassidy бол зартай дээрмийн бүлэглэлийн толгойлогч бол түүний хамгийн сайн найз Sundance бол аюултай мэргэн буудагч юм. Тэднийг нуугдаж байхад бүлэглэлийг нь орлон удирдаж байсан нөхөр давраад шинэ толгойлогч болсон гэдгийг дуулаад манай хоёр учрыг олохоор явдаг. Хэн толгойлогч болохоо шийдэх хутгатай тулаан болж, Cassidy орлогчоо унагаж эрх мэдлээ сэргээнэ. Бүлэглэл Юнион Номхон Далай галт тэрэгний компанийг дээрэмдэхээр хөдөлдөг. Дээрэм амжилттай болно. Cassidy баяраа тэмдэглэхээр ойролцоох янхны газарт очих буюу тус хотод тэдний барьж авахаар хууль хүчнийхнээс бүрдсэн баг бүрэлдэн байв.

 Энэ хооронд Sundance өөрийн амраг, сургуулийн багш Etta дээр очно. Маргааш өглөө нь Cassidy тэр хоёртой нийлдэг. Дараагийн дээрмийн үеэр Cassidy сейфийг онгойлгохын тжлд арай их динамит ашигласнаар галт тэргийг бараг сөнөөж, мөнгө ч хаа сайгүй хийсгэж орхих агаад их дуу чимээнээр буутай цагдаа нар хүрэлцэн ирж тулаан болно. Cassidy, Sundance хоёр янхны газарт нуугдаж байгаад энэ удаа өөрсдийг нь алахаар эцсээ хүртэл шийдсэн сайтар бэлтгэгдсэн багтаа тулшарсанаа ойлгоод уул хадаар амь өрссөн аялал буюу зайлж зугтаж эхэлдэг. Дашрамд хэлэхэд Etta тэдэнтэй хамт явж байлаа. Cassidy дээрэмчдийн диваажин гэж төсөөлдөг Боливи руу явах ёстой гэж Sundance, Etta хоёрыг ятгаж дөнгөнө. Тэднийг Боливи-д очиход нөхцөл байдал Sundance-н хүлээлтэд хүрсэнгүй, гэвч Cassidy өөдрөг хэвээр үлдэнэ. Тэд Боливи-д банк дээрэмдэхээр шийднэ, гэтэл Испани хэл мэдэхгүй балрах дөхөх ч Etta тэдэнд Испани хэл заана. Хүүхний тусламжтайгаар тэд банкийг амжилттай дээрэмдэх бөгөөд диваажингийн өдрүүд удаан үргэлжилсэнгүй хуулийнхан мөр даган ирсэн байв. Cassidy энгийн амьдралыг санал болгосноор тэд уул уурхайн компанид хамгаалалтын ажилтнаар ордог. Гэвч тэд ажлынхаа анхны өдөр л нутгийн дээрэмчдийн отолтонд орж, ширүүн буудалцааны эцэст амь гарч чаддаг. Cassidy анх удаа хүн буудаж үзлээ гэж хэлдэг. Тэд эгэл жирийн амьдрал өөрсдөд тохирохгүй гэж үзээд цалингаа хулгайлаад зугтчихна. 

Харин Etta тэдний үхэхийг харж чадашгүй гээд Америк руугаа буцна. Эрчүүд жижигхэн тосгонд ирнэ. Тэднийг хооллож байхыг нэгэн жаал хараад цагдаад хэлчихнэ. Тэдний зураг газар сайгүй тараагдсан байв. Ингээд бараг Боливийн арми ирж манай хоёрыг бүсэлчихнэ. Cassidy Австрали явах санал найздаа тавьдаг. Киноны төгсгөлд дээрэмчдийг зогсоосон кадрын цаана буун дуу зогсоо зайгүй сонсдоно. Зохиолч William Goldman анх 1950-аад оны сүүлээр Butch Cassidy-н түүхтэй танилцаад кино зохиолоо бичиж эхлэхээсээ өмнө 8 жилийн завсарлагатайгаар судалгаа хийжээ. Тэрээр энэ түүхээ роман шиг болгох гэж судалгаа хийгээгүй учир зохиолоо оригинал кино зохиол болгон бичжээ. William Goldman: "Миний бичсэн үндсэн шалтгаан бол миний баатруудын нэг байсан зохиолч Scott Fitzgerald-н бичсэн "Америкийн амьдралд хоёр дахь үйлдэл гэж байдаггүй" гэсэн мөр байв. Би Cassidy, Longabaugh болон тэдний араас хөөж байсан хуулийнхны тухай уншаад энэ үнэхээр ер бусын материал болно гэж бодсон. Тэд Өмнөд Америк руу зугтаж, тэнд 8 жил амьдарсан нь миний сэтгэлийг хөдөлгөсөн; тэд хоёрдахь удаагаа үйлджээ. Тэд Өмнөд Америкт хуучны Баруунд байснаасаа илүү алдартай байсан. Энэ бол гайхалтай түүх. Тэр хоёр, тэгээд хөөрхөн бүсгүйн хамтаар Өмнөд Америк гэх мэт, энэ үнэхээр гайхалтай материал шиг санагдсан" гэжээ.

 Баатрууд нь Өмнөд Америк руу зугтааж байгаа нь продюсерүүдэд таалагдсангүй, учир нь тухайн цагт Вестерн жанрт баатар буюу гол дүр нь зугтах нь жирийн үзэгдэл бус байлаа. Goldman-н хэлснээр, түүнийг анх зохиолоо бичээд кино студиуд руу илгээхэд зөвхөн ганц л студид худалдаж авахыг хүссэн бөгөөд ингэхдээ гол дүрүүд Өмнөд Америк руу зугтаахгүй байх нөхцөл тавьсан байжээ. Goldman үүнийг нь эсэргүүцэхэд студийн захирал "Надад хамаагүй. Миний мэдэж байгаа ганц зүйл бол John Wayne зугтдаггүй юм" гэж хариулжээ. Goldman зохиолоо дахин бичихдээ студиуд болгонд таалагдахуйц болгохдоо маш бага өөрчлөлт оруулсан гэдэг. Sundance-н дүрийг Jack Lemmon-д санал болгосон, Jack Lemmon-н продакшны компани 1967 онд Paul Newman-тай хамтран "Cool Hand Luke" кино хийгээд амжилт олоод байв. Гэсэн ч Lemmon дүрээс татгалзсан ба морь унахаас, мөн Sundance маягийн дүрд өмнө нь олон тоглоод байсан болохоор дүрийг аваагүй байдаг. Sundance-н дүрд мөн Warren Beatty, Steve McQueen гэсэн шилдэгүүд татгалзсны дотор Warren Beatty "Bonnie and Clyde" кинотой төстэй байна гэсэн шалтгаанаар больжээ. McQueen, Newman хоёр кино зохиолыг бараг нэгэн зэрэг уншаад хоёулаа тоглохоор зөвшөөрсөн ч McQueen Newman-тэй санал зөрөлдсөнөөс болж нэрээ татжээ. 

Robert Redford зохиолыг уншаад энэ дүр авъяас чадварыг нь сорино гэж үзээд тоглохоор болжээ. Тэгвэл ганц эмэгтэй дүр Etta-д хамгийн тоглох магадлалтай байсан нь Jacqueline Bisset байжээ. Шүүмжлэгч Vincent Canby эл бүтээлийг "Энэ кино тухайн үеийнхээ аргаар бол үнэхээр хөгжилтэй" гээд киноны гол цөмд найруулагч Hill ба зохиолч Goldman хоёр чухам юу хийж буйгаа ойлгож байгаа гэсэн ухамсарт сэтгэл ханамгүй тийм хоосон зажлуур байдаг гээд "тун чиг гялгар кино" гэж бичжээ. Мөн тэрээр "Raindrops" дуутай үзэгдлүүдийг "уянгалагаар товчлох" гэсэн үзэгчдийг хуурах гэсэн оролдлого гээд "амжилтад хүрээгүй ч жүжигчдийн тоглолтод нь амжилтад хүрсэн кино" гэжээ дүгнэжээ. Time сэтгүүл киноны хоёр эрэгтэй одыг "кино шизофрени өвчтэй" гээд тэд нэг агшинд эршүүд, гээгдсэн уламжлалын үлдэгдэл байдаг бол нөгөө агшинд харилцаа, яриагаараа "Batman and Robin" шиг хошин байдаг гэж бичжээ.

 Ерөнхийдөө ихэнх шүүмжлэгчид киноны "Raindrops" дууг кинонд огт тохироогүй, харин ч киног абсурд хийгээд анахронист болгож байна гэж буруушаасан ч Burt Bacharach-н дуу тусдаа шилдэг хит дуу болсон байдаг. Roger Ebert энэ киноны эхлэл хийгээд гурван гол дүрийн жүжигчдийн тоглолтыг магтсан. Түүнийхээр киноны үйл явц хэтэрхий удаанаас гадна төгсгөл муу гэжээ. Хууль хүчнийхэн гол дүрүүдийн араас хөөх үеэс кино суларч эхлэх бөгөөд түүнийхээр энэ бүх шалтгаан Холливуудын хүссэн эвлүүлгээс үүдэлтэй гэж таажээ. Тиймээс кино ямар сайн эхэлснийг марттал хуулийнхан манай баатруудыг хөөдөг ажээ. Гэхдээ Paul Newman, Robert Redford хоёрын хоршил өнөөдөр кино урлагийн шилдэг хослолын тоонд орж, Burt Bacharach-н дуутай хөгжилтэй кино зохиолтой уг бүтээл 1960-аад оны сүүлээрх Америкийн кино урлагийг тодорхойлох мөчүүдийн нэг болж чаджээ. 

Comments