Хомер "Илиада"

 


"Илиада". Хомерын бичсэн (холбоотой) эртний Грекийн хоёр том туулийн нэг юм. Энэ бол орчин үеийн уншигчдын өргөнөөр уншсаар буй уран зохиолын хамгийн эртний бүтээлүүдийн нэг. "Одиссей" нь адилаар уг туульсын найраглал 24 дууллаас бүрдэж, хамгийн түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн хувилбар нь 15,693 бадгийг агуулдаг. Микений Грекийн улсууд эвсэн Трой хотыг арван жил бүсэлсэн Тройн дайны төгсгөлийн сүүлчийн долоо хоногийн үйл явдлыг уг туульсын найраглалд дүрсэлдэг. 

Тодруулбал, Агаменон хаан болон алдарт баатар Ахилл хоёрын ширүүн маргааныг дүрсэлдэг бөгөөд энэ бол туулийн циклийн төв хэсэг юм. "Илиада"-г Европын уран зохиолын анхны томоохон бүтээл гэж үздэг. "Илиада" болон "Одиссей" туулиуд нь Ионы Грекийн хийгээд бусад аялгат хэллэгүүдийн уран зохиолын холимог болж Хомерын Грек хэл дээр бичигдсэн байх магадлалтай ба магадгүй МЭӨ 8-р зууны сүүл эсхүл 7-р зууны эхэнд бичигдсэн гэж үздэг. Уг найраглалыг мэргэжлийн туульчид уншдаг байжээ. Найраглалын үндсэн сэдэв нь клео буюу алдар нэр, бардамнал, хувь тавилан болон уур хилэн юм. Эмгэнэлт явдал, ноцтой сэдвээрээ алдарт ч найраглал маань хошин хийгээд хөгтэй өнгө аясыг бас агуулдаг билээ. 

"Илиада"-г ихэвчлэн "Одиссей"-тэй харьцуулахдаа эршүүд зан, баатарлаг үйлсийг илүүтэй үзүүлсэн гэж тайлбарладаг. Энэ нь эртний дайны эд хэрэгсэл, байлдааны тактикийн нарийвчилсан тайлбар, мөн цөөн тооны эмэгтэй дүрийг агуулдагаараа онцлог. Мөн Олимпийн Бурхад ч найраглалд гол үүрэг гүйцэтгэж, дайны талбарт хайртай баатартаа тусалж, хувийн маргаанаа дайны нэг хэсэг болгодог. Найраглал дахь Бурхдын дүр төрх эртний Грекийн уншигчдад хүн шиг байхаар зориулагдсан бололтой агаад тухайн үеийн соёл шашны уламжлалыг тодорхой харуулдаг. Хэв маягийн хэлбэрийн хувьд уг туулийн давтамж, зүйрлэл, өгүүлбэрийг судлаачид одоо ч судалсаар байна. 

ҮНДСЭН САНАА. "Илиада" бол дайныг алдаршуулж буй бүтээл гэж маргаж болно. Тулааны талбар дахь ур чадвар, эр зориг зэргээс шалтгаалан дүрүүдийг зөвтгөж харах юмуу буруушаан жигшин үзэж болно. Жишээлбэл, Парис тулалдах дургүй байгаа тул хайрт амрагаасаа  болоод гэр бүлийннхнээсээ зэмлэл хүртдэг. Гэтэл Ахилл орон гэртээ амар тайван, асуудалгүй амьдрах сонголтоос илэрхий татгалзсанаар мөнхийн алдар нэрийг олж авдаг. Зохиол өөрөө дүрүүдийг шүүх энэ аргыг дэмжиж, Бурхад хүртэл өргөжүүлэх хандлагатай байдаг. Уг туульд Афина гэх мэт дайчин Бурхдыг уншигчдад бахдан бишрэх сэтгэгдэл төрүүлж, харин түрэмгийллээс зугтдаг Бурхдыг шоолох буюу Афродита, Артемида хоёрын аймхайг байдлыг хошин байдлаар дүрсэлдэг. Тулалдах нь нэр төр, үнэнч шударга байдлаа нотолно гэсэн үг, харин дайн тулаанаас зайлсхийх нь үл тоомсорлох, айх, залхуурхах гэсэн үг болж байна. Мэдээжээр, "Илиада" нь дайны бодит байдлыг үл тоомсорлодогггүй. Эрчүүд аймшигтайгаар үхэж, эмэгтэйчүүд боол, татвар эм болж, аав ээжүүд нулимсандаа живж; Ахейчуудын хуаранд тахал дэгдэж, цэрэг арми мөхөж байна. Эдгээр аймшгит явдлын өмнө хүчирхэг баатрууд ч хааяа дагжин чичирдэг бөгөөд хоёр талын арми ийм дайн эхэлсэнд харамсаж буйг найраглалд тодорхой дурддаг. 

Ахилл эрэлхэг зоригтон ч, энгүй хулчгар ч цөм ижилхэн эцэстээ үхэлтэй нүүр тулна гэж онцолдог ч найраглал уншигчдад удаан үргэлжилсэн дайны зөв зүйтэй эсэхэд эргэлзэх тухай огт асуулт тавьдаггүй. Хомер хэзээ ч дайн нь цаг хугацаа хийгээд хүмүүний амьдралыг дэмийг үрсэн зүйл гэж хэлдэггүй; оронд нь тэрээр хоёр талын үндэслэлтэйгээр шалтаг шалтгааныг тайлбарлаж, дайныг маргааныг шийдвэрлэхэд хүндтэй, бүр сүр жавхлантай арга гэж дүрсэлдэг. "Илиада"-ийн дайны алдар суутай нягт холбогдох сэдэв бол цэргийн алдар суу гэр бүлээс давж гарах явдал юм. Уг зохиолд, Хомер гэр бүлүүдийг хооронд нь холбогч харилцан хүндэтгэл, үүрэг хариуцлагын харилцааг илэрхий хүлээн зөвшөөрдөг ч их үйлс бүтээж бусдын нүдэн дээр "алдар гавьяа" байгуулах буюу клеогийн эрэл хайгуулыг илүүтэй хүндэтгэн авч үздэг. Хомер өөрийн дүрүүддээ хайртай хүмүүс болон клеогийн эрэл хайгуулын аль нэгийг нь сонгохыг үргэлж албаддаг ба хамгийн баатарлаг дүрүүд нь үргэлж клеог сонгодог. Андромах Хектороос хүүгээ битгий өнчрүүлээч хэмээн гуйсан ч Хектор тэргүүн эгнээнд тулалдах нь миний үүрэг хэмээн татгалздаг билээ. Гэтэл, Парис дайнд тулалдахын оронд Элена-тэй цагийг хамт өнгөрүүлэхийг сонгодог; тиймээс зохиолд болон бусад дүрүүд Парис-тай тохуурхан харьцдаг. Ахилл өтөлсөн эцэгтэйгээ амар амгалан амьдрахын тулд гэртээ буцах тухай мэтгэлцдэг боловч тэрээр Хектор-ыг хөнөөж, Патрокл-ын өшөөг аваад алдар нэрээ мандуулах гэж Тройд үлддэг. 

Хектор, Ахилл хоёрын гаргасан шийдвэрийн чухал байдлаас аль аль нь хувь тавилангаа эртнээс мэддэг гэдгийг онцолсон аж. Дүрүүд нь нэр төр, эр зориг, суу алдар зэрэг дайн тулааны үнэт зүйлсийг өндрөөр үнэлдэг учир хайртай хүмүүстэйгээ удаан амьдрах боломжоо золиослоход хүрдэг. Хэдийгээр "Илиада" нь тун удаан үргэлжилсэн дайны богинохон үеийг өгүүлдэг ч дайнд оролцсон хүн тус бүрийн хүлээж буй тодорхой төгсгөлийг сайтар ухамсарласан байдаг. Хектор-ын 6-р дуулалд эхнэртээ хэлсэнчлэн Трой хот унах тавилантай аж. Уг туульд Приам хааны бүх хүүхэд үхнэ гэж мэдэгддэг; Хектор найраглал дуусахаас өмнө үхдэг билээ. Ахилл "Илиада"-ийн хуудсанд ороогүй ч төгсгөлтэйгөө эрт тулгарах болно. Хомер энэхүү үйл явдлыг, ялангуяа туулийн төгсгөлд байнга дурдаж, хамгийн аугаа баатар эр ч үхлээс зугтааж чадахгүй гэдгийг тодорхой харуулжээ. Чухамдаа бол тэрээр хамгийн аугаа нь буюу хамгийн өндөр дээд, хамгаас эрэлхэг нь бусдаас хурдан үхэлд бууж өгч магадгүй гэдгийг онцолсон аж. Үүний нэгэн адилаар "Илиада"-д мөнх бус хүмүүний бүтээсэн зүйл өөрөө мөнх бус шинж чанартай байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд уншигчдадаа ахин дахин сануулдаг. 

Хүмүүсийн алдар суу нь тэдний бүтээсэн барилгууд, байгууламжууд болон хотод оршдоггүй. Калхаас-ын зөгнөл, Хектор-ын Андромах-д хэлдэг уян зөөлөн үгс, мөн Бурхдын маргаан зэрэг нь Тройн өндөр хэрэм нурна гэдгийг уншигчдад тувт сануулдаг. Гэхдээ Грекийн бэхлэлт удаан үргэлжилдэггүй. Грекчүүд туулийн дөнгөж эхний хагаст л бэхлэлт босгосон ч Аполлон, Посейдон хоёр бэхлэлтийг устгахаа аль эрт төлөвлөсөн байдаг. Тиймээс уг найраглал нь хүн төрөлхтөн хийгээд тэдний ертөнцийн зуурдын мөн чанарыг тэмдэглээд мөнх бус хүмүүс оногдсон амьдралаа нэр төртэй өнгөрүүлэх ёстой агаад ингэснээрээ тэд сайнаар дуурсагдах ажээ. Учир нь, мөнх бус хүмүүсийн бие махбодь ба материаллаг бүтээлүүд цаг хугацааны орчилд тэсч үлдэж чадахгүй ч тэдний үг, үйлс үлдэх боломжтой аж. Хомерын уг тууль өнөөдөр бидэнд уншигдсаар байгаа нь энэ санааг батлах мэт. 

МОТИФ. Тулаан, дайны тууль зэвсэг агссан хүмүүсийг дүрсэлсэн байх нь мэдээжийн ч "Илиада" дахь хуяг дуулга нь зөвхөн цэргүүдийн биеийг хамгаалж халхлах зүйл биш гэж харуулдаг. Чухамдаа, Хомер ихэвчлэн баатрын хуяг дуулга бол өмссөн хүнээсээ тусдаа, өөрийн гэсэн ауратай гэж дүрсэлдэг; туулийн илүү уярам хэсэгт, Хектор хүүгээ айлгахгүйн тулд адууны дэлээр хийсэн малгай дуулгаа тайлдаг. Патрокл Тройчуудыг айлгаж, хөлөг онгоцноос холдон зайлуулахын тулд Ахилл-ын хуяг дуулгыг өмссөн ч Аполлон, Хектор хоёр зүс хувиргалтыг дорхноо олж хардаг билээ. Дараа нь Патрокл-ын бие унахад, цогцсын төлөө хоёр тал тулалдахад хуяг дуулга нэг тийш, бие цогцос нөгөө тийш салан оддог ба Хектор, Ахилл хоёр тулахад Хектор хуяг дуулгыг нь өмссөн ч хуяг дуулга хуучин эзнийхээ талд орж, түүнээс урвчихдаг. Ахилл түүний эмзэг газрыг мэдсэнээр Хектор-ыг илдээрээ сүлбэхэд хялбархан болдог. Туулийн энэ мөчид Ахилл нь Бурхан Гефест-ийн урласан шинэ хуяг дуулгатай болсон байдаг ба энэ шинэ хуяг нь бас өөрийн гэсэн амьдралтай мэт санагддаг. Ахилл-ын мөнх бус бие шархдаж болох ч, түүнчлэн энэ найраглалд Ахилл-ын үхлийн тухай олонтаа сануулдаг ч Хомер Бурхны урласан хуяг дуулга нь ямар ч дайралт довтолгоонд тэсвэртэй гэж дүрсэлдэг. Тулааны туульд оршуулгын сэдэв бол чухал үүрэгтэй ч "Илиада" дээрх нэлээд сунжирдаг.

 Хектор-ын оршуулгад Ахилл-ын хилэн аядан хайлж байгааг илтгэдэг тул онцгойлон анхаардаг. Хүчирхэг Тройн баатар маань өөрийнх цогцсын төлөөх гайхам тэмцлийн адил гайхам сүрлэг оршуулгыг хүртдэг. Хомер бүтээлээ тэр чигт нь шахуу баатруудын хүндэтгэл зориулсан оршуулгын ёслол болон баатарлаг тэмцэлд зориулдаг учир Патрокл-ын оршуулгад тууль ихэхээн анхаардаг билээ. Мөн найраглалын 7-р дуулалд, хоёр арми нэр нь тодорхойгүй талийгчдадаа зохиулсан өргөн хэмжээтэй оршуулах ёслол хийдэг гэх мэтээр оршуулах ёслолыг чухалчлан авч үздэг. "Илиада"-ын оршуулгад анхаарч байгаа явдал бол эртний Грекийн соёлыг бүхэлд нь тусгаж байгаа ба энэ бол зөв зохистой оршуулбал сүнс нь амар амгаланг олдог гэсэн эртний Грекийн санаа юм. Мөн түүнчлэн энэ нь "Илиада"-ын харгислал, хувь тавилангийн өршөөлгүй шинж, хүмүүний амьдралын мөнх бус гэсэн сэдвүүдийг онцолсны тусгал юм.

 СИМБОЛ. Ахейчуудын хөлөг онгоцууд нь Грекийн үндэстний ирээдүйг бэлгэддэг. Тэд ялсан ч бай, ялагдсан ч бай, армийг эх оронд хүргэх цорын ганц зүйл бол онгоц билээ. Ахейн арми дайнд ялагдсан ч хөлөг онгоц амьд үлдэгсэдийг буцааж хүргэнэ; хөлөг онгоц сүйрнэ гэдэг бол сүүлчийн цэрэг үхэх юмуу шууд цөллөгдөнө гэсэн үг бөгөөд Хомер зарим эрчүүд дайнаас зугтаан Гректээ үлдэж, зарим нь буюу, жишээлбэл Пелей тулалдахад хэтэрхий хөгшин байсан гэж өгүүлдэг. Гэхдээ, Хомерын анхны уншигчдын хувьд Трой дахь Ахайн дайчид Грек үндэстний нэг хэсгээс илүүтэй аймаг, ардууд байсан ба Хомерын үеийнхэн уг туульд гарах баатруудыг эрт цагт Грекийн хот, суурингуудыг захирч байсан жинхэнэ Хаад, түүхэн хүмүүс гэдэгт итгэдэг байжээ. Эртний уншигчид тэднийг Грекийн үүсэл хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж итгэдэг байсан аж. Тиймээс, баатрууд, үлгэр дуурайлал болсон удирдагчдыг олноор нь устгавал соёл иргэншлийг устгахтай ижил явдал юм. "Илиада" бол тун товчилсон хүүрнэлтэй тууль юм. 

Хэдийгээр уг тууль хүмүүний мэдрэмж, сэтгэлийн олон сэдвийг авч үздэг ч арван жил үргэлжилсэн дайныг хэдхэн хоногт л багтаагаад дүрсэлчихдэг. Бамбай нь энэхүү домоглог тулааны зөвхөн өчүүхэн хэсгийг харуулж, нэг хүний, ганцхан хуяг дуулга боловч бүхэл бүтэн дайны талаарх төлөвийг өгдөг. Бамбай энх цагийн амьдралыг дүрсэлсэн харуулсан нь дайны талбараас гадна ертөнцөд гэж байдгийг бэлгэддэг бөгөөд дайн бол оршихуйн ердөө нэг л тал ажээ. Бамбай бидэнд, найр наадам, бүжиг дуу, зах хоршоо, тариа, ургац буюу амьдрал бүхэлдээ олон зүйлсээс бүтдэг болохыг сануулдаг. Хүн төрөлхтөн гэдэг дандаа дайчид юмуу баатрууд байдаггүй, гар урчууд, тариаланчид, уран бүтээлчдээс бүрдэх бөгөөд Бамбайд бүжиглэж буй хүүхдүүд нь дүрсэлсэн нь хүн төрөлхтөн зөвхөн дайтдаггүй бас тоглож нааддаг шүү гэжээ. Сонирхолтой нь, Хомер туулийнхаа ихэнх хугацаанд дайн ба дайчдын амьдралыг алдаршуулсан боловч дайчдын өдөр тутмын амьдралыг бамбай дээр дүрсэлсэнээр эгэл амьдралыг дайчин амьдралтай эн тэнцүү үзсэн байж магадгүй. 

Comments