Out of the Past (1947). Калифорни мужийн нэгэн жижигхэн хотод шатахуун түгээгүүрийн газар ажиллуулдаг Jeff Bailey гэгчийг Joe хэмээх гангстер эрэн суран хотод ирснээр кино эхэлнэ. Jeff найз хүүхэн Ann Miller-тэйгээ загасчилан амарч байтал түүний ажилтан, үнэнч найз хэлгүй, дүлий Жаал хочит залуу яаран хүрч ирснээр амраг хосын романтик мөчийг бусниулдаг; Жаал өөрийг нь хүн хүлээж байна гэж Jeff-д хэлнэ. Ингээд Jeff, Joe хоёр уулзахад Joe түүнд эртний танил Whit чинь чамтай уулзах шаардлагатай боллоо, Тахо нуурт чамайг хүлээж байгаа гэж хэлдэг. Jeff Ann Miller-ыг хамт явахыг хүснэ, шалтгаан нь бол замын туршид Jeff өөрийнхөө хэн болох үнэнээ найз хүүхэндээ ярихыг хүссэн аж.
Jeff-ын дурсамж яриагаар кино цааш үргэлжилнэ. Тэрээр өөр нэртэй (киноны үйл явдалд онц чухал биш) бөгөөд Fisher гэгчтэй хамт Нью-Йоркт хувийн мөрдөгч хийдэг байжээ. Мөрийтэй тоглоомын том гар Whit нэгэн удаа түүнийг хөлслөөд өөрийг нь буудаад зогсохгүй 40к долларыг нь аваад зугтсан найз хүүхэн Kathie-г олж ирэхийг даалгажээ. Jeff Мексикийн Акапулько хотод Kathie-г "барьж" авна. Jeff хүүхнийг хараад л дурлаж, тэдний дунд гал халуун дотно харилцаа бий болдог. Хүүхэн Whit-г буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч мөнгийг аваагүй гэж хэлдэг. Эцэст нь, тэд хамтдаа зугтаахаар төлөвлөнө. Whit, Joe хоёр гэнэт ирэх ба Jeff хүүхнийг олоогүй, сураг сонсох нь Өмнө рүү онгоцоор явсан бололтой гэхэд Whit түүнийг үргэлжлүүлэн хайх заавар өгдөг. Шинэхэн хосууд Сан Франциско руу явна. Fisher одоо Whit-д ажиллах болсон ба хосуудыг мөшгөж явсаар ууланд байх нууц байшинд нь яг барьж авна. Эрчүүд зодолдож байтал Kathie Fisher-г буудчихаад ганцаараа яваад өгөхдөө 40к долларын үлдэгдэлтэй банкны дэвтэрээ үлдээчихнэ. Jeff-ын дурсамж яриа дуусахад Ann Miller тэр хоёр Whit-ын харшийн гадна ирсэн байна. Jeff найз хүүхнээ буцаад яв гэчихээд өөрөө харш руу ордог. Whit түүнийг хөгжүүн байдалтайгаар угтаж авах агаад түүнд шинэ ажил даалгах сонирхолтой байгаагаа хэлээд өглөөний цай хамт ууя гэтэл цаад өрөөнөөс Kathie орж ирээд дэргэд нь сууна.
Фаталист, ээдрээтэй үйл явдал, харанхуй зураглал хийгээд классик феммэ фатал дүрээрээ эдүгээ култ классик гэж үнэлэгдэх болсон Франц - Америкийн кино найруулагч Jacques Tourneur-ын нуар кино. Гол дүрүүдэд; Robert Mitchum, Jane Greer, Kirk Douglas нар тоглосон. Киноны зохиолыг Daniel Mainwaring-ын "Build My Gallows High" гэдэг романаас сэдэвлэн зохиолч өөрөө кино дэлгэцнээ буулгажээ (Frank Fenton, James M. Cain хоёр бас оролцсон ч кредитэд ороогүй). Кино урлагийн төгс төгөлдрийн жишээ болсон уг кино мөн Холливуудын классик гэдэг ямаршуу байсан бэ гэдгийн тод томруун загвар ба 1940-өөд оны нуар жанрын оргил бүтээлийн нэг юм. Энэ бол хуучин цагийн кино студийн хүсч болох бүхнийг агуулсан киноноос гадна амттай, сэтгэлийн хөдлөлийн түвэгтэй шинжтэй, насанд хүрэгчдийн ёс суртахууны мэдрэмжтэй нуар. Хар-цагаан зураглал нь сэтгэлзүйн хувьд тохирохуйцаас үл хамааран бишрэм байдаг. Robert Mitchum, Kirk Douglas хоёр үнэхээр тодорч чаддаг ч энэ бүл тэр чигтээ найруулагч Jacques Tourneur-ын шоу ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 189-р байрт жагсаагаад байна.
Уг киног RKO кино компани продюсерлэн гаргасан агаад Найруулагч tourneur, зураглаач Nicholas Musuraca болон Mitchum, Greer гэсэн жүжигчид RKO студийн ажилтангууд байсан. 1940-өөд оны эхээр тус студи Б ангиллын кино бүтээхэд анхаарч байсан бол дэлхий 2-р дайны дараахан харьцангуй их төсөвтэй кино хийж эхэлсний нэг бол энэхүү бүтээл маань юм. Kirk Douglas-ын (Whit) хувьд энэ нь түүний гуравдахь л кино нь байсан ба хэдий Mitchum буюу Jeff-ын эсрэг дүр ч кинонд чухал үүрэгтэй дүр болж чадсан. Douglas, Mitchum хоёр дараа нь 1867 онд Вестерн жанрын "The Way West" кинонд хамтран тоглосон байдаг. Шүүмжлэгчид уг киног дөчөөд хамгийн оргил нуараас гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг нуарын нэг гэж дуу нэгтэйгээр үздэг. Шүүмжлэгч Bosley Crowther ерөнхийдөө магтсан ч киноны сүүлийн хагасыг ойлгоход хэцүү гэсэн: "Tourneur-ын ухаалаг, гарамгай найруулсан энэ киноны жүжигчдийн тоглолт ухаалаг бөгөөд сэтгэл татам. Бөөн хэрэгт орооцолдсон гайхалтай увайгүй бас өөртөө итгэлтэй дүрийг Mitchum бишрэм гаргахдаа хайхрамжгүй байдлаа харуулахдаа урьд хожид байгаагүйгээр дэлгэцнээ тамхилдаг.
Jane Greer гялалзсан шинжээрээ Delilah (еврейн библийн дүр) бол Douglas дүрээ янзтай гаргасан ба Virginia Huston, Rhonda Fleming, Dickie Moore нар үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Хэрвээ бид энэ киноны сүүлийн хагаст юу болоод байгааг ойлгож чадвал бид үүнээс ч илүү таашаал авч магадгүй юм.". Variety сэтгүүл: "Энэ бол онцгой шинж төрхтэй, ширүүн мелодрам юм. Tourneur-ын найруулга сэтгэл хөдлөлийг сайжруулахад голлон анхаарч, Musuraca-ын бодит амьдралыг харуулсан хэлбэрийн зураглал реалист амтыг өгөх бол Mitchum онц дүн авахаар тоглосон. Харин Jane Greer нялх царайтай, дур булаам алуурчны дүрийг гойд гаргасан. Мөн Rhonda Fleming товчхон ч үр дүнтэй тоглодог" гэжээ. Ихэнх гэмт хэрэгт киноны үйл явдал одоо цагаас эхлээд урагшлах маягаар өрнөдөг ч нуар кино өнгөрсөн руу буцдаг. Нуар киноны баатрын хувь тавилан нь юмуу аз нь хаясан эсхүл өөрийн алдаанаас болж сүйрсэн байдаг учир түүх эхлэхээс өмнө хэдийнээ баларчихсан байдаг. Гэмт хэрэгт кинонуудад заримдаа сайн эрчүүдийг муу явж байгааг харуулдаг ба харин нуар баатар хэзээ ч сайн хүн байдаггүй; тэд өөрсдийгөө шоолж, үйл явдал тэднийг харуулах хүртэл өөрийнхөө бараан талыг ойшоохгүй амьдардаг. Өнгөрсөний муу талаасаа салж, шинэ ажил, шинэ хүүхэнтэй болсноор амьдралаа шинээр эхлүүлэхийг оролдсон эрийн түүх юм.
Mitchum-ын ядарсан нүд, намуухан хоолойтой, хайхрамжгүй харгис эрийн дүр нь түүнийг архетип нуар жүжигчин болгосон аж. Хотоор түүнийг хайж, асуудал үүсээд бид год дүрээ хараагүй байхад үйл явдал эхэлдэг бөгөөд ингэж Jeff өнгөрсөндөө татагдан ордог. Киноны ихэнх нь бас чухал хэсэг нь өнгөрсөн дурсамж хэлбэрээр өгүүллэгддэг. Jeff түүхээ шөнөжин найз хүүхэндээ ярихад энэ нь киноны хугацааны 40 минутыг авдаг. Mitchum, Douglas хоёрын уулзалт нэлээд ёжтойгоор дэлгэддэг; Douglas тамхи татах уу гэж асуухад Mitchum тамхилж байна гэж хэлээд гараа өргөдөг ба тэд тамхи татаж, тамхины утаагаар бие биедээ дайсагнаж байгаа нь илэрхий хэрэг юм. Уг кинонд тамхи татаж байгаа хэсэг маш их гардаг; ер нь нуар кинонд тамхилж буй хэсэг энгийн зүйл буюу тамхины утаа энэ жанрын дэвсгэр гэж үзэж болно. Нуар дүрүүдийн хувьд эрүүл байх нь алуулахгүй байх эхлэл болдог. Сүүдэр болон гэрлийн мастер зураглаач Musuraca хоёр жүжигчний хоорондох хоосон зайд гэрэл тусгаснаар тэднийг амьсгалахад утаа нь цав цагаан үүл шиг харагддаг. Найруулагч Tourneur бол "Cat People", "I Walked with a Zombie" кинонуудаараа алдартай RKO-ын харанхуйн драмын мастер хочтой нэгэн бөгөөд энэ бол Musuraca-тай хамтарсан 3 дахь кино нь байжээ.
Comments
Post a Comment