Толин дотор

 


Through A Glass Darkly (1961). Шведийн аугаа кино урлаач Ingmar Bergman-ын зохиолыг нь бичиж найруулсан драм төрлийн кино. Гол дүрүүдэд: Harriet Andersson, Gunnar Bjornstrand, Max von Sydow, Lars Passgard зэрэг Шведийн шилдэг жүжигчид тоглосон. Энэхүү кинонд шизофрени өвчтэй залуухан хүүхэн нөхөр болон зохиолч аав, мөн сэтгэлээр унасан эрэгтэй дүү нарын хамтаар алслагдсан арал дээр амарч буй тухай өгүүлдэг. 

Bergman анхлан хувийн харилцаа, мэдрэмж дээрээс тулгуурлан гурван үзэгдэлт жүжгийн бүтэцтэйгээр зохиосон ба энэ бол нэрт зураглаач Sven Nykvist-ын (эл кинонд бас ажилласан) зөвлөснөөр Фаро арал дээр хийгдсэн Bergman-ын олон киноны анхных нь байсан юм. Киноны хөгжимд Johann Sebastián Bach-ын зохиолоос ашиглажээ. Кинонд Бурхны тэгш хайр, урлагийн дарамт, сэтгэцийн эмгэг хийгээд бэлгийн харьцаа гэх мэт сэдвүүдийг судлан үздэг. Уг киноны дараа Bergman-ын бүтээсэн "Winter Light" болон "The Silence" кинонууд сэдвийн хувьд уг кинотой холбогддог учир дээрх бүтээлүүдийг нийтэд "Silence of God" трилоги гэж судлаачид үздэг бол найруулагч маань өөрөө хожим трилоги гэдгээс татгалзсан байдаг. Уг кино Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртэж, өмнөх 1961 онд нь "The Virgin Spring" киногоороо мөн тус шагналыг хүртчихсэн байсан Bergman тийнхүү хоёр жил дараалан Алтан Баримлын эзэн болсон. Найруулагч Bergman эцэг эхтэйгээ уулзаж, тэдэнтэйгээ эвлэрэхээр төлөвлөж байсан хувийн туршлага дээрээ үндэслэн кино хийх санаатай байгаагаа тэмдэглэлийн дэвтэртээ бичсэнийхээ дараахан Стокгольмын архипелаг дахь Торо арал дээр байхдаа кино зохиолоо бичжээ. Тэрээр зохиолоо нэг зүйлийг өөр өөр өнцгөөс харуулсан "толин тусгал" шиг байхуйц гурван үзэгдэлт жүжиг лугаа төсөөлж бичжээ.

 Ингэснээр Библийн 1 коринт 13ийн ишлэл кино гарчиг болсон. Bergman залуудаа хамт амьдарч байсан эмэгтэйгээс Karin-ын дүрийг санаа авч бүтээсэн бөгөөд тэр эмэгтэй юу хийхийг нь үл таних дуу хоолой өөрт нь хэлдэг хэмээн Bergman-д хэлж байсан гэх. David амиа хорлохоор завдсан тухайгаа ярьдаг сцэн бол үнэндээ Bergman Швейцарт байхдаа амиа хорлохоор завдсан бодит явдлаас үүдэлтэй аж. Энэ явдал "Smiles of a Summer Night in" киногоо хийхээс өмнөхөн болсон ба Bergman энэ талаараа: "Би энэ киногоо бэлдэж байхдаа үнэхээр алслан одож буй өөр нэг хүнийг хүрээлсэн хүнлэг драм бүтээхээр сонирхож эхэлсэн" гэсэн буй. Тэрээр мөн кино зохиолоо: "Бурхан бол хайр, хайр бол Бурхан гэсэн энгийн философийг харуулахыг хичээнгүйлсэн оролдлого" гэсэн байдаг. Bergman хожим энэхүү санаанд нь үнэн дутагдаж буйд харамсдаг гэж хэлсэн байдаг: төгсгөлийн өөдрөг хэсэг нь эцсээ хүртэл чөлөөтэй хадагдсан учраас дараа нь үүнийгээ үзэхээр "хямрах сэтгэл" төрүүлдэг хэмээжээ. Bergman: "Би бодитой тэнгэрлэг концептийг хөндөж байсан боловч дараа нь хайрын өнгөлгөөгөөр бүхэлд нь будчихсан". Уг кино дээрээ ажиллаж байхдаа тэрээр театрт Антон Чеховын "Цахлай" жүжгийг найруулан тавьж байсан ба "Цахлай" жүжгээс Minus-ын дүрийн санааг авчээ. Bergman энэ киногоо тухайн цагт эхнэр нь байсан Kabi Laretei-д зориулсан; "түвэгтэй, үе шаттай харилцаа" хэмээн өөрсдийнхөө харилцааг найруулагч маань дүрсэлсэн байдаг. 

Уг киног Шведийн нэрт зохиолч August Strindberg-ын бүтээлийн хэв маягийн "танхимын жүжиг" шиг байх ёстой гэж хатуу бодож байсныхаа дагуу Bergman жүжигчдийн бүрэлдэхүүнээ "чавхдаст дөрвөл" гэжээ. Bergman кино зохиолоо Harriet Andersson руу явуулсан ч жүжигчин бүсгүй надад дэндүү хэцүү байх болно гэж татгалзаад "надад ийм новш битгий өг!" гэж уурлаж байв. Гэвч эцэстээ тэрээр зөвшөөрсөн бөгөөд дүрдээ бэлтгэж, эмч нартай холбогдон шизофрени өвчний тухай лавлан асууж байсан гэдэг. Тэгвэл Lars Passgard тухай үед шинэ жүжигчин байлаа. Кино нээлтээ хийсний дараа, Шведэд минималист кино зохиолыг болоод Harriet Andersson-ын тоглолтыг алга ташин угтжээ. Variety сэтгүүл тааламжтай биш ч шилдэг кино гэсэн бол Time сэтгүүл Bergman-ын шилдэг бүтээлийн нэгээс гадна түүний хамгийн боловсронгуй киноны нэг мөн гэж магтсан байна. Шүүмжлэгч Bosley Crowther: "нягт бүтэцтэй, туйлын бодитой" гээд "Harriet бүсгүйг галзууруулж буй сэтгэл, мэдрэмжийн шаналлыг гайхамшигтай гаргаж чадсан" гэж өндрөөр үнэлсэн. Шүүмжлэгч Brendan Gill Harriet-ын тоглолтыг "бараг төгс" гэжээ. Тэгвэл Tom Milne "Түгшүүр, өөрийгөө тамлах концептийг үл харгалзан энэ кино нь халуун дулаан, өндөр хяналттай ба Harriet-ын тоглолт бишрэм" гэж бичжээ. 1996 онд Movieline сэтгүүлээс гаргасан гадаад хэл дээрх шилдэг 100 кино жагсаалтад уг кино багтсан байдаг. Уг киног "гэр бүлийн драм" гэж анализ хийх нь элбэг байдаг ба энэ гэр бүлийн "ухамсарыг" Minus гэж тодорхойлдог. 

Гэр бүлийн гишүүдийн хоорондын хурцадмал харилцааг оройн хоолны үеэр харуулдаг, David-ын хүүхдүүд түүнийг гэр бүлдээ ирээд удаагүй буцаад явах санаатай байгааг нь мэдээд сэтгэлээр унаснаар гэр бүлийн баярт сүүдэр тусч байна. Minus "Би аавтайгаа ганцхан удаа ярилцдаг ч болоосой" гэж хүслээ илэрхийлдэг. Minus-ын жүжиг бас зөрчилдөөнийг илчилдэг; гэгээн Терезагийн сүмд үйл явдал дотор үйл явдал өрнөдөг бөгөөд гэгээн Тереза нь "дотоод цайз" буюу сэтгэлийн симбол болдог аж. "Готик утгагүй зүйл" шиг харагддаг ч Minus аавынхаа аугаа зохиолч болох авъяасгүй, үргэлж бүтэлгүйтдэг гэсэн санааг илтгэхийн сацуу Minus ч аав шигээ хайр дурлалд бүтэлгүй нэгэн байдаг билээ. Энд цохон тэмдэглэхэд David охинтойгоо хамт байхаас зайлсхийхийн тулд ном зохиол гэж явдаг билээ. Жүжгийн өмнө David-ын нүдийг боож байгаа нь түүний нүд бодит байдалд нээгдэж байгаа бололтой. David Karin-ын нөхцөл байдлыг зохиолынхоо эх сурвалж болгохоор зэхэж байгаа нь зальтай, чалчаа, зүрх сэтгэлгүй зохиолчийн хөрөг гэлтэй. Төгсгөлд David хайр бол Бурхан гэсэн бодлоо хүүдээ хэлдэг, гэтэл Minus аавтайгаа онол ярих бус аав хүүгийн хувиар чин сэтгэлээсээ ярилцаж, хайрыг хуваалцахыг хүссэн нь төгсгөлийн "ааваа надтай ярилцаач" гэдэг хэсгээс харж болно. Karin нөхөртэйгөө харьцахад бүсгүйн бэлгийн хүсэл "хоосон" мэт харагддаг ч үнэндээ түүний бэлгийн хүсэл сэтгэлзүйд нь "амьд" хэвээрээ байдаг. 

Karin дүүтэйгээ харилцахдаа илэрхий "сээтэгнэх" хандлагатай байдаг ба Karin-ын сексийн хүсэл хийгээд Minus-ын бэлгийн амьдралын гутралын талаарх мэдлэг нь түүнийг дүүтэйгээ секс хийхэд хүргэдэг ба "хоёр ертөнцөд" амьдарч чадахгүй гэдгээ ухаарсан Karin дүүтэйгээ секс хийхэд хүрсэн бололтой. Bergman Фаро арал дээр "Persona", "Hour of the Wolf", "Shame", "The Passion of Anna" зэрэг кинонууд хийж байснаас үүдэн "Арлын кино" гэсэн нэршил бий болсон буюу арал нь түүний кинонуудад симбол үүрэгтэй байдаг. Bergman кино урлагийн хамгийн чухал субъект бол хүний нүүр царай гэдэгт итгэдэг байсан юм. Тэр зүгээр нэг ойрын кадр бус сэтгэлийн толь бүхий ширүүн харсан, нүүр царайг судлах нь кино урлагийн ид шид гэж боддог байсан бололтой. Нүүр царай нь түүний бүхий л кинонуудад онц байр суурь эзэлдэг ч "Silence of God" трилогид жинхэнэ охь шимээ өгдөг. Уламжлалт киноны хэлээр ойрын кадр нь дүрмийн нэг хэсэг буюу энэ нь төгсгөх, хариу үйлдлийг харуулах, сэтгэл хөдлөлийг онцлоход хэрэглэгддэг; энэ нь сцэнийг цомхотгох хэмнэлтэй нийцдэг. Гэвч Bergman дээрх трилогидоо, ер нь ч олон кинондоо ойрын кадрыг тэгж ашигладаггүй. Түүний дүрүүд голдуу ганцаараа юмуу хоёулаа байдаг; тэд тодорхой нэг зүйлийг онцгойлон хардаггүй; эсхүл тэд өөрсдийнхөө дотоод сэтгэлийг харсан байж болох юм. Bergman хоёр-кадр гэсэн аргачлалыг байнга ашигладаг ба чухам үүнд л түүний хүч чадал оршдог гэмээр.

 Тэрээр дэлгэцнээ хоёр нүүр царайг бие биетэй нь тун ойрхон зэрэгцүүлэн байршуулдаг боловч дүрүүд нь биес өөдөө огт хардаггүй. Тэд дэлгэцийн гадуурх тодорхойгүй цэгт төвлөрч, тус бүр өөр зүгт хардаг агаад тэд дэндүү ойрхон ч үнэндээ маш тусгаарлагдсан мэт санагддаг. Энэ бол түүний кино урлагийн үндсэн итгэл үнэмшлийг илтгэгч арга буюу бид бие биедээ хүрэхийг хичээдэг хэдий ч ихэнхдээ өөрсдийнхөө үүрэгт баригддаг билээ. Энэ трилогидоо Bergman өөрийн авъяаслаг хамтрагч, зураглаач Sven Nykvist-тэй хамтран ажилласан ба Nykvist-ын энгийн гэрэлтүүлэг дүрүүддээ амь өгч чаддаг билээ. Bergman-ын кинонд, хэрвээ та түүний хоёр-кадрын аль нэгийг зогсоогоод харвал Nykvist нүүр царай болгоныг тусад нь гэрэлтүүлэхдээ өөр өөр талаас болохыг нь ажиглана; тэрээр гэрэл ашиглан нүүр царайнуудын хооронд татсан бараан зураас шиг сүүдрийн бүслүүр бий болгодог. 

Comments