Black Orpheus (1959). Эртний Грекийн гантиган хөөмөл дүрс дэлбэрч, Рио-де-Жанейрогийн фавела дүүрэгт Афро-Бразил эрчүүд самба бүжиж байхуйд жолооч Орфейгийн жолоодсон троллейбусаар Эвридика Рио-де-Жанейрод хүрэлцэн ирлээ. Хотод анх ирж байгаа Эвридика эцсийн зогсоол дээр буухад өртөөний харуул Гермес бүсгүйг үеэд Серафинагийнх руу очих замыг зааж өгөв. Орфей Миратай сүй тавьсан ба удахгүй болох хуримандаа төдийлөн баярлахгүй байгааг бид хардаг. Хосууд гэрлэлтийн бүртгэлийн газарт очиход шүүхийн байрны ажилтан Орфейгийн нэрийг сонсоод сүйт хүүхнийг чинь тэгвэл Эвридика гэдэг биз хэмээн хоржоонтой асуухад Мирагийн царайнд хардалтын сүүдэр тодорно. Мира шуудхан л бөгж шаардахад саяхан буусан цалингаа орой болох багт наадамд зориулан лобарднаас гитараа авах санаатай байсан Орфей аргагүй эрхэнд Мирад бөгж авч өгч сэтгэлийг заслаа. Орфей гэртээ ирээд Эвридикагийн үеэл түүний хөрш, тиймээс дахин гоо сайхан Эвридикаг хараад баярлана. Эвридика өөрийг нь үл таних эрэгтэй алахаар хөөгөөд байгаа учраас Рио-де-Жанейрод нуугдахаар ирсэн ажээ. Араг ясны хувцастай Үхэл Эвридикаг олох боловч зоригт Орфей Үхлийг хөөж явуулна. Орфей, Эвридика хоёр бие биедээ дурласнаар Мира болон Үхлээс үргэлж зугтаах хувь тавилантай болж хувирна. Серафинагийн нөхөр далайн аяллаас эргэж ирснээр Орфей Эвридикаг гэртээ хонуулах боломжтой болж, тэд янаглаж хоноцгооно.
Орфей, Серафина, Мира гурав багт наадмын парадад бүжиглэх гол бүжигчид бөгөөд Серафина нөхөртэйгөө илүүтэй бүжиглэхийн тулд Эвридикатай хувцсаа сольчихно. Серафинагийн хувцасны нүүрний гивлүүр Эвридикагийн царайг халхалдаг ба энэ хуйвалдааныг ганцхан Орфей л мэдэж байв. Парадын үеэр Орфей Миратай бус Эвридикатай бүжиглэсээр таардаг. Төдхөн Мира хуйвалдааныг олж мэдээд Эвридика руу дайрна. Эвридика Мирагаас зугтаж ядаж байхад Үхэл гэнэт гарч ирснээр хөөрхий бүсгүй улам сандарч яваад троллейбусны станц орж гацаад Үхлээс зайлах гэж байгаад цахилгааны утсанд цохиулж насан өөд болох буюу Орфей түүнд туслах гэж ирээд санамсаргүй тог залгатал цахилгааны утсанд ороогдсон байсан Эвридика тийнхүү хайртынхаа алдаанаас болж үхнн. Үхэл Орфейд хандаж "одоо тэр минийх" гэж хэлээд түүнийг цохиж унагана. Цөхөрсөн Орфей Эвридикаг сураггүй болсон хүмүүсийг хайдаг газраар орж хайртыгаа эрэн хайж явна. Гермес түүнд бүсгүй үхсэн гэж хэлдэг ч Орфей хайсаар л. Албаны газар шөнөдөө эзэнгүй, тэнд зөвхөн жижүүр л байх агаад "энд зөвхөн бичиг баримт л байдаг, хүн хайгаад олдохгүй" гэж хэлдэг.
Гэвч Орфейг өрөвдсөн жижүүр түүнийг том эргүүлгэн шатаар доош харанхуй руу авч явдаг ба энэ бол домогт Орфей Эвридикаг хайж газар доорх ертөнц руу буусан тухай тайлбартай ижил юм. Газар доор буюу жижүүрийн Орфейг авчирсан газар бол Афро-Бразилийн Кандомбле шашны Макумбын зан үйл болж буй газар байна. Хаалган дээр Цербер нэртэй хамгаалагч нохойг дайрч өнгөрөөд зан үйлийн үеэр жижүүр Орфейг хайртдаа зориулаад дуу дуул хэмээх бөгөөд энэ үед Эвридикагийн сүнс хөгшдөнө эмэгтэйн биед шилжиж ороод ярьж эхэлдэг. Эвридика өөр рүү нь харж болохгүй, харвал үүрд хагацна гэж хичээнгүйлэн гуйсан ч Орфей тэсгэлгүй харснаар Грекийн домогт гардагчлан Эвридика Орфейг үүрд орхин оддог. Орфей хайртынхаа цогцсыг аваад толгод дээр байх гэр рүүгээ гашуудан алхаж яваад умгар гэр нь шатаж буйг харна. Өш хонзондоо шатсан Мира түүн рүү чулуу шидэж улмаар Орфей Эвридикагаа тэвэрсээр хаднаас унаж үхжээ. Орфейг киноны турш дагадаг үнэнч найзууд нь болох Бенетидо, Зека гэсэн хоёр жаал гитар тоглож нарыг мандуулдаг гэсэн Орфейгийн ярьж өгсөн үлгэрт итгэдэг учраас Орфейн үхлийн дараа гитарыг нь аваад нар мандуулахын тулд тоглож эхлэхэд нэгэн бяцхан охин гарч ирээд тэр хоёртоо нийлэн бүжиглэнэ.
Францын кино найруулагч Marcel Camus-ын өнгөлөг, өөрийн гэсэн уур амьсгалтай, шууд нөлөөлөхүйц эмгэнэлт романтик кино. Бразилийн зохиолч Vinicius de Moraes-ын "Orfeu de Conceicao" гэдэг жүжгээс сэдэвлэсэн. Гол дүрүүдэд; Breno Mello (хөлбөмбөгчин), Marpessa Dawn (бүжигчин) нар тоглосон. Кино хөгжмөөрөө маш алдартай, киноны хөгжмийг Antonio Carlos Jobim, Luiz Bonfa гэсэн Бразилийн хөгжмийн зохиолчид ажилласан ба эдгээр эрхмүүдийн хөгжим өнөөдөр босса нова жанрын классик гэгдэх болжээ. Уг кино тухайн жилийнхээ Канны кино наадмын дээд шагналыг хүртээд зогсохгүй Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх киногоор шалгарсан байдаг. Кино олон улсад хит болж байхад эх зохиолын эзэн нь кинонд дургүйцэж, үзвэрийн үеэр хаяж явж байсан буюу ерөнхийдөө Бразилийн үзэгч, шүүмжлэгчид Афро-Бразил хүмүүсийг ухвар мөчид, замбараагүй бэлгийн харилцаатай, ердөө дуулж бүжиглэхээс өөрийг мэддэггүй гэж дүрсэлсэн, улмаар үүнээс болж биднийг ингэж боддог болох аюултай гэсэн буруушаасан байр суурьтай байв.
Хөгжимчин Jean-Michel Basquiat өөрийнх нь эхэн үеийн хөгжимд эл киноны нөлөө байсныг дурдсан бол Солонгосын найруулагч Bong Joon-ho уг киног үзээд өөрт нь тун хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Америкийн ерөнхийдөө асан Barack Obama номондоо ээж нь энэ киноны улаан фен байсан гэсэн буй. Тэр жилийн Канны наадмын шилдэг болсон энэхүү хайртынхаа төлөө үхэгсдийн ертөнц рүү аялдаг эртний Грекийн домгийг орчин үеийн Рио-де-Жанейрогийн ядуусын хороололд шилжүүлсэн гашуун хийгээд чихэрлэг эмгэнэлт романс нь анхнаасаа үзэсгэлэнтэй зураглал, гайхамшигтай хөгжмөөрөө олны анхаарлыг олон жил татах нь тодорхой байсан гэвэл хилсдэхгүй. Уг кинонд хөгжмийн хэмжигдэхүүн маш чухал буюу киноны үндэс суурь нь зураглалдаа биш хөгжимдөө байдаг гэж хэлж болно. Киноны эхний кадрт Орфей, Эвридика хоёрын эртний гантиган хөөмөл дүрс харагддаг ч бидний анхаарлыг киноны үндсэн хөгжмийн намуухан гитарын аялгуу татна. Гантиган хөөмөл дүрс дэлбэрэнгүүт хагацлыг санагдуулам аялгуун дээр багт наадамд бэлтгэж буй хүмүүсийн кадруудын цуврал өрнөнө. Эндээс л бид киноны туршид эгшиглэдэг босса нова хэмээх Латин Америкийн оргилсон, татвалзсан хэмнэлтэй поп хөгжмийг сонсож эхэлнэ.
Босса нова Латин Америкийн хөгжмийн тулгын чулуу боловч уг кино гарахаас өмнө дэлхий даяар энэ хөгжмийг бараг мэддэггүй байлаа. Нэг үгээр энэ кино хөгжмийн ертөнцийг нэг шөнийн дотор орвонгоор нь өөрчилсөн юм. Дээр хэлсэнчлэн хөгжмийг бичсэн Бразилийн хөгжмийн зохиолчид олон улсад алдаршжээ. Алдарт "The Third Man" киноны Anton Karas-ын ятга хөгжмөөс хойш хамгийн алдаршсан киноны хөгжим "Black Orpheus" болсон юм. Гэхдээ "Black Orpheus"-ын хөгжим киноныхоо бүх эд эсийг нэгтгэдгээрээ илүүтэй чухалд тооцогдох болов уу. Үлгэр домгийн Орфей бол Аполлон бурхны хүү тэнгэр бөгөөд гайхамшигтай дуулдаг түүний дуунд араатны номхорч, догшин мөрөн намждаг. Киноны Орфей троллейбусны жолооч, дуулах авъяасаараа амьдардаг дүүрэгтээ хүндлэгдсэн нэгэн. Эх Эвридика бол кино дээрх дүрээс илүү дээд төрөлтөн байдаг; киноны Эвридика их хотод анх ирж буй хөдөөний охин байдаг. Иймэрхүү эгэл дүрүүдийг домогт нийцүүлэн кино драматик үүсгэх нь ярвигтай ажил нь мэдээж. Гэвч найруулагч энд маш чухал нэгэн тохиргоо бодож олсон нь багт наадам байлаа. Жилд нэг удаа болдог багт наадам бол эгэл амьдралыг домогтой сүлж болох мэргэн санаа ба баян юмуу ядуу хэн ч бай энэ наадмаар зүсээ хувиргасанаар хэн ч болох боломжтой юм.
Найруулагчийн Marcel Camus бодит ба фантааз хоёрын дунд чадварлагаар тэнцвэрийн шон татжээ. Рио-де-Жанейрогийн гудмаар Эвридикаг авахаар хөөх Үхэл үнэхээр хувь тавилан байж болно, эсхүл том хотуудын харанхуй буланд байдаг маниак алуурчин ч байж болох; Эвридика кинонд тогны утсанд цохиулж үхдэг бол домогт могойд хатгуулж үхдэг билээ, нэг үгээр үнэхээр сайхан хөрвүүлэлт. Киноны оргил хэсэг Орфей сураггүй алга болсон хүмүүсийг хайдаг газарт очдог хэсэг болов уу. Энэ хэсэг мөн л бүтээлч хөрвүүлэлт. Мэдээж домог шигээ кино аз жаргалгүй төгсдөг. Гол дүрүүддээ мэргэжлийн бус жүжигчид тоглуулсан Camus Рио-де-Жанейрод, ард иргэдэд нь хайртай, тэднийг ойлгодог байсныг гэрчилнэ; Camus энэ нутгийн хүмүүсийн баясалтай, эрчтэй, хөгжимд хайртай шинжийг кинондоо алдалгүй буулгажээ. 1959 онд эл бүтээл Америк, Европын дэлгэцнээ гарахаас өмнө, "артхаус" гэж алдарших болсон кино нь Bergman маягийн Экзистенциализм, Японы самурайн эмгэнэлт кино, Италийн неореализм болоод Францын прото нуар кино л байсан ажээ.
Орфейн домгийн суурьтай Рио-де-Жанейрогийн ядуусын амьдралыг галтай, Бразил өнгө төрхтэй, зогсошгүй самба бүжигтэй кино Канн-д ирснээр Токиогоос Лос-Анжелес хүртэлх кино урлагийн бүхий л ертөнц доргин цочирдон шинэ салхийг хүлээж авчээ. Уг кино хэдэн арван жилийн турш Америкт хамгийн их импортлогдсон киноны нэг байсаар ирсэн агаад одоо ч олон Америкчуудын хайртай кино хэвээр байна. Энэ кино бол кино урлагийн түүхэн дахь хамгийн алдартай "нэг удаагийн гайхамшигт" киноны нэг бөгөөд Францын найруулагч Camus энэ киноноосоо өөр сайн кино хийгээгүй байдаг. Францынхаа олон колони улсад ажиллаж явсан тэрээр амьдралынхаа туршид Орфейн домгийг бишрэн явсаар эцэстээ энэ кино нь бий болжээ. Домгийг нь гуравдагч ертөнцийн ядуу, тэгээд өнгөт арьстанаар дүрсэлсэнд Европчууд дургүйцэж бас амжилтад нь атаархаж байсан нь эргэлзээгүй. Ямартай ч найруулагч Marcel Camus кино урлагийн өв санд өөрийн гэсэн нэрийг үлдээж чадсан аж.
Comments
Post a Comment