Хагацъя, хайрт минь

 


Laura (1944). Нью Йоркийн цагдаагийн газрын мөрдөгч McPherson үзэсгэлэнтэй бөгөөд залуухан амжилттай замналтай байсан зар сурталчилгааны компанийн гүйцэтгэх захирал Laura гэгчийг орон байрныхаа үүдэнд толгойгоо зад буудуулж танигдахын аргагүй аймшигтайгээр үхсэн хэргийг шалгаж буйгаар кино эхэлнэ. McPherson эхлээд Laura-ын ментор, алдартай нийтлэлч хөгшин түрэмгий Lydecker гэгчтэй уулзаад хэрхэн Laura-тай танилцсан тухай асууна. Хүүхэн түүний Платоник найз болсноос гадна тогтвортой нөхөрлөх болсон ч Lydecker өөрийнхөө нөлөөгөөр нийгмийн дээд давхаргад оруулсан хүүхнээсээ илүү зүйлс хүсэх болсноо ч хэрхэн Laura-тай танилцсан түүхээ дурсахдаа тодорхой өгүүлдэг. Мөрдөгч мөн Laura-ын сүйт залуу "Playboy", шимэгч Shelby гэгчтэй уулзана; энэ сайхан залууд Laura-ын  чинээлэг нагац эгч Ann хэмээх хөгшин хүүхэн санаатайг бас марталгүй дурдъя. Ann өөрөөсөө олон дүү Shelby үеийнх нь тэгээд бас үзэсгэлэнтэй дүүд нь татагдах болсонд тэвчээртэй хандана. McPherson бас Laura-ын үнэнч, сандруу гэрийн үйлчлэгч Bessie гэгчээс эзэгтэйнх нь тухай асуудаг ба Laura-ын найзуудын мэдүүлэг, хүүхний бичсэн захидлууд, тэмдэглэлийн дэвтрийг уншсан мөрдөгч нас барсан хүүхэнд автаж эхлэх бөгөөд хамгийн гол нь Laura-ын алуулсан гэрийнх нь зочдын өрөөнд Laura-ын том хэмжээний хөрөг зураг байх агаад тэр үнэхээр сэтгэл татам хүүхэн байв. Мөрдөгч Lydecker маш хартай учраас хүүхэнд халдсан ойртсон эрчүүдийг хортой нийтлэлээрээ холдуулдаг байсныг олж мэднэ. 

Нэг өдөр мөрдөгч маань хохирогчийн гэрт нэгжлэг хийж яваад ядраад (гэрт байсан архинаас багахан уусан) унтчихна. Унтаж байхад хаалга түлхүүрдэж онгойх чимээ гарч юу юугүй нэг хүн өөр рүү нь дөхөөд ирнэ. Тиймээ энэ бол буудуулж үхээд гурав хонож буй Laura өөрийн биеэр мөрдөгчийн өмнө зогсож байна. Австри - Америкийн кино найруулагч Otto Preminger-ын энэхүү нуар төрлийн киноны үйл явдлыг яг амттай дээр нь бичихээ больсон нь уншигчаа хүндлэхээс өөр  санаагүй юм шүү. Америкийн зохиолч Vera Caspary-ын 1943 онд гарсан ижил нэрт романаас сэдэвлэсэн уг киноны зохиолыг дөрвөн эрхэм хамтран бичжээ. Год дүрүүдэд: Gene Tierney, Dana Andrews, Clifton Webb, Vincent Price болон Judith Anderson нар тоглосон. Кино тухайн жилийнхээ Оскарын наадамд 5 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг хар-цагаан зураглал шагнал хүртсэн бөгөөд Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг 10 нууцлаг киноны нэгээр нэрлэгджээ. Энэ кино тухайн үеийн шалгуураар бол Б кино гэж үнэлэгдэхүйц агуулгатай байсан ч ухаалаг кино зохиол, David Raksin-ын хөгжим, Joseph LaShelle-ын нямбай монохром зураглал болоод Preminger-ын түгшүүр эргэлзээ төрүүлэхээсээ илүүтэй дүрийнхээ гажууд шинжийг судлахад анхаарсан нь эдүгээ уг киног классик бүтээл болгож байна.

 Preminger уг бүтээлээсээ илүү хар бараан, онц гойд кинонууд хийж байсан боловч "Anatomy of Murder" киноны хамтаар энэ бол түүний замналын оргил ажил юм. Уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 577-р байрт жагсаагаад байна. Preminger анх театрын жүжгийн зохиол хайж байжээ (тэрээр бас театрын найруулагч), тэгтэл түүний агент Vera Caspary-ын "Ring Twice for Laura" гэдэг жүжгийн зохиолыг танилцуулжээ. Preminger-д дээд зиндаанд өрнөж буй үйл явдал, эгэл бус гэнэтийн эргэлт зэрэг нь таалагдсан боловч багагүй засвар шаардлагатай гэж үзээд Caspary-тай хамт зохиол дээр дахин ажиллая гэсэн санал тавьжээ. Caspary саналыг хүлээж аваагүй ба өөр кино зохиолчтой хамтран кино зохиол болгоно гэж зүтгэж. Энэ үед домогт Marlene Dietrich гол дүрд тогломоор байгаагаа илэрхийлээд байв. Кино урлагийн ертөнцөд холбоо сүлбээ муутай Caspary ганцаардаж эхэлж, кино болгох төсөл урагш явж өгсөнгүй. Тэрээр эцэст нь жүжгийн зохиолоо роман болгон хөрвүүлээд 20th Century Fox студиуд $30,000-аар заржээ. Darryl F. Zanuck цэрэгт алба хааж байх үед Студийн орлогч даргаар ажиллаж байсан William Goetz "Laura" романыг дэлгэцэнд буулгах эрхийг өгчээ. Preminger гурван эрхмийг кино зохиолчоор авсан ба өмнө нь Caspary-тай таараагүй болохоор түүнтэй ажиллахыг хүсээгүй аж. Preminger кинонд нь сонирхолтой дүр нь Laura биш Lydecker болохыг мэдэрч, энэ дүрийг илүү хөгжүүлсэн, харин үүнд Caspary тун дургүй байсан гэдэг. Өмнө нь Preminger-тэй зөрчилдөж байсан Zanuck албан ажилдаа эргэж ирээд "дайсныг" ажилд авсныг мэдээд бараг галзуурах шахжээ. Гэхдээ тэрээр Preminger-г шууд хөөж чадсангүй, оронд нь продюсерээр үлдээж, найруулагчийн суудлыг Rouben Mamoulian-д өгсөн. Mamoulian тэр дороо л Preminger-ын хийсэн байсан зүйлсийг орхиод, зохиолыг дахин бичиж эхэлсэн байна. 

Шинэ найруулагч өмнө нь алуурчны дүрд тоглож алдаршсан Laird Cregar гэгчийг Lydecker-ийн дүрд тоглуулахыг хүссэн нь продюсер болсон Preminger-д таалагдсангүй; учир нь алуурчны дүрээрээ алдартай Laird-г харсан үзэгчдэд уг киноны амт шимт, нууцлаг байдал шууд үгүй болно гэж үзжээ. Preminger 1930-аад оноос хойш дэлгэцэнд тоглоогүй, тэр үед театрын жүжигчин байсан Clifton Webb-г Lydecker-ын дүрд яг тохирно гэж хэлж байжээ. Харин студи Clifton-г эмэгтэйлэг зан төрхтэй учир зохимжгүй гээд татгалзсан ба чухам тэр эмэгтэйлэг шинж нь л Preminger-ын хувьд тохирох чанар байсан нь сонирхолтой бас оновчтой байлаа. Ингээд Preminger Clifton-ын нэгэн тоглолтын хэсгийг Zanuck-д үзүүлснээр Clifton ногоон гэрлээр сонгогджээ. Харин Vincent Price-ын хувьд тэрээр Студийн гэрээт жүжигчин байсан. Киноны зураг авалт 1944 оны 4-р сард эхэлсэн ба Mamoulian жүжигчидтэйгээ асуудалтай болов. Тэр харьцангуй шинэ одод болох Gene Tierney-г тусалж дэмжихгүй, Clifton-г бол бараг үл тоомсорлож байсан нь бүхэлдээ таагүй уур амьсгал бий болгочихжээ. Нэг л болохгүй байгааг мэдэрсэн Zanuck найруулагч, продюсер хоёроо дуудаад уулзахад Preminger, Mamoulian хоёр асуудлыг хэн хэн рүүгээ буухаад болоогүй аж. Preminger энэ байгаа материалд илүү нарийн нямбай хандах хэрэгтэй, Mamoulian дэндүү болхи байна гэж Zanuck-г ятгаж чадсанаар Mamoulian халагдаж Preminger буцаад найруулагчийн суудалдаа суув.

 Preminger шуудхан л ажилдаа орж, шинэ зураглаач хөлслөснөөс гадна киноны хамгийн чухал элемент болох Laura-ын хөргийг сольсон буюу анхны хөргийг Mamoulian-ын эхнэр зурсан байсныг жүжигчин Gene Tierney-ын том гэрэл зургаар (Fox студийн гэрэл зурагчин авсан ба бага зэрэг тосон будагтай) сольсон нь киноны уур амьсгалд нөлөөтэй гэж үзсэнийх ажээ. Preminger найруулагчаар сонгогдоход жүжигчид эхлээд дурамжхан байж, учир нь тэд өөрсдийгөө бас удахгүй халагдана гэж бодож; гэтэл тийм зүйл болсонгүй, хожим жүжигчин Vincent Price-ын хэлснээр "Бид түүнд дасаад ирсэн бүх зүйл хялбархан болсон" ажээ. Zanuck Preminger-ын анхны цомхотголд сэтгэл дундуур байсан ба шинэ төгсгөл өгөхийг шаардсан; Zanuck-ын хүссэн төгсгөлд Lydecker үйл явдлыг бүхэлд нь төсөөлсөн болох нь илчлэгддэг аж. Zanuck-ын хувилбарыг таалаагүй нэгэн нийтлэлч түүнд хандаж "би киноны төгсгөлийг ойлгосонгүй. Та үүнийг өөрчлөх хэрэгтэй" гэж хэлснээр Zanuck бүрэн бууж өгөөд Preminger-д хандаж "би хүлээн зөвшөөрлөө, энэ бол таны амжилт" гэснээс найруулагч маань төгсгөлийг өөрийнхөөрөө хийжээ. Уг кино түгшүүрт байдлыг удаан хадгалж, сайн жүжиглэлт, ёжтой харилцан яриатай ч кино үүнээс ч илүү байж болох байсан мэт танд санагдаж магадгүй.

 Гурван эрхэмсэг эрийн ертөнцийн төв болсон хачирхалтай энэ хүүхэн өөрөө олон юмны шалтгаан болж байгаа нь мэдээж. Laura-ын хөрөг зураг нууцлаг, сэтгэл татам, нэг тийм увдистай бол Gene Tierney-ын дүр тийм биш; өөрөөр хэлбэл Tierney хөрөгтэйгөө таарахгүй байх шиг санагддаг. Мөн мэдээж жүжигчин Tierney кинонд үнэхээр үзэсгэлэнтэй байдаг ч хөрөг зургийнхаа хэмжээнд үүрэг гүйцэтгэдэггүй. Үүнийг бид Lydecker-ын дурсамж яриа болох хэрхэн Laura-тай танилцсан түүхээс харж болно; дурсамж түүхэнд Tierney буюу Laura сургуулийн охин шиг л цоглог, гэнэн, амьд байдаг бол үхсэн Laura илүү насанд хүрсэн бас сэтгэл гижигдэм байдаг. Кино хуйвалдаан, мэхлэлийг илэрхийлсэн хөнгөхөн, залхуу байдлаар эхлээд нэг мэдэхэд үзэгчдийг түгшүүр, эргэлзээнд умбуулчихна. Нөхцөл байдал тун нарийнаас гадна үргэлж үнэмшилтэй байдаг ба харилцан яриа нь шударга, насанд хүрсэн байдаг. Би энэ киног анх олон жилийн өмнө үзсэн юм. Мөрдөгч цочиж сэрэхэд талийгаач өөдөөс нь айсан шинжтэй харж байдаг сцэнээс (аймаар байж билээ) өөрийг сая үзэхдээ бараг санасангүй. Бүрэн мартсан гэхээсээ илүү алуурчин хэн ч байж болох тухай санааг үзэгчдийн ухаанд гүн бөгөөд аажмаар бат суулгаж чаддаг энэ киноны гайхамшигтай чанар гэлтэй санагдлаа. 

Нуар жанр ээдрээтэй үйл явдал, тохиолдлын эргэлтүүдээрээ танигдсан ч энэ кино бусад нуараас "жаахан" өөр. Энэ кинонд мөрдөгч аюулд орохгүй, түүний байцааж байгаа сэжигтэн өөр нэг сэжигтнийг дагуулдаг, мөн эмэгтэй гол баатар маань киноны ихэнх хэсэгт үхсэн байдгаас гадна Lydecker ижил хүйстэн шиг харагддаг ч дурласан хүүхнээ айхтар харддаг билээ. Сонирхуулахад кинонд ганцхан нүцгэн сцэн байдаг нь мөрдөгч нийтлэлчтэй уулзахаар очиход Lydecker усанд орж байдаг хэсэг юм. Сонирхолтой шүү. Киноны хөгжим үнэхээр онцгой. David Raksin-ын нам цаана эгшиглэх хөгжим киноны харууссан, эргэн дурссан, автсан уур амьсгалыг бий болгоно. Кино эхлэхэд Lydecker ийнхүү өгүүлдэг "Laura үхсэнийг би хэзээ ч мартахгүй. Миний санаж байгаагаар хамгийн халуухан ням гариг байсан. Би Нью-Йоркт үлдсэн цорын ганц хүн шиг санагдсан. Laura аймшигтайгаар үхэхэд би ганцаараа үлдсэн дээ. Би, Lydecker түүнийг үнэхээр мэддэг байсан цорын ганц хүн байсан.". 

Comments