Дурсамж үүнийг бүтээсэн

 


Veronika Voss (1982). Германы зартай кино найруулагч Rainer Werner Fassbinder-ын найруулсан драм ба кино тухайн үеийн Баруун Германд бүтээгдсэн. Гол дүрүүдэд: Rosel Zech, Hilmar Thate, Cornelia Froboess нар тоглосон. Энэхүү кино нь 32 дахь удаагийн Берлинд кино наадмаас Алтан Баавгай шагнал хүртэж байсан ба уг бүтээл Fassbinder-ын BRD трилогийн хоёр дахь кино боловч цаг хугацааны хувьд трилогийн хамгийн сүүлд хийгдсэн нь юм. Мөн уг кино бол найруулагчийн замналынх нь сүүлээсээ хоёрдахь (сүүлийнх нь Querelle) бүтээлээс гадна Fassbinder-ын амьдад нээлтээ хийсэн эцсийн кино билээ.

 Амьдрахын төлөө тэмцэж, өнгөрсөн үеийн алдар нэрэндээ автсан, мартагдсан бүх од байсан эмэгтэй жүжигчдийн талаарх энэхүү драмыг дэлхийн 2-р дайны үеийн Германы UFA кино студийн од байсан Sybille Schmitz гэгчийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд мөн Америкийн кино найруулагч Billy Wilder-ын "Sunset Boulevard" шедеврээс ихээхэн нөлөө авсан нь тодорхой харагддаг. Энэ бол 1950-аад оны мелодрамын дүрд хувирсан ёс суртахууны егөөдөлт кино ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 758-р байрт эрэмбэлээд байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Нэгэн цагт гуравдугаар Рейхийн удирдагчдад хайрлагдан, заримынх нь өврийг дулаацуулж явсан Veronika одоо буюу 1955 онд, Мюнхенд барагалж сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон мартагдаж буй од юм. Veronika спортын сэтгүүлч Robert гэгчтэй танилцана; сэтгүүлч өөрийг нь хэн гэдгийг мэдэхгүй байгаа нь Veronika-д сэтгэгдэл төрүүлнэ. Тэд хамт хоолонд орох ба энэ үеэр үнэт эдлэлийн дэлгүүрт хоёр хөгшин эмэгтэй Veronika-г хараад таньж, гарын үсгийг нь аваад дэлхийн 2-р дайнаар нас барсан нөхрийнх нь тухай ярьдаг. Robert, Veronika хоёр янаглалын жаргал эдлэх бөгөөд Robert найз хүүхэнтэй ч Veronika-ын дур татам байдлыг эсэргүүцэж үл чадна. 

Нэг шөнө Veronika Robert-ын гэрт ирээд хамт явж хотоос гадна байх байшинд нь хамт хоноё гэхэд Henrietta буюу сэтгүүлчийн найз хүүхэн идэвхгүй байдал гарган зөвшөөрч найз залуугаа түүнтэй хамт явуулчихна. Тэр шөнийн уулзалтын үеэр Robert Veronika-г солиотой, төөрөлдсөн байдалтайгаар сэрэхийг нь хараад гүнээ цочирдоно. Veronika өөрийнх нь дүрийг залуу охидод өгч буйг ил далд байдлаар харж, мэдрэх тусам зан авир нь тогтворгүйтэж, аажимдаа цөхөрсөн гутранги болж ирнэ. Нөгөө талд Robert түүний амьдралаас сэдэвлэн алдартай байж байгаад хэн ч биш болсон одын тухай түүх бичихээр шийддэг. Ийнхүү Robert түүний амьдралыг ухаж төнхөх тусам Veronika яагаад ийм галзуу солиотой болсныг олж илрүүлэх бөгөөд Katz хэмээх хорон санаатай мэдрэлийн эмчийн бохир саварт атгагдчихсантай шууд холбоотой болж таардаг. Доктор Katz Veronika-г морфинд донтуулаад донтолтыг нь ашиглан Veronika-ын эд хөрөнгө, эрх мэдлийг өөртөө ашигтайгаар авах болсон шуналтай, адгийн хүүхэн юм. Robert сэжиглэлт хардалтаа бататгахын тулд Henrietta-г сэтгэцийн эмчилгээ шаардлагатай болсон хүн болгоод доктор Katz руу явуулах бөгөөд katz Henrietta-д эм бичиж өгдөг хэдий ч ямар санаатай ирснийг нь мэдээд алж орхидог. Robert цагдаа дагуулж ирсэн гүн донтсон Veronika-ын тусламжтайгаар Katz тэргүүтнүүд гэмгүй өнгөрдөг.

 Katz болон түүний нөхөд эцсийн өндөр тунгаа Veronika-д өгч үхүүлэхдээ бүх хөрөнгийг нь өөртөө шилжүүлж авах гарын үсэг зуруулж авахаа мартахгүй. Veronika-ын үхэл хийгээд энэ бүх бусармаг явдлыг Robert хүлцэнгүй харахаас өөр юу ч хийж чадах билээ дээ. Киноны эхэнд Veronika кино театрт өөрийнхөө тоглосон киног үзэж байхад Fassbinder хажууд нь сууж байдаг бол энэ кино нь дахв түүний камео юм. Үнэт эдлэлийн дэлгүүрийн менежерийн дүрд Fassbinder-ын ээж Lilo Pempeit тогложээ. Кинонд мөн тодорхой бүх ангид тоглосон, Fassbinder-ын хуучин амраг жүжигчин Gunther Kaufmann тоглосон. Fassbinder-ын ойрын туслах, энэ кинонд эвлүүлэгчээр ажилласан Juliane Lorenz гэгч кинонд нарийн бичгийн дүрийг бүтээжээ. 2012 онд Энэтхэгийн кино найруулагч Ashim Ahluwalia уг киног өөрийнхөө дээдэлдэг 10 киноны тоонд багтаасан ба тэрээр "Fassbinder "Sunset Boulevard"-г хар тамхины мансуурлаар авч үзсэнээр "Veronika Voss" нь Billy Wilder-ын киног хүүхдийн кино шиг харагдуулдаг. Veronika-ын хар тамхины хэтрүүлэлт бол Fassbinder-ын өөрийнх нь амиа хорлолтын угтвар сүүдэр болсон эмгэнэлт явдал бөгөөд энэ нь "кино киноныхоо тухай" гэсэн шинэ нэр томьёо бий болгосон" гэж бичжээ. 

Энэ бол Fassbinder-ын бүтээсэн 40 киноны оргил туурвилынх нь нэг мөн бөгөөд уг кино 1982 оны 2-р сард нээлтээ хийсэн бол тухайн оны 6-р сарын 9ний шөнө Fassbinder Мюнхенээс Парис руу нэгэн найз руугаа дуудлага хийжээ. Тэрээр найздаа бүх хар тамхиа, гэхдээ эцсийн ганц кокайнаасаа бусдыг жорлон руу урсгачихлаа гэж хэлжээ. Маргааш өглөө нь Fassbinder хуруундаа хөрчихсөн тамхитай үхчихсэн байдалтайгаар олдсон ба видео бичлэг тоглуулагч ажилласаар байсан гэдэг. Орчин үеийн Германы хамгийн алдартай бас зартай, амжилттай кино найруулагч 36 настай л байсан юм. Германы жүжигчин хүүхний уйгагүй хөдөлмөрлөөд асар алдартай болсон ч архи, хар тамхинаас хамааралтай болж, улмаар хар тамхинд бие хийгээд сүнсээ өгсөн энэ түүх найруулагчийн өөрийнх нь үхлийн зөгнөлийг илэрхийлж байх шиг. Veronika өөрийг нь морфинтой "уячихсан" Берлиний хорон шуламд бүхнээ өгч байгаа нь аливаа хорт зуршилд автсан, донтсон хүмүүсийн нийтлэг төрх юм. Доктор Katz үнэхээр ч Veronika-г юу ч үгүй шалдлан хоосолж, зөвхөн үхлийг л түүнд үлдээдэг. Гудманд таарсан хүмүүс өөрийг нь таньж,  продюсеруудыг үүдэнд нь гаргаж ирдэг алдар нэр Veronika-д байсан юм. Одоо хэн ч биш болсон тэрээр танил нүүрээрээ хундага дарсаар дайлуулчих гэж яваад Robert-той таарч байна. Доктор Katz бол Fassbinder-ын кинонуудад үзэгддэг загварлаг лесбиан дүр бөгөөд Katz-ын эмнэлэг Fred Astaire-ын мюзикл киноны сцэн шиг хачин бүтэцтэй байдаг.

 Хана, шал, тавилга, шат болон хүмүүсийнх нь өмссөн хувцас зэрэг нь нүд сохлом хурц цагаан өнгөтэй байдаг. Katz амраг нь бололтой нэг хүүхэн, Африк-Америк хар тамхины наймаачинтай нартай амьдардаг ба энэ хар тамхины наймаачин (Gunther Kaufmann) олон кадрт гардаг ч огт ярьдаггүй; шаардлагатай үед гарч ирэх ёстой хамгаалагч аятай байдаг. Katz-ын эмнэлэгт, Veronika шоронгийн камер шиг өрөөнд амьдрахаас гадна Katz түүнийг доромжилсон садист маягаар харьцдаг; эмнэлэгт байх үед киноны хөгжим дандаа Америкийн дуугаар эгшиглэдэг нь дайны дараа Америкийн түрэмгийлэл Германд байсаар байгааг илтгэнэ. Veronika салалтын үдэшлэг дээрээ "Memories Are of This" дууг намуухан дуулдаг нь Marlene Dietrich-г санагдуулам буюу Fassbinder энэ дүрээрээ "The Blue Angel" киноны Marlene Dietrich-г шууд санагдуулдаг. Fassbinder-ын бүтээлүүдээс бид иймэрхүү дүр төрхтэй, ялзарсан, доройтлынхоо янз бүр шатанд байгаа аугаа оддыг олж хардаг. 

Энэ киноны гол дүрийн толь болсон Sybase Schmitz 1930-аад онд цуутай од байсан ч хар тамхинаас болж мөхсөн байдаг. Fassbinder асар бүтээлч хүн байсан ба амьдрах хугацаандаа 40 бүрэн хэмжээний кино, 24 жүжгийн бүтээл, хоёр телевизийн цуврал хийсэн. Хэрвээ тэр үхээгүй бол энэ тоо хэрхэн дуусах байсныг төсөөлөшгүй. Герман - Америкийн найруулагч нэрт Douglas Sirk-ын загварлаг кинонуудын нөлөөнд автсан Fassbinder улайран ажилласан байж болох ч тэр кинондоо үргэлж нягт нямбай, төлөвлөгөөтэй ханддаг байсан. Жишээлбэл, тэрээр энэ кинондоо ууссан кадр, Айриш кадр, замтай кадр хийгээд пан кадр зэрэг олон кино зураглалын техник ашигласан байдаг. Түүний кинонууд харааны хувьд цэмцэгнүүр, албан, импровизацаас хол агаад уг киноны харааны стратеги бол Fassbinder Холливууд классик хэв маяг руу улам ойртож буйг харуулдаг. 

Comments