Хомер "Одиссей"

 


"Одиссей". Хомерын бичсэн (холбоотой) эртний Грекийн хоёр том туулийн нэг. Энэ бол орчин үе гэлтгүй бүх үеийн уншигчдын өргөнөөр шимтэн уншдаг уран зохиолын хамгийн эртний бүтээлийн нэг бөгөөд "Илиада"-ын адилаар 24 дууллаас бүрдсэн туульсын найраглал юм. Энэ туульд Итакагийн Хаан Грекийн баатар Одиссей Тройн дайны дараа гэртээ харих замд тохиолдсон адал явдлын тухай өгүүлдэг. Арван жил үргэлжилсэн дайны дараа Африк, өмнөд Европоор дамжин Итака нутаг орондоо очих замдаа Одиссей дахин арван жилийг зарцуулах ба энэ хугацаанд баг хамт олноос нь зөндөө үрэгдэж, олон гашуун зовлон туулдаг.

 Түүний эзгүйд, Хаан Одиссей нас барсан гэж таамаглаж, хүү Телемах болон эхнэр Пенелопа-г бэлэвсэрсэн гэж үзсэн сүйч залуучууд дээрэлхэн зовоож, журамт эхнэр, жудагтай хүү хоёр тэдэнтэй тэмцэх шаардлагатай болдог билээ. "Одиссей" МЭӨ 8-7-р зууны орчим Хомер Грект зохиосон гэж үздэг бөгөөд МЭӨ 6-р зууны дунд үеэс Грекийн уран зохиолын нэг хэсэг болжээ. Эрт дээр үед, туульсын найраглалыг Хомерынх гэдэгт хэн ч эргэлздэггүй байсан бол орчин үеийн эрдэмтэн судлаачид "Одиссей" ба "Илиада" туулийг тусдаа зохиогдож, өнө эртнээс улбаатай аман зохиолын нэг хэсэг гэж үзэх болсон. Тухайн үед бичиг үсэгт тайлагдсан хүн бараг байгаагүй тул туулийг дуучид юмуу тууль хайлагчид олонд хүргэдэг байсан гэдэг. Туулийн голлох сэдэв бол гэртээ харих, тэнүүчлэх, сорилт болоод дохио тэмдэгүүд юм. 

Эртний уран зохиолд байгаагүйгээр эл бүтээлд эмэгтэйчүүд ба боолуудын тухай тусгайлан авч үзсэн нь одоо ч судлаачдын анхаарлыг татсаар байна. Тройн дайны үеийн Хаадууд, цэргүүдийн үйл явдалд төвлөрсөн "Илиада"-аас ялгаатай нь энэ бүтээлд эмэгтэйчүүд, боолуудыг онцолсон нь яг эсрэгээрээ юм. "Одиссей"-г Барууны уран зохиолын ертөнцийн тулгын чулууны нэг гэж үздэг бөгөөд англи хэл дээрх анхны орчуулга 16-р зуунд гарч байжээ. 2018 онд. BBC дэлхийн өнцөг булан бүр дэх судлаачдын дунд явуулсан санал асуулгаар уг бүтээл уран зохиол дахь хамгийн удаан тогтвортой байгаа зохиолоор шалгарсан аж. 

ҮНДСЭН САНАА. "Илиада" хүч чадлын тухай өгүүлдэг бол "Одиссей" овжин ухааны тухай ба энэхүү ялгаа нь туулиудын эхний мөрнөөс л харагддаг. "Илиада"-д Грекийн хамгийн хүчирхэг баатар Ахилл-ын уур хилэнгийн тухай өгүүлдэг, харин "Одиссей"-д овжин, сүйхээтэй эрийн тухай өгүүлдэг. Одиссей ер бусын хүч чадалтай гэдгээ 21-р дуулалд нум татаж чаддаг цорын ганц хүн гэдгээрээ харуулдаг ба гэвч тэрээр булчин шөрмөсөөсөө илүүтэй оюун ухаандаа найддаг болох нь түүнтэй учрах учралуудаас харагддаг. Жишээлбэл тэр Пллтфем-ийг дийлэхгүйгээ мэддэг бөгөөд дийлж чадлаа ч хаалганы бул чулууг хөдөлгөж гэдгээ мөн мэддэг. Тиймээс тэрээр Полифем-ийг тэнэг байдлыг ашиглан хүч чадлынхаа дутууг нөхөж байна. Хэдийгээр тэр Полифем-ийн ганц нүдийг сохлохын тулд хүчирхийлэл үйлддэг ч энэ хүчирхийлэл бол аварга том харгис хүчийг хууран мэхлэх том төлөвлөгөөтэй нэг хэсэг л юм. Үүнтэй ижлээр Одиссей ордондоо залуу сүйчидтэй үзэлцэхэд тохиромжгүй гэдгийг мэддэг болохоор өөр хүч чадал болох оюун ухаанаа ашигладаг. Алхам алхмаар өнгөлөн далдлалт, овжин залиар тэрээр сүйчдийг зэвсэггүй, харин өөрөө ганцаараа зэвсэгтэй үлдэх нөхцлийг зохицуулж чаддаг. Энэхүү бүтцээр Ахилл-ын дайчин ур чадвар нь Одиссей шиг амжилттай байж болохуйц ч зөвхөн Одиссей-н стратегийн төлөвлөлт л ийм баталгаатай ялалтыг авчирч чадна. 

Одиссей-н урт удаан үргэлжилсэн хэрэн тэнүүчлэлийн зарим сорилт нь зөвхөн хүч чадалд найдах нь дутуу дулимаг зүйл шүү хэмээн шоолох аятай байдаг; жишээлбэл Сиренуудын дууг хэн ч эсэргүүцэж чадахгүй, харин Одиссей-н багийнхан түүнийг онгоцноос хүлснээр тэр сайхан аялгууг сонсдог билээ. Скилла, Харибда нарыг ялах боломжгүй ч Одиссей ухаалаг шийдвэр гаргаж, болгоомжтой жолоодлогын ачаар хохирол багатай гардаг. Одиссей газар доорх ертөнцөд Ахилл-тай уулздаг; Ахилл амьд байхдаа клео буюу алдар гавьяаг хүртсэн боловч амьдрал нь богинохон бас харгислалаар төгссөн байдаг. Харин Одиссей оюун ухааныхаа ачаар өтөл насыг зооглож, амар амгалан үхэх тавилантай билээ. Маш олон Ахейчуудыг гэр орондоо буцаж ирээд сэтгэлээр унагасан анхны үйл явдал бол тэдний өөрсдийнх нь ажил байдаг; Аякс ("Бага" Аякс, Одиссей-н Үхэгсдийн оронд уулздаг "Аварга" Аякс-тай андуурч болохгүй) Грекчүүд сүйрсэн хотыг тонож байхад Тройн удган Кассандра-г сүмд хүчинддэг. Энэхүү хүсэл, шударга бус явдал, тэнэглэл нь Ахейн флот дээр Афина-ийн уур хилэнг авчраад зогсохгүй Одиссей-н гэртээ харихыг хар дарсан зүүд болгон хувиргасан үйл явдлуудын гинжин хэлхээг үүтгэдэг. 

"Одиссей" туулийн үйл явдал ийм явдлаас үүдэлтэй байдаг нь зохимжтой юм, учир нь Одиссей болон түүний ард түмэнд тулгардаг олон саад бэрхшээл бол мөнх бусын сул дорой байх, үүнийгээ хянах чадваргүй байхаас бий болсон саад тодотгорууд юм. Толгойгоо хүсэлдээ мэдүүлэх, хайхрамжгүй байдалд захирагдах нь Бурхдыг хилэгнүүлэх юмуу Одиссей болоод түүний багийнхныг аяллаас нь сатаарцулдаг; тэд өлсөж, нарны Бурхны мал сүргийг нядлан идэж, бадамлянхуа цэцгийн үр жимсийг идээд гэр орноо мартдаг билээ. Одиссей-н алдар нэрийн төлөөх тэмүүлэл нь хүртэл нэг төрлийн хүсэлдээ хөтлөгдсөн явдал юм. Тэрээр Полифем-д нэрээ илчилснээр Посейдон-ны уур хилэнг өөртөө хийгээд нөхдөдөө дууддаг бол Сиренуудын хувьд энэ сэдэв ердөө л сонирхолтой учраас дахин гарч ирдэг. Хөлгийн багийн гишүүд чихээ бөглөөд Сиренуудын арлын дэргэдүүр аюулгүй хөвж явахад Сирений сайхан дууг сонсохыг хүссэн Одиссей нөхдөдөө зөвхөн өөрийг нь онгоцны шургаас хүл гэсэн ухаалаг тушаал өгснөөр тэнэг учрах гайгаас аврагддаг. Хомер гол баатрыгаа энэ мэт хорхой хүргэсэн хүслээсээ болж тарчилж байгааг туйлын уран дүрсэлдэг; ерөнхийдөө, Одиссей болон түүний нөхөд ностос буюу гэртээ харихыг туйлаас хүсдэг хэдий ч энэ хүсэл нь ертөнцийн санал болгож буй бусад төрлийн таашаалтай үргэлж зөрчилддөг. 

Туулийн эхэнд Зевс шударга ёсыг юу гэж үздэг талаараа тайлбарладаг. Бурхад зовлонг шударгаар оноодог гэж тэр хэлдэг ч зарим мөнх бус заяатнууд өөрсдийн ухаалаг бус үйлдэл юмуу ёс бус үйлдлээсээ болж илүү их зовж шаналдаг. Зарим тохиолдолд туулийн дүрүүд өөрсдийнхөө үйлдлээс болж зовж байгааг харуулдаг билээ. Полифем Одиссей-н нөхдүүдийг алсан болохоор сохордог байхад Одиссей-н зарим нөхөд нарны Бурхны мал сүрэгт халдаж болохгүй гэсэн тушаалыг үл тоомсорлосноос болж үхдэг. Найраглалын хамгийн драматик хэсэг бол Одиссей-г доромжилж, эд хөрөнгийг нь идэж завшсаныхаа улмаас алагддаг сүйчдийн үхэл бөгөөд гэвч сүйчдийг хөнөөсөн явдал нь шударга байсан эсэх маргаантай байдаг. Одиссей сүйчдийн нэг Амфином-ыг гэмгүй гэж үздэг бөгөөд Одиссей бүр өөрийгөө эрсдэлд оруулан байж түүнд амь насанд нь аюул ирж буйг анхааруулдаг боловч Амфином бусдынхаа хамтаар үхдэг. Бусад тохиолдолд, "Одиссей"-д Бурхад өөрсдийн хувийн бардам зангаа шударга ёсны өмнө тавьж байгааг хоёрдмол утгагүйгээр харуулдаг. "Одиссей" бүтээл нь танихгүй хүмүүст болон аялагчдад эелдэг, зочломтгой хандах ёстой гэсэн ёс суртахууны хуулийг тун чухалчлан авч үздэг ба найраглалын туршид Зевс энэ хуулийг зөрчсөн хэнийг ч болов шийтгэдэг. Посейдон Феакчууд Одиссей-д зочломтгой хандаж өөрийг нь доромжиллоо хэмээн Зевс-д гомдоллож, улмаар Зевс туйлын элгэмсэг сайхь ард түмнийг хамгаалах юу ч хийдэггүй. 

Феакчууд зочин болох Одиссей-д орогнуулаад зогсохгүй түүнд алт эрдэнэс өгч, Итака руу нь шууд явуулдаг ба Феакчууд зочломтгой улс болохоос Посейдон-ныг үгүйсгэх санаатай биш юм. Тэд үүргээ гүйцэтгэж, зочиндоо тусаслснаар Посейдон-ныг басамжилж байгаагаа хэрхэн мэдэх билээ. Гэсэн хэдий ч Зевс Феакчуудыг дахин аялагчдад туслахгүй болгох үүднээс Посейдон-ны төлөвлөгөөг дэмжиж байна; Зевс өөрийн дүү Бурхандаа шударга ёсыг харуулах гэж гэмгүй Феакчуудад шударга ёсыг үгүйсгэж байна. "Одиссей"-д баатар дайчин дайнаас гэртээ, гэр бүлдээ эсэн мэнд эргэж очих бол хамгийн том ялалт гэсэн санааг агуулдаг агаад Одиссей-н сорилт хоёр эхнэртэй байх, амьдрах хоёр өөр газрыг санал болгодог. Калипсо-ийн нөхөр болвол тэрээр бурхан шиг тансаг сайхнаар үүрд амьдрах боломжтой бол Навсикая-ийн нөхөр болвол хамгийн баян, амар амгалан улсын ханхүү болох боломжтой байсан ч Одиссей эргэлзээгүйгээр дээрх саналуудаас татгалздаг. Тэр эхнэр Пенелопа болон төрсөн эх орон Итака хоёроо илүүд үздэг; тэд сайн байх албагүй, тэд зүгээр л түүнийх юм. Ностос буюу гэртээ харих санаа нь туулийн хувьд будилаантай зүйл биш юм. Агамемнон гэртээ буцаж очиход эхнэр нь түүнийг алдаг, харин Менелэй, Элена үүрд мөнх үргэлжлэх жаргалгүй гэрлэлттэй. 

Одиссей-н гэрт хүртэл асуудал байдаг ба Одиссей буцаж очоод хэн гэдгээ илчилсэн ч Телемах хүү нь ээж Пенелопа-тай хатуу ширүүн харьцаж, ээжийгээ шүүмжилдэг. Ностос нь дайчин гэртээ буцаж ирэхэд орон гэр нь өөрчлөгдөөгүй хэвэндээ байхад л боломжтой зүйл юм. Тиймээс туульд орон гэрийг үнэ цэнэтэй болгодог зүйл бол жаргал биш тогтвортой, тасралтгүй үргэлжлэх явдал байдаг. Одиссей өөрсдийнхөө гэрлэлтийн орыг дүрсэлж чадсанаар Одиссей, Пенелопа хоёр дахин нийлдэг бөгөөд Итака нутгийн хөрснөөс үндэстэй гэдгээрээ хөдлөшгүй гэсэн утгатай юм. Нестор Агамемнон-ыг эхнэр нь хөнөөсөн ч өшөө авах хүүтэй тул азтай гэж үздэг; нэг үгээр Агаменон-ны гэр бүл, алдар нэр үргэлжилсээр байх нь чухал. Одиссей эцэг Лаэрт-д эргэж ирснээ хэлэх хүртэл түүний ностос бүрэн дүүрэн бус ба Лаэрт хүүгээ таниад үндэс угсаа нь үргэлжлэх болсонд туйлгүй баярладаг билээ. 

МОТИФ. "Одиссей" хүүрнэл нь үйл явдлыг уншигчдад хүргэхээс гадна туулийг зохих соёлын хүрээнд байрлуулдаг. "Одиссей" өмнө тууль "Илиада"-г сайтар "мэдэрдэг"; Одиссей Трой руу яваагүй бол түүний хэрэн тэнүүчлэл хэзээ ч болохгүй байсан агаад "Илиада"-д олон баатрууд гэртээ харихыг мэддэггүй бол "Одиссей"-д гэртээ харих нь эсрэгээрээ юм. Хомер "Одиссей"-ийн үйл явдлыг дүрүүдийнх нь өгүүлсэн түүхүүдээр дамжуулан үргэлж сэргээдэг. Менелэй, Нестор хоёр хоёулаа Тройгоос хэрэн тэнүүчилсэн тухайгаа Телемах-д өгүүлдэг. Мөн Элена Тройн дайны үеэр Одиссей-н овжин ухааны тухай зарим явган яриаг нэмж өгүүлдэг. Газар доорх ертөнцөд Агаменон өөрийг нь алсан тухай өгүүлдэг бол Аякс-ын сүнс Одиссей-тэй маргалдаж байснаа дурсан ярьдаг. Гэвч эдгээр түүхүүд нь зөвхөн тод хувийн түүхийг өгдөггүй; ихэнх нь Грекийн домог зүй дэх бусад  домгийг сэргээж, уншигчдад туульсын баялаг домог зүйг сануулж, улмаар "Одиссей"-г мандуулдаг. Эмэгтэйчүүд нь "Одиссей"-д тун чухал байр суурьтай ба тэдний гүйцэтгэдэг хамгийн чухал үүрэг бол толгой эргүүлэх явдал юм. 

Цирцея, Калипсо нар бол хайр сэтгэл нь Одиссей-н буцаж очихд саад болж буй эмэгтэйчүүдийн хамгийн тод жишээнүүд бөгөөд Хомер эрчүүдийг төөрөгдүүлдэг өөр олон эмэгтэйчүүдийг дүрсэлдэг. Сиренчууд Одиссей-г сайхан дуугаараа татдаг бол Пенелопа хүртэл сүйчдийг үл тоомсорлож байгаа ч заримдаа тэднийг удирдаад байх шиг байдаг. Пенелопа өдөр нэхсэн нөмрөгөө шөнө буцааж хөвж эмэгтэйлэг овжин ухаан гаргадаг ч өөрт нь хамгийн сайхан бэлэг өгсөн эртэй гэрлэнэ гэж зарлаад сүйчдээс бэлэг сэлт авдаг. Эдгээр эмэгтэйчүүд тачаангуй дур булаам шинжээсээ болж тодорхой хэмжээний хүчтэй байдаг ч эцэст нь тэд бүгд Бурхдын хүсэлд захирагдаж, хайрыг хүлээхээс өөр аргагүй болдог. 

СИМБОЛ. Хэдийгээр зочдод зориулж элбэг тансаг найр хийх нь зочломтгой байдлын нийтлэг хэсэг боловч өлсөх, хоол хүнс хэрэглэх нь "Одиссей"-д голдуу сөрөг нөлөөтэй байдаг. Энэ нь Одиссей Циклоп-ын агуйд хоноглох, түүний нөхөд нарны Бурхны мал сүргийг нядлаж, бадамлянхуа цэцгийн жимс идэх зэргээр дэг журамгүй байх, хүсэлдээ захирагдахыг илэрхийлдэг. Мөн түүнчлэн сүйчид цаг үргэлж хооллож байдаг билээ. Телемах, Пенелопа хоёр урилгагүй зочдынхоо талаар гомдоллох бүрт сүйчид тэдний мал сүргээс нядлан идэж байгааг дүрсэлдэг. Оройн хоолны үеэр Одиссей сүйчдийг алдаг ба Хомер тэдний хооллож байхдаа хядуулж байгааг гайхамшигтайгаар дүрсэлдэг. Бараг ихэнх тохиолдолд, "Одиссей" туулийн мангасуудын аймшигтай байдал нь тэдний хооллох арга барилтай ижилхэн байдаг. 

Скилла Одиссей-н зургаан хүний толгойг залгидаг бол Циклоп хүн иддэг бөгөөд согтохоороо дарс болоод хүний биеийн холимог бүхий бөөлжсөөр бөөлждөг. Лаестригончууд сайн хүмүүс шиг санагддаг ч мөн л хүний махан идэштэнгүүд байдаг. Энэ тохиолдолд, хэт их идэх бол өөрийгөө хянах чадваргүйгээс гадна хүнлэг ёс, соёл иргэншил бүрэн байхгүйг илтгэнэ. 23-р дуулал дахь хуримын орны талаарх бол Пенелопа, Одиссей хоёрын гэрлэлтийн тогтвортой байдлын симбол болой. Зөвхөн ганцхан шивэгчин л сайхь орыг харж байсан ба хорин жилийн өмнө Одиссей Трой руу явснаас хойш жаргалтай хосуудын анхны шөнөө янаглан өнгөрүүлсэн газар нь энэ л ор юм. Пенелопа нөхрөө туршихдаа ашигладаг заль нь тэдний ор дэрний хөдлөшгүй байдлын ойр орчимд л өрнөдөг нь тэдний хайрын бат суурийг илэрхийлсэн зүйрлэлт симбол юм. 



Comments