Блогийнхоо "Кино сэтгүүл" буланд юм бичээгүй багагүй уджээ. Үнэндээ юу бичихээ мэдэхгүй байсан хэрэг. Тэгтэл саяхан зурагтаар "Бөгжний Эзэн" кино гарч байхыг хараад "ерөөсөө хамгийн шилдэг трилогиудыг бичдэг хэрэг!" хэмээн санав шүү. Тэгээд хөөрхөн судаллаа, ер нь амжилттай трилоги тийм ч их биш, би өөрөө ч олныг үзээгүй аж. Тэглээ гээд яахав, үзсэн хийгээд олонд танигдсан трилогиудыг нь "түүгээд" энэ бичвэрээ танд хүргэж байгаа нь энэ. Энд хоёр зүйлийг онцломоор байна; нэгдүгээрт, сонгон авсан трилогиуд маань аль болох өргөн хүрээг хамраасаа гэсэндээ энтертаймент, олон түмэнд алдаршсанаас арт кино хүртэлх болсон бол хоёрдугаарт, зарим нь албан ёсны трилоги гэгддэггүй ч шүүмжлэгч, судлаачдын "дүгнэсний" дагуу трилоги гэж зөвшөөрөгддөг учраас сонгосон болно. Трилоги гэдэг гурамсан бүтээлийг хэлэх бөгөөд зарим тохиолдолд амжилт үзүүлсэн трилоги нь цааш үргэлжлэн франчайз болсон жишээ олон байдаг. Ингээд бүгдээрээ кино урлагийн шилдэг гурамсан бүтээлүүдтэй танилцая. Жич: эрэмбэлээгүй болно.
Hannibal Lecter трилоги. Жүжигчин Anthony Hopkins "The Silence of the Lambs" кинонд үзүүлсэн тоглолтоороо шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн нь Оскарын түүхэн дэх хамгийн богино хугацаанд дэлгэцнээ гараад Алтан баримлын эзэн болсон тохиолдол болсон ба тэр ердөө 16 минут дэлгэцнээ гардаг ч киногоо бүрэн ноёрхож чаддаг. Студи хамгийн шилдэг хорон санаатнаар ахин дахин ашиг олох гэж хэд хэдэн анги хийж Anthony Hopkins тоглосон ч эхний анги дээрх шигээ байж чадаагүй нь адил түүнийг гүйцэх Lecter гараагүй билээ.
Silence of God трилоги буюу Ingmar Bergman-ын трилоги. Домогт найруулагч маань үүнийгээ трилоги гэж нэрлэхээс хожим татгалзсан байдаг. Ямартай ч энэ гурамсан кино бол түүнийг хангалттай илэрхийлж чадна. 1960-аад оны эхээр бүтээгдсэн эл трилогид галзуурал, эрүүл ухаан, шашны итгэл үнэмшлийг судалдаг; "Through A Glass Darkly"-д алслагдсан арал дээрх нэгэн гэр бүлийн галзуурлын тухай өгүүлдэг. "Winter Light"-д итгэл үнэмшил нь сүйрч буй пасторын тухай гардаг ба энэ магадгүй Bergman-ын хамгийн "гашуун" кино болов уу. "The Silence"-д одойчууд, лесбичууд, бэлгэдэлт чанар гээд артхаус "хайрцагаар" дүүрэн бөгөөд тухайн үедээ багагүй шуугиан тарьсан кино юм. Эл трилоги жихүүцэм бүтэц, минимал диалоги, алдарт Sven Nykvist-ын зураглалаараа гайхагддаг.
Alien / Aliens / Alien3. Албан ёсоор трилоги биш, "Alien" франчайзын эхний гурван анги өөр хоорондоо ялгаатай өнгө аястай байдаг нь үнэн. Гэхдээ л судлаачид эхний гурван ангийг нь трилоги гэж үзэх дуртай байдаг учраас энд орууллаа. Ridley Scott-ын эх хувилбар нь илүүтэй сансрын хөлөг онгоцны "тухай" кино нь клаустрофоби, сэтгэлзүйн хоррор шинжээрээ үндсэндээ сансарт байгаа сүнстэй байшин шиг л санагддаг. James Cameron-ын хоёрдугаар анги илүү тулаант, адал явдалт өнгө аястай болж; сайтар бэлтгэгдсэн цэргүүд өөрсдөөсөө хавь илүү дайсантай тулалдах тухай өгүүлэх мэт. David Fincher гуравдугаар ангийн найруулсан ч эвлүүлэгт оролцоогүй учир үр дүнд сэтгэл дундуур байсан. Түүний киноны бүтэц Ridley-ынхээс эрс өөр байсан ба шоронд өрнөж буй үйл явдал Харийнханд бүслэгдсэн мэт уур амьсгал төрүүлдэг.
Three Colours трилоги. Krzysztof Kieslowski-ын Францын улсын төрийн далбаанаас үндэслэсэн уг трилоги бол оюуны сорилт болсон, сэтгэлийн хөдлөлийн хувьд дүүрэн, кино хэлний зүгээс ч амбицтай билээ. Трилогийн шилдэг нь "Blue" ба гол дүрийн Juliette Binoche гашуудсан эхнэрийн тоглож, зовлонгоос өөрийгөө чөлөөлөх гэж оролддог. "White"-д харгис эхнэр Julie Delpy-гээ эргэн нийлэхээр тэмцэж буй нөхрийн түүхийн адал явдлыг хошноор харуулдаг. "Red"-д модел Irene Jacob болон тэтгэвэрт гарсан шүүгч хоёрын сэтгэл хөдөлгөм нөхөрлөлийг харуулсан ба "Red" ноцтой шинжээрээ "Blue"-тэй төстэй. Эл трилогид тоглосон гурван гол дүрийн эмэгтэй жүжигчдийн тоглолт А үнэлгээ авахаас гадна кинонуудын найруулга, камерийн ажил, өнгөний тавилт зэрэг өөгүй болно.
The Evil Dead трилоги. Гурамсан бүтээлийн эхний анги нь бараг л оргүй хоосноос бүтсэн гэж болно. Продакшны ажил кинонд гардаг шигээ аймшигтай байсан ч энэ нь хоррор ертөнцөд цоо шинэ салхи авчирсан. Хүмүүс анх үзээд "чацга" алдаж, улам цус нөж хүссэн. Найруулагч Sam Raimi зургаан жилийн дараа илүү сайтар бэлтгэлтэйгээр хоёрдугаар ангийг хийсэн нь хамгийн алдартай зомбитой киноны нэг болсон. Гуравдугаар ангийн үйл явдлыг дундад зуунд өрнөж байгаагаар хийсэн нь мөн амжилт олоод зогсохгүй үлгэр жишээ болохуйц гурамсан бүтээлийн төгсгөл болсон.
The Matrix трилоги. Анхны "Matrix" кино "Star Wars" шиг кино урлагийг ганц шөнийн дотор өөрчилсөн юм. Keanu Reeves хүн төрөлхтнийг машинаас аврахаар зорьсон явдал цаашаа үй түмэн дуураймал болон пароди бий болгосон ч аль нь ч оригиналаа гүйцээгүй. Үргэлжлэл ангиуд философийн сэдвийг гүнзгийрүүлсэн ба хоёрдугаар ангийн хурдны зам дээрх хөөцөлдөөн хийгээд гуравдугаар ангийн Сион руу хийх дайралт одоо ч кино урлагт дахь алмайрам тулаант хэсгүүд хэвээрээ байна. Үлэмж цар хүрээтэй трилоги.
The Dollars трилоги. Энэхүү трилогийн бүх ангид тоглосон Clint Eastwood дүр болгон дээрээ нэг хувцастай, ижил зан араншинтай байдаг ч Sergio Leone найруулагч трилогио хэзээ ч нэгдмэл байдлаар төсөөлж байгаагүй байдаг. Гэхдээ трилогийн кинонууд кино урлагт урт удаан хугацаанд нөлөөлж ирсэн учраас трилоги нэршлийг хүртэх нь зөв хэрэг юм. Энэ трилоги бидэнд Спагетти Вестерн жанрыг, Clint Eastwood-ыг А зэрэглэлийн жүжигчин болохыг харуулсанаас гадна хамгийн чухал нь Ennio Morricone-ын өөгүй хөгжмийг өгсөн. John Wayne бидэнд ёс суртахуунлаг Вестерн ертөнцийн өгснийг Leone ойрын кадр, тайз засал болоод Eastwood-ын бүдүүлэг хандлагаар эргүүлэн өөрчилж, буудалцаантай киноны шинэ үеийн эхлүүлсэн.
The Godfather трилоги. Mario Puzo-ын эпик зохиолыг Francis Ford Coppola мөн л эпик байдлаар дэлгэцнээ хөрвүүлсэн нь найруулагч, сэдэв хоёрын төгс зохицол болсон юм. Итали-Америкийн нүсэр гэр бүлээс гаралтай найруулагч маань гэр бүл, цагаачлал, Америк мөрөөдлийн тухай номын сэдвийг гүнзгий ойлгоход түвэггүй байсан тул энэ бүхнийг "буцалгахын" тулд гэмт хэрэг, аллагыг нэмэхэд л хангалттай байлаа. Хоёрдугаар анги нь өнгөрсөн ба одоог чадварлагаар зэрэгцүүлэн харуулж, трилогийн ертөнцийг илүү дэлгэрүүлэн тодотгодог. Гуравдугаар анги олон сул талтай Michael Corleone хийсэн сонголтынхоо үр дүнтэй нүүр тулж, дараагийн үеэ хараад үхэж буй нь трилогийг амжилттай дуусгаж байна.
Үхлийн трилоги (Trilogies of the Dead). Найруулагч George A. Romero анхны киногоороо дэлхийд "тахал" дэгдээсэн юм. Түүний бага төсөвтэй ч эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн "Night of the Living Dead" хоррор гарахаас өмнө буюу 1968 онд майнстримийн хүрээнд зомбитой кино гэж мэддэггүй байлаа. Үргэлжлэл ангиуд нь бидний дуртай зомбитой кино жанрын соёлыг бий болгосон. Энэ эрхэм бидэнд зомби гэдэг ойлголтыг өгсөн гэж хэлж болно. Romero-ын гурамсан хоррор бүгд сайн үнэлгээ аваагүй ч үзсэн хүний тархинд нэвчиж үлдэх нь гарцаагүй.
The Mad Max трилоги. Анхны анги Австралийн кино урлагийг чадамж, бололцоог харуулсан учраас "Razorback", "Long Weekend" зэрэг амжилттай кинонуудыг дагуулсан. Үргэлжлэл нь үйл явдал, тулааныг улам хурц тод болгосон бол гуравдугаар анги эхний хоёроосоо илүү зангарагтай хөдөлсөн нь домогт дуучин Tina Turner тоглосноос харж болно. Энэ трилоги Mel Gibson-г А зэрэглэлийнх болгосон. Нихилист хэрнээ үзэмжтэй трилоги.
The Infernal Affairs трилоги. Бараг төгс үйл явдалтай буюу зохиолтой трилоги. Цагдаа нар мафийн дунд тагнуулч оруулна, тэгсэн мафи бас яг адилхан хөдөлсөн байна, ингээд аль аль нь тагнуулчийг илчлэх гэж оролдоно. Мафийн тагнуул, цагдаагийн тагнуул хоёрыг адил хэмжээнд үзүүлсэнээрээ энэ трилоги онцгой гойд шинжтэй бөгөөд бид сайн муу гэхгүй хоёр дүрийн нөхцөл байдлыг ойроос мэдэрдэг. Үргэлжлэлүүд нь сэдэв, агуулга, үйл явдлаа өргөжүүлж, дүүргэх боловч эхний ангийнх шиг торгон, чамин бүтцээ гээсээр байдаг нь үнэн.
The Vengeance трилоги. Хоолоор бол энэ трилоги хүйтэн, царцсан хоол юм. Park Chan-Wook-ын эхний кинонд өшөө авалт бол хамаатсан бүхэндээ хортой хоол болохыг харуулдаг бол хоёрдугаарх нь өшөө авалт нарийн бас удаан хугацаанд төлөвлөсөн ч эхний ангиас ялгаагүй үр дүн адилхан бүгдэд хортой гэж үзүүлдэг. Гуравдугаар ангид, амар сайхандаа жаргаж байгаа мэт боловч энэ хүртэл хичнээн их цус урссаныг хараад тавгүйрэх мэдрэмжийг өгч, насаараа шаналахыг харуулдаг. Яаж ч харж, ойлгосон эл цуст, триллер трилоги бол Солонгосын кино урлаг яг одоо дэлхийд гангарч байгаагийн илрэл бас эхлэл.
Toy Story трилоги. Анхны хүүхэлдэйн киног хамгийн анхны компьютерээр хийсэн хүүхэлдэйн кино гэж хүлээж байсан болохоор хүлээлт асар өндөр байсан. Энэ бүтээл мөхөж буй хүүхэлдэйн киноны ертөнцийг аварснаас гадна өгүүлэмж нь хүлээлтээс давж, дэлхийг байлдан дагуулсан. Итгэмээргүй нь үргэлжлэл нь анхны ангийнхаа стандартад хүрээд шүүмжлэгчид эх хувилбараа "сайжруулсан" гэж магтсан. Гуравдугаар анги нь асуудал дагуулж, хойшлогдож байгаад гарсан ч бас л үнэмлэхүй амжилт олсон. Намайг энэ бичвэртээ заавал нэг хүүхэлдэйн кино орууллаа гэж бодож магадгүй, үнэндээ бол тийм санаа байсан ч трилогиуд дотроо "Toy Story" аваргуудын нэг юм билээ.
Оригинал Star Wars трилоги. George Lucas-ын энэхүү гурамсан бүтээлийн нээлтийн сансрын опера кино урлагийн газрын зургийг өөрчилж, бүтэн нэг үеийг "тэжээж", ямар ч үргэлжлэл киноны хувьд хүрэхээргүй стандарт тогтоосон гэдэг. Ангиас анги хүртэл өсөн нэмэгдэх, улам сонирхолтой болох уг трилогийг би сансрын тулаан, хөнөөлт бамбарууш, гэрэлт сэлэм зэргээр л гадарлахаас үнэндээ сайн мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Багадаа ганц хоёр ангийг нь үзэж байснаас "ухаан" суугаад огт үзээгүй цөөхөн киноны нэг. Гэхдээ энэ бичвэрт заавал орох ёстой учир орууллаа. "Star Wars" киноны тухай надаас илүү уншигчид маань яриарай.
The Dark Knight трилоги. Энэ трилоги одоо ч Бэтмэнийг хамгийн сайн дэлгэцнээ буулгасан бүтээл хэвээрээ байгаа санагддаг. Christopher Nolan-ын Бэтмэний трилоги супер баатартай кино баргар, гутранги байж болно гэдгээрээ уг жанрыг дахин тодорхойлоод зогсохгүй цаашдын бүтээлүүдэд стандарт тогтоосон. Уг трилогиос хойш супер баатартай кинонууд Nolan-ын жишгийг дагах болсон ба энэ трилоги бол комик номыг амжилттай болгосон хамгийн сонгодог жишээнээс гадна бүх цагийн үеийн хамгийн шилдэг киноны тоонд ордог билээ. Heath Ledger-ын Joker миний хувьд одоо ч шилдэг нь юм.
The Before трилоги. Найруулагч Richard Linklater-ын уг гурамсан бүтээлд Jesse, Celine хоёр эхний ангид танилцаад, дурлалцаад салах бол хоёрдугаар ангид тэд дахин уулзаад, мөн дахиад дурлалцдаг; тэгвэл гуравдугаар ангид тэд маргалддаг. Гурамсан бүтээл ес, есөн жилийн зайтайгаар гарсан нь реализм болон натурализмын мэдрэмж өгдөг учир энэ бичвэрийн хамгийн дурсамжтай нь энэ кино болов уу. Энэ трилогийн сүр хүч нь төгс харилцан яриа, гол дүрийн хоёрын ойлголцол, харилцан уусалт юм.
Back to the Future трилоги. Энэ бол амьдрахаас залхсан хүний кино гээд наргиачихвал яадаг бол?. Robert Zemeckis-ын найруулж, Steven Spielberg-ын продюсерлэж, жүжигчин Michael J. Fox-ын замналын оргил ажил болсон уг кино лав л миний дуртай кино байснаас гадна олон Америкчуудын шүтээн болсон кино юм. Хоёрдугаар анги илүү парадокс маягтай бол гуравдугаар анги нь Вестерн жанрынх байдаг нь нүдээ олсон мэт санагддаг. Хэзээ ч уйдамгүй трилоги.
The Lord of the Rings трилоги. Зарим хүмүүс Peter Jackson-ын уг трилогийг "Star Wars" трилогиос илүүд үзэж санал өгсөн байдаг. Лав л миний өчүүхэн судалгаанд эл трилоги үргэлж дээгүүр байр эзэлж байсан. Мөн ер нь трилоги гэдгийг "Бөгжний Эзэн" бүтээлээс мэдсэн юмуу ойлгодог болсон хүмүүс багагүй болов уу. Энэ бол бурангуй бүхний төлөө хамтдаа тэмцэж, тууштай нягтарч чадваас чадахгүй, бүтэхгүй зүйл үгүй гэсэн тухай кино юм. Киноны үүсгэсэн ертөнц хийгээд Шинэ Зеландад авсан зураг гайхалтай агаад үзэхэд үнэхээр нүүр өөдөө үлээх шиг тийм бодит санагдана.
Comments
Post a Comment