Вергилий "Энейда"

 


"Энейда". Эртний Ромын яруу найрагч Публий Вергилий Мароны МЭӨ 29-18 оны хооронд бичсэн түүний хамгийн сүүлчийн бас хамгийн том бүтээл. Трой хотын уналтаас зугтааж Итали руу аялж, Ромчуудын өвөг дээдэс болсон Эней-н домогт түүхийг өгүүлсэн латин хэлээр бичигдсэн уг туульсын яруу найраг нь 9896 бадгаас бүрдэнэ. Уг туулийн эхний зургаан дуулалд Эней-н Тройгоос Итали руу хэрэн тэнүүчилсэн түүхийг өгүүлдэг бол туулийн хоёрдугаар хагаст Эней болон түүний Тройчуудын латинчуудын эсрэг хийсэн ялалтын дайны тухай өгүүлдэг. 

Эней баатар нь "Илиада" туульд гардаг учир Грек-Ромын домог, үлгэрт хэдийнээ танигдсан дүр байв. Вергилий Эней-н хэрэн тэнүүчлэлийн талаарх тасархай домгуудыг цуглуулж, түүнийг пиета буюу үүрэг хариуцлагаа хүлээсэн журамтай баатар байсан гэхээс өөр тодорхой дүрслэлгүй байсныг Ромын үндэс суурийг тавигч болгон домогжуулсан ба Ромыг Тройн домогтой холбож, Пунийн дайныг тайлбарласнаас гадна Ромын уламжлалт хүч чадлыг алдаршуулж, мөн Хулио-Клаудиан эзэнт гүрнийг үндэслэгчид бол Ром, Тройг бүтээсэн Бурхад, баатруудын үр удам гэж хуульчилсан ажээ. Вергилийн "Энейда"-г Хомерын "Одиссей", "Илиада" туулиудтай эн зэрэгцүүлэн хүн төрөлхтний оюун санааны сод бүтээл гэж үздэг ба "Энейда" бол Латин уран зохиолын хамгийн аугаа бүтээлийн нэг гэж тооцогддог. 

ҮНДСЭН САНАА. Эней-н амьдралын чиглэл, хүрэх зогсоол урьдчилан зурагдсан учир туулийн туршид далайд тохиолдсон янз бүрийн зовлон зүдгүүр хийгээд алдар гавьяа нь энэхүү өөрчлөгдөшгүй хувь тавиланг ердөө хойшлуулсаар л байдаг. Хувь тавилангийн хүч ер бусын хүчний шатлал дахь Бурхдын хүчнээс дээгүүр байдаг. Ихэнхдээ энэ нь Олимпийн хамгийн хүчирхэг нь болох Юпитерын хүсэл эрмэлзэлтэй холбогддог. Юпитерын хүсэл бүгдийнх хүслээс давж гардаг тул хувийн ашиг сонирхлоо аль болох том хувь тавилангийн хүрээнд оруулж амжилт олох гэсэн эрмэлзэлтэй жижиг Бурхад Эней-н амьдралд хөндлөнгөөс оролцох нь үйл явдлын ерөнхий үр дүнд нөлөөлөхгүй. Тууль дахь тус бүрийн дүрүүдийн хөгжлөөс хувь тавилангийн чиглэлийг дагахад бэлэн байгаа явдал хийгээд эсэргүүцэж байгаагаас харж болно. Юнона, Турн хоёр алхам тутамдаа хувь тавилантай тэмцдэг бөгөөд тиймээс туулийн төгсгөлийн шийдэлд тус бүрийнх нь өөрчлөлтийг агуулдаг тул эцэстээ тэд хувь тавиландаа бууж өгснөөр түүх товлогдсон төгсгөлдөө хүрдэг. 

Дидона хувь тавилангийнхаа эсрэг зогсож, Эней-г хүссэн нь эцэстээ хүсэл түүнийг "иддэг". Эней өөрийнхөө сэтгэлийн түгшүүр, дур хүслээ хувь тавилангийн шаардлага болон үүрэг хариуцлагынхаа журамд захируулснаар эрүүл саруул ухаантай байж чадсанаар өөрийн ч бусдын ч амьдралыг авч гарч байна. Вергилийн үеийн Ромын уншигчдын хувьд хувь тавилан гэдэг нь түүхийн замыг тодорхойлдог бурханлаг, шашны зарчим ба энэ нь Ромын эзэнт гүрний үед оргилдоо хүрсэн явдал юм. "Энейда" туулийн эхний хагаст Тройчууд Итали руу хийж буй аяллын тухай өгүүлдэг. Эртний соёл, уламжлал нь гэр бүлийн үнэнч байдал, газарзүйн үүсэлтэй холбоотой байсан ба эх орон гэдэг хүн бүрийн онцлог шинжийн эх сурвалж болдог байсныг онцолдог. Орон гэргүй байх нь нөхцөл байдал болоод мөн чанарын тогтворгүй шинжийг илэрхийлдэг учраас энэ нэг төрлийн зовлон болж байна. Харин Вергилий хэрэн тэнүүчлэгч Тройчуудын зовлонг нэмж, тэднийг өөрсдөөс нь илүү том хүчний өршөөлд аваачдаг. Тройчууд далайд шуурганд байнга өртөж, үл мэдэгдэх ертөнцөд ямар арга хэмжээ авах талаараа ахин дахин шийдэх ёстой болдог. Тройчууд мөн үл таних газарт буух бүртээ замаасаа төөрөх юмуу эсхүл энэ нь тэдний байх ёстой газар нутаг мөн эсэхэд эргэлзэж яахаа мэдэхээ больдог. Тройчуудын энэхүү далайд удаан хугацаагаар тэнүүчилсэн бүх талаараа тодорхойгүй мэдрэмж бол ерөнхийдөө хүмүүний зүг чигээ олох гэсэн амьдралын зүйрлэл гэж уншиж болно. 

Уншигчид болон Вергилийн үеийн үзэгчид Тройчуудыг ямар хувь тавилан хүлээж байгааг мэддэг бол хэрэн тэнүүчлэгчид маань өөрсдөө мэддэггүй бөгөөд ер нь хүн өөрт нь юу тохиолдохыг урьдчилан мэддэггүй болохоор үргэлж айдастай, хүсэл тэмүүлэлтэй, гэнэтийн бүхэнд өртөмтгий сул дорой байдаг билээ. Вергилий "Энейда"-ээ Ромын эзэнт гүрний Алтан Эриний үеийн Ромын анхны эзэн Хаан Цезарь Августын ивээл дор бичсэн. Вергилий зорилго Ромын гарал үүслийн тухай домог бичих байсан бөгөөд дэлхийн ихэнхийг байлдан дагуулсан эзэнт гүрний сүр жавхланг тэмдэглэн, ялгуусан амжилтыг нь хуульчлах явдал байв. Уг туульд энэхүү хэдийнээ ойлгомжтой болсон соёлын оргилыг туйлбартайгаар тэмдэглэж байна; Эзэнт гүрэн бусад олон гадаад орны нутагт суурьшсан гэдгээ зөвтгөдөг шиг Эней Латинд суурьшсанаа мөн зөвтгөдөг. Вергилий өөрийн цаг үеийн улс төр, нийгмийн нөхцлийг өмнөх Грекийн Бурхад болон баатруудын өв залгамжлагчид гэж холбож, өмнөх үеийн үргэлжлэл гэж харуулахын тулд өнгөрсөн рүүгээ хандан ажилладаг. Тройчууд ирэхээс өмнө дайнтай, эмх замбараагүй, оюун санааны иррационал Италийн ард түмнийг дэг журам, зөв засаглалаар ялан дийлсэн гэж тодорхойлогддог. Үүний эсрэгээр Августын удирдлага дор байсан эзэнт гүрэн нь амар амгалан, дэг журамтай, сэтгэлийн хувьд тогтвортой ертөнц гэж тодорхойлжээ. 

МОТИФ. Зөгнөл, таамаглал нь "Энейда"-д зүүд, үхэгсдийн айлчлал, нууцлаг дохио эсхүл Бурхад юмуу тэдний тэнгэрлэг элчүүдийн шууд айлчлал ба янз бүрийн шинж тэмдэг бүхий олон хэлбэрээр ирдэг. Ирээдүй рүү чиглэсэн эдгээр цонхнууд нь мөнх бус баатруудад ирэх зүйлийг заримдаа тов тодорхой, заримдаа бүдэг бадагхан хүргэхдээ ерөнхийдөө хувь тавилан руу нь хөтөлдөг. Харин Вергилийн үеийн уншигчид эдгээр таамаглалыг эргэн харж, аль хэдийнээ дуусчихсан хувь тавилан хэрхэн хэрэгжиж байгааг харахын тулд арагшаа харж сонсдог. Ирээдүйг мэдэж байгаа ажиглагчдын хувьд уншигчид Бурхадтай ижил байр суурьтай байдаг учраас уншигчид ба баатруудын мэдрэмж хоорондын хурцадмал байдал нь мөнх бус хүмүүс болон Бурхдын байр суурийг дуурайх мэт санагддаг. 

Шинэ хот байгуулах зорилго бол Эней болон Тройчуудын хувьд чин хүсэл юм. 2-р дуулалд, Эней Трой унасан түүхийг Дидона-д өгүүлдэг бөгөөд Эней өөрөө орох оронгүй болоод өөрийн гэсэн шинэ хот байгуулах гэж зорьж яваа билээ. 3-р дуулалд, Вергилий Тройчуудын хотын үндэс тавих гэсэн хэд хэдэн оролдлогын талаар өгүүлдэг бөгөөд эдгээр нь бүгд саад тодотгор юмуу тахлын муу шинж тэмдэгтэй байдаг. Эней мөн ард түмнийхээ сэтгэлийг өргөхийн тулд бодитой хотын дүр зургийг байнга ашигладаг ба хотын хана, суурь, цамхаг нь соёл иргэншил хийгээд эмх цэгцийг илэрхийлдэг бөгөөд энэ нь орон гэргүй тэнүүчлэхээс үүдэлтэй тодорхойгүй байдал, иррационал, төөрөгдлөөс ангижрах арга юм.

 СИМБОЛ. Гал нь сүйрэл, эротик тачаал бас хайрыг бэлгэддэг. Дөлний дүрслэлүүдээр Вергилий сүйрэл, тачаал хоёрыг холбодог. Парис-н Элена-г хүсэх нь эцэстээ Тройг галд бүслэгдэхэд хүргэдэг. Дидона Эней-д хайртай гэдгээ эгч Анна-д хүлээхдээ "Би эртний тачаалын, эртний дөлний дохиог танилаа" гэдэг. Дидона мөн "сүйт бүсгүйн ор ба бамбарын бодлоороо" өмнөх гэрлэлтээ дурсдаг ба бамбар нь дөлний хүчийг хязгаарладаг ч Дидона-ын зүрх сэтгэлд дүрсэлсэн шинэ хайр бол гэрлэлтийн институци буюу "сүйт бүсгүйн ор"-оор журамлагддаггүй. Түүний мэдэрч буй дөл түүнийг дулаацуулахгүй, харин ухааныг нь төөнөдөг; Вергилий түүний үхлийг "галзуурч, шатсан" гэж дүрсэлдэг. Хаалгыг онгойлгох бол Вергилийн үед ч хүлээн зөвшөөрөгдсөн уламжлал буюу энэ нь дайн зарласныг харуулна. Хаалтыг нээж буй хүн нь Хаан, бүр Турн гэхээсээ илүүтэй Юнона байсан нь ч энэ нь үхэшгүй мөнх Бурхад үхэх тавилантай амьтдыг ашиглан тооцоо бодох арга зам юм. 

Тиймээс Дайны хаалга бол мөнх бус хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайханд голдуу сөргөөр ханддаг Бурхдын хүч, хүмүүний хүсэл, тэмүүллийг ааглан хорьдог ертөнцийн эмх замбараагүйг бэлгэддэг. Трой хотын Бурхад гал голомт буюу латинаар пенат-ын тухай туулийн туршид байнга дурддаг. Энэ нь гэр бүлийн гал голомтод амьдардаг Трой хоттой тусгайлан холбоотой овгийн бурхад, нутаг орон, өвөг дээдсийн симөол юм. Эней сүйрсэн гэрээсээ явахдаа тэдгээрийг гэр бүлийнхээ хамтаар цуглуулж авдаг ба энэ нь Тройг шинэ физик байршилд шилжүүлэн суурьших үргэлжлэлийн симбол болдог. Бурхад цаг агаарыг хүслээ илэрхийлэх хүч болгон ашигладаг. Туулийн эхэнд Юнона-ын илгээсэн шуурга түүний уур хилэнг илэрхийлдэг. Харин Венус Тройчуудыг хамгаалж өгөхийг далайн Бурхан Нептун-д даалгаснаараа тэднийг хайрлаж буйгаа харуулдаг. 4-р дуулалд, Венус, Юнона хоёр Эней, Дидона хоёрыг агуйд тусгаарлахаар хуйвалдаж, агнуурын аяллыг тасалдуулж шуурга дэгдээж буй нь нийгмийн хэв журам тасалдахыг бэлгэддэг. Грек, Ромын домогт симболийг цаг агаарын байдлаар харуулах нь элбэг тохиолдох арга юм. 

Comments