Dogtooth (2009). Грекийн алдар кино найруулагч Yorgos Lanthimos-ын абсурд, сэтгэлзүйн драм. Энэ бол Lanthimos-ын бүрэн хэмжээний 3 дахь кино байсан ба тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж, мөн Канны кино наадмаас Prix Un Certain Regard шагналыг хүртэж байсан. Зарим хүмүүст хэтэрхий таагүй сэтгэгдэл төрүүлж, утгагүй санагдаж болох ч оригинал шинжээрээ орчин үеийн чухал бүтээлд тооцогдох болсон ба ингээд киноны үйл явдлыг юун түрүүнд товчхон өгүүлсү.
Дунд насны эхнэр, нөхөр хоёр хашаалсан байшиндаа насанд хүрсэн хүү болон мөн насанд хүрсэн хоёр охины хамт амьдарна. Хүүхдүүд гадаад ертөнцийн талаар ямар ч ойлголтгүй; эцэг эх нь тэдэнд соёо нь унасан дараа л гадагшаа явахад бэлэн болно гэж хэлэх бөгөөд зөвхөн ганц нь л машинаар аюулгүй явах боломжтой гэнэ. Хүүхдүүд халуун усанд хуруугаа дүрэх зэрэг тэсвэр тэвчээрийн тоглоомоор зугаацдаг. Тэд хашааны гадна ах нь байдаг гэдэгт итгэж, ахдаа зориулж хашаа давуулан янз бүрийн юмс шиддэг. Эцэг эх нь тэдний сайн авирыг стикерээр шагнаж харин муу авирыг нь хүчирхийллээр шийтгэнэ. Аав нь ажлынхаа газрын Christina хэмээх хүүхэнд мөнгө төлөн гэртээ авчран хүүтэйгээ секс хийлгэнэ. Хүү нь Christina-д аман секс хийж өгөхөөс татгалзах ба Christina том охинд толгойн боолт өгөөд оронд аман секс хийлгүүлдэг бөгөөд том охин дүү охиноороо мөрийг нь долоовол толгойн боолтоо өгье гэнэ. Эгч дүү охид хожим энэ маягаар хэд хэдэн удаа биесээ долоодог. Аав нь нохой сургах газарт очиход нохой сургагч нохойны сургуулилт дуусаагүй гээд татгалзаад "Бид амьтантай биш найзтай болохыг хүсч байгаа биздээ?" гэж хэлдэг. Гэрийнхэн цэцэрлэгт золбин муур хүүхдүүдийг сандраахад хүү нь хайчаар муурийг хөнөөчихнө.
Аав нь энэ явдлыг далимдуулан хувцсаа үрж, хуурамч цус биедээ түрэхээд гадаад ертөнцөд байгаа ахыг нь хамгийн аюултай амьтан болох муур алчихлаа гэж хүүхдүүддээ хэлнэ. Аав муурнаас хамгаалахын тулд хүүхдүүддээ нохой шиг хуцахыг сургадаг. Christina дахиад том охиноор аман секс хийлгүүлэхээр үсний гель авчирсан ч том охин гелээс татгалзаж оронд нь цүнхэнд нь байгаа Холливуудын кинонуудын хуурцагийг шаарддаг ба том охин аман сексээр сольж авсан Холливуудын кинонуудаа нууцаар үзэж, дараа нь үзсэн киноныхоо хэсгийг, яриаг дуурайн бүтээж байгаад баригдчихна. Аав нь түүнийг шийтгээд зогсохгүй Christina-ын гэрт очоод хүүхдүүдэд нь муу нөлөө үзүүлсэн хэмээн хүүхнийг зодно. Christina дахиж ирэхгүй болсон болохоор эцэг эх нь ярилцаад хүүдээ дүү нарынхаа нэгийг сонгоод сексийн хамтрагчаа болго гэж хэлнэ. Хүү нүдээ аньж байгаад дүү нарынхаа биеийг илж байгаад том охин дүүгээ сонгох ба охинд сексийн үеэр тун эвгүй байдаг агаад сексийн дараа ахдаа Холливуудын киноны тухай ярьж өгнө. Эцэг эхийнх нь хуримын ойд зориулсан бүжиг болж, том охин "Flashdance" киноны бүжгийн хэсгийг дуурайж эцэг эхийнхээ сэтгэлийг түгшээж орхино. Тэр шөнө дөө, том охин жижигхэн гантилаар соёогоо цохиж унагаагаад аавынхаа машины багаажинд орж нуугдчихна. Маргааш аав машинтайгаа ажлынхаа газрын гадаа ирж зогсох ба машин олны анхаарал татахгүй зогссоор байдаг.
Уг кино нь Афинд төвтэй зар сурталчилгааны компани болох Boo Production-ийн анхны бүрэн хэмжээний кино байсан ба Грекийн кино төв төсвийн зарим мөнгийг, заримыг нь сайн дурынхны тусламжтайгаар босгожээ. Хүү болон Christina нарын дүрд тоглосон жүжигчид өмнө нь Lanthimos-той хамтран ажиллаж байсан театрын жүжигчид байжээ. Lanthimos жүжиглэх хийгээд дүрслэх хэв маягт нээлттэй ханддаг байсан учир нарийн ширийн зүйлсэд хэт их оролцвол кино нь хуурамч харагдах болно гэж үзжээ. Ердөө сургуулилт хийж эхлэхэд л тэрээр киноныхоо зураг авалтын хэв маягийн талаарх идеагаа гаргаж эхэлсэн гэдэг бөгөөд тэрээр бодитой орчинг "яг таг, хүйтэн, сюрреал харагдахуйц өгүүлэмжтэй хослуулан зураглахыг" оролдсон. 1970 онд Мексикийн кино найруулагч Arturo Ripstein "The Castle of Purity" гэдэг кино хийсэн нь "Соёо" кинотой тун төстэй сэдэв агуулгатай байдаг; Мексикийн кинонд нэгэн аав гэр бүлээ бусдаас тусгаарлах бол мөн л ах дүү хоёр хачин харилцаатай байдгаас гадна охин бүх хорио цээрийг эвдэж гаднах ертөнцтэй холбогддог аж. Мексик найруулагчийн хэлснээр, тэр киноныхоо санааг 1950-аад онд болсон бодит үйл явдлаас санаа авч бүтээсэн бөгөөд найруулагчийг хүүхэд байхад энэ хэрэг хүн болгоны ярьдаг сэдэв байсан тул санаанд нь гүн хадагдан үлдсэн аж. Сайхь бодит явдлаас сэдэвлэн роман, жүжиг хүртэл гарсан байдаг ажээ. Жүжгээс нь сэдэвлэсэн киног алдарт Luis Bunuel найруулахаар яригдаж байсан ч Bunuel татгалзаж, оронд нь өөрийнхөө "шавь" Ripstein-г санал болгосноор "The Castle of Purity" бүтжээ.
Эргээд "Dogtooth" кинондоо ороход, Грекийн шүүмжлэгч Dimitris Danikas уг киног харанхуй, сюрреал, хар дарсан зүүд гэж нэрлээд энэ бол Theodoros Angelopoulos-ын 1970 оны "Reconstitution" киноноос хойш Грекээс гарсан хамгийн чухал кино гэж магтжээ. Мөн тэрээр Lanthimos галзуу бүтээгч шиг сэтгэн нэг түвшингээс нөгөөд шилжиж, нарийн нягт хэв маягаа байнга, тасралтгүй хадгалдаг гээд цааш нь "Тиймээс энэ бол ярих чадвараа алдах; жигд шинж; хүлцэнгүй байх; хуваарилагдсан масс соёл; цуврал алуурчин; дуулгавартай байх хийгээд анархи байдлын тухай кино юм. Энэ бол Bunuel-ын сюрреализм, Haneke-ын мэс заслын хутга, цацраагүй триллерийн далд ертөнцийн аймшгийг агуулсан" гэжээ. Danikas энэхүү кино Оскарын наадамд нэр дэвшсэн явдлыг ойрын үед Грек улсад тохиосон хамгийн гайхамшигтай зүйл гэж дүгнэжээ. Энэ мэтчилэн Грекүүд энэхүү киногоо магтаж, Оскар шиг нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн явдлыг эгээ л манөйхан шиг баярлаж бахдан хүлээж авсны дотор нэгэн Грек сэтгүүлч тус явдлыг; нэгдүгээрт, Грекүүд бид зөвхөн кино урлагаар бус бүх зүйлээрээ гадагшаа гарах ёстой; гэхдээ гадагшаа гаргах бүтээгдэхүүн маань өөрийн үндэстний онцлогтой байх ёстой, Оскарт нэр дэвших нь хөрөнгө оруулалт буюу Грекийн кино урлагт томоохон хөгжил авчирна гэсэн утгатай нийтлэл бичиж байжээ. Барууны бусад кино шүүмжлэгчид уг бүтээлийг дэлхийн кино урлагийн тайзнаа гарч ирсэн зоригтой шинэ дуу хоолой, Lanthimos-г удахгүй Европын хамгийн зэвүүн хоёр кино найруулагчид болох Michael Haneke, Lars von Trier нартай ижил байр суурьтай болох найруулагч гэж магтсан байдаг. Шүүмжлэгч Alistair Harkness; "Lanthimos-ын энэ кино Trier-ынх шиг голдуу цочирдуулах аргаар бүтээгдээгүй шиг бас Haneke-ын кинонуудад давамгайлдаг ядаргаатай зөвлөсөн, шийтгэлийн уур амьсгал байдаггүй билээ".
Шүүмжлэгч Roger Ebert Грек найруулагчийн ажлыг "зураглал, жүжигчдийн тоглолтоо бүрэн хянаж чадсан" гээд зураглаачийн ажлыг нь ямар нэгэн буруутай гэр бүлийн цуврал гэрэл зургууд шиг гэсэн буй. Мөн киноны харилцан яриаг бүхэлдээ жуулчдад зориулсан номноос цээжилсэн өгүүлбэрүүдээс бүрдсэн мэт гэсэн буй. Харин шүүмжлэгч Mark Olsen: "Киноны хувьд энэ бол шижир бөгөөд оригинал боловч жинхэнэ төсөөлөмтгий гэж хэлж болохуйц тийм төгс бүтээгдээгүй" гэж бичжээ. Энэ кино гаж буруугийн сургалтын шалгалт шиг санагдаж магадгүй. Хөдөлгөөнгүй зураглал нь дүрүүдийн толгой, гар хөлийг богиноор тайрсан этгээд бас үзэсгэлэнтэй зохиомжтой ба сарнисан, бүдэгхэн гэрэлтүүлэг нь тогтвортой ч үргэлжийн ч бус. Киноны зураглалыг Alex Katz, Balthus зэрэг зураачдын бүтээлтэй харьцуулсан байдаг. Энэ киног оньсого, зүйрлэл, шинжлэх ухааны жанрыг агуулсан гэж үздэг. Орчин үеийн нийгмийн ёжлолт зүйрлэл юмуу улс төр, нийгмийн ямар ч бурангуйг энэ кино дээрээс харж болох ч хамгийн тохиромжтой нь энэ бол төгс гэр бүлийн тухай ёжлолт, David Lynch-ын хэлсэнчлэн хэтрүүлэгтэй комеди юмаа.
Comments
Post a Comment